Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00268

 

 

 

 

Б.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 183/ШШ2020/02713 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-н хариуцагч Д.Г-т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:  Хятад улсын иргэн ЕЛ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоот хаягт байрлах 106 м.кв, Ү-22 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд Б.Г надаас зээл авч уг зээлээ эгүүлэн төлөх баталгаа болгож тус байрыг барьцаалсан ба зээлийн гэрээ болон барьцааг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд ЕЛ хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаснаар 2019.1.26-ны өдөр 994 тоот шийдвэр гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 39 тоот хаягт байрлах 106 м.кв, Ү-22 тоот сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Г-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг хянагдаж байх үед Улсын бүртгэл хүчингүй болгох тухай 2019.10.24-ний 3922 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарч Ү-22 дугаар бүхий Б.Г миний өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон байсан. Улсын бүртгэл хүчингүй болгосон үндэслэл нь Прокурорын зөвшөөрлөөр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байхад Б.Г-ннэр дээр 106 м.кв, Ү-22 дугаар бүхий орон сууцыг шилжүүлсэн буруу хэмээн үзсэн улсын байцаагчийн акт байсан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.1.26-ны өдөр 00994 тоот шийдвэрийн дагуу сууцны өмчлөгч болсон Б.Г миний бие Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргаснаар тус газраас 2019.12.9-ний өдөр 20 тоот тогтоол болон 4/2529 тоот хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авч сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт Нийслэлийн прокурорын газраас 2019.12.11-ний өдөр 4/8353 тоот албан бичиг илгээж Ү-22 дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хүчингүй болгосноо мэдэгдсэнээр өмчлөх эрх сэргээсэн. Иймд үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Г-н хууль бус эзэмшлээс гэр бүлийн хамт чөлөөлж өгнө үү. Манай тал хариуцагчийн яриад байгаа эрүүгийн хэргийн оролцогч биш.  Д.Г-н эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Г  нь 2017 оны 2 дугаар сард БНХАУ-ын иргэн ЁЛ-с түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоот хаягт байрлах 106.4 м.кв 4 өрөө орон сууцыг 285 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2017 оны 2 дугаар сараас хойш нийт 256 000 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Гэр бүлийн хамт 2017 оноос хойш уг орон сууцанд амьдарч байгаа. Тухайн үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан тул худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй. Гэтэл ЁЛ нь надтай харилцан тохиролцсоныхоо дараа миний байрыг Б.Г гэх хүнд зээлийн барьцаанд тавьсан байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.4.26-ны өдрийн 994 дүгээр захирамжаар тоот байрны өмчлөх эрхийг Б.Г-н нэр дээр шилжүүлсэн болохыг 2019.9.23-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 4/20135 тоот мэдэгдлээс албан ёсоор олж мэдсэн. 

Дээрхи асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд уг асуудлыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэргэдэх мөрдөн шалгах газарт Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Түүнчлэн Б.Г-н зүгээс өмнө нь энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай адил шаардлагыг гаргаж байсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхээс 2019.12.16-ны өдөр 183/Ш32019/14868 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.8, 65.1.3-т заасан үндэслэлүүдээр тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэхүү захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Нэхэмжлэлээс харахад дээрхи 2 үндэслэлийн 1 нь арилсан мөн хуулийн 65.1.8-д заасан үндэслэл арилаагүй. Нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Г-г Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоот хаягт байрлах 106.4 м.кв 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Г-н өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: А. Шийдвэрийн үндэслэх хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж, ЁЛ-г яллагдагчаар татсан талаархи баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

                Эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлийг зөвхөн эрүүгийн хэрэг үүссэн буюу яллагдагчаар татсантай холбон тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дах хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих. яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ гэж хуулийн нэр томъёоны тодорхойлолт заасныг ноцтой зөрчсөн.

                “Эрүүгийн журам” хэмээх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэллэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн яллагдагчаар татах тухай ойлголт биш хэрэг бүртгэлтийн ажиллагааг ч мөн оруулан тооцох тухай зохицуулалтыг тусгайлан зааж өгчээ. Д.Г нь БНХАУ-ын иргэн Ёонг Лонг гэх хүнээс орон сууц худалдаж авна хэмээн 2017.2.21-ны өдөр харилцан тохиролцсон байдаг бөгөөд үүнээс хойш буюу 2017.12.20-ны өдөр нэхэмжлэгч Б.Г нь уг маргаан бүхий орон сууцыг барьцаалж ЁЛ д зээл өгсөн байдаг. Энэ бүхнийг хариудагч 2019 оны 8 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад олж мэдсэн байдаг боловч Ёонг Лонг нь Монголд байхгүй гэх шалтгаанаар орон сууцны өмчлөгчийн талаархи маргаан гаргах боломжгүй байсан тул цагдаад хандсан байдаг. Ингээд 2020.8.28-ны өдрөөс хойш одоог хүртэл Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах хэлтэст БНХАУ-ын иргэн Ёонг Лонг-д холбогдох маргаан бүхий орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлийн №19 тоот хэрэг шалгагдаж байна. Цаг хугацааны хувьд авч үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас хойш уг орон сууцтай холбоотой тохиролцоо хийсэн байх бөгөөд иргэний эрх зүйн тэгш, шударга байх зарчимийн үүднээс миний үйлчлүүлэгчид Б.Ганбаатараас өмнө “эрх үүссэн” гэж үзэхэд буруудах зүйлгүй. Энэ бүхнээс харахад эрүүгийн хэрэг эцэслэн пшйдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчсөн.

                Б. Нэхэмжлэгч Б.Г нь энэхүү нэхэмжлэлтэй адил нэхэмжлэлийн шаардлагыг 2019.10.28-ны өдөр гаргаж байсан боловч уг нэхэмжлэлийг шүүхээс хянан шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8 болон 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг үндэслэн 2020.12.16-ны өдөр №183/11132019/14868 тоот пгүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг бөгөөд уг шүүхийн хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт: “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасны дагуу нэхэмжлэлд дурьдсан үйл баримт болох эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал нь хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамжийн гол үндэслэл бөгөөд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж  хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд дээрхи заалтын дагуу мөн л нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж. хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байжээ.

                В. Хариуцагч Д.Г нь БНХАУ-ын иргэн ЁЛ Монгол Улсад байхгүй гэдэг шалтгаанаар орон сууцны өмчлөлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй талаар дээр дурьдсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сард түүнийг Монгол Улсад орж ирэх болсон талаар мэдээл авсан тул 2020.07.03-ны өдөр “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхээс уг нэхэмжлэлтэй холбоотойгоор иргэний хэрэг үүсгэж хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар 2020.09.04-ны өдөр 183/Ш32020/12207 тоот шүүгчийн захирамжаар 2 сарын хугацаатай хэргийг түдгэлзүүлсэн. Гэтэл энэхүү шүүгчийн захирамжийн хугацаа дуусаагүй байхад буюу орон сууцны өмчлөлийн талаархи маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “... уг хэргийг хэрхэн шийдвэрлэх нь энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй” хэмээн дүгнэсэн нь мөн л ойлгомжгүй болсон.ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дах хэсэгт заасныг  зөрчсөн.

               

                2. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний Хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэл болгосон. Гэтэл маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой асуудал одоог хүртэл маргаантай хэвээр байх бөгөөд хариуцагч Д.Г өөрийнх нь эзэмшилд байгаа орон сууц бусдын өмчлөлд шилжсэн гэдгийг мэдээгүй байсан. Иймд мэдсэн дариу маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад хандсан гэх үйл баримт нь Б.Ганбаатарыг хууль ёсоор уг орон суудыг өмчилж байгаа гэж үзэх үндэслэлгүй юм.

                Хэдийгээр цагдаагийн байгууллага орон сууцтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа боловч эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь цаг хугацааны асуудал бөгөөд 2 улс хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ болон цаг үеийн нөхдөл байдалтай холбоотойгоор хэрэг бүртгэлийн ажиллагаа удаашралтай явагдаж байгааг аль аль талдаа ойлгох нь зүйн хэрэг юм. Эрүүгийн хэрэг үүссэний дараа хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогч чухам орон сууцаа авахыг хүсээд байна уу эсхүл орон сууцны төлбөрт өгсөн мөнгөө нэхэмжлээд байна уу гэдэг нь тодорхой болж энэхүү асуудлыг эрүү эсхүл иргзний журмаар хянан шийдвэрлэдэг билээ. Гэтэл хохирогч байраа эсхүл мөнгөө нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүхийн тогтоол гараагүй байхад шүүхээс эрүүгийн журмаар шалгагдаж байгаа №191001981 тоот хэргийг урьдчилан шийдвэрлэж, хохирол төлбөрөө буруутай этгээдээс шаардан авах эрхтэй хэмээн дүгнэж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн явдал болсон.

                Миний үйлчлүүлэгчийн зүгээс анхнаасаа л орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тал дээр маргаж байгаа бөгөөд үүнийгээ нотлож эрүү болон иргэний журмаар холбогдох байгууллагуудад хандсаар ирсэн. Энэ нь нэхэмжлэгч Б.Г-г тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн эсэх талаар одоог хүртэл маргаантай байгаа гэсэн үг юм. Энэ бүхнээс үзвэл шүүх нэхэмжлэгч Б.Г-г хууль ёсны өмчлөгч мөн, харин хариуцагч Д.Ганбаатарыг зөвхөн байрны мөнгөө эргүүлэн авах ёстой хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд энэ нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. БНХАУ-ын иргэн Монгол Улсын 2 иргэнийг залилсан байх бөгөөд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний дагуу эвлэрлийн гэрээ 2019.02.28-ны өдөр байгуулж өнгөц байдлаар аргалаад 2019 оны 3 сардаа шууд нутаг буцан оргон зайлсан байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг барин асуудлыг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч талууд хоёул хохирогч гэж үзвэл энэ нь нэг хохирогчийн эрх ашгийг нөгөө хохирогчийн эрх ашгаас илүүд үзэж тэгш бус хандсан байна гэж үзэх үзэх үндэслэлтэй юм. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 183/ШШ2020/02713 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.Г-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоот бүртгэлтэй орон сууцыг түүний  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэж маргажээ./хх 1-2, 18-19/

 

                Нэхэмжлэгч нь дээрх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, сууцны  өмчлөх эрхийг  Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн  994 тоот  шийдвэрээр олж авсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

 

                Хэрэгт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44В байрны 39 тоот  сууцны  өмчлөгч Б.Г болох нь үл хөдлөх  эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогджээ. /хх 42/

               

                Хариуцагч нь 2017 оны 2 дугаар сараас  хойш уг сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

                Мөн хариуцагч нь дээрх сууцыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ёонг Лонгоос худалдаж авч үнийг төлсөн, гэрээг бичгээр байгуулаагүй гэж тайлбарлажээ. /хх18/

               

                Хариуцагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЁЛ-д холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулж байгаатул  энэ хэрэг хэрэгсэхгүй болох ёстой гэж маргаж байна.

               

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэрэг хэрэгсэхгүй болгох үр дагавартай хэдий ч дээрх заалт нь талуудын хоорондын маргаанд хамаарахгүй юм.

               

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас  үүссэн маргаантай  холбоотой гэж ойлгох юм. Нэхэмжлэгч Б.Г  хариуцагч Д.Г нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй.

 

                Эрүүгийн журмаар шалгагдаж буй этгээд нь  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЁЛ хохирогч нь Д.Г байна.

             Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөгч нь  бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

 

                Нэхэмжлэгчийн өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх бөгөөд  уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өмчлөгч нь эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан шаардах эрхтэй.

 

 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх юм. Хариуцагч Д.Г бүртгэлд үндэслэгдсэн хөрөнгө болох  39 тоот сууцыг  бодитойгоор эрх мэдэлдээ авсан байгаа хэдий ч түүнийг хуульд нийцсэн, хууль ёсны үндэслэлээр эзэмших эрхтэй болохыг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Эд юмсыг эрх мэдэлдээ бодитойгоор олж авсан  этгээд нь бусдын эрх олгосноор буюу бусад этгээдийн заавраар, хэлцлээр эд хөрөнгийг эзэмшилдээ авсан гэж тайлбарлаж байгаа бол өөрийн эзэмшлийг хуулиар зохицуулсан журмын дагуу олж авсан, хуульд нийцсэн болохыг эргэлзээгүй баримтаар нотлох үүрэгтэй юм. Хариуцагч Д.Г-н эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэх боломжгүй байх тул түүний эзэмшлээс сууцыг чөлөөлүүлэхээр заасныг зөв гэж үзнэ.

 

                Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 183/ШШ2020/02713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ИЧИНХОРЛОО

   

                                                ШҮҮГЧИД                         Ч.ЦЭНД

   

                               Ш.ОЮУНХАНД