Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:  Ч,

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасныг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Ч нь Цэргийн алба хаасныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Д.Ч миний бие 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж Эрдэнэт хотод байрлах Хилийн ба ДЦУЕГ-ын 0202 дугаар ангид алба хааж 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/308 тушаалаар халагдсан. Тухайн үед 3 жилийн хугацаанд алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарахад цэргээс халагдсан тушаал гарч ирэхгүй байх тул цэргийн албан хаасан нь нотлогдохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл байгаа. Би цэргийн албанд татагдахдаа Дорноговь аймгийн Барилга угсралтын конторт норомчноор ажиллаж байсан. Миний Хөдөлмөрийн дэвтэрт 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөр чөлөөлөгдсөн. Цэргээс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр халагдсан гэж бичигдсэн. Цэргийн алба хааж байсан 0202 дугаар анги нь 1988 онд татан буугдсан. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивт халагдсан талаарх баримт шилжиж ирээгүй гэсэн албан бичгийг авсан болно. Иймд намайг Хилийн ба ДЦУЕГ-ын 0202 дугаар ангид цэргийн алба хаасныг минь тогтоож өгнө үү. гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Цэргийн батлахын хуулбар,*** дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,*** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 0178307 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08/35 дугаартай лавлагаа, гэрэл зураг, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/65 дугаартай лавлагаа, гэрч Б.Бийн тодорхойлолт, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/66 дугаартай лавлагаа, гэрч Г.Нийн тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрч Б.Б, Г.Н нарыг гэрчээр асуун, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас Д.Чын цэргийн алба хаасан талаарх лавлагааг гаргуулан нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Д.Ч нь Хилийн ба ДЦУЕГ-ийн 0202 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн цэргийн батлахад 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдаж 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/308 дугаар тушаалаар халагдсан талаар бичигдсэн байгаа ч Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт халагдсан талаарх баримт байхгүй байгаа тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Д.Ч нь Хилийн ба ДЦУЕГ-ийн 0202 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь

-Цэргийн батлахын хуулбар,

-075482 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08/35 дугаартай ...Долгорсүрэнгийн Ч нь Дорноговь аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0202 дугаар ангид цэргийн албанд татагджээ... гэх лавлагаа,

-гэрэл зураг,

- гэрч Б.Бийн ...Хамтдаа 1985 онд Эрдэнэтэд хамт очиж 1988 онд хамт халагдсан... гэх,

-Г.Нийн ...Бид 2 1985 онд Эрдэнэтийн цэргийн ангид танилцсан. 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгаас хамт 0202 дугаар цэргийн ангид татагдсан. Хамтдаа 3 жил алба хаасан. Мөн адил 06 сард халагдсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.Чын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Чыг Хилийн ба ДЦУЕГ-ийн 0202 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ