Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00344

 

 

 

 

 

 

 

 

С.Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/02355 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Д-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.Цд холбогдуулан гаргасан зээл 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд дэлгүүр түрээслэн ажиллуулдаг байхад Д.Ц нь манай дэлгүүрээр орж ирж үйлчлүүлдэг байсан.  Хариуцагч  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны  тоотод амьдардаг байсан. Хариуцагч нь орон сууцаа банкны барьцаанд тавьсан байгаа, зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байна гээд 2017.12.2-ны өдрөөс 2018.3.30-ны өдрийн хугацаанд 5 500 000 төгрөгийг цувуулж зээлж авсан.

            Хаан банкны  тоот өөрийн данснаас Д.Ц-ын Хаан банк дах дансанд шилжүүлсэн. Зээлсэн мөнгөө өгч чадахгүй бол сууцандаа түрээсээр суулгана гэж тохирсон. Улмаар 2018 оны 4 сард байранд чинь сууя гэхэд суулгаагүй. Мөнгөө өгөхгүй болохоор нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт өгч, цагдаагийн хэлтэс эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгсөн. Д.Цаас 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: С.Д орон сууцыг чинь худалдаж авья, Улаанбаатар хотын банк дахь зээлээ нэг жилийн хугацаатай хойшлуулж өгөөчээ тэр хугацаанд сар болгон 500 000 төгрөг төлж, зээл судлуулаад байрыг чинь авна гэж аман хэлцэл хийсэн.

            Ийнхүү нэхэмжлэгчид  сууцыг худалдан  авах хугацаа олгох хүсэлтийн дагуу миний бие нь Улаанбаатар хотын банк дах 86 000 000 төгрөгийн зээл төлөлтөд хугацаа авч, хувь хүнээс өдөр болгон төлөлт хийдэг сарын 10 хувийн хүүтэй 42 000 000 төгрөгийн зээл авч Улаанбаатар хотын банкны зээлэнд 30 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12 000 000 төгрөгийг хувь хүнээс зээлж авсан зээлийн хүүд төлж, дахин нэмж 8 000 000 төгрөгийг хүүгийн төлбөртөө төлж нийт 20 000 000 төгрөгийг өндөр хүүтэй зээлийн төлбөрт төлж хохирсон.

            Гэтэл нэхэмжлэгч шүүхэд илт худал нэхэмжлэл гаргаж намайг буруутан болгож байгаад гомдолтой байна. Одоогоор миний бие нь санхүүгийн ямар ч чадваргүй Улаанбаатар хотын банкны барьцаанд байгаа 120 метр квадрат 5 өрөө сууцыг зээл, хүү болох 86 000 000 төгрөгийн оронд хураалгасан. /уг орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дотоод үнэлгээний алба 160 000 000 төгрөг гэж үнэлсэн/. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагад 60 000 000 төгрөгийг нэр бүхий хувь хүмүүст 90 000 000, нийт 150 000 000 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5 500 000 төгрөг гаргуулахыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх:  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Цаас 5 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Дд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас 102 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.Д нь сууцыг  чинь авна гэж аман хэлцэл хийсэн. Гэтэл анхан шатны шүүхээс надад хохирол учруулсан нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг зөвтгөж, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс бусдад төлбөх хүүгийн 12 000 000 төгрөгийн хохирол, сууцаа шүүхийн шийдвэрээр хураалгасан нөхцөл байдал хэргийн материалаар тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт хариуцагчаас 3 500 000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Д.Цд холбогдуулан зээл 5 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь банкны барьцаанд байсан сууцыг минь худалдаж авахаар сар болгон 500 000 төгрөг төлье, зээл хөөцөлдөөд бүтэмжтэй болтол банкны зээлийн хугацаагаа хойшлуулж өгөөч гэж хүссэний дагуу бусдаас өндөр хүүтэй зээл авч банкны зээлдээ төлөх байдлаар 12 000 000 төгрөгийн хүү төлж, улмаар нэхэмжлэгч сууцыг ч авч чадаагүй, барьцаанд алдаж хохирсон” гэж маргажээ./хх 1,20/

           

            Хэрэгт нэхэмжлэгч нь Хаан банк дах   данснаас Д.Цын дансанд 5 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Хугацааны хувьд дээрх мөнгөн хөрөнгө 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын хооронд  шилжигдсэнд талууд маргахгүй байна.  Хариуцагч Д.Цын сууц банкны зээлийн барьцаанд байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гарч 120 метр квадрат 5 өрөө сууцыг зээл, хүү болох 86 000 000 сая төгрөгийн оронд хураалгасан гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

           

            Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр н.Ма 42 000 000 төгрөгийн зээл авч, н.М дансанд буцаагаад төлбөр төлж байсан үйл баримт хариуцагчийн тайлбар, дансны хуулгаар тогтоогджээ./хх 35/ 

           

            Хариуцагчийн “нэхэмжлэгчтэй 2018 оны 6 дугаар сард холбогдоод байраа яах вэ гэхэд миний мөнгө бүтэхээ больчихлоо гэсэн” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй./хх49-51/

            Нэхэмжлэгчийн “энэ хугацаанд би танд мөнгө өгч байсан учир байранд чинь орж сууна гэхэд 20 000 000 төгрөг төлөөгүй гээд зөвшөөрөөгүй” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй./хх 48-52/

           

            Зохигчид 5 500 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан,орон сууцыг худалдах-худалдан авах урьдчилсан тохиролцоо хийгдсэн гэж маргаж байна.

 

            Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Д.Цд мөнгө шилжүүлэхдээ  тоот урьдчилгаа гэх утгаар шилжүүлжээ. /хх 6-12/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж талуудын маргаанаас өөр зүйлийг дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

            Мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утга, талуудын тайлбар, хэрэгт тогтоогдсон маргаангүй үйл баримтаас үзэхэд зохигчийн хооронд  үл хөдлөх эд хөрөнгө болох сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах бэлтгэл үе шатны үйл ажиллагаа явагдсан гэж үзэхээр байна.

           

            Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно. Талууд сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар амаар тохиролцож  бэлтгэл үе шатны буюу мөнгөн хөрөнгийг хайж олох, хариуцагчийн хувьд сууцыг зээлийн барьцаанд алдахгүй байх арга хэмжээ авах зэргээр талууд тохиролцсон нь хуулиар хориглоогүй үйл ажиллагаа бөгөөд энэ үйл баримт нь гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэнийг илтгэж байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Сууцыг худалдан авах мөнгөн хөрөнгийг олохын тулд хугацаа олгохыг нэхэмжлэгч хүссэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүйгээс гадна гүйлгээний үгийн шууд утгаас үзэхэд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж худалдан авах урьдчилсан тохиролцоо хийгджээ. Гэвч нэхэмжлэгч тал 5 500 000 төгрөгөөс илүү мөнгө шилжүүлж чадаагүй, хариуцагчийн бусдаас хүүтэй зээл нэмж зээлж хохирсон гэх тайлбар үндэслэлтэй./хх 35/

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 5 500 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, мөн бусдад зээлийн хүү нэмж төлж, сууцаа банкны зээлийн барьцаанд алдсан үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

            Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3 дах хэсэгт зааснаар хэлэлцээний явцад аль нэг талын хайхрамжгүй үйлдлээс болж гэрээг байгуулаагүй бол хэлэлцээ хийхтэй холбогдон гарсан зардлыг хайхрамжгүй хандсан тал нөгөө талд нөхөн төлөх үүрэг үүсч болох тул хариуцагчаас 3 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг мөн холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан годлыг хангав.                 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/02355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цаас 3 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж бүхэлд нь өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “102 950 төгрөг” гэснийг “70 950 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

             

                           ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР

             

                      Ш.ОЮУНХАНД