Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 жил 6 сарын хугацаанд малчнаар ажиллаж байсан. Гэрэлт зам нэгдлийн даргын ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архиваас шүүж үзэхэд байхгүй байгаа тул улсад ажилласныг тогтоох боломжгүй байна. Иймд намайг Гэрэлт зам нэгдэлд малчнаар 4 жил 6 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар Илгээлтийн эзэд, цэргээс ирсэн хүмүүсийн ажиллуулах тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны 02 дугаар сарын 26, 1987 оны 08 дугаар сарны 28, 1988 оны 04 дүгээр сарын 02, 1989 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн баярын бичиг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаар, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дугаар архивын тодорхойлолт, гэрч Л.Чын тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Ч.Чын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрч Л.Чулуунбаатар, Ч.Чулуунбаатар нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Б.Б нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаар архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Б.Б нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь

- Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар Илгээлтийн эзэд, цэргээс ирсэн хүмүүсийн ажиллуулах тухай тушаалд 1985 онд 8 дугаар ангиа төгсөн Хөдөө аж ахуйд илгээлтээр гарч ажиллахаар хуваарь авсан ...Бандийн Бийг Жавхлант хэсэгт малчнаар ...ажиллуулсугай.. гэж,

1987, 1988, 1989, 1990, 1991 онуудад диплом, баярын бичиг авч байсан, 1985-1993 онуудад цалин авч байсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.Бийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ