| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2239003610015 |
| Дугаар | 2023/ДШМ/32 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ДШМ/32
2023 07 03 2023/ДШМ/32
Ш.М-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр /цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Г.Оюунцэцэг,
Яллагдагч Ш.М- нарыг оролцуулан
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хишигбаатар нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/265 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч Ш.М-д холбогдох эрүүгийн 2239003610015 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.
Ш.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Х” гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн орчим ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм,...хэрэглэсэн, мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг зөрчиж, газар унтаж байсан Д.А-ийг дайрч зам тээврийн осол гаргаж, Д.А-ийн эрүүл мэндэд нүүрний яс, гавлын яс/ дух, зулай, баруун, зүүн чамархай яс, дагз яс/, суурь яснуудын үйрч бяцарсан хугаралууд, хатуу хальсны бүрэн урагдал, тархины эдийн хэлбэр бүтэц алдагдсан байдал, цагаан мөгөөрсөн хоолойн баруун салаа нэг болон баруун уушигны эдийн бүрэн тасрал, урагдал, зүрхний үнхэлцэг хальсны урагдал, цээжний баруун, зүүн талын I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII-р хавирга яснуудын хоёрлосон, гуравласан хугарал бүхий хүнд хохирол учруулж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв яллагдагч Ш.М-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Шунхлайн Ш.М-д холбогдох эрүүгийн 2239003610015 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид заагдсан зам тээврийн ослыг тогтоохдоо тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчийг оролцуулж дүгнэлт гаргуулах, .......тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар татах эсэхийг шалгаж тогтоох гэсэн ажиллагааг шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийх боломжтой гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн... энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн, мөн зүйлийн 6 дахь хэсэг “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч Ш.М-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг хойшлуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Яллагдагч Даваахүүгээс мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй гэх үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж заасан боловч мөрдөгчийн магадалгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн магадалгаа гаргасан мөрдөгч нь техникийн тусгай мэдлэг эзэмшээгүй ба яллагдагч Ш.М-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг оруулж магадлагаа гаргасан асуудал байна. Хавтаст хэргээс үзэхэд замаас 83 метр зайтай осол болсон байдаг. Зам гэдэг нь тээврийн хэрэгсэл явах зориулалтай зурвас. Тэгэхээр осол болсон газар нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан нэг ч дүрмийг зөрчөөгүй, зам тээврийн ослын шинжгүй байна. Тухайн осол болсон газар 3 тээврийн хэрэгсэл байсан. Эдгээр тээврийн хэрэгсэл нь бүгд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үү гэх зэрэг асуудал гарч ирнэ. Ийм учраас заавал мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай.
Тухайн тээврийн хэрэгсэл Б гэх хүний өмчлөлийнх байсан нь тогтоогдсон. Уг хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоочхоод иргэний хариуцагчаар тогтоогоогүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагч, нэхэмжлэгч нарыг тогтоох хэрэгтэй.
Прокурорын эсэргүүцлийн хувьд ойлгомжгүй байна. Прокурор Ш.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлээд 60 хоногоор хойшлуулаад ажиллагаануудыг хийе гэж байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.М-гээс мэдүүлэг авахдаа “....худал мэдүүлэх юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ...” гэх үүргийг тайлбарлаагүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
2022 оны 5 дугаар сард сургуулиа төгсөөд ажилд ороод 3 сар болж байх үедээ мөрдөгч магадалгаа гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт зааснаар ажилласан жил, зэрэг дэв зэргийг дүгнэлт дээрээ бичсэн байх шаардлагатай байдаг.
Иргэний хариуцагчийг тогтоох шаардлагатай. Эвдрэл гаргасан шалтгаан нөхцлийг бий болгож байгаа эзэмшигч нь хариуцагч байж болох юм.
Хэрэг дотор 3 хүний гар мөрийн хээг авсан шинжээчийн дүгнэлт байдаг. Тэнд жолоодох эрхийн үнэмлэхтэй 4 хүн байсан. Ш.М-гийн хувьд тухайн үед 3.01 бүхэл буюу тасралтын зэрэгтэй байсан. Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооны хүрд, хаалганы бариул дээрээс ямар нэгэн гар хурууны хээ гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь яллахаас гадна хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоох хэрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хээвэр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагч Ш.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нартайгаа ижил байр суурьтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3, 1.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоохгүйгээр таамгийн байдлаар хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зөрчиж байна.
Нөгөөтэйгүүр зам тээврийн осол байсан уу, үгүй юу гэдэг дээр Даваахүү өмгөөлөгчтэй санал нэг байна. Магадгүй яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс хэлээд байгаа тайлбар хууль зүйн үндэстэй байж болно. Гэвч яллагдагчаар татагдсан этгээдээс буцаагаад гэрчээр мэдүүлэг авах боломжгүй юм. Үнэхээр эргэлзээтэй асуудал байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулаад залруулах боломжтой, энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж байгаа тохиолдолд энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үү эсхүл Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үү гэдгийг давж заалдах шатны шүүх дүгнэж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч Ш.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Ш.М-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслэл жолоодож хөдөлгөөн эхлэхдээ газар унтаж байсан Д.А-ийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 401 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх 1. Ш.М-гээс гэрчээр мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй,
2. Зам тээврийн ослыг тогтоохдоо тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчийн оролцуулж дүгнэлт гаргуулах,
3 ....................дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар татах эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр Ш.М-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
1. Шүүх яллагдагч Ш.М-гээс 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн хэсгийг танилцуулаагүй /1 хавтаст хэргийн 52 хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул шүүх Ш.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх хэмжээгээр шийдвэрлэх боломжтой тул уг үндэслэлээр хэргийг прокурор буцаах шаардлагагүй гэж үзлээ.
2. Мөрдөгч Э.У-н 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийг тус тус зөрчсөн, яллагдагчийн өмгөөлөгч нар мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг, мөрдөгч өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд зам тээврийн ослын шалтгааныг тогтоох боломжгүй тул “...тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчийн оролцуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэж үзэн Ш.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
...........улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь М.Б болох нь М.Б-Батн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Ш.М- гэх залуу ...9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ...сарын хугацаанд жолоодъё гэсэн тэгээд жолоодохоор болсон..." гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хавтаст хэргийн 192 хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул тус тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар татах эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд мөрдөгч, прокурор уг үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байх тул Ш.М-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/265 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Ш.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт очих хүртэлх хугацаанд яллагдагч Ш.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
Д.ГАНЗОРИГ