| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 23260001270091 |
| Дугаар | 2023/ДШМ/31 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/31
2023 оны 07 сарын 07-ны өдөр Дугаар 2023/ДШМ/31 Өвөрхангай аймаг
Г.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор М.Мөнхтайван
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гомдлыг үндэслэн Г.М-т холбогдох эрүүгийн 2326001270091 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 20.. оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7 ээж, ах, эгч, дүү нарын хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Г.М /РД:ЙД01290915/
Г.М нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ... сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй Б.А-ыг зүүн хацран тус газарт гараараа 1 удаа, хэвлий тус газарт гараараа 1 удаа, цээж, нүүрэн тус газарт тус бүр 1 удаа хөлийн өвдөг хэсгээр тус тус цохисны улмаас тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нуруу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Г.М-ын үйлдлийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Боржигон овогт Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.М-т мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эс зөвшөөрч байна. Өмгөөлөгч П.Адьяасүрэнтэй гэрээ байгуулж, давж заалдах шатны шүүхэд гомдол бичүүлсэн тул хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдалд ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулаагүй.
Түүнд зорчих эрхийг хоёр сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.М нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээсэн байхад анхан шатны шүүх түүнд холбогдох хянан хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байхад байхгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч Г.М нь урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан боловч түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээний дагуу шүүх ял шийтгэл оногдуулах ёстой.
Шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээсэн, хохирогчид төлөх төлбөргүй байхад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хэм хэмжээг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх чөлөөлөх боломж байхад анхан шатны шүүх дээрх заалтыг хэрэглээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг урьд өмнө нь ял шийтгүүлж байсан хүнд хэрэглэхгүй байх хязгаарлал Эрүүгийн хуульд байхгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг сонгож хэрэглэх заалтуудтай байхад хамгийн хүнд заалт болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчилж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.М өмнө нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Зорчих эрх хязгаарлах ял нь дуусаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Өмнө нь зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн мөртлөө ойлгож гэмшихгүй байгаа нь харагдаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон. Ийм учраас анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Эцэггүй гэж элэг барихаар нь эцэгт нь гаргасан уураа хүүхдэд нь гаргаж энэ хэргийг үйлдсэн. Хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Г.М нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй Б.А-ыг цохисны улмаас тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нуруу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 18-н цагийн үед найз С, Б, Ж нарын хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц хороололд байх сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байх үед 2 танихгүй дээлтэй залуу мотоциклтой ирсэн. Тэгээд намайг нэг нь дуудсан яваад очсон чинь “чи намайг таних уу” гэж хэлсэн. Би “танихгүй” гэж хэлсэн чинь “одоо чи намайг таньдаг болно за юу” гээд баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгээд би хашлага түшээд босоод ирсэн чинь миний элэг рүү нэг удаа цохисон. Тэгээд байж байсан чинь нэг танихгүй эгч “хөөе та нар болиоч” гэж хэлсэн. Тэгсэн чинь мотоциклтой 2 хүн яваад өгсөн. Бид нар бөмбөгөө аваад гарах гэж байсан чинь мотоциклтой ах буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг дуудсан. Яваад очсон чинь миний цамцны захаас барьж байгаад цээж хэсэг рүү өвдөглөсөн. Тэгээд 2 залуугийн арай намхан биетэй залуу нь бид хоёрыг салгах гээд ирсэн чинь миний үснээс зулгаагаад доош дараад миний нүүр рүү өвдөглөсөн. Тэгсэн чинь миний толгой эргээд газар үнасан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь хашлага налаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 17:00 цагийн үед Г.М бид хоёр Богд сумын төв гудамжны саад өгсөж яваад тоглоомын талбайн сагсны шийдэн дээр тоглож байсан. ...нэг бандийг Г.М дуудаад, уулзаад ярилцаж маргалдаад Г.М тэр хүүхдийг нэг алгадах шиг болсон. Тэгээд хоорондоо барилцаж аваад би тэр хоёрыг салгаад Г.Мтай гэр лүү нь очоод буцаад нөгөө зодоон хийсэн сагсны шийдэн дээр ирээд Г.М нөгөө хүүхэдтэй дахиад зодолдоод тэр хүүхдийг газар унагаагаад зодоод байхаар нь би салгаад Г.Мыг гэр лүү нь авч явсан. Тэр хүүхдүүдийн хамар, уруул хавиас цус гарсан байдалтай үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаартай шинжээчийн ... үзүүлэгч Б.Азбаярын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.М-аас анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хөнгөрүүлж өгнө үү гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ...шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээсэн, хохирогчид төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хэм хэмжээг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой байхад анхан шатны шүүх дээрх заалтыг хэрэглээгүй.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчилж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр Эрүүгийн хуульд хуульчилсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд байгаа хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал болох өмнө нь зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүнд тухайн зүйлд заасан төрөл хэмжээний доторх зорчих эрх хязгаарлах ял шийтгэл анхан шатны шүүхээс оногдуулсан нь тохирсон, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж торгох ял шийтгэл оногдуулах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.