Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00069

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:  Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.Б нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Миний бие 1989 онд Сайншанд сумын 10 жилийн дунд сургуульд 10 дугаар ангиа төгсөөд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газарт зочид буудалд үйлчлэгчээр томилогдон ажилласан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон огноо бичигдээгүй, мөн гаргасан тушаалын огноо бичигдээгүй байгууллагын тамга, тэмдэг нь хагас дутуу бүрэн дарагдаагүй, хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон огноо бичээгүйгээс Нийгмийн даатгалын газар шууд тэтгэвэр тогтоох боломжгүй, шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 177 дугаар архивын тодорхойлолт, 458483 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаар Үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар Зарим ажилчдын шилжүүлэх тухай тушаалын хуулбар, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 90 дугаар Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Д.Огийн тодорхойлолт, түүний ***дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч О.Аын тодорхойлолт, ***дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрч Д.Ог гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Ж.Б нь Дорноговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ удирдах газрын харьяа зочид буудалд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн нь Дорноговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын харьяа зочид буудалд үйлчлэгчээр 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны ажилд орсон тушаал архивт байхгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 177 дугаар архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Ж.Б нь Дорноговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын харьяа зочид буудалд үйлчлэгчээр 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь

- 458483 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1989 ...10-р анги төгсөж аймгийн ХНХХ-ын хуваариар ирсэн тул зочид буудалд үйлчлэгчээр авч ажиллуулав.

-Дорноговь аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаар Үр дүнгийн шагнал олгох тухай тушаалд Тус байгууллагын системд 1989 онд 6 сараас дээш хугацаагаар ажилласан жилийн үр дүнгээс хоцорсон ажилчдыг хавсралтаар бодож олгосугай. ... хавсралт 2 Ж.Б үйлчлэгч ажилласан жил 0,5 ажилласан хоног 142 нэг өдрийн дундаж цалин 10,48 гэж,

-1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 90 дугаар Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалд ...ажлаас халагдахыг хүссэн зочид буудлын үйлчлэгч Ж.Бг Өргөн сумын захиргааны мэдэлд ...10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлж холбогдох тооцоог хийхийг зөвшөөрсүгэй гэж,

- гэрч Д.Огийн ...1985 онд намайг ахуй үйлчилгээнд ажилд орсон байхад 1986 онд Б нь үйлчлэгчээр орж байсан. Ажилд орсон сарыг нь сайн санахгүй байна. Намайг 1990 оны 01 дүгээр сард ажлаас гарах хүртэл ажилласан хэвээр байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ж.Бгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сайд Содном овогт Жамсрангийн Бг Дорноговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын зочид буудалд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ