Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00070

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.Д нь 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 12 сарын 08-ны өдөр хүртэл, Дорноговь аймгийн Иххэт сумын Майннэгэн нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Майннэгэн нэгдэл нь Баянхэт ХХК болоход үргэлжлүүлэн 1995 оны 03 дугаар сарын 10-нийг хүртэл ажилласан нийт 5 жил 9 сар нягтлан бодогчоор ажиллаж байсан. Миний ажиллаж байсан хугацааны ажилд орсон ажлаас гарсан тушаалууд олдохгүй байгаа тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 469 дугаар архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 30-ны 58 дугаар Тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн мэргэжилтнийг хуваарилах тухай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаар Комисс томилох тухай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт Хувьцаат компанийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар Цалинтай чөлөө олгох тухай тушаалын хуулбар, *** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Оийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 224019 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Г.Бгийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *** дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрч Д.О, Г.Б нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Ж.Д нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор,

Дорноговь аймгийн Иххэт сумын Майннэгэн нэгдэлд 1989 оны 12 дугаар сараас 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор,

Дорноговь аймгийн Баянхэт ХК-д 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 10-нийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас гарсан зарим тушаал байхгүй болох нь нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 469 дугаар архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Ж.Д дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 30-ны 58 дугаар Тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн мэргэжилтнийг хуваарилах тухай тушаалд ...Дундговь, Дархан хот, Санхүү эдийн засгийн техникум төгссөн Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны хуваариар ирсэн дараах мэргэжилтнүүдийг 7-р сарын 3-ны өдөөс мэргэжлийн дагуу сум нэгдэл, САА, ХАА-н системийн бусад байгууллагуудад томилон ажиллуулсугай. ...ХАА-н ня-богоор ... Ж.Дг Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд түр ... томилсугай гэж,

-Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаар Комисс томилох тухай тушаалд ...Нэгдлийн жилийн эцсийн эд аж ахуйн тооллого хийх комиссыг доорхи бүрэлдэхүүнтэйгээр томилсугай. Үүнд ...Ж.Д тооцооны нябо ,

-Дорноговь аймгийн Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар Ажилд томилох тухай тушаалд ...Баян хэт хувьцаат компаны тоог батлан ажиллах хүмүүсийг томилохоор тушаах нь ...Компанийн тооцооны ня-бо-гоор Ж.Д ... нарыг 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс томилсугай... гэж,

Дорноговь аймгийн Иххэт сумын Баянхэт Хувьцаат компанийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар Цалинтай чөлөө олгох тухай тушаалд Цалин хөлсний нягтлан бодогч Ж.Д нь төрсний дараах амралтаа эдэлж дуусаад чөлөө авахаар хүсэлтээ ирүүлснийг харгалзан үзэж ...1994 оны 11-р сарын 09-ний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатай чөлөө олгосугай... гэж,

-*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Гэрч Д.Оийн ...Ж.Д нь их сургуулиа төгсөж ирээд Майннэгэн нэгдэл Баянхэт компанид нягтлангаар ажиллаж байсан. 1996 он хүртэл бүгд хамт ажилласан... гэх

-гэрч Г.Бгийн ...Ж.Д нь их сургуулиа төгсөж ирээд Майннэгэн нэгдэл Баянхэт компанид нягтлангаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ж.Дгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Дг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор,

Дорноговь аймгийн Иххэт сумын Майннэгэн нэгдэлд 1989 оны 12 дугаар сараас 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тооцооны нягтлан бодогчоор,

Дорноговь аймгийн Баянхэт ХК-д 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 10-нийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ