| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0247/З |
| Дугаар | 128/ШШ2024/0805 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:“Вива сити аж ахуйн нэгж” СӨХ,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: “Вива сити-1” СӨХ,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, С.Болормаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон Хан-Уул дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулах эрхийг болон гэрчилгээ сунгахыг даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.“Вива сити” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “СӨХ” гэх/-ны 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл[1], 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын протокол[2], 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/21 дугаартай албан бичгийг[3] үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Вива сити-1” СӨХ-г бүртгэж, 13/05 дугаартай гэрчилгээ[4] олгожээ.
2.2.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны дүүргийн 24 дүгээр хороонд байрлах S3-S-24, М1-М16, И1-И26 дугаар байруудыг хамруулан “Вива сити” СӨХ-г бүртгэж 1 жилийн хугацаатай 18/41 дугаартай гэрчилгээ олгосон буюу “Вива сити-1” СӨХ-ны нэрийг “Вива сити” СӨХ болгон өөрчлөн бүртгэжээ.
2.3.Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо (хуучнаар 4 дүгээр хороо)-нд байрлах Вива сити хорооллын орон сууцны өмчлөгч, оршин суугчдын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар[5] “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-г байгуулжээ.
2.4.Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүгээр хороонд 1/3-1/26, 2/1-2/16, 3/1-3/26 дугаар байруудыг хамруулан “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-г бүртгэж, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1 жилийн хугацаатай 21/55 дугаартай гэрчилгээ[6] олгосон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2 жилийн хугацаатай нэг удаа сунгасан байна.
2.5.Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул 4 дүгээр хороонд 1/3-1/26, 2/1-2/16, 3/1-3/26 дугаар байруудыг хамруулан “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-г бүртгэж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 жилийн хугацаатай 21/55 дугаартай гэрчилгээ[7] олгосон байна.
2.6.“Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-оос 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 23/04 тоот албан бичгээр[8] Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан гэрчилгээний хугацааны сунгалт хийж, гэрчилгээ шинэчлэн гаргуулах тухай хүсэлтийг гаргажээ.
2.7.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/241 дугаартай албан бичгээр[9] “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт нийтийн зориулалттай орон сууцанд нэг сууц өмчлөгчдийн холбоотой байна гэж заасан... Вива сити хотхонд иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Вива сити” сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Иймд танай байгууллагаас өгсөн хүсэлтийг хүлээн авч бүртгэх, сунгах боломжгүй” гэх хариуг өгчээ.
2.8.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Вива сити хотхон нь нэг давхартаа үйлчилгээний зориулалттай, хоёроос дээш давхартаа хүн амьдрах зориулалттай залуучуудыг дэмжсэн анхны жишиг орон сууцны хотхон, 2018 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаас “Вива сити ААН” СӨХ-нд гэрчилгээ олгосон бөгөөд үүнээс хойш 2 удаа сунгаж гэрчилгээний хугацааг сунгаж байсан, гэтэл 2022 оноос гуравдагч этгээд “Вива сити” СӨХ-той нэг холбоо байгуулж, нэгдмэл нэг СӨХ-той бай гэсэн хууль бус шаардлага тавьж, гэрчилгээний хугацаа сунгаж өгөхгүй байгаа нь үндэслэлгүй, хуульд дүүргийн Засаг даргад сууц өмчлөгчийн холбоог бүртгэхийг заасан, гэтэл Засаг дарга хугацаатай гэрчилгээ олгож, түүнийг сунгаж, үйл ажиллагааг таслан зогсоож байгаа нь хууль бус, хотхоны 1 давхрын аж ахуй нэгжүүд хамтран сууц өмчлөгчдийн холбоо байгуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж тайлбарладаг.
2.9.Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болохоор заасан. Нэг барилгад хоёр сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсантай холбоотой гомдол гаргасантай холбогдуулан 2018 онд байгуулагдсан “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны гэрчилгээний хугацаа сунгах боломжгүй талаар албан бичгээр хариу мэдэгдсэн тул эс үйлдэхүй гаргаагүй” гэж, гуравдагч этгээдээс “нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоо нь тус давхарт байрлах аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалдаг, хоёрдугаар давхраас дээш орон сууцны зориулалтаар айл өрхүүд амьдардаг, уг барилгын магистраль шугам нь нэг давхартаа байрладаг, барилга баригдаад нэлээдгүй хугацаа өнгөрч элэгдэлд орсон тул шугам болон бусад зүйлийг засварлах шаардлага гардаг. Уг маргааны улмаас иргэд оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх учраач “Вива сити” СӨХ дангаараа үйл ажиллагаа явуулах ёстой” тайлбарлан маргаж байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч Вива сити аж ахуйн нэгж СӨХ-оос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгч “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ нь 2018 оны 08 дугаар сарын 03-нд бүх гишүүдийн хурал хийж, хурлын тэмдэглэл хөтөлж, тогтоол гарган “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ байгуулахаар олонхын саналаар шийдвэрлэн зохих хууль, журмын дагуу Хан-Уул дүүргийн Засar даргад хандан бүртгүүлэх хүсэлт гаргасан болно. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга 18/142 тоот гэрчилгээ 1 жилийн хугацаатай олгосон ба 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгалт хийсэн. Бид дахин хүсэлт гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 21/55 тоот гэрчилгээ нэг жилийн хугацаатай олгосон. Энэхүү нэг жилийн хугацаа дуусаж сунгуулах талаар хүсэлт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн удаа дараа гаргахад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргаас сунгах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Манай сууц өмчлөгчдийн холбоо энэ хариуг үл хүлээн зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 13-нд Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-эрдэнэ, 2023 оны 05 дугаар сарын 01-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга, 2023 оны 05 дугаар сарын 20-нд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, 2023 оны 05 дугаар сарын 18, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны засаг даргад, дахин 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23/57 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд тус тус хандсан боловч өнөөдрийг хүртэл бидний асуудлыг шийдэж гэрчилгээний сунгалт хийхгүй доод албан тушаалтнууд, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэх мэт газруудаас “Вива сити” оршин суугчдын холбоотой нэгдэж нэг холбоо бол гэсэн хууль бус шаардлага тавьж “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-д хохиролтой байдлыг үүсгээд байна.
Сууц өмчлөгчдийн холбоо эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлий 4.1.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж орон сууц хувьчлах тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан барилгыг, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн зориулалттай орон сууц гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь 4 ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ” гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбоо эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5.2 дугаар зүйлд сууц өмчлөгчдийн холбоог яаж байгуулах тухай маш тодорхой хуульчилсан. Ялангуяа уг хуулийн 5.2 дугаар зүйлд “Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх ба зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно” гэж хуульчилсан.
“Вива сити” хотхон нь олон байшинтай ба энд заавал нэг сууц өмчлөгчдийн холбоо байх ёстой гэж хуульчлаагүй байхад мөн 2018 онд хуулийн дагуу зохих зөвшөөрөл гэрчилгээ авч тогтмол найдвартай, чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлж Монгол Улсын хуулийн дагуу тайлан тэнцэл гаргаж, татвараа төлж гишүүдийнхээ эрх ашиг, зорилгод нийцүүлэн ажиллаж байхад “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны дүрэм, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг бүдүүлгээр зөрчиж сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/2100 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ тус дүүргийн Засаг даргын нэрийн өмнөөс гаргасан шийдвэр, татгалзлыг талаар дурдсан байна. Уг хариу бичигт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Иргэний Хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсгийг үндэслэн “Нийтийн зориулалттай орон сууцанд нэг сууц өмчлөгчдийн холбоотой байна гэж заасан байдаг” гээд “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны хугацаа сунгуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн байдал нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тиймээс “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны “хугацаа сунгуулах хүсэлт”-ийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй гэж үзэхээр байгаа, харин ирүүлсэн албан бичигт дурдсан хуулийн зүйлүүдэд нэг холбоотой байна гэх агуулга байхгүй байх тул хууль бус үндэслэлээр шийдвэр гаргахаас татгалзсан гэж үзэхээр байна. Иймд “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны “хугацаа сунгуулах хүсэлт”-ийг шийдвэрлэхгүй орхисон нь Хан-Уул дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхгүй болохыг тогтоож, үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулах эрхийг болон гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаас харахад “Вива сити аж ахуй нэгж” СӨХ байгуулагдаж эрх үүрэг нь үүссэн байна. Нэгэнт эрх үүрэг нь үүссэн сууц өмчлөгчдийн холбооны хувьд татан буугдах 2 тохиолдол байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр л татан буулгах шийдвэрийг тодорхойлсон хэдий ч татан буулгах эрх хэнд нь байгаа нь тодорхойлоогүй. Иргэний хуулийн зохицуулалтаас харахад тухайн сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах эрх нь тухайн сууц өмчлөгчдөд байгаа юм байна. Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд бүх шатны Засаг даргын сууц өмчлөгчдийн холбоотой хамааралтай эрх үүргийг тодорхойлсон байгаа. Тухайн хуулийн 18.1.1 дэх хэсэгт холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх гэж байгаа. Тамгын газар холбоог бүртгэж байгаа нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа ажлын нэгж гэдэг утгаар бүртгэж байгаа болохоос бие дааж Засаг даргаас тусдаа үйл ажиллагаа явуулаад байгаа гэж ойлгож болохгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн хариултаас харахад Засаг дарга, Тамгын газар хоёр нь тус тусдаа эрх эдэлж оролцож буй мэтээр тайлбарласан. Хэрэгт авагдсан материалаар “Вива сити аж ахуй нэгж” СӨХ-ны эрх үүрэг нь үүссэн байна. Үүнийг татан буулгах эрх нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад олгогдоогүй байна.
Хоёрдугаарт Орон сууцны тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль болон Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудаас харахад сууц өмчлөгчдийн холбооны гишүүн нь хэн байх вэ гэхээр тухайн орон сууцны барилгад аж төрөх зохицуулалтаар тухайн барилгын нэг хэсгийг буюу хэд хэдэн хэсгийг өмчилж байгаа гэр бүл, иргэн байна гэж хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбооны гишүүн нь орон сууцанд амьдрах зориулалтаар өмчилж буй өмчлөгч байна. Гэтэл “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны хувьд гишүүнчлэл нь амьдрах зориулалтай биш ашиг олох зориулалттай аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар нэгдэж дийлэнх хэсэг нь орон сууцны аж ахуйн зориулалттай хэсгээ өмчилж авсан. Энэ нь тусдаа сууц өмчлөгчдийн холбоо байгуулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаж буй Засаг даргын шийдвэр хууль бус гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн Засаг даргад нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23/04 дүгээр албан бичгээр “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны гэрчилгээний сунгалт хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг судлан үзээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/241 дүгээр албан бичгээр хүсэлтийг хүлээн авч бүртгэх, сунгах боломжгүй талаар тайлбар хүргүүлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно” гэж зохицуулсан. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Вива сити” хороололд 2013 онд “Вива сити” сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу Засаг даргын Тамгын газар бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Өөрөөр хэлбэл, Вива сити хорооллын байрны нэгдүгээр давхар нэг сууц өмчлөгчдийн холбоотой, түүнээс дээш нэг сууц өмчлөгчдийн холбоотой байх нь хууль зүйн зөрчилтэй байх тул “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны гэрчилгээний сунгалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргын ажлын алба нь Засаг даргын Тамгын газар байх бөгөөд байгууллага, иргэдээс ирүүлсэн, өргөдөл, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулдаг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хуульд заасан чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд Засаr даргын Тамгын газраас албан ёсны хариуг бичгээр өгсөн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасан үйлдэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Вива сити” сууц өмчлөгчдийн холбоо нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 1760 айлын орон сууцтай 8400 гаруй оршин суугчдын эрх ашгийг хамгаалж 2013 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц, байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан. Мөн уг хуулийн 4.1.3 дах хэсэгт заасны дагуу нэг сууц өмчлөгчдийн холбоо байх ёстой гэж хуульчилсны дагуу байгуулагдсан, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд бүртгэлтэй байгууллага юм. “Вива сити аж ахуй нэгж” гэх байгууллага нь тус орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнтэй холбоотой хоёр зүйл дээр маргалддаг. Маргасантай холбоотойгоор нэхэмжлэгч тал Хан-Уул дүүгийн Засаг даргад хүсэлт гарсан хэдий ч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоо нь тус давхарт байрлах аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалдаг. Гэтэл хоёрдугаар давхраас эхлүүлэн орон сууцны зориулалтаар айл өрх амьдардаг. Уг барилгын магистраль шугам гэх мэт нь нэгдүгээр давхарт байрладаг гэтэл хоёр давхарт тог тасрахад уг тогийг нэг давхрын айл буулгасан уу, хоёрдугаар давхрын айлаас болсон уу гэдэг дээр маргалддаг. Уг барилга нь баригдаад нэлээдгүй хугацаа өнгөрчихсөн шугам болон бусад зүйлс элэгдэл хорогдолд орчихсон үүнийг засварлах зайлшгүй шаардлага гарна. Гэтэл тухай асуудлыг хэн хариуцах эсэх дээр маргадаг. Уг маргааны улмаас иргэд оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх учраас “Вива сити” сууц өмчлөгчдийн холбоо дангаараа үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна. Үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тийм учраас “Вива сити аж ахуйн нэгж” сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ нь бүхэлдээ 8400 гаруй иргэд оршин суугчдын эрх ашгийн талаар яригдаж буй асуудал юм. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Вива сити аж ахуйн нэгж” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлдээ гаргасан асуудлыг хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүхийн зүгээс тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо /хуучнаар 4 дүгээр хороо/-нд байрлах Вива сити хотхоны байрны 1 дүгээр давхарт аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах, 2-5 дугаар давхарт иргэд амьдрах суух зориулалттай бөгөөд халуун хүйтэн ус, халаалтын магистраль шугамнууд нь 1 давхрын аж ахуй нэгжүүдийн хана, таазаар ил байрладаг ба цахилгааны үндсэн 2 магистраль самбартай, айл өрхүүд 220 киловольт, аж ахуйн нэгжүүдийн 380 киловольт цахилгаан хэрэглэх дэд бүтцийн зохион байгуулалттай орон сууцны хороолол байна.
3.Тус хотхонд гуравдагч этгээд “Вива сити” СӨХ /2013 онд “Вива сити-1” СӨХ нэртэй байсныг 2024 онд “Вива сити” СӨХ болгон өөрчилж бүртгэсэн/ 2013 оноос, нэхэмжлэгч “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ 2018 оноос тус тус үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
4.“Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар “дундын өмчлөлийн эд хөрөнгө, холбооны гишүүдийн эрх ашиг, тав тухтай амьдрах, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайн үйлчилгээгээр хангах” зорилгоор[10] сууц өмчлөгчийн холбоог байгуулсан ба тус сууц өмчлөгчийн холбоог татан буулгасантай холбоотой ямар нэгэн үйл баримт байхгүй, энэ талаар шийдвэр гараагүй тул шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-г татан буулгасан эсэх асуудлаар дүгнэлт хийхгүй болохыг тэмдэглэж байна.
5.Харин энэхүү маргааны хувьд шүүхийн дүгнэлт өгөх асуудал нь нэхэмжлэгч “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 23/04 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан гаргасан гэрчилгээний хугацааны сунгалт хийж, гэрчилгээ шинэчлэн гаргуулах тухай хүсэлтийг хариуцагч Засаг дарга шийдвэрлэхгүй орхиж, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх асуудал байна.
6.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 23/04 дугаартай гэрчилгээний хугацааны сунгалт хийж, гэрчилгээ шинэчлэн гаргуулах хүсэлтэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/241 дугаартай албан бичгээр “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт нийтийн зориулалттай орон сууцанд нэг сууц өмчлөгчдийн холбоотой байна гэж заасан байдаг. Танай Вива сити хотхонд иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Вива сити” сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Иймд танай байгууллагаас өгсөн хүсэлтийг хүлээн авч бүртгэх, сунгах боломжгүй” гэх хариуг өгсөн байх тул хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дараас иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан буюу эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
8.Түүнчлэн нэхэмжлэгч талаас “хуульд дүүргийн Засаг даргад сууц өмчлөгчийн холбоог бүртгэхийг заасан, гэтэл дүүргийн Засаг дарга хугацаатай гэрчилгээ олгож, түүнийг сунгаж, үйл ажиллагааг таслан зогсоож байгаа нь хууль бус, хотхоны 1 давхрын аж ахуй нэгжүүд хамтран сууц өмчлөгчдийн холбоо байгуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж тайлбарлан маргадаг.
9.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг ойлгохоор зааснаас үзвэл нийтийн зориулалттай орон сууцад амьдран сууж буй иргэн, эсхүл үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж хэн байхаас үл хамааран тухайн орон сууцны “сууц өмчлөгч” мөн тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулах эрхтэй байна.
10.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй” 18.1.1-д “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” гэж заасны дагуу Засаг дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэр дэх орон сууцны сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн бүртгэх боловч хуульд заасан шаардлагыг зөрчиж бүртгэх эрхгүй.
11.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар захиргааны аливаа үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх зарчимтай бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “орон сууцны нэг байшинд нэг холбоо байх”-аар салаа утгагүйгээр заасан байх тул “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 23/04 дугаартай гэрчилгээний хугацааны сунгалт хийж, гэрчилгээ шинэчлэн гаргуулах хүсэлтэд “бүртгэх боломжгүй” талаар хариу өгсөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/241 дугаартай албан бичгийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.
12.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг, 3.1.2-т “орон сууцны дэд бүтэц” гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг ойлгохоор, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгохоор тус тус заажээ.
13.Дээрх хуулийн ойлголтыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “орон сууцны нэг байшинд нэг холбоо байх” шаардлагатай уялдуулан тайлбарлавал орон сууц гэдэг нь хүн суурьшин амьдрах зориулалттай, дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус хангамж, ариутгах татуургын инженерийн нэгдсэн цогц шугам сүлжээгээр хангагдсан нэг барилга байгууламж болохын хувьд тухайн орон сууцны дэд бүтцийг хоёр сууц өмчлөгчдийн холбоо хариуцан ажиллах боломжгүй байна.
14.Өөрөөр хэлбэл, Вива сити хотхоны байрнууд нь 1 дүгээр давхартаа аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах, 2-5 дугаар давхарт иргэд амьдрах суух зориулалттай хэдий ч цахилгааны шугам, халуун хүйтэн ус, халаалтын магистрал шугамнууд нь нэг дэд бүтэцтэй тул тухайн орон сууцны сууц өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд тус тусдаа дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй.
15.Хэрэв тухайн барилгад дэд бүтэц, шугам сүлжээний эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд аль давхарт ямар зориулалтаар орон сууцыг ашиглаж байгаагаас үл хамааран сууц өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжийн хувьд орон сууцыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж, ашиглалтын хэвийн байдал алдагдах үр дагавар үүсэх тул хариуцагчийн сунгалт хийж, гэрчилгээ шинэчлэн гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж үзэхээр байна.
16.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 37 дугаар зүйлийн 37.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Вива сити аж ахуйн нэгж” СӨХ-ны хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон Хан-Уул дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулах эрхийг болон гэрчилгээ сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 160 дахь тал
[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 163-164 дэх тал
[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 162 дахь тал
[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 165 дахь тал
[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 45 дахь тал
[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 6 дахь тал
[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 5 дахь тал
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 7 дахь тал
[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 4 дэх тал
[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 40 дэх тал