Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00073

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие 1986 онд Улаанбаатар хотын Нийтийн ахуй үйлчилгээний сургууль төгсөөд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд үсчнээр томилогдож 1988 оны 07 дугаар сарын 09 өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан хугацааны орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1995 онд чөлөөлөгдсөнөөр тушаал бичигдсэн. Би том хүүхэд 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн учир жирэмсний амралтаа авсан байсан. 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажиллаж байсан газар минь татан буугдаад ажилгүй болсон. Бага хүүхэд маань 1996 онд төрсөн гэв.Ер нь компани татан буугдсан. Дараа нь ажиллаж байсан хүмүүстээ нөхөн бичилт бичсэн гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *** дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 527 дугаар архивын тодорхойлолт, гэрэл зураг, гэрч Д.Сийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Ш.Гийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрч Д.С, Ш.Г нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Б.Ц нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үсчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 527 дугаар архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Б.Ц нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажилд орж 1991 онд хүүхэд төрүүлж хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан үйл баримт тогтоогдож байна. Түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Ш.Гийн хөдөлмөрийн дэвтэрт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хувьчлагдсан гэж бичигдсэн байх тул түүнийг энэ өдрөөр ажлаас чөлөлөгдсөн гэж үзлээ.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.Цын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цыг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ