| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/08466/И |
| Дугаар | 197/ШШ2025/00458 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/00458
2025 01 28 197/ШШ2025/00458
Нэхэмжлэгч: ********* тоот оршин суух, Б.Э****** /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, С.Д****** /РД:***** /-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч С.Д******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг... С.Д******д 2022.08.08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан бугуйвч барьцаанд тавьж, 400,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн... гэрээний хугацаа дууссан боловч төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл 400,000 төгрөг, хүү 520,000 төгрөг, алданги 655,000 төгрөг, нийт 1,575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...барьцаанд тавьсан бугуйвч нь хуурамч гэдгийг мэдээд цагдаад хандсан гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлийг... 2022 онд бичиг баримтаа гээсэн, нэхэмжлэгчийг огт танихгүй тул бэлнээр болон дансаар мөнгө төгрөг огт хүлээн аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.
3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж ...282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
4. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 5026 дугаар бүхий зээлийн гэрээг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан байх ба уг гэрээнд 400,000 төгрөгийн зээл, хүү 20,000 төгрөг, нийт 420,000 төгрөг гэж, барьцаанд өгсөн зүйлд бугуйвч 56 жин гэж, буцаан төлөх хугацааг 2022 оны 09 сарын 07 гэж тус тус тодорхойлон, хариуцагч С.Д******гийн нэр,регистрийн дугаар, оршин суугаа хаяг зэргийг тусгаж, гарын үсэг зурсан баримтыг гаргажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан талаар баримтыг гаргасан хэдий ч тухайн гэрээгээр хариуцагчид уг гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн баримтыг гаргаагүй байна.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хариуцагч С.Д******д холбогдох 1,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Э******ын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 40,154 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН