Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0831

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Мөнх од ундармал” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Н.Мөнхтуяа, Д.Отгонням

Маргааны төрөл: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1а, 1б-д заасан 324,805,200.10 төгрөгийн зөрчлөөс үндэслэлгүй тооцсон 168,821,772.83 төгрөг, Тэмдэглэх хэсгийн 2а, 2б-д заасан 364,246,214.03 төгрөг, нийт 533,067,986.86 төгрөгийн зөрчил, түүнд ногдох 82,438,168.72 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Заяахишиг, хариуцагч Н.Мөнхтуяа, Д.Отгонням, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, М.Доржханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 Нөхөн ногдуулалтын акт болон тус актыг хянан хэлэлцсэн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тогтоол нь хууль, тогтоомжийн заалтуудыг болон татвар төлөгчийн эрх ашгийг дараахь байдлаар зөрчсөн байна. Үүнд:

1. Тэмдэглэх хэсгийн 1а, 16-д 2018 онд 92,580,517.44 төгрөг, 2019 онд 140,870,323.57 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015.07.09/-ийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ: 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ; 8 дугаар зүйл. Албан татвар ногдуулах: 8.1. Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1. бараа ажил үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд; "2020 онд 91,354,359.09 төгрөгийн бараа ажил үйлчилгээний орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015.07.09/-ийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ: 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ; 8 дугаар зүйл. Албан татвар ногдуулах: 8.1. Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1. бараа ажил үйлчилгээг имдортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд; 11 дүгээр зүйл. Албан татвар ногдуулах хувь 11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэсэн заалтыг; гэж заасан зөрчлийн талаар:

а/ Манай компани нь 2018 онд 99,016,060.00 төгрөгийн орлого харилцах дансаар, 42,104,328.50 төгрөгийн орлого кассаар, нийт 141,120,388.50 төгрөгийн, 2019 онд 174,371,748.00 төгрөгийн орлого харилцах дансаар, 112,031,737.97 төгрөгийн орлого кассаар, нийт 286,403,485.97 төгрөгийн, 2020 онд 139,079,800.00 төгрөгийн орлого харилцах дансаар, 8,117,835.00 төгрөгийн орлого кассаар, нийт 147,197,635.00 төгрөгийн орлого орж ирсэн.

6/ Нягтлан бодогчийн мэдлэг чадвараас үүдэн кассын орлого зарлагын гүйлгээ бүрийг татвар ногдох орлого, орлогоос хасагдах зардал гэж бүртгэснээс 2018, 2019, 2020 оны ААНОАТ, НӨАТ-ын тайлан алдаатай гарсан болно. Үүнд: ААНОАТ-ын тайлангийн орлого талд 2018 онд 57,801,790.63 төгрөг, зардал талд 77,233,697.91 төгрөг, 2019 онд 25,136,032.66 төгрөг, зардал талд 44,374,588.89 төгрөг, 2020 онд 85,883,950.00 төгрөг, зардал талд 104,204,831.80 төгрөг илүү, НӨАТ-ын тайланд орлого талд 2018 онд 34,778,727.27 төгрөг, 2019 онд 115,734,290.91 төгрөг, 2020 онд 5,470,409.09 төгрөг дутуу тусгасан байна.

Татварын улсын байцаагч дээрх зөрчлийн дүнг тодорхойлохдоо манай санхүүгийн баримт, бүртгэл, харилцах дансны орлогод үндэслэлгүй зөвхөн ААНОАТ, НӨАТ-ын тайлангийн зөрүүгээр тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 36.1 "Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ", 36.2 "Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно: 36.2.2.татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн;", Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.2.6 "татвар төлөгчийн хувийн хэрэг, тайлан, тодруулга мэдээлэл, судалгаа, үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллүүдийг дотоод, гадаадын эх үүсвэрээс цуглуулж, дараах судалгаа шинжилгээг хийнэ. 4.2.6.1. татвар төлөгчийн эрхэлж буй өөрийн болон салбарын үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, эдийн засаг, зах зээлийн төлөв байдлын; 4.2.6.3. санхүү, татварын тайлан, хувьцаа, хөрөнгө оруулалтын мэдээлэлд шинжилгээ хийж, гол үзүүлэлтүүдийг салбарын үзүүлэлттэй харьцуулах; 4.3. Гүйцэтгэх үе шатанд татварын улсын байцаагч дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: хяналт шалгалтын явцад зөрчилтэй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; 4.3.9. Шаардлагатай тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагаас лавлагаа тодруулга гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн туслалцаа авах зэргээр хамтран ажиллах; гэсэн хууль журамд заасан ажиллагааг хийгээгүй нь Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх;, ... 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;", 24 дүгээр зүйлийн 24.4. "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэсэн заалтуудыг зөрчиж байна.

2. Тэмдэглэх хэсгийн 2а, 26-д "2018 онд 36,752,345.02 төгрөгийн, 2019 онд 97,721,751.18 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан тварын тухай хууль /2006.06.29/-ийн 15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт 15.1.Дараахь тохиолдолд зардлыг албан татвараас хасч тооцохгүй: 15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;", "2020 онд 150,498,618.18 төгрөгийн, 2021 онд 79,273,499.65 төгрөгийн и-баримтгүй, анхан шатны баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019.03.22/-ийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно: 13.1.1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх; 13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх; 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:" гэж заасан зөрчлийн талаар:

а. Манай компани нь байгуулагдсан цагаас эхлэн зөвхөн барилгын материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж ирсэн ба өөр ямар нэгэн бараа, ажил үйлчилгээ эрхлээгүй. Энэ нь түрээсийн гэрээ, бараа материалын анхан шатны баримт, харилцах дансны гүйлгээ, борлуулалтын и-баримтад бүртгэгдсэн барааны нэр төрөл, код зэргээр нотлогдож байгаа.

б. Манайх бараа материалаа харилцагч талд шилжүүлсний дараа төлбөрөө хүлээн авдаг ба урьдчилгаа төлбөр болон зээлийн борлуулалт байхгүй. Энэ нь бараа материалын санхүүгийн тайлан, бүртгэл, анхан шатны баримт, харилцах дансны гүйлгээгээр нотлогдно.

в. Барилгын материал болон борлуулалттай холбоотой зардлаас өөр ямар нэгэн холбогдолгүй зардлыг татвар ногдох орлогоос хасч, тайлагнаагүй болно.

г. Татварын улсын байцаагч нар ААНОАТ-ын тайланд тусгасан орлогыг ямар байгууллагад борлуулсан, ямар барааны орлого вэ гэдгийг мэдэж, баталгаажуулсан мөртлөө уг орлогыг олохтой холбоотой барааг байгаагүй мэтээр хасагдах зардалд тооцохгүй байгаа нь хуульд заасан Аж ахуйн нэгуийн орлогын албан татварын тухай хуулийн үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах зарчимтай нийцэхгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006.06.29/-ийн 15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт 15.1. Дараахь тохиолдолд зардлыг албан татвараас хасч тооцохгүй: 15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал; гэдэг нь тухайн орлоготой хамааралгүй болон огт гараагүй зардлыг хий хассантай холбоотой заалт юм.

д. Манай компани бараа материалаа БНХАУ-ын харьяат иргэд, байгууллагаас худалдан авдаг бөгөөд бараа материалаа Замын-Үүд боомтод хүлээн авдаг. Бараа нийлүүлэгч тал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.5.2 "энэ хуулийн 5.5.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж”-д хамаарах ба бараа материалыг хил гаалиар нэвтрүүлэх үүрэг хүлээдэг тул 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: 13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал” заалтыг хангаж байгаа тул и-баримтаар нотлогдоогүй гэж үзэх нь буруу юм.

Иймд Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА- 23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1а, 16-д заасан 324,805,200.10 төгрөгийн зөрчлөөс үндэслэлгүй тооцсон 168,821,772.83 төгрөг, Тэмдэглэх хэсгийн 2а, 26-д заасан 364,246,214.03 төгрөг, нийт 533,067,986.86 төгрөгийн зөрчил, түүнд ногдох 82,438,168.72 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын акт болон байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн татварын улсын байцаагчийн тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

  1. Актын 1а, 16-д дурдсан борлуулалтын орлогод Нэмэгдсэн өртгийналбан татвар ногдуулаагүй зөрчлийн талаар:

            Байцаагч нар актан дээр зөрчлийн дүнг тооцохдоо ААНОАТ-ын тайлангийн борлуулалтын орлогын дүнгээс НӨАТ-ын тайлангийн борлуулалтын орлогын дүнг автоматаар хасч тооцсон.

            Гэтэл гаргасан тайлбарын 1-д 2018 онд Инноватик инженеринг ХХК 18,942,155.0 төгрөг, "Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн 24,414,727.27 төгрөг, Ховд ЦТС 2,368,636.36 төгрөг, Төсөвт байгууллагуудын 9,734,950.00 төгрөг, нийт 55,460,468.63 төгрөгийн зөрчилтэй гэж тайлбар гаргасан байна.

            Инноватик инженеринг ХХК-д борлуулсан бараа материалын борлуулалтад НӨАТ ногдуулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Манайх тус ХХК-д 2018 онд 18,942,155.0 төгрөгийн, 2019 онд 32,280,937.3 төгрөгийн бараа материал худалдсан бөгөөд бүгдийг е- баримт бичиж тайланд тусгасан болно. Барааны төлбөрт авсан Хайландер автомашин нь борлуулагдаагүй бөгөөд одоо хүртэл компаний ажлын хэрэгцээнд ашиглагдаж байгаа.

            2019 онд Инноватик инженеринг ХХК 32,280,937.3, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн 38,762,884.73 төгрөг, Төв аймгийн Мал эмнэлэгийн газар 3,450,000.00 төгрөг, БХИС 48,958,500.00 төгрөг, Төсөвт байгууллагууд 16,451,900.00 төгрөг, нийт 139,904,222.03 төгрөгийн зөрчил гаргасан гэж тайлбарласан.

            2020 онд "Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн 29,056,648.00 төгрөг, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэх мэт төсөвт байгууллагуудын 6,391,000.00 төгрөг, нийт 35,447,648.00 төгрөгийн зөрчлийг тайлбарласан.

            Эндээс дүгнэхэд 2018 онд 37,120,049.27 төгрөг, 2020 онд 55,906,711.09 төгрөгийн зөрчилд ямар нэгэн тайлбар, үндэслэл алга байна.

            Нийт 324,805,200.20 төгрөгийн зөрчлөөс 155,983,427.27 төгрөгийн орлогод НӨАТ ногдуулаагүй болохоо зөвшөөрч байгаа ба борлуулалт хийсэн байгууллага бүрээр жагсаалтаар гаргаж магадлагчид хүргүүлсэн болно.

  1. Актын тэмдэглэх хэсгийн 2а-д дурдсан 2018 онд 36,752,345.02 төгрөгийн, 2019 онд 97,721,751.18 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнаж,  татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн талаар:

            Компанийн захирлаас авсан богино хугацаат зээлийг өглөгийн дансанд бус борлуулалтын орлогын дансанд, кассаас захиралд төлсөн өглөгийг бараа материалын зардал дансанд бүртгэснээс үүдэн дараах алдаа үүссэн.

            Байцаагч нар 2018-2020 онд 284,972,714.36 төгрөгийн хасагдахгүй зардал гэж тооцсоны 225,813,118.60 төгрөг нь дээрх алдаанаас үүссэн хий бичсэн зардал юм. Зөрүү 59,159,595.76 төгрөгийн зардал нь бодитой гарсан бөгөөд хасагдах зардлыг бараа материалын орлого зарлагын журналаар хүргүүлсэн болно.

            Бодит тайлангаас харахад Нийт ашгийн түвшин 2018 онд 17.8 хувь, 2019 онд 9.0 хувь, 2020 онд 16.5 хувь байгаа нь барилгын материалын жижиглэнгийн худалдааны хэвийн түвшинтэй нийцэж байна гэж үзэж байна.

            2021 онд 79,273,499.65 төгрөгийн зардлыг е-баримтгүй гэж үзсэн нь шударга ёсны, орлого зарлага уялдах зарчимд нийцэхгүй байна. Эдийн засгийн хэвийн орчинд гэмт хэргээс бусад үйл ажиллагаа явуулж орлого олоход зардал гарах нь зайлшгүй бөгөөд гарсан зардал тодорхой бус тохиолдолд ашгийг тодорхойлох, үнийг тодорхойлох хуульд заасан аргууд байгаа бөгөөд байцаагч дээрх хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

            Татварын онолын үндсэн зарчмуудын нэг нь төлөгдөхүйц байх явдал бөгөөд тооцоолол, үндэслэлгүйгээр татварын хэт их аялал өгөх нь татвар төлөгчид, цаашлаад эдийн засгийн эрүүл байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын улсын байцаагчийн НА-23220000103 тоот актын тухайд:

1. 2018 онд 99,016,060.00 төгрөгийн орлого харилцах дансаар, 42,104,328.50 төгрөгийн орлого кассаар нийт 141,120,388.50 төгрөгийн, 2019 онд 174,371,748.00 төгрөгийн орлого харилцах дансаар, 112,031,737.97 төгрөгийн орлого кассаар нийт 286,403,485.97 төгрөгийн, 2020 онд 139,079,800.00 төгрөгийн орлого харилцах дансаар, 8,117,835.00 төгрөгийн орлого кассаар нийт 147,197,635.00 төгрөгийн орлого орж ирсэн гэх талаар:

2018 онд харилцах дансаар 99,016,060.00 төгрөгийн орлого, төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох, нэгдсэн системээр баталгаажсан 38,453,319.18 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн 24,414,727,27 төгрөг, Ховд ЦТС-ийн 2,368,636.36, НД. МСҮТ, ЧД-ийн 154 цэцэрлэг, Онцгой байдлын газар, Сэ. Орхонтуул 9 жилийн сургууль гэх мэт төсөвт байгууллагын 9,734,950 төгрөгийн орлогыг тайлагнаагүй.

2019 онд онд харилцах дансаар 175,211,748.00 төгрөг, төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох, нэгдсэн системээр баталгаажсан 92,063,434.00 төгрөгийн төлбөрийн баримтын орлоготой. Тус компани нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн 38,762,884,73 төгрөг, Тө. Мал эмнэлгийн газар 3,450,000.00 төгрөгийн орлого, Батлан хамгаалын Их сургуулийн 48,958,500.00, төгрөгийн орлого, Сэ. Орхонтуул 9 жилийн сургууль, Хо. Мөнххайрхан ОНХСан, БЗД.ЗДТГ, НД.МСҮТ, УБЕГ гэх мэт төсөвт байгууллагын 16,451,900.00 төгрөгийн орлогыг тайлагнаагүй.

2020 онд онд харилцах дансаар 140,559,800.00 төгрөг, төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох, нэгдсэн системээр баталгаажсан 29,349,810.93 төгрөгийн төлбөрийн баримтын орлоготой. Тус компани нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн 29,056,648,00 төгрөг, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Эрчим хүчний хөгжлийн төв, ХУД 49р цэцэрлэг, Радио телевизийн үндэсний хэвлэл гэх мэт төсөвт байгууллагын 6,391,000.00 төгрөгийн орлогыг тайлагнаагүй нь тус тус татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр нотлогдож байна.

2018 онд 72,727,272.72 төгрөгийн, 2019 онд 127,272,727.27 төгрөгийн, 2020 онд 495,741,118.18 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атал авсан мэтээр баримт бүрдүүлж зардлаа өсгөсөн нь орлогоо дутуу тайлагнасанг нотолж байна. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно" 31.2-д Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ" гэж заасны дагуу тайлангаа залруулах боломжтой байсан хэдий ч тайлангаа залруулаагүй байна.

2. НА-23220000103 тоот нөхөн ногдуулалтын актны тэмдэглэх хэсгийн 2а -д 2018 онд 36,752,345.02 төгрөгийн, 2019 онд 97,721,751.18 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006.06.29/-ийн 15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт 15.1. Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй: 15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал

2б-д 2020 онд 150,498,618.18 төгрөгийн, 2021 онд 79,273,499.65 төгрөгийн и-баримтгүй, анхан шатны баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019.03.22/-ийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.1. тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх; 13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх; 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх; гэж заасан зөрчлийн талаар манай компань нь байгуулагдсан цагаас эхлэн зөвхөн барилгын материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж ирсэн ба өөр ямар нэгэн бараа, ажил үйлчилгээ эрхлээгүй. Энэ нь түрээсийн гэрээ, бараа материалын анхан шатны баримт, харилцах дансны гүйлгээ, борлуулалтын и баримтад бүртгэгдсэн барааны нэр төрөл код зэргээр нотлогдож байгаа гэх талаар:

2018-2019 онуудад татвар төлөгчийн хасагдах задлаар тайлагнасан зардлаас төлбөрийн баримтаар баталгаажсан зардал, БНХАУ-ын иргэнд бараа материал авахаар шилжүүлсэн төлбөрийг тус тус хасаж баримтгүй зардлыг зөрчлөөр тооцсон.

2020, 2021 онуудад ААНОАТ-ын тухай /2019.3.22/ хуулийн 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэсэн заалтын дагуу баримтаар нотлогдох зардлыг тогтоосон.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1а, 1б-д заасан 324,805,200.10 төгрөгийн зөрчлөөс үндэслэлгүй тооцсон 168,821,772.83 төгрөг, Тэмдэглэх хэсгийн 2а, 2б-д заасан 364,246,214.03 төгрөг, нийт 533,067,986.86 төгрөгийн зөрчил, түүнд ногдох 82,438,168.72 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчийн Н.Мөнхтуяа, Д.Отгонням нарын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-23220000103 дугаар Нөхөн ногдуулалтын актаар “...68,905,141.42 төгрөгийн нөхөн татвар, 23,882,807.19 төгрөгийн торгууль, 13,102,438.28 төгрөгийн алданги, нийт 105,890,386.89 төгрөгийн төлбөрийг “Мөнх од ундармал” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан “Мөнх од ундармал” ХХК-ийн тайлангуудаас үзэхэд:

-нэхэмжлэгч нь 2018 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүнг 186,093,052.90 төгрөгөөр, харин “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа ажил, үйлчилгээний нийт борлуулалтын орлогыг 93,512,535.46 төгрөгөөр тусгаж тайлагнасан байх ба үүнээс үзэхэд, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 92,580,517.44 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан.

-нэхэмжлэгч нь 2018 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүнг 285,502,838.09 төгрөгөөр, харин “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа ажил, үйлчилгээний нийт борлуулалтын орлогыг 144,632,514.52 төгрөгөөр тусгаж тайлагнасан байх ба үүнээс үзэхэд, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 140,870,323.57 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан.

-нэхэмжлэгч нь 2018 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүнг 219,699,981.82 төгрөгөөр, харин “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа ажил, үйлчилгээний нийт борлуулалтын орлогыг 128,345,622.73 төгрөгөөр тусгаж тайлагнасан байх ба үүнээс үзэхэд, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 91,354,359.09 төгрөгийн орлогыг тус тус дутуу тайлагнасан байх ба энэ нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр нотлогдож байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө.” гэж тус тус заасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд;” гэж тус тус заасан байна.

Дээр тайлбарласан үйл баримтууд болон хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь 2018-2020 онуудын бараа, ажил, үйлчилгээний орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг гаргасан байх ба энэ нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.    

Иймд 2018-2020 онуудын бараа, ажил, үйлчилгээний орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 дугаартай нөхөн ногдуулалтын актын 2а, 2б дэх хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь “Манайх бараа материалаа харилцагч талд шилжүүлсний дараа төлбөрөө хүлээн авдаг ба урьдчилгаа төлбөр болон зээлийн борлуулалт байхгүй. Энэ нь бараа материалын санхүүгийн тайлан, бүртгэл, анхан шатны баримт, харилцах дансны гүйлгээгээр нотлогдоно. Манай компани бараа материалаа БНХАУ-ын харьяат иргэд, байгууллагаас худалдан авдаг бөгөөд бараа материалаа Замын-Үүд боомтод хүлээн авдаг. Бараа нийлүүлэгч тал нь хил гаалиар нэвтрүүлэх үүрэг хүлээдэг тул төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэж үзэх нь буруу” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;” 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:” гэж тус тус заасан байна.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:”, 15.1.2-д “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;” гэж заасан байна.

Дээрх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаас үзэхэд, “дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг” албан татвар ногдох орлогоос хасаж тооцохоор зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь татварын хяналт шалгалтын үед хуульд заасан шаардлага хангасан зардлын баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иймд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 дугаартай нөхөн ногдуулалтын актын 2а, 2б дэх хэсгээр “И-баримтгүй, баримтаар нотлогдоогүй зардлыг татварын тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгаж, татвар ногдох орлогоо бууруулсан зөрчлийг гаргасан” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НА-23220000103 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1а, 1б-д заасан 324,805,200.10 төгрөгийн зөрчлөөс үндэслэлгүй тооцсон 168,821,772.83 төгрөг, Тэмдэглэх хэсгийн 2а, 2б-д заасан 364,246,214.03 төгрөг, нийт 533,067,986.86 төгрөгийн зөрчил, түүнд ногдох 82,438,168.72 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Мөнх од ундармал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мөнх од ундармал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ