| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0184/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 04
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа
Хохирогч Д.Төмөрбат
Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Зөөд овогт Дамирангийн Батхишигт холбогдох 1731001360069 дугаартай Эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат 1987 оны 7 дугаар 16-нд Сэлэнгэ аймаг Ерөө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бүс дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгоны гэр хороолол Чулуутын 1-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Зөөд овогт Дамирангийн Батхишиг /РД:МТ87071616/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Батхишиг нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ иргэн Д.Төмөрбатын нүдэн тус газар нь цохиж санаатайгаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Д.Батхишигийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 07-нд Ганаа манайд ирээд бид 2 манайхаас 15 цагийн үед гараад явж байтал Төмөрбат ахтай таараад Төмөрбат ахын дэлгүүрээс нэг шил архи аваад Алтангэрэлийнд очиж ууцгаасан. Алтангэрэл Төмөрбат хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би болиулах гээд хэд гурван үг хэлсэн чинь намайг Дамирангийн шээс гэж хэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд би нүд рүү нь цохисон. Учир нь миний аав өөд болоод удаагүй байсан болохоор миний сэтгэл санаа тавгүй байсан юм гэв.
2.Хохирогч Д.Төмөрбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “..Би өглөө гэрээсээ гараад явж байтал гудамжинд Алтангэрэл, Д.Батхишиг хоёр зогсож байсан, тэгээд ойр зуурын зүйл ярьж байгаад хамт нэг шил архи ууцгаасан. Дараа нь дахиад нэг шил архи аваад Алтангэрэлийнд уусан. Намайг Алтангэрэлтэй маргасан чинь Д.Батхишиг дундуур орж ирээд хэл амаар доромжилсон. Тэгээд миний уур хүрээд Д.Батхишигийг Дамирангийн шээс гэж хэлсэн минь үнэн. Ганаа ирээд Д.Батхишиг бид хоёрыг салгасан. Намайг миний нүд рүү цохисны дараа нүднээс цус гараад тэгээд Бугантаас Дарханын эмнэлэг рүү очсон чинь Улаанбаатар хот руу очиж эмнэлэгт үзүүл энд эмчлэх боломжгүй гэж хэлэхээр нь Улаанбаатар хот руу очиж эмнэлэгт үзүүлсэн гэв.
3.Хохирогч Д.Төмөрбатын 2017 оны 10 сарын сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....2017 оны 10 сарын 07-ны өдөр 11 цагийн орчим гэрээсээ гарахад манай дэлгүүрийн гадаа Алтангэрэл зогсож байсан. Бид хоёрыг уулзаж байх үед дэлгүүрээс Батхишиг, Ганаа хоёр 0.5 литрийн 1 шил архи гаргаж ирсэн ба гудамжинд хуваагаад уугаад Батхишиг дэлгүүрээс дахин 1 шил архи аваад бид дөрөв Алтангэрэлийнд очиж хувааж уусан. Алтангэрэл бид хоёр архиндаа болоод хорондоо маргалдахад Батхишиг бид хоёрын хэрүүлд оролцоод намайг элдвээр хэлээд байхаар нь би “Дамирангийн шээс” гээд хэлэхэд уурлаад миний зүүн нүд рүү гараараа цохиход зүүн нүд харанхуйлаад юм харахаа больсон. Түүнтэй барьцалдаж аваад гэрийн гадаа ноцолдоход миний зүүн нүд, толгой руу мөргөсөн. Энэ үед Алтангэрэл тасраад унтаж байсан бол Ганаа хажуунаас салгаад бид нар гэр рүүгээ харьцгаасан. Батхишигт цохиулснаас болж миний зүүн нүд хөндүүрлэж цус гоожоод шууд Дархан, Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр явсан....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/
4.Гэрч М.Ганпүрэвийн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 10 сарын 07-ны өдөр 11-12 цагийн орчим Бугант тосгоны төвд байрлах Батхишигийн гэрт очоод бид хоёр тэдний гэрээс гараад Төмөрбатын дэлгүүр орж 1 шил 0.5 граммын архи аваад гараад ирэхэд гадаа Төмөрбат, Алтангэрэл хоёртой тааралдаад архиа хувааж уугаад дахин 0.5 литрийн архи аваад бид дөрөв Алтангэрэлийн гэрт очиж хувааж уусан. Би архинаас бага зэрэг амссан уугаагүй. Харин Алтангэрл, Төмөрбат нар нилээн уугаад согтсон. Гэрт байхад Төмөрбат, Алтангэрл хоёр хоорондоо маргалдаад ойр зуурын жижиг зүйл яриад хэрэлдэж байгаад тасраад унтаад өгсөн. Тэр хоёр хоорондоо маргалдаад Төмөрбат нь “Дамирангийн шээс” гэхэд уурлаж Төмөрбатын зүүн нүд рүү гараараа цохисон. Би салгасан. Төмөрбат ах нүүр рүүгээ цохиулснаас болж зүүн нүднээс нь цус гарсан. Хоорондоо салахгүй барьцалдаж аваад гэрээс гарсан. Би гэрээс гараагүй юу болсон талаар мэдэхгүй. Тэгээд Төмөрбат ах гэр рүүгээ яваад би гэртээ харьж амарсан......” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/
5.Гэрч Ц.Мөнхзаяагийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн..... 2017 оны 10 сарын 07-ны өдөр 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд тус тосгонд оршин суух хаягтай Төмөрбатын зүүн нүднээс цус нилээн гарсан байдалтай төрсөн дүү Туяагийн хамт ирсэн. Би үзлэг хийхэд Төмөрбатын зүүн нүдний алим хэлбэрээ алдсан, урагдаад цөцгий нь гоожсон байсан. Ар гэрийнхэнд нь би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай. Зүүн нүдний цөцгий гоожсон, эмчилгээ хийлгэх боломжгүй байна .. гэж хэлээд Улаанбаатар хот руу явуулсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/
6.Гэрч Б.Алтангэрэлийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 10 сарын 07-ны Төмөрбатын гэрийн гадаа Батхишиг, Ганаа бид нар уулзаад манай гэрт очиж архи уусан. Би уусан архиндаа амархан согтсон. Согтуудаа хэнтэй юу ярьсан болохоо санахгүй байна.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/
7.Гэрч Д.Туяагийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 10 сарын 07-ны өдөр Төмөрбат ах хүнд зодуулсан талаар би сонсоод очиход ахын зүүн нүднээс цус гарсан, тогтохгүй байхаар нь сумын эмнэлэг дээр очиж Мөнхзаяа эмчид үзүүлэхэд нүдний цөцгий гэмтсэн байна эмчилгээ байхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/
8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №362 тоот:
1.Д.Төмөрбатын биед зүүн нүдний салстын урагдал хориод болон шилэнцэрийн урагдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65% нөлөөлнө... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
9.Шүүгдэгч Д.Батхишигийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн”...2017 оны 10 сарын 7-ны өдөр өдөржингөө хийсэн зүйлгүй гэртээ өнжсөн. 11 цагийн орчим манай гэрт Ганаа ганцаараа ирээд “шартаж үхлээ найздаа ганц шил юм аваад өгөөч” гэж хэлэхээр нь зөвшөөрч Бугант тосгонын төвд байрлах Төмөрбат гэх хүний дэлгүүрт очиж 1 шил архи авч өгөөд гараад ирэхэд дэлгүүрийн гадаа дэлгүүрийн эзэн Төмөрбат, Алтангэрэлтэй хамт зогсож байхаар нь би Ганаад “чи энэ хоёртой хамт уучих” гэхэд Төмөрбат ах намайг архинаас нэг уучих гэж хэлээд бид 4 хувааж уугаад дуусгахад би дахин 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад Алтангэрэлийн гэрт очиж авсан архиа уусан.
Айлд сууж байхад Төмөрбат ах нилээн согтсон байдалтай Алтангэрэлтэй маргаад байхаар нь би болиулсан. Гэтэл согтуудаа намайг” Дамирангийн шээс” гэж хэлэхээр нь уурлаад босож ирээд зүүн нүд рүү нь гараараа цохисон. Намайг цохиж байхад Алтангэрэл Ганаа хоёр байсан. Би нэг удаа цохиод гэр рүүгээ харьсан. ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/
10.Шүүгдэгч Д.Батхишигийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн”...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17дугаар хуудас/
11.Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/
12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/
13.Хохирогчийн хохиролын баримтууд /хавтаст хэргийн 76-95 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Батхишигийн гэм буруу, хохирол
төлбөрийн талаар.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Дамирангийн Батхишигийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ иргэн Д.Төмөрбатын нүдэн тус газар нь гараар цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр:
-Хохирогч Д.Төмөрбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Би Батхишигийг “Дамирангийн шээс” гэж хэлэхэд тэр уурлаад миний зүүн нүд рүү гараараа цохиход зүүн нүд харанхуйлаад юм харахаа больсон. Түүнтэй барьцалдаж аваад гэрийн гадаа ноцолдоход миний зүүн нүд, толгой руу мөргөсөн. Энэ үед Ганаа хажуунаас бид хоёрыг салгаад бид нар гэр рүүгээ харьцгаасан. Батхишигт цохиулснаас болж миний зүүн нүд хөндүүрлэж цус гоожоод шууд Дархан, дараа нь Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр явсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Батхишигийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Айлд сууж байхад Төмөрбат ах нилээн согтсон байдалтай Алтангэрэлтэй маргаад байхаар нь би болиулсан. Гэтэл согтуудаа намайг ”Дамирангийн шээс” гэж хэлэхээр нь уурлаад босож ирээд шууд зүүн нүд рүү нь гараараа цохисон. Намайг цохиход Алтангэрэл Ганаа хоёр байсан. Би нэг удаа цохиод гэр рүүгээ харьсан гэх мэдүүлэг,
Гэрч М.Ганпүрэв, Ц.Мөнхзаяа, Б.Алтангэрэл, Д.Туяа нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №362 тоот шинжээчийн “Д.Төмөрбатын биед зүүн нүдний салстын урагдал хориод болон шилэнцэрийн урагдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл бүхий гэмтэл тогтоогдлоо, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, хохиролын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Судлагдсан баримтуудаас харахад:
Шүүгдэгч Д.Батхишиг нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ иргэн Д.Төмөрбатын нүдэн тус газар нь цохиж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулсан байгаа тул дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иймээс Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас үйлдсэн яллах дүнэлт үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.
Үүнээс гадна шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Д.Батхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирогч Д.Төмөрбат нь шүүгдэгч Д.Батхишигээс 3.742.126 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаагаас шүүгдэгч Д.Батхишиг нь 1.050.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 2.692.126 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна. Иймээс нэхэмжлэлийн дүнгээс үлдсэн хэсгийг шүүхийн шийтгэх тогтоолоор олгохоор тогтоох нь зүйтэй гэж үзнэ.
Мөн хохирогч Д.Төмөрбат нь гэмт хэргийн улмаас хиймэл нүд суулгуулсан ба суулгуулсан портезийг 2 жил тутамд нэг удаа солиулах шаардлагатай байдаг бөгөөд нэг удаа 690.000 төгрөгөөр солиулдаг, энэ хохиролын төлбөрийг 2 тал мөнгөний ханшны өөрчлөлтөнд нийцүүлэн 2 жилд нэг удаа төлж байхаар харилцан тохирч гэрээ байгуулсныг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзэв.
2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...арван мянган нэгжээс дөчин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан ялаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг үндсэн ялаар сонгон авч хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Батхишиг нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1 Зөөд овогт Дамирангийн Батхишигийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Зөөд овогт Дамирангийн Батхишигийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Батхишигт оногдуулсан 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Батхишиг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Д.Батхишиг нь хохирогч Д.Төмөрбатын эмчилгээний зардалд 1.050.000 төгрөгийн хохиролыг төлсөн, гэмт хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1- зааснаар ялтан Д.Батхишигээс 2.692.126 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны гэр хорооллын задгайд оршин суух, эрхэлсэн ажилгүй Өөлд овгийн Доржсүрэнгийн Төмөрбатад олгосугай.
7.Хохирогч Д.Төмөрбат нь нүдний портез солиулсан зардлаа гэрээнд заасан ёсоор төлүүлж чадаагүй бол Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8.Д.Батхишигт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ