Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

2023 оны 07 сарын 19-ний өдөр                Дугаар 2023/ДШМ/34                                 Өвөрхангай аймаг

 

 Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                           Прокурор Б.Ундрах /цахимаар/

                                           Яллагдагчийн өмгөөлөгч П.Дониддолгор

                                           Яллагдагч Б.Б

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн яллагдагч Б.Б-н гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн  2108030591766  дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19... оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арьсан гар урлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 87 дугаартай захирамжаар ял дүйцүүлэн хасаж, ялаас чөлөөлсөн,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 123 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 21 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Сартуул овгийн Б.Б /РД:...../, 

 Яллагдагч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэлэнгэ” хүнсний зах худалдааны төвийн түрээслэгч Г.Б, Д.Э, М.С нарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунуудад хууль бусаар нэвтэрч, Г.Б-ийн лангуунаас бэлнээр 30,000 төгрөг,

Д.Э-ын лангуунаас 12,368,000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон түүний дагалдах хэрэгсэл болон бусад эд зүйлс,

М.С-гийн лангуунаас 2,120,000 төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн 54 хайрцаг /блок/ тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад нийт 14,518,000 төгрөгийн хохирол,

2. 2022 оны 01 сарын 31-нээс 02 сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нарлаг дэнж” худалдааны төвийн 3/13 дугаар лангууг түрээслэгч П.О-гийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунд хууль бусаар нэвтэрч 64-н ширхэг гар утас, 1 ширхэг LС загварын зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 17.700.000 төгрөгийн хохирол,

3.  2022 оны 03 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвийн В1 давхрын түрээслэгч Б.Ж, Б.Ц нарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунуудад хууль бусаар нэвтэрч, Б.Ж-ын лангуунаас бэлнээр 500,000 төгрөг, 35,570,000 төгрөгийн үнэ бүхий 41-н ширхэг ухаалаг гар утас,

Б.Ц-ийн лангуунаас 28.030.000 төгрөгийн үнэ бүхий 34-н ширхэг гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад их хэмжээний буюу нийт 64,100,000 төгрөгийн хохирол,

4. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн төрсөн эх Ц.Б-ын цүнхнээс хэтэвчтэй мөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 610,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 4-н удаагийн үйлдлээр 96 928 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Б-н үйлдлийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Сартуул овгийн Б.Б-д холбогдох 2108030591766 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорт буцаан, яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гутал 1 хос, хяналтын камерын бичлэгтэй DVD 8-н ширхэг, иргэн Б.Батбаярын иргэний үнэмлэх 2 ширхэг, иргэн Лхамрагчаагийн жолоочийн үнэмлэх 1 ширхэг, иргэн Г.Б-ын иргэний үнэмлэх 1 ширхэг, Бууж өг гэсэн карт 1 ширхэг, 88825448 дугаартай сим картын үүр 1 ширхэг, шар өнгийн алх 1 ширхэг, шар өнгийн тасдагч 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Яллагдагч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн 2108030591766 дугаар хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Б миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/224 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад “Яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч....-д энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээг авна” гэж яллагдагчид ямар нэгэн таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийг заавал баримтлахаар хуульчилсан.

Гэтэл 224 дүгээр захирамжид үндэслэж яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж байгаагаа огт удирдлага болгож тодорхойлоогүй.

Нөгөөтэйгүүр 224 дүгээр захирамжаар надад урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж байна гэвэл урьд нь буюу хамгийн сүүлд надад анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/190 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан бөгөөд үүнийг 224 дүгээр захирамжаар “хэргийг прокурорт очтол” хугацаанд хэвээр үргэлжлүүлжээ гэж ойлгохоор байна.

Гэвч 190 дугаартай захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар яллагдагч Б.Б-н хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ...” гэсэн хуульд байхгүй үндэслэлээр надад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Миний яллагдагчаар татагдсан нь яллагдагчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг үндэслэл болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвшөөрсөн зохицуулалт одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүйгээс гадна үндэслэл болгож байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т заасан заалт нь цагдан хорих үндэслэл биш юм. Хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгчид хэдэн төрлийн ямар ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахыг гагцхүү хуулиар тодорхойлсон байх ба уг тодорхойлсон зохицуулалтад заасан таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдээс сонгон хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /уг хуулийн  14.9 дүгээр зүйл гэх мэт/-д заасан үндэслэлийг баримталж байхыг үүрэг болгон давхар зохицуулсан болохыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, уг хуулийн үзэл баримтлал зэргээс харж болохоор байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан (аль шатанд аль байгууллага нь ямар таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, аль байгууллага нь бие дааж хэрэглэхийг зохицуулсан) зохицуулалтыг 190 дүгээр захирамжид удирдлага болгосон нь цагдан хорих үндэслэл биш бөгөөд энэхүү зохицуулалт нь уг хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ...”-д энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу ... таслан сэргийлэх арга хэмжээ авна” гэж заасныг зөрчих үндэслэл болохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 190 дугаар захирамжийн таслан сэргийлэх арга хэмжээг нь 224 дүгээр захирамжаар хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаар захирамжийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож 224 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Ундрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2023/ШЗ/224 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүх яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэж хуульчилсан бөгөөд яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд нотолж тогтоогоогүй, үүнийг шүүх хуралдааны явцад нотлон тогтоох боломжгүй байна гэж дүгнэлээ.

1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн прокурорын тогтоолоор хохирогч Д.Э-ын хулгайд алдсан гэх эд зүйлд нэмэлт шинжилгээ хийлгэсэн бөгөөд мөн хохирогч Д.Эын хулгайд алдсан ухаалаг цагаан гар утас, Samsung J7 гар утас, Samsung J530 маркын гар утсанд үнэлгээ гаргуулаагүй байна. Мөн хохирогч Д.Эт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэлд "шаргал өнгийн жижиг хэмжээтэй "Nokia" маркын гар утас, цагаан өнгийн USB залгуур 2 ширхэг, цэнэглэгчийн толгой 2 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд эдгээр эд зүйлийг алдсан талаар мэдүүлээгүй байна.

2. Хохирогч Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд 34-н ширхэг гар утас алдсан, 41-н ширхэг гар утас хүлээн авсан талаар мэдүүлдэг бөгөөд шинжээч томилох тогтоолд 41-н гар утас алдсан гэж үзэж үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон, прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд 41-н ширхэг гар утас алдсан гэж бичсэн, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “33-н ширхэг гар утас хүлээлгэн өгсөн, хохирогч нь 33-н ширхэг гар утас хүлээн авсан талаар тэмдэглэсэн байх бөгөөд түүний хулгайд алдсан гэх гар утасны тоо хэмжээг 33, 34, 41 гэж зөрүүтэй бичжээ.

3. Хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд 37-н ширхэг гар утас алдсан, 41-н ширхэг гар утас хүлээн авсан талаар мэдүүлдэг бөгөөд шинжээч томилох тогтоолд 34-н ширхэг гар утас алдсан гэж үзэж үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон, прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд 34-н ширхэг гар утас алдсан гэж бичсэн, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд 41-н ширхэг гар утас хүлээлгэн өгсөн, хохирогч нь 41-н ширхэг гар утас хүлээн авсан талаар тэмдэглэсэн байх бөгөөд түүний хулгайд алдсан гэх гар утасны тоо хэмжээг 34, 37, 41 гэж зөрүүтэй бичжээ.

4. Хохирогч П.О мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч П.О-гийн алдсан гэх гар утаснуудад үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд уг тогтоолд "Nokia 3110" маркын гар утас 1 ширхэгт үнэлгээ хийлгэхээр дурдсан байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь "Nokia 3110" маркын гар утсанд үнэлгээ гаргаагүй, харин тогтоолд дурдагдаагүй "Nokia 3310" маркын гар утсанд үнэлгээ гаргажээ.

Эдгээрээс үзэхэд хохирогч Б.Ж, Б.Ц нар нь хэдэн ширхэг, ямар нэр төрөл, загварын гар утас алдсан болохыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөн хохирогч Б.Ж нь өөрийн мэдүүлэгт алдсан талаар дурдагдаагүй "Samsung A-42" гар утас 1 ширхгийг, "Iphone 8 plus" гар утас 2 ширхгийг тус тус буцааж хүлээн авсан, хохирогч Б.Ц нь 37-н ширхэг гар утас алдсан талаар мэдүүлсэн атлаа 41-н ширхэг гар утсыг буцааж авсан, хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд шаргал өнгийн жижиг хэмжээтэй "Nokia" маркын гар утас, цагаан өнгийн USB залгуур 2 ширхэг, цэнэглэгчийн толгой 2 ширхэг зэргийг хулгайд алдсан талаар мэдүүлээгүй мөртөө эдгээр эд зүйлийг хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд дээр дурдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч Б.Ц, Б.Ж, Д.Э, П.О нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд, бодитой тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж үзлээ.

5. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ШШГЕГ-ын Б.Бн маршруттай 1 ширхэг СД-ийн талаар тусгаагүй орхигдуулсан байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ШШГЕГ-ын Б.Б-н маршруттай СД 1 ширхэг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Л.Цэнгэлмаагаас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг хэрэгт ирүүлээгүй байх тул нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хууль ёсны дагуу хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Э, Б.Ж, Б.Ц нарын мэдүүлэг, мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолууд, хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн тайлангууд, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг харьцуулан судалж дүгнэхэд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э, Б.Ж, Б.Ц, П.О нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд, бодитой тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд тогтоогоогүй байх тул яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцахад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалт “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалт “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...32 төрлийн гар утас, дагалдах хэрэгсэл 48-н төрлийн эд зүйлс алдсан...” гэж өөрийнхөө лангуунаас алдсан эд зүйлсийг нэрлэн мэдүүлснийг мөрдөгчийн шинжээч томилох тогтоолд дурдаж, дүгнэлт гаргуулахдаа 41-н нэр төрлийн 48-н ширхэг эд зүйлсэд тусгай мэдлэгийн хүрээнд эрх бүхий үнэлгээний байгууллагаар хөрөнгийн үнэлгээг гаргуулж, хохирогч Д.Э-т учирсан нийт хохирлыг 12,368,000 төгрөгөөр тогтоосон байна.

Хэдийгээр мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 658 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд дурдагдсан нокиа маркын гар утас, цагаан өнгийн USB залгуур 2 ширхэг, цэнэглэгчийн толгой 2 ширхэг эд зүйлсийг тусгаж үнэлүүлээгүй боловч хохирогч гар утас болон түүний дагалдах хэрэгслүүдийг алдсан болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогчид алдагдсан эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогддог.

Түүнчлэн “Сэлэнгэ” худалдааны төвөөс эд зүйлс алдагдсан хулгайн үйлдэл нь 2021 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн буюу тухайн цаг үед яллагдагч Б.Б нь “Сэлэнгэ” худалдааны төвөөс хохирогч Д.Эын гар утасны лангуунаас гар утас, түүний дагалдах хэрэгсэл, хохирогч Г.Бийн лангуунаас бэлэн 30,000 төгрөг, хохирогч М.С-гийн лангуунаас 2,120,000 төгрөгийн үнэ бүхий тамхи зэрэг өөр өөр нэр төрлийн бараа худалдаа эрхэлдэг лангуунуудаас эд зүйлсийг хулгайлж бусдад хохирол учруулсан байдаг.

Хохирогч Д.Э-т хүлээлгэн өгсөн эд зүйлс нь түүний лангуунаас алдагдсан эд зүйл байх бүрэн боломжтойгоос гадна хохирогчид эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээлгэн өгөхөд хүсэлт, гомдол гаргаагүй, хүлээлгэн өгсөн эд зүйл дээр хэн нэгэн этгээдээс маргаан гаргаагүй, мөн яллагдагч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хүлээлгэн өгсөн зарим эд зүйлсийг өөрийнх нь үеэл эгчийнх хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх асуудлын талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гарган шалгуулж байгаагүй болохыг дурдаж байна.

Мөн хохирогч Д.Э нь самсунг жи-7 маркын гар утас 1 ширхэг, самсунг жи-730 маркын гар утас 1 ширхийг хулгайд алдсан талаар мэдүүлдэг бөгөөд “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 658 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд самсунг Жи-730 маркын гар утсыг 2 удаа бичиж үнэлгээ хийгдсэн боловч тухайн ижил маркын 2 гар утсыг 180,000 төгрөг, 260,000 төгрөг гэх мэтээр ялгамжтай байдлаар тус тус үнэлсэн байгаа нь хохирогч самсунг жи-730 маркын гар утас 2 ширхгийг алдаагүй, шинжээч томилох тогтоолд самсунг жи-7, самсунг жи-730 загварын гар утаснуудыг үнэлүүлэхээр бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд тухайн зөрчил нь хэргийн үйл баримт болоод гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Харин шүүгчийн захирамжид хохирогч Д.Э-ын эзэмшлийн алдагдсан гэх самсунг жи-530 маркын гар утсыг “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 658 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн 32 дахь хэсэгт 250,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгааг үнэлээгүй гэж, мөн хохирогч нийт 5-н ширхэг ухаалаг цаг алдсан талаараа мэдүүлдэг, тухайн 5-н ширхэг ухаалаг цагуудыг дотор нь өнгөөр ялган тус тусдаа бичигдэж үнэлгээ хийлгэсэн нь мөн дүгнэлтийн 38, 39 дэх хэсэгт нэг бүрийн үнийг 20.000 төгрөгөөр тус тус дурдаж, үнэлсэн байхад ухаалаг цагаан гар утас 1 ширхгийг үнэлүүлээгүй гэж тус тус дурдсан нь үндэслэлгүй байна.

2. 2022 оны 03 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвийн В1 давхрын түрээслэгч Б.Ж, Б.Ц нарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунуудад хууль бусаар нэвтэрч, Б.Ж-ын лангуунаас бэлнээр 500,000 төгрөг, 35.570.000 төгрөгийн үнэ бүхий 41-н ширхэг гар утас, Б.Цийн лангуунаас 28.030.000 төгрөгийн үнэ бүхий 34-н ширхэг гар утас зэрэг эд хөрөнгийг тус тус хулгайлсны улмаас бусдад их хэмжээний буюу нийт 64,100,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Б.Ж, Б.Ц нар нь “Хархорин” худалдааны төвийн В1 давхарт хамтарч лангуу түрээсэлж ажиллуулдаг нөхцөл байдал тогтоогддог ба яллагдагч Б.Бгаас хураан авсан хулгайн эд зүйлсийг хохирогч Б.Ж, Б.Ц нараар таниулж, тус бүр ямар эд зүйлс алдсан болохыг мэдүүлгээр тогтооход хохирогч Б.Ж нь нийт 35,570,000 төгрөгийн үнэлгээ бүхий 21 нэр төрлийн 41-н ширхэг гар утсыг, харин хохирогч Б.Ц нь нийт 28,030,000 төгрөгийн үнэ бүхий 11-н нэр төрлийн 34-н ширхэг гар утсыг тодорхой алдсан талаараа нэг бүрчлэн марк, дугаар, огноо зэргээр нь нэрлэж тус тус мэдүүлсэн байдаг. Уг алдагдсан гар утаснуудыг үнэлгээ хийлгэхдээ хохирогч Б.Ж-ын гар утаснуудыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 571 дугаартай үнэлгээний тайланд хохирогч Б.Цийн Samsung A9 pro маркын гар утас 4-н ширхгийг оруулан үнэлсэн, харин хохирогч Б.Цийн гар утаснуудыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 544 дугаартай үнэлгээний тайланд хохирогч Б.Ж-ын Samsung A42 маркын гар утас 1 ширхгийг сольж оруулж үнэлүүлсэн нь бичиг техникийн шинжтэй алдаа гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд харин хохирогчийн алдагдсан эд зүйлсийг үнэлүүлэлгүйгээр орхигдуулсан зүйл байхгүй, хохирогч нарын алдсан гэх эд зүйлсийг бүрэн үнэлүүлж, дүгнэлтүүдийг гаргажээ.

Түүнчлэн “Дамно” ХХК-ийн 571, 544 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлтүүдийг оролцогч нарт танилцуулахад хэргийн оролцогч нараас хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргаагүй ба хохирогч нарт алдагдсан гар утаснуудыг биет байдлаар 2022 оны 04 дүгээр сарын 15, 19-ний өдрүүдэд тус тус бүрэн хүлээлгэн өгч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулсан байна.

Гэтэл шүүхээс захирамжийн 2, 3 дахь хэсэгт хохирогч Б.Ж, Б.Ц нарт учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлж дүгнэлт хийхдээ хохирогч нарын алдсан эд зүйлс болоод хохирлын үнэлгээ, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг өөр хооронд нь сольж зөрүүтэй ойлгон, шүүгчийн захирамжид дурдсан байна.

           Тухайлбал хохирогч Б.Ж-ын алдсан гар утаснуудыг тодорхойлохдоо иргэн Б.Ц-ийн алдсан гар утаснуудыг дурдаж бичсэн, хохирогч Б.Цийн алдсан гар утаснуудыг тодорхойлохдоо иргэн Б.Ж-ын алдсан гар утаснуудыг тус тус дурдаж, хохирогч тус бүрд учирсан хохирлын тоо хэмжээг хооронд нь зөрүүлж, буруу ойлгож бичсэн байгаа нь шүүгчийн захирамж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

           3. Хохирогч П.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 17,700,000 төгрөгийн үнэ бүхий 64-н ширхэг гар утас болон 1 ширхэг нөүтбүүк алдсан гэж мэдүүлсэн бөгөөд тухайн алдсан гар утаснуудаас нокиа 3110 маркын гар утас 1 ширхгийг 30,000 төгрөгөөр үнэлж мэдүүлсэн.

           Мөрдөгч шинжээч томилсон тогтоолд 3110 маркын гар утас үнэлүүлэхээр дурдсан байхад “Дамно” ХХК-ийн 166 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар утасны маркыг нокиа 3310 гэж бичиж 30,000 төгрөгөөр үнэлсэн, энэ нь тус гар утасны марк солигдсон хэдий ч агуулгын хувьд зөрүүгүй, бичиг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд тухайн зөрчил нь хэргийн үйл баримт болоод гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

           4. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ШШГЕГ-ын Б.Б-н маршруттай СД 1 ширхэг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Л.Ц-аас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг хэрэгт ирүүлээгүй байна гэжээ.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нараас гаргаж өгсөн нийт 8-н ширхэг DVD-г мөрдөгчөөс эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт тусгасныг прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан ба дээрх хяналтын камерын бичлэгүүдийг хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 175 дугаар тал, 181 дүгээр тал, 189 дүгээр тал, 194 дүгээр тал, 2 дугаар хавтасны 103 дугаар тал, 114 дүгээр талуудад тус бүр 1 ширхэг, харин 3 дугаар хавтасны арын хуудсанд 2 ширхэг DVD-г хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн байна.

              Дээрхээс дүгнэхэд хохирогч Д.Э, Б.Ж, Б.Ц, П.О нарын лангуунаас алдагдсан эд зүйлсийг нэг бүрчлэн тодорхойлж, хохирлын хэмжээг бодитой тогтоох зорилгоор тус бүр шинжээчийн дүгнэлт гаргуулсан болох нь “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 658, 659, “Дамно” ХХК-ийн 215, 166, 544, 571 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч нарын мэдүүлэг, яллагдагчаас эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлүүд болон хохирогч нар нь тус бүр алдагдсан эд зүйлсээ биет байдлаар хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хангасан, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

             Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанчлан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзлээ.

            Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд хэргийн бодит байдалтай хэрхэн нийцэх, мөн шүүгчийн захирамжид тусгагдсан нэмэлтээр хийлгэхээр даалгасан мөрдөн шалгах ажиллагаанууд нь 2021 онд үйлдэгдсэн  хэргийн тухайд цаг хугацааны хувьд хэргийг шийдвэрлэхэд хэрхэн ач холбогдолтой үндэслэл бүхий баримт мэдээлэл болох эсэхэд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг өөр хооронд нь зөрүүлж бичиж, хууль зүйн дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр 2023/ШЗ/224 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

              Яллагдагч Б.Б прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: Эрүүгийн 2108030591766 дугаар хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Б миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцлийн хүрээнд энэхүү тайлбарыг гаргаж байна.

             Прокурорын эсэргүүцэлд: 1. ...Хохирогч гар утас болон түүний дагалдах хэрэгслүүдийг алдсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог ... Хохирогч Д.Эт хүлээлгэн өгсөн эд зүйлс нь түүний лангуунаас алдагдсан байх бүрэн боломжтой. Хүлээлгэн өгсөн эд зүйлс дээр хэн нэгэн этгээдээс маргаан гаргаагүй ... яллагдагч нь ... дээрх асуудлын талаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаж байгаагүй. Хохирогч Д.Э-ын хохирлын үнэлгээ техникийн шинжтэй алдаатай ... захирамжид ухаалаг гар утас үнэлүүлээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

             Учир нь хохирогч гэх Д.Э-ын мэдүүлэг /1хх-ийн 57-60, 63 дугаар хуудас/-т nokia гар утас, цэнэглэгч USB зэрэг эд зүйлс алдагдсан талаар огт дурдаагүй бөгөөд хохирогч нь дээрх зүйлсийг чимээгүй хүлээж авсан явдал нь дээрх эд зүйлс түүнээс алдагдсан эд зүйлс гэж үзэх үндэслэлгүй.

             Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч нь хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж тус тус заасан хэдий ч миний зүгээс эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны үе шат болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтын шатанд дурдсан асуудлын талаарх хүсэлт, гомдлыг бичгээр тухай бүрд нь удаа дараа гаргаж байсан. Гэвч миний хүсэлт, гомдлын заримыг хэрэгт хавсаргаагүй.

                Хохирогч Д.Э нь Samsung J730 гэдэг гар утас 2 ширхгийг бус 1 ширхгийг алдсан болох нь түүний мэдүүлгээс харагдаж байна. Мөн түүний мэдүүлгийн тэмдэглэлийг хийсэн мөрдөгч нь “ухаалаг цаг нь гар утас” гэж монгол хэлний дүрмийн алдаатай бичсэн байх хэдий ч энэ нь “ухаалаг цагаан гар утас” гэдэг нь түүний мэдүүлгээс харахад логикийн хувьд ойлгомжтой байна. Прокурорын зүгээс ухаалаг цагаан гар утсыг ухаалаг бугуйн цагтай хольж ойлгож эсэргүүцэл бичсэн байх бөгөөд ухаалаг цагаан гар утас болон ухаалаг бугуйн цаг зэрэг эд зүйлс нь ялгаатай эд зүйл болохыг 1-р хавтаст хэргийн 59 дүгээр хуудас дахь мэдүүлгээс ойлгож болохоор байна.

                  2. Хохирогч Б.Ж, Б.Ц нар нь ... хамтарч лангуу ажиллуулдаг нөхцөл байдал тогтоогддог ... хулгайн эд зүйлсийг хохирогч нараар таниулж, ...Б.Ж нь 41-н ширхэг гар утсыг, Б.Ц нь 34-н ширхэг гар утсыг алдсан талаараа нэг бүрчлэн марк, дугаар, огноо зэргээр нэрлэж тус тус мэдүүлсэн байхад шүүхээс хохирогч Б.Ж, Б.Ц нарт учирсан хохирлын тоо хэмжээг хооронд зөрүүлж буруу ойлгож бичсэн гэх эсэргүүцлийн тухайд дээрх нэр бүхий хохирогч нар нь хамтарч лангуу түрээсэлдэг гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогддоггүй. Хулгайн эд зүйлсийг хохирогч нараар таниулсан гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “таньж олуулах ажиллагаа” гэдэг мөрдөн шалгах ажиллагаа энэ талаар огт явагдаагүй. Хохирогч Б.Ж-ын 4-р хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэгт “...олон тооны гар утас...” гэж, 6-р хавтаст хэргийн  19-р хуудсанд авагдсан мэдүүлэгт /нэг бүрчлэн тоолж үзвэл/ 34-н ширхэг гар утас алдагдсан талаар дурддаг. Хохирогч Б.Ц-ийн мэдүүлэг /4 хавтаст хэргийн 76-р хуудас/-т 37-н ширхэг гар утас гэж дурдагддагаас харвал шүүгчийн 224 дугаар захирамжид энэ талаар прокурорын яриад байгаа шиг  хохирлын тоо хэмжээг зөрүүлж бичээгүй, харин ч хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж нягт нямбай дүгнэлт хийсэн.

                3. Хохирогч П.О-гийн алдсан эд зүйлсийг үнэлэхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байгаа боловч хохирогч П.О-гийн алдсан эд зүйлийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаас харвал тухайн алдаагүй зүйлийг үнэлсэн, алдсан нөүтбүүкийнхээ шинж чанарыг хохирогч тодорхой мэдүүлээгүй байхад шинжээч өөрийн таамаг санаачилгаар эд зүйлийн шинж чанарыг зохион бичсэн нөхцөл байдал харагддаг. Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа өмгөөлөгч бид хоёрын хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж хохирлын хэр хэмжээ шинж чанарыг тогтоолгохоор шийдвэрлэсэн. Захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд хийлгэснээр энэ хэргийн хохирлын шинж чанар, хэр хэмжээ бодитой тогтоогдох юм. Хохирогч Б.Ж, Б.Ц нарын хохирол төлөгдсөн байдал нь тэдгээрт учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоох шаардлагагүй мэт үзэх нь учир дутагдалтай. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхтэй холбоотой хүсэлт, гомдлоо цаг тухай бүрд нь мөрдөгч, прокурорт бичгээр гаргадаг байсан боловч мөрдөгч, прокурорын зүгээс миний зарим чухал ач холбогдолтой гэж болох хүсэлт, гомдлуудыг минь хэрэгт хавсаргаагүй шийдвэрлээгүй дарагдуулсан байсныг нэлээн сүүлд анзаарсан. Миний яриад байгаа зүйл үнэний ортой гэдгийг урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтэд хавсаргасан цагдан хорих 461-р ангийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай лавлагаанд “...Б.Б прокурорт гаргасан өргөдлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн..” гэсэн боловч энэхүү өргөдлийг минь хэрэгт хавсаргаагүй байдал болон 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /6 хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг баримтаас харж болно. Үүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлтээ зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр илэрхийлээгүй, урьд нь ч мөн мөрдөн байцаалтын шатанд илэрхийлж байсан гэдгээ хэлж байна. Иймд прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

            Яллагдагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад бичигдсэн хэргийг прокурорт очтол надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн талаарх хэсэг хуулийн үндэслэлгүй гэж үзээд гомдол гаргасан. Миний хувьд удаан хугацаагаар цагдан хоригдсон, мөн хоёр удаа прокурорт хэрэг буцсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, прокурорын 100 хувь гэж хэлэхгүй ч гэсэн тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагааны улмаас буцаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой шүүгчийн захирамжид дурдагдсан шиг асуудлаар буцах шаардлагагүй байсан. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд энийг шалгахгүй юм уу гэж хангалттай илэрхийлж байсан боловч миний хүсэлтийг тоож авч хэлэлцдэггүй. Захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т заасан үндэслэлээр буюу яллагдагч Б.Б-н хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Энэхүү захирамжийн хугацаа урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусаж байсан. Урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гараагүй, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тэр өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжийн хугацаа дуусаж байсныг шүүгч хэвээр үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй. 102 дугаартай захирамжид дурдагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой үндэслэл нь хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэж цагдан хорьсон нь прокуророос яллагдагчаар татсан энэ гэмт хэргийн яллагдагчийг цагдан хорих зохицуулалтад орохгүй. Үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжийн хугацаа 04 дүгээр сарын 06-ны өдөр дуусаж байхад хэвээр үргэлжлүүлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим, шаардлагад нийцэхгүй.

            Хохирогч П.О-гийн алдсан гэх 6-н ширхэг гар утсыг байгаа мөрдөгчөөс нь гаргуулан авч энэ талаар хийгдэх ажиллагаа, өөрөөр хэлбэл надаас 6-н ширхэг гар утсыг хурааж авахдаа хэргийн газар үзлэг хийсэн ажиллагаа хууль зөрчсөн талаар П.Дониддолгор өмгөөлөгч бид хоёр хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хангасан учир шалгах зорилгоор л хэргийг прокурорт буцаасан болов уу. Захирамжид дурдагдсан өөр зүйлүүд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор намайг 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байхад идэвхтэй ирж санал хүсэлт авдаг байсан.  Харамсалтай нь идэвхтэй ирж санал хүсэлт авсан нь дүр эсгэж байгаа явдал болохоос биш бодитоор ажил хэрэг болгож, санал хүсэлт авч байсан зүйл биш байсан. Прокурорын хоригдсон этгээдээс санал хүсэлт авдаг бланк дээр ар өвөргүй ажиллагаатай холбоотой хүсэлт гомдлуудаа хангалттай бичиж явуулдаг байсан. Эдгээр санал хүсэлтүүд хэрэгт хавсаргагдвал хавсаргагдахаар байсан. Түүнчлэн цагдан хорих 461 дүгээр ангид бичгээр мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаад явуулдаг ч хариу ирэхгүй алга болчихдог байсан. Миний мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлтийг прокурор хангамааргүй байгаа бол хангахаас татгалзсан хариугаа надад ирүүлээд дээд шатны прокурорт хүсэлт, гомдол гаргах эрхийг маань хязгаарлахгүй байж болдоггүй байсан юм уу. Тэгсэн бол тухайн үед дээд шатны прокурор нь яаж ч шийдэх байсан юм. Хавсаргах хүн нь прокурор өөрөө. Хавтаст хэргийг үзэхээр байхгүй. Мөрдөгч хавтаст хэргийн материалтай танилцуулж байх явцад тэр талаарх баримт хэрэгт байхгүй байна гэхээр тэр нь прокурорт байгаа байх, би одоо прокурор орохоор прокурор тэд нарыг чинь хавсаргах байх гэдэг. Хуудсыг нь дугаарлаагүй, хавтаст хэргээ үдээгүй тийм юм танилцуулдаг. 461 дүгээр хорих ангид байхдаа 02 дугаар сарын 20-ны өдөр прокурорын байгууллагад хүсэлт гомдол явуулж байсан талаарх лавлагаагаа авч түүнийгээ урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргаж өгсөн байдаг. Энэ хүсэлт гомдлуудыг уг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шийдчихсэн бол одоо заавал ийм байдал гарахааргүй байсан. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож миний гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч П.Дониддолгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй байна гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл прокурор эсэргүүцлийнхээ үндэслэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичиж байгаа мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гэдэг нь Монгол Улсын нэрийн өмнөөс цагаатгах болон шийтгэх хэлбэртэй гардаг. Энэ үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дугаартай шүүгчийн захирамжаар тодорхой ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхээс хохирогч Б.Ж, Б.Ц нарын алдсан гар утаснуудыг тодорхойлохдоо хохирогч тус бүрд учирсан хохирлын тоо хэмжээг хооронд нь зөрүүлж, буруу ойлгож бичиж, ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж байгаа. Эсэргүүцэлд бичигдсэн энэ үндэслэл нь үндэслэлгүй байна. Учир нь 4 дүгээр хавтаст хэрэгт хохирогч Б.Ж, Б.Ц нарын алдагдсан гар утаснуудтай холбоотой ажиллагаануудыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөрдөгчийн эд зүйл хурааж авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын тогтоол, хохирогчид алдсан гар утаснуудыг хүлээлгэн өгсөн баримтууд, хохирогчийн мэдүүлэг зэрэгт хохирогч Б.Ж, Б.Ц нарын хувьд хэдэн ширхэг, ямар нэр төрлийн гар утас алдсан нь үнэхээр ойлгомжгүй байдаг. Прокурор бүгдийг нь бичиг техникийн алдаа гэж эсэргүүцлийн үндэслэлээ бичсэн. Гэтэл бичиг техникийн алдаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хохирол, хор уршиг, хохирлын хэр хэмжээг тогтооход зайлшгүй чухал ач холбогдолтой зүйл юм. Хохирогч Б.Ж, хохирогч Б.Ц  нар хэдэн гар утас алдсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй.

 

            Прокурор хэргийн бодит байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтой гэж яриад байна. Гэтэл мэтгэлцээний үндсэн дээр тогтоолоо гэхэд зөрүүтэй байгаа алдагдсан эд зүйлүүд болох гар утаснуудын нэр төрөл, марк, зөрүүтэй үнэлэгдсэн үнэлгээ буюу хохирлын бодит байдлыг хэрхэн тогтоох  гэдэг нь эргэлзээтэй байна. Б.Б-д холбогдох эрүүгийн 3-аас 6 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тэр чигтээ хэргийн бодит байдалтай нийцэхгүй, яллах дүгнэлтэд үйлдсэн гэмт хэргийн талаар бичигдсэн зүйлтэй нийцэхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй байна. Хохирлуудыг бүгдийг нь хохирогч нарт өгчихсөн гээд байгаа. Гэтэл Б.Ж-т 33-н нэр төрлийн 41-н ширхэг гар утас очоод байгаа. Цаана нь 7-н гар утас ямар гар утас болох нь нэрлэгдэхгүй үлдчихсэн. Эд зүйл хүлээлгэж өгсөн баримт байгаа, хохирогч хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6 дугаар хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлэгтээ нийт 33-н төрлийн гар утас нэрлэн заагаад ард нь 41-н ширхэг гэж засвар оруулчихсан. Ийм учраас шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоох шаардлагатай байна гэж үзээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

            Б.Б 224 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалт буюу таслан сэргийлэх арга хэмжээний талаар гомдол гаргасан. Энэхүү гомдлыг дэмжиж оролцож байна. Б.Б-н хувьд удаан хугацаанд цагдан хоригдож байгаа. Үйлдсэн гэмт хэргийн хувьд дөрвөн удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсаны улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т заасан үндэслэлээр биш хэлбэр, төрлөөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэж байгаа. Ийм учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

            Прокурор Б.Ундрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжид хохирогч нарын гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг бүрэн үнэлүүлээгүй, орхигдуулсан талаар дурдсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч нарын үнэлгээний тайлангуудад эд зүйлсийн марк, тоо, төрөл, ширхгийг үнэлүүлсэн байгаа хэдий ч орхигдуулсан зүйл байхгүй гэж үзэж прокуророос эсэргүүцэл бичсэн. Энэ марк, төрөл, тоо, ширхгийг зөрүүтэй бичсэн байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч хэргийн үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Хэрэг 2021 оны сүүлээр 2022 оны эхээр үйлдэгдсэн. Тухайн үед 4-н удаагийн үйлдэлд 4-н удаа ажиллагаа хийгдэж Сонгинохайрхан дүүргийн прокурорт хэрэг нэгтгэгдэж ирсэн. Ажиллагаа хийж байх явцад зарим хохирогч Б.Ж, Б.Ц нарт хохирлыг бүрэн бодитой, биет байдлаар хүлээлгэж өгсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хохирогч Б.Энхбаярт зарим хохирлыг биет байдлаар өгсөн, зарим хохирол төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан. Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгүүлэхээр буцаасан. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийх нь хэрэгт ач холбогдолгүй. Учир нь уг хэрэг 2021, 2022 онуудад үйлдэгдсэн, хохирлуудыг хохирогч нарт барагдуулаад өгчихсөн. Энэ ажиллагааг хийхээр хохирогч нартай уулзаж өгсөн хохирлуудыг буцаж цуглуулж авч хийх нөхцөл байдал үүсэж байгаа. Харин яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлах, хохирогч нарыг шүүх хуралдаанд дуудан оролцуулах, мэдүүлгийг сонсох замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг хэлэлцдэггүй учир нотлох баримтыг шинжлэн судлах боломжгүй байсан. Яллагдагч Б.Б-н зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг прокурорт буцаасан, прокурорын хяналтын шатанд шүүгчийн захирамжид дурдсан урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан үндэслэлүүдээр нэг ч удаа прокурорт, мөрдөгчид гомдол гаргаж байгаагүй. Б.Б гомдол хүсэлт гаргаж байсан. Тэр нь агуулгын хувьд өөр гомдол байсан бөгөөд тэрхүү хүсэлт гомдлуудыг прокуророос шийдээд явж байсан. Буцаах болгонд өөр өөр асуудал ярьж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үзэж байна.

            Яллагдагчийн өмгөөлөгч прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэл буруу, шийдвэр Монгол Улсын нэрийн өмнөөс явагдах ёстой, цагаатгах шийтгэх тогтоол гарна гэж байна. Шүүхээс гарч байгаа захирамж, тогтоол, цагаатгах тогтоол зэрэг нь бүгд шийдвэр гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлөх үндэслэл нь 39.5 дугаар зүйлд байгаа. Энэ үндэслэлээ барьж прокурор эсэргүүцлээ бичсэн. Шүүх хуралдааны шатанд хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, нотлох баримтуудыг шинжлэн судалж шийдвэр гаргах бүрэн боломжтой. Шүүгчийн захирамжид заасан хэргийг буцаасан үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж буцаасан. Нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа шалтгаан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөрүүтэй, ойлгомжгүй, марк, дугаар солигдсон зэрэг нь нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж байна. Шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулаад, нотлох баримт шинжлэн судалж хохирлыг тогтоох бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан. Шаардлагатай гэж үзвэл прокуророос шинжээчийн дүгнэлтийн техникийн шинжтэй, зөрүүтэй алдаа гаргаад байгаа, мөрдөгчийн тогтоолд дурдаад байхад марк дугаарыг сольж оруулсан шинжээчийг хүртэл дуудан оруулах боломжтой. Марк дугаар солигдсон хэдий ч үнийн дүн өөрчлөгдөхгүй. Мөн хэргийн зүйлчлэл, хохирол төлөхөд нөлөөлөхгүй гэж улсын яллагчийн зүгээс үзсэн.

            Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн эсэргүүцлээ дэмжин оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, яллагдагч Б.Бн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс ...хохирогч Д.Э-ын хулгайд алдсан гэх ухаалаг цагаан гар утас, Samsung J7 гар утас, Samsung J530 маркын гар утсанд үнэлгээ гаргуулаагүй. Хохирогч Д.Эт “шаргал өнгийн жижиг хэмжээтэй “Nokia” маркын гар утас, цагаан өнгийн USB залгуур 2 ширхэг, цэнэглэгчийн толгой 2 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд эдгээр эд зүйлийг алдсан талаар мэдүүлээгүй,

Хохирогч Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд 34-н ширхэг гар утас алдсан, 41-н ширхэг гар утас хүлээн авсан талаар мэдүүлдэг бөгөөд шинжээч томилох тогтоолд 41-н гар утас алдсан гэж үзэж үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон, прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд 41-н ширхэг гар утас алдсан гэж бичсэн, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “33-н ширхэг гар утас хүлээлгэн өгсөн, хохирогч нь 33-н ширхэг гар утас хүлээн авсан талаар тэмдэглэсэн байх бөгөөд түүний хулгайд алдсан гэх гар утасны тоо хэмжээг 33, 34, 41 гэж зөрүүтэй бичсэн,

Хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд 37-н ширхэг гар утас алдсан, 41-н ширхэг гар утас хүлээн авсан талаар мэдүүлдэг бөгөөд шинжээч томилох тогтоолд 34-н ширхэг гар утас алдсан гэж үзэж үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон, прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд 34-н ширхэг гар утас алдсан гэж бичсэн, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “41-н ширхэг гар утас хүлээлгэн өгсөн, хохирогч нь 41-н ширхэг гар утас хүлээн авсан талаар тэмдэглэсэн байх бөгөөд түүний хулгайд алдсан гэх гар утасны тоо хэмжээг 34, 37, 41 гэж зөрүүтэй бичсэн,

Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч П.О-гийн алдсан гэх гар утаснуудад үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолдоо “Nokia 3110”  маркын гар утас 1 ширхэгт үнэлгээ хийлгэхээр дурдсан. Гэтэл хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь “Nokia 3110”  маркын гар утсанд  үнэлгээ гаргаагүй, харин тогтоолд дурдагдаагүй “Nokia 3310”  маркын гар утсанд үнэлгээ гаргасан нь хохирогч Б.Ж, Б.Ц нар нь хэдэн ширхэг, ямар нэр төрөл, загварын гар утас алдсан болохыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, 

Мөн хохирогч Б.Ж нь алдсан талаараа дурдагдаагүй “Samsung А-42” гар утас 1 ширхгийг, “Iphone 8 plus” гар утас  2 ширхгийг тус тус буцааж хүлээн авсан,

Хохирогч Б.Ц нь 37-н ширхэг гар утас алдсан талаар мэдүүлсэн атлаа  41-н ширхэг гар утсыг буцааж авсан,

            Хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд шаргал өнгийн жижиг хэмжээтэй “Nokia” маркын гар утас, цагаан өнгийн USB залгуур 2 ширхэг, цэнэглэгчийн толгой 2 ширхэг зэргийг хулгайд алдсан талаар мэдүүлээгүй мөртлөө эдгээр эд зүйлийг хүлээн авсан  нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч Б.Ц, Б.Ж, Д.Э, П.О нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд, бодитой тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй.

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрч Н.Занабаянгаас “Iphone 6S” маркийн гар утсыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1хх-168/ хэрэгт  авагдсан боловч эдгээр эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол хэрэгт авагдаагүй,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ШШГЕГ-ын Б.Бн маршруттай 1 ширхэг СД-ийн талаар тусгаагүй орхигдуулсан. Эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ШШГЕГ-ын Б.Бн маршруттай  СД 1 ширхэг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Л.Цэнгэлмаагаас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг хэрэгт ирүүлээгүй.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Э, Б.Ж, Б.Ц нарын мэдүүлэг, мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолууд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлангууд, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийж  хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг харьцуулан судалж дүгнэхэд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э, Б.Ж, Б.Ц, П.О нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд, бодитой тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байх тул яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокуророос ...хохирогч Д.Э-т хүлээлгэн өгсөн эд зүйлс нь түүний лангуунаас алдагдсан эд зүйл байх бүрэн боломжтойгоос гадна хохирогчид эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээлгэн өгөхөд хүсэлт, гомдол гаргаагүй, хүлээлгэн өгсөн эд зүйл дээр хэн нэгэн этгээдээс маргаан гаргаагүй, мөн яллагдагч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хүлээлгэн өгсөн зарим эд зүйлсийг өөрийнх нь үеэл эгчийнх хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх асуудлын талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гарган шалгуулж байгаагүй,

Хохирогч Д.Э нь самсунг жи-7 маркын гар утас 1 ширхэг, самсунг жи-730 маркын гар утас 1 ширхийг хулгайд алдсан талаар мэдүүлдэг бөгөөд “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 658 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд самсунг Жи-730 маркын гар утсыг 2 удаа бичиж үнэлгээ хийгдсэн боловч тухайн ижил маркын 2 гар утсыг 180,000 төгрөг, 260,000 төгрөг гэх мэтээр ялгамжтай байдлаар тус тус үнэлсэн байгаа нь хохирогч самсунг жи-730 маркын гар утас 2 ширхгийг алдаагүй, шинжээч томилох тогтоолд самсунг жи-7, самсунг жи-730 загварын гар утаснуудыг үнэлүүлэхээр бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд тухайн зөрчил нь хэргийн үйл баримт болоод гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Б.Ж, Б.Ц нар нь “Хархорин” худалдааны төвийн В1 давхарт хамтарч лангуу түрээсэлж ажиллуулдаг нөхцөл байдал тогтоогддог ба яллагдагч Б.Бгаас хураан авсан хулгайн эд зүйлсийг хохирогч Б.Ж, Б.Ц нараар таниулж, тус бүр ямар эд зүйлс алдсан болохыг мэдүүлгээр тогтооход хохирогч Б.Ж нь нийт 35,570,000 төгрөгийн үнэлгээ бүхий 21-н нэр төрлийн 41-н ширхэг гар утсыг, харин хохирогч Б.Ц нь нийт 28,030,000 төгрөгийн үнэ бүхий 11-н нэр төрлийн 34-н ширхэг гар утсыг алдсан талаараа нэг бүрчлэн марк, дугаар, огноо зэргээр нь нэрлэж тус тус мэдүүлсэн байдаг. Уг алдагдсан гар утаснуудыг үнэлгээ хийлгэхдээ хохирогч Б.Жын гар утаснуудыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 571 дугаартай үнэлгээний тайланд хохирогч Б.Цийн Samsung A9 pro маркын гар утас 4-н ширхгийг оруулан үнэлсэн, харин хохирогч Б.Цийн гар утаснуудыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн 544 дугаартай үнэлгээний тайланд хохирогч Б.Жын Samsung A42 маркын гар утас 1 ширхгийг сольж оруулж үнэлүүлсэн нь бичиг техникийн шинжтэй алдаа гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд харин хохирогчийн алдагдсан эд зүйлсийг үнэлүүлэлгүйгээр орхигдуулсан зүйл байхгүй, хохирогч нарын алдсан гэх эд зүйлсийг бүрэн үнэлүүлж дүгнэлтүүдийг гаргасан. Түүнчлэн “Дамно” ХХК-ийн 571, 544 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлтүүдийг оролцогч нарт танилцуулахад хэргийн оролцогч нараас хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргаагүй ба хохирогч нарт алдагдсан гар утаснуудыг биет байдлаар 2022 оны 04 дүгээр сарын 15, 19-ний өдрүүдэд тус тус бүрэн хүлээлгэн өгч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулсан.

Мөрдөгч шинжээч томилсон тогтоолд 3110 маркын гар утас үнэлүүлэхээр дурдсан байхад “Дамно” ХХК-ийн 166 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар утасны маркыг нокиа 3310 гэж бичиж 30,000 төгрөгөөр үнэлсэн, энэ нь тус гар утасны марк солигдсон хэдий ч агуулгын хувьд зөрүүгүй, бичиг техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нараас гаргаж өгсөн нийт 8-н ширхэг DVD-г мөрдөгчөөс эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт тусгасныг прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан ба дээрх хяналтын камерын бичлэгүүдийг хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 175 дугаар тал, 181 дүгээр тал, 189 дүгээр тал, 194 дүгээр тал, 2 дугаар хавтасны 103 дугаар тал, 114 дүгээр талуудад тус бүр 1 ширхэг, харин 3 дугаар хавтасны арын хуудсанд 2 ширхэг DVD-г хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн.

                 Дээрхээс дүгнэхэд хохирогч Д.Э, Б.Ж, Б.Ц, П.О нарын лангуунаас алдагдсан эд зүйлсийг нэг бүрчлэн тодорхойлж, хохирлын хэмжээг бодитой тогтоох зорилгоор тус бүр шинжээчийн дүгнэлт гаргуулсан болох нь “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 658, 659, “Дамно” ХХК-ийн 215, 166, 544, 571 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч нарын мэдүүлэг, яллагдагчаас эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлүүд болон хохирогч нар нь тус бүр алдагдсан эд зүйлсээ биет байдлаар хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хангасан, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

              Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд хэргийн бодит байдалтай хэрхэн нийцэх, мөн шүүгчийн захирамжид тусгагдсан нэмэлтээр хийлгэхээр даалгасан мөрдөн шалгах ажиллагаанууд нь 2021 онд үйлдэгдсэн  хэргийн тухайд цаг хугацааны хувьд хэргийг шийдвэрлэхэд хэрхэн ач холбогдолтой үндэслэл бүхий баримт мэдээлэл болох эсэхэд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг өөр хооронд нь зөрүүлж бичиж, хууль зүйн дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байх тул захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

     Мөн яллагдагч Б.Бгаас ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 190 дугаартай захирамжийн таслан сэргийлэх арга хэмжээг нь 224 дугаартай захирамжаар хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжинд заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдах учиртай ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх  боломжгүй байна гэж үзлээ.

Яллагдагч Б.Б нь хуулиар хүлээсэн үүрэг болох хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана, мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн ээдрээ төвөгтэй байдалд хамаарч байна гэж үзэж шүүгчээс түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүгчээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ яллагдагч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар яллагдагчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул яллагдагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд яллагдагчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжид зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжийн:

а./ 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж” нэмэлт өөрчлөлт оруулан, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.