Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0731

 

 

 

 

 

 2024            09           24                                      128/ШШ2024/0731   

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: “Т*******” ХК   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******, Ж.Б******* 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******  

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.   

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:     

2.1.Нэхэмжлэгч “Т*******” ХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалцайдам нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргажээ.      

2.2.Дээрх өргөдлийн хариуг Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “... “Т*******” ХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй.” гэжээ.

2.3.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “Т*******” ХК-аас Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дотоод хяналтын хуудас нээжээ.

2.4.Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч Т*******” ХК-аас гаргасан өргөдлийг хянаад, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаар албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.        

2.5.Тус шүүх нэхэмжлэгч “Т*******” ХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.           

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Т*******" ХК нь барилга, барилгын материалын үйлдвэрлэлд 1982 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын хэмжээнд олон улсын стандартын шаардлага хангасан Монгол дахь цорын ганц Үндэсний мэргэжлийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компани юм.

Манай компани 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаал суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл авахаар Угтаал сумын нутагт орших -ыг 139 планшетийн талбайд Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуульд заасан бичиг баримтуудыг бүрдэл болгож Төв аймгийн Засаг даргад өргөдлөө гаргасан. Гэвч Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0 албан бичгийг шуудангаар хүргүүлснийг бид 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Уг албан бичигт манай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн бөгөөд үндэслэлээ "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийхэд Бор өндрийн хишиг" ЗГБХН-д бичил уурхайн зориулалтаар олгосон талбайтай давхцалтай болохыг Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай албан бичгээр ирүүлсэн" гэжээ.

Бид тухайн шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно Хариуцагч аймгийн Засаг даргаас хариу тайлбартаа "тухайн талбай нь бичил уурхайгаар олборлуулахаар шийдвэрлэсэн талбайтай давхцалтай байгаа тул татгалзсан гэсэн үндэслэл зааж байсан. Манай компанийн зүгээс тухайн асуудлыг тодруулах Ашигт малтмал газрын тосны газарт хандахад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Үүндээ "...өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг Ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийлгэхэд алтны илэрцтэй давхцалтай" гэжээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд тухайн талбайд алтны илэрцгүй болохыг мэргэжилтнүүдийн дүгнэлтээр мэдэж байгаа болно. Гэтэл "алтны илэрцтэй" гэсэн хууль бус дүгнэлт гаргасан түүний улмаас манай компанийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох өргөдөлд татгалзсан шийдвэр гарч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд "Т*******" ХК-ийн Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалцайдам нэртэй газарт гаргасан ХА дугаартай өргөдөлд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.   

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Т*******” ХК нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаал суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан. Тухайн талбай нь гэсэн фланшетийн талбайд гаргасан. Засаг даргаас Төв аймгийн Засаг даргаас тухайн өргөдлийг хянаж байна гэж явж байгаад танайд тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Тайлан дээрээ танай гаргаад байгаа талбай бусдын бичил уурхайгаар ашиглаж байгаа талбайтай давхцалтай байна гэсэн хариуг өгсөн. Үүнтэй холбоотой Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгөөд хэрэг шийдвэрлэх ажиллагаа явж байсан. Тухайн ажиллагааных нь явцад Ашигт малтмалын газраас танай дээр давхцалтай, алтны илэрцтэй гэсэн хариу өгсөн гэсэн хариуг өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр хариу өгсөн. Уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаад шүүх дээр захиргааны хэрэг үүсгээд явж байгаа. Хариуцагчийн зүгээс тухайн газар нь алтны илэрцтэй гэсэн дүгнэлтийг өгсөн. Энэ нь хууль бус гэж үзээд тухайн дүгнэлтийг хүчингүй болгуулъя гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газартай холбоотой тайлангуудыг хариуцагчаас Геологийн үндэсний албанаас гаргуулж авсан. Албан бичгээрээ сарнилтай давхцалтай байна, алтны илрэлтэй хамааралгүй байна гэсэн бичиг ирсэн. 47 алт гэдэг илрэл байхгүй байна, геохими нь хамааралгүй байна гээд шлихийн сарнил гээд байгаа энэ зүйл нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан геологич В.Б******* тайлбарлахдаа хаа сайгүй байдаг зүйл, хаана ч цэг аваад хатгасан шлихийн сарнил гэдэг зүйл нь байдаг. шлихийн сарнилтай гэдгээр алтны илэрцтэй гэж үзэх боломжгүй. Өөрсдөө энэ дүгнэлтээрээ алтны илэрцтэй давхцалгүй гэдэг зүйлийг хэлчихсэн байгаа учраас зөвхөн сарнилтай гэж тодорхойлох боломжгүй гэсэн тайлбарыг мэргэжлийнхээ үүднээс өгч байгаа. Хариуцагчаас Үндэсний геологийн албанд тухайн илрэл бүртгэлтэй эсэх талаар шалгуулсан. Энэ дээр албан ёсных нь дагуу бүртгэл хийгдсэн зүйл байхгүй байна, хяналтын хуудас байхгүй байна. Тийм учраас албан ёсоор алтны илэрцтэй гэж үзэх боломжгүй гэж үзэж байгаа. Хариуцагчаас тухайн талбай нь Засгийн газраас тогтоосон дуудлага худалдаа, сонгон шалгаруулах талбайтай давхцалтай байна гэж хэлээд байгаа. Хуулиа хархаар сонгон шалгаруулалт зарласан газартай давхцалтай бол дүгнэлт гаргахыг хориглоно гэсэн зүйл байхгүй. Мөн хүчингүй болгуулах дүгнэлт дээрээ ч сонгон шалгаруулалтын талбай дээр давхцалтай гэсэн зүйл байхгүй байгаа учраас хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.  

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Т*******" ХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалцайдам нэртэй газарт гаргасан ХА дугаартай өргөдөлд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т "Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана" гэж заасан ба 14 дүгээр зүйлийн 14.1-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:" гэж, 14.1.4-д "энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх" гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн.

Үүний дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нээсэн. Хяналтын хуудасны 4-д Хүсэлт гаргасан талбай нь орд илрэл, эрдсийн хуримтлал, хүдрийн дүүрэг зангилаатай давхцалтай эсэх шүүлтийг Ашигт малтмалын хайгуулын хэлтсээс шүүлт хийхэд Алт 47 дугаартай илрэл болон алтны геохими, Шлихийн сарнилын болон потенциал талбайтай давхцалтай гэж тэмдэглэгдсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна." гэж заасан гэтэл "Т*******" ХХК-ийн Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалцайдам нэртэй газарт гаргасан ХА дугаартай өргөдөл нь алтны геохими, Шлихийн сарнилын болон потенциал талбайтай давхцалтай тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-д "тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах; гэж заасны дагуу 11.2-д "Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ." гэж заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д "Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана" гэж, 106.3.14-д "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох." гэж заасны дагуу "Т*******" ХХК-ийн "Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалцайдам нэртэй газарт гаргасан ХА дугаартай өргөдөлд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.   

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны Төв аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргасан. Төв аймгийн Засаг даргаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасны дагуу холбогдох материалыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст цахимаар хүргүүлсэн. Хуульд цахимаар ирүүлнэ гээд заагаад өгчихсөн. Үүний дагуу Кадастрын хэлтсээс холбогдох өргөдлийг шүүж үзэхэд ашигт малтмал, газрын тосны газрын ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн алтны илрэлтэй давхцалтай байна гэсэн асуудлаар шүүлт хийж буцаасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой тархалт бүхий чулуу, хуримтлалын түгээмэл тархацтай ашигт малтмалын орлогод хамааруулна гэсэн асуудал байгаа. Алтны илрэл гарчихсан учраас түгээмэл тархацтай ашиглалт малтмалын зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн байдлаар Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн маргаан бүхий актыг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Алтны илрэлтэй гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу Засгийн газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг баталж өгсөн. Талбай дээр сонгон шалгаруулалт зарлаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Уул уурхайн сайд, Ашигт малтмалын газрын тосны газрын даргад үүрэг болгосон байдаг. Засгийн газрын тогтоолыг холбогдох нутаг дэвсгэртэй байгууллагууд хэрэгжүүлэх үүрэгтэй. Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын байгууллагын тусгай зөвшөөрөл дээр сонгон шалгаруулалтаа нээлттэй зарлахаар ажиллаж байгаа. Иймд ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр зөвшөөрөл олгох боломжгүй байдалтай байгаа. Холбогдох материалыг Ашигт малтмал, газрын тосны газраас хүргүүлсэн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:   

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.    

2.Нэхэмжлэгчээс “... Манай компанийн хүсэлт гаргасан талбай нь алтны илэрцгүй байхад алтны илэрцтэй гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлөөр авахаар хүссэн талбай нь шүүлт хийхэд алтны илэрцтэй талбайтай давхцалтай байсан тул тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хүргүүлсэн.” гэж тус тус маргажээ.    

3.Нэхэмжлэгч “Т*******” ХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

4.Нэхэмжлэгч “Т*******” ХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалцайдам нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргажээ.     

5.Дээрх өргөдлийн хариуг Төв аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “... “Т*******” ХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй.” гэжээ. 

6.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “Т*******” ХК-аас Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дотоод хяналтын хуудас нээжээ.

7.Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч Т*******” ХК-аас гаргасан өргөдлийг хянаад, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаар албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.       

8.Маргаан бүхий дээрх албан бичигт: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх” гэж заасныг үндэслэн “Т*******” ХК-ийн Угтаалцайдам нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА бүртгэлийн дугаартай 40.99 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй.” гэжээ.

9.Ашигт малтмал, газрын тосны газар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “Т*******” ХК-д хүргүүлсэн байна.

10.Уг албан бичигт:“...Танай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалцайдам нэртэй, ХА-дугаартай өргөдлийг тус хэлтэс нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх” гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-т заасан аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхэд зураг зүйн шүүлт болон эрдсийн хуримтлалтай эсэхийг Ашигт малтмалын хайгуулын хэлтсээр шүүлт хийлгэхэд алтны илрэлтэй давхцалтай тул 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаар албан бичгээр олгох боломжгүй дүгнэлтийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье.” гэжээ.

11.Мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/5783 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

12.Дээрх албан бичигт:“... Танай өргөдөлд дурдсан Төв аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1496 дугаартай албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ой, ус, тусгай хамгаалалттай газрын мэдээллийн санд ашиглагдаж байгаа эвдэрсэн газрын мэдээлэлд албан бичгээр ирүүлсэн талбайн солбицлын цэгүүд хэсэгчлэн хамрахгүй, ХА кодтой түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасан дүгнэлтийг гаргах боломжгүй байна” гэсэн хариуг Кадастрын хэлтсийн  даргын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.” гэжээ.

13.Үндэсний геологийн албаны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Лавлагаа хүргүүлэх тухай” 1******* дугаартай албан бичигт:“... Т*******” ХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хамаарах Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Заамар сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумдын нутагт Заамарын Алт (Au)-ны районы зүүн хойд хэсэг 1986-1990 онд хийсэн 1:50 000-ны масштабын геологийн зураглал ба эрлийн ажлын үр дүнгийн тайлангийн -139-А хавтгайн ашигт малтмал, Монгол улсын 1:20 000-ны масштабын М- хавтгайд 2002-2003 онд хийсэн зураглалын ажлын тайлангийн ашигт малтмалын мэдээллийг хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан хавсралтаар хүргүүлж байна.

Жич:Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайн хил нь дугаартай тайлангийн ашигт малтмалын зураг дээрх 47 дугаартай алтны илрэлтэй давхцаагүй, 86 дугаартай алтны геохимийн сарнилын хүрээн дотор багтаж байгааг зурагт буулгаснаар хүргүүлж байна.” гэжээ.

14. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна.

15.Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1******* дугаартай албан бичгээс үзвэл, маргаан бүхий нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн Төв аймгийн Угтаалцайдам сумын “Угтаалцайдам” нэртэй газарт гаргасан ХА дугаартай өргөдлийн талбай нь дээрх  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайтай бүхэлдээ давхцалтай байна.

16.Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйл.“Ашигт малтмалын ордын ангилал”, 6.1.Ашигт малтмалын ордыг дор дурдсанаар ангилна:”, 6.3.Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна.”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт”, 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.1.“... “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг;” гэж тус тус заажээ.

17.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ойлгохоор байна.

18.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл.“Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”, 14.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:”, 14.1.4.энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх.” гэж заасны аймаг, нийслэлийн Засаг дарга нь нарийвчилсан шүүлт хийлгэхээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл, холбогдох материалыг хүрүүлэхээр байна.

19.Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйл.“Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг”, 10.1.“Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 10.1.3.“ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;”, 14 дүгээр зүйлийн 14.2.Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь өргөдлийг хүлээн авч магадлан шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр байна.

20.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авахаар хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар дүгнэлтийг хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.

21.Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хяналтын хуудсаар шалгасан байх бөгөөд хяналтын хуудасны 4-т “Алт 47 дугаартай илрэл болон алтны геохими, хайгуулын Шлихийн сарнил болон потенциал талбайтай давхцалтай.” гэсэн байх бөгөөд Кадастрын хэлтсийн дарга татгалзах гэсэн дүгнэлтийг баталсан байх тул дээрх хяналтын хуудсыг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

22.Мөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр авахаар хүссэн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайтай бүхэлдээ давхцалтай, алтны геохимийн сарнилын хүрээн дотор байх тул  тус талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.

23.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т*******” ХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1.Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2 -т заасныг тус тус баримтлан “Т*******” ХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ