| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0910/З |
| Дугаар | 128/ШШ2024/0986 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0986
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагийн дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаа шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаагийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0630516 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” гэжээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаа би, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаагаас гаргасан Ц.Содномпунцагт холбогдох хэрэгт 2 ширхэг тарвагыг тээвэрлэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар шийтгэл оногдуулсныг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтаар зөвтгөх дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаад холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаагийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0630516 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлт гаргаж, үндэслэлээ “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаагийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0630516 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “...Ц.Содномпунцаг нь ... Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан... болох нь... Ц.Содномпунцагийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул....” гэж, шийдвэрлэх нь хэсэгт “...Ц.Содномпунцагийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэх оногдуулсугай...” гэж өөрчлөлт оруулах” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаагаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаагийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0630516 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ