| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0004/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 12
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулав.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Сартуул овогт Сүрэнхордоржийн Чинзоригт холбогдох 1731000000085 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35,36,37,38 дугаар бүлэгт заасан журмын дагуу ердийн журмаар хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж ах дүүгийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11 дүгээр хороолол 6-14 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2013 онд 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял тэнсэж, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 06 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Сартуул овогт Сүрэнхордоржийн Чинзориг /РДУИ93111411/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Чинзориг нь 2017 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч С.Чинзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэв.
2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Батзаяагийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Манай сум орон нутагт бол учирсан бодит хохирол байхгүй. Бидний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Гэхдээ хойшид дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлж, таслан зогсох арга хэмжээ авч өгнө үү.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/
3.Гэрч Б.Болдбаатарын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Намайг үүрэг гүйцэтгэж байхад 2017 оны 11 сарын 14-ний шөнийн 02 цаг 30 минутын орчимд зорчигчийн орох хэсгийн рентген аппаратанд хуваарьт байцаагчийн хамтаар үүрэг гүйцэтгэж байхад Оросын Холбооны улсаас Монгол улс руу нэвтрэх шалган нэвтүүлэх хэсгээр С.Чинзориг нь паспорт бичиг баримтаа шалгуулан тэмдэглэл хийлгэж нэвтэрч гаалийн хяналтын талбайд орж ирсэн. Тухайн үед уг иргэнээс хориглосон хязгаарласан бараа байгаа эсэхийг асуухад байхгүй гэсэн. Биет шалгалт хийх журмын дагуу зөрчлийн байцаагч нарын өрөөнд оруулж хийсэн. Ингэхэд тухайн иргэний өмсөж явсан куртикний дотор халааснаас “Анданте-10 мг” гэсэн бичигтэй 13 хавтгай дөрвөлжин хатуу савтай эм илэрч гарсан, нэг хавтгайдаа 7 ширхэгтэй байсан. Мөн куртикний баруун халааснаас уг эм дахин 3 хавтгай илэрсэн. Уг 3 хавтгай эмнээс 1 хавтгай нь 3 ширхэг дутуу байсан. Ямар зорилгоор авч яваа талаар асуухад би өөрөө хэрэглэдэг эм байгаа юм янз бүрийн хүний захисан эм биш гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
4.Гэрч Д.Эрдэнэтуяагийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би дээр нэр бүхий залуучуудыг огт танихгүй.Оросын холбооны улсын Улан-Үдэ хотод байхдаа 2017 оны 11 сарын 13-ны өдөр 12-13 цагийн орчим байх Улан-Үдэ дэх Монголчууд гэх сайтад Улан-Үдэс Улаанбаатар руу хүн авч явна гэж зар тавьж утасны дугаараа бичсэн. Гэтэл орой 18 цагийн орчим дээрх 2 залуу утсаар ярьж Улаанбаатар явах гэсэн юм гэхээр нь би ачаа тээш байна уу гэж асуутал бид ачаа байхгүй жижиг нэг цүнхтэй гэхээр нь зөвшөөрч Улаанбаатар хот хүртэл нэг хүний 50000 төгрөгөөр явахаар тохирч хаана байгааг нь асуухад “Галакси” төвд явж байна нэг хүнд бэлэг авна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар худалдааны төвд нь очтол өндөр туранхай малгайтай ньирж уулзаж юм авах гэтэл мөнгө дутаад байна та рубль байвал Монгол мөнгөө нэг зуун мянган төгрөг өөгч гэхээр нь би 2400 рубль өгсөн. Тэгтэл машинд цүнхээ орхиод буцаж яваад найзыгаа дагуулж ирээд л хоёулаа суугаад явугаасан. Анх утсаар ярихдаа тэр залуучууд сагсны тэмцээнд оролцоод буцаж яваа сагсны тамирчид гэж өөрсдийгөө хэлсэн.Тэгээд л манай нөхөр Батсайхан хамт явсан Түвшинжаргал бид нар шууд Улаанбаатар буцахаар замдаа гарсан. Дээрх залуучууд төлбөр мөнгөө Улаанбаатар хотод очоод өгнө гэж хэлсэн..... мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
5.Гэрч Л.Батсайханы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би дээрх нэр бүхий залуучуудыг огт танихгүй.Оросын холбооны улсын Улан-Үдэ хотод байхдаа 2017 оны 11 сарын 13-ны өдөр 12-13 цагийн орчим байх манай эхнэр Улан-Үдэ дэх Монголчууд гэх сайтад Улан-Үдэс Улаанбаатар руу хүн авч явна гэж зар тавьж утасны дугаараа бичсэн. Гэтэл орой 18 цагийн орчим дээрх 2 залуу эхнэртэй маань утсаар ярьж Улаанбаатар явах гэсэн юм гэж ярьж тохироод “Галакси” худалдааны төв орж авч явсан. Анх утсаар ярихдаа тэр залуучууд сагсны тэмцээнд оролцоод буцаж яваа сагсны тамирчид гэж өөрсдийгөө хэлсэн.Тэгээд л манай эхнэр Эрдэнэтуяа, хамт явсан Түвшинжаргал бид нар шууд Улаанбаатар буцахаар замдаа гарсан. Дээрх залуучууд төлбөр мөнгөө Улаанбаатар хотод очоод өгнө гэж хэлсэн..... мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
6.Гэрч С.Түвшинжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би дээр нэр бүхий залуучуудыг огт танихгүй. Жолооч Эрдэнэтуяа л бензинд нэмэр болгож 2 хүн авч явна гээд Улан-Үдэ хотын “Галакси” худалдааны төвд очиж авч явсан..... мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/
7.Гэрч Н.Есүхэйн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз С.Чинзоригийн хамтаар ОХУ-ын Улан-Үдэ хот явахаар орой 20 цаг 35 минутын үед Улаанбаатар Сэлэнгийн чиглэлийн галт тэргээр явж Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө үүрээр 04.30 минутанд бууж Алтанбулаг сум руу таксигаар явж Алтанбулаг боомтоос приус 20 маркийн саарал өнгөтэй улсын дугаарыг нь мэдэхгүй машинд нэг хүний 400 рублээр тооцож хөлсөө төлөөд бид хоёроос гадна 2 танихгүй эгч машинд хамт сууж ОХУ-ын хилээр гарсан. Улан-Үдэ хотод өглөө 09-10 цагийн үед очиж тэндээ бид хоёр буудал хайж гадуур явж байгаад Арбатын гудамжинд “Арбат” нэртэй буудалд хоёулаа нэг өрөөг 1500 рублээр тооцож аваад тэндээ 6 хоносон. Улан-Үдэд байх хугацаандаа эхний 3 хоногт Улан-Үдэ хоттой танилцаж өдөртөө гадуур яваад орой жаахан пиво архи уугаад л амарцгаасан. Дараагийн 2 хоногт нь буудлаасаа огт гараагүй архи уугаад согтоод л унтаад л байсан ер нь их хэмжээний согтолттой байсан болохоор болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Сүүлдээ архины ходлогод ороод бөөлжиж халуураад байсан. Тэгээд сүүлийн нэг хоногт нь хөдөлж чадахгүй ууж идснээ буцаж бөөлжиж гаргаад байсан. Тэгээд Чинзоригийн төрсөн өдөр болох гэж байсан болохоор буцахаар шийдэж ”Галакси” худалдааны төвийн гадаа Улаанбаатар хот явах таксины жолооч эгчтэй уулзаж хамт явахаар тохирсон. Би тэгээд найз Өнөмөнхийн ээжээр өөрийн эзэмшлийн худалдаа хөгжлийн банкины 473017074 дугаарын харилцах дансанд 100.000 төгрөг хийлгэсэн байсан. Тэгтэл Чинзориг надаас чи наад 100.000 төгрөгөө таксины эгчээс солиулаад авчих би хил гараад олоод өгье би юм авах гэсэн юм гээд байсан. Тэгэхээр нь би таксины эгчтэй уулзаж утсанд ирсэн дансны үлдэгдлийн мессежийг харуулаад болохгүй бол паспортаа өгье гэж хэлээд 2500 рубль аваад Чинзоригт өгсөн. Би рублээ өгөөд буцаж гарч ирээд машинд нөгөө хүмүүстэй хамт сууж байсан. Тэгээд Чинзориг 10-15 минут орчим болоод гарч ирээд Чинзориг бид хоёртой нийлээд 5 лаа Улан-Үдэс Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд замдаа хоолны газар орж хоол идсэн. Тэгэд замдаа би унтаад өгсөн байсан. Тэгээд Монгол улсын хилээр орж ирээд байр руу орж паспортаа шалгуулаад штамбаа даруулаад цааш явж байтал гаалийн ажилтан ирээд хориотой эд зүйлс авч явж байгаа юу гэсэн. Тэгэхээр нь би байхгүй гэтэл гаалийн мэдүүлгийн цаас өгч бөглөж өг гэж хэлсэн бөгөөд бөглөөд өгтөл куртик тайлуулж рентгенээр оруулсан. Тэгээд өрөөнд орж нарийвчилсан үзлэг хийнэ гэхээр нь би дээшээ гарсан ба үзлэг хийж гутал тайлуулж шалгасан боловч надаас юм гараагүй. Миний өмнө Чинзоригийг шалгахад “Анданте” эм илэрч хураагдсан байсан..... мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/
8.Гэрч Б.Бямбанарангийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2017 оны 11 сарын 14-ний шөнийн 02 цаг 30 минутын орчим ОХУ-аас Монгол улс руу нэвтэр шалган нэввтрүүлэх хэсгээр С.Синзориг гэх залуу паспортаа шалгуулан гаалийн талбайд орж ирсэн. Таньд гаальд мэдүүлэх бараа байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгээд мэдүүлэг бөглүүлсэн. Гаалийн байгууллагаас хилээр нэвтэрч байгаа ирэгэд зарим тохиолдолд түүвэрчилсэн биет шалгалт хийдэг. Иргэний биед биет шалгалтын байцаагч нарын өрөөнд оруулж хийсэн. Энэ үед иргэний өмсөж явсан куртикний халааснаас “Анданте-10мг” гэсэн бичиглэлтэй 13 хавтгай илэрч нэг хавтгайдаа 7 ширхэгтэй байсан. Мөн куртикний баруун талын дотор халааснаас уг эм дахин 3 хавтгай гарч ирсэн. Уг хавтгай эмнээс 1 хавтгай нь 3 ширхэг дутуу байсан..... мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/
9.Шинжээчийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн №10719 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “С.Чинзориг ГМ-230” “Н.Есүхэй ГМ-230” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /АМР, ВАR, ВZО, COC, МАМР, МDМА, МОR, МТD, РСР, ТНС/ илрээгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/
10.Шинжээчийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн №18-03-014/46 тоот:
Хариулт 1: Шилжилгээнд ирүүлсэн “Анданте” эм нь гадуураа сав баглаа боодолгүй байгаа нь бүртгэлийн дугаар үйлдвэрлэгч улс хадгалах нөхцлийг тодорхойлох боломжгүй байгаа учир шинжилгээнд тэнцэхгүй.
Хариулт 2: Өмнө нь “Анданте” гэх эм нь 10мг хэмжээтэй 7 ширхэгээр савлагдсан Бүгд найрамдах Унгар улсын Гедеон Рихтер гэсэн бүртгэлтэй байсан боловч 2017 онд Анданте эм нь Монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан.
Хариулт 3: Уг “Анданте эм нь Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын /ЭМСС-дын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн А/184 тушаалын хавсралт / сэтгэц нөлөөт бодисын жагсаалтанд байдаг.
Хариулт 4: Уг “Анданте” эм нь пиразол-пиримидины уламжлалын нойрсуулах үйлдэлтэй бэлмэл “Залеплон” олон улсын нэршил “Анданте” худалдааны нэршил
Хариулт 5: Уг “Анданте” эм нь пиразол-пиримидины уламжлалын нойрсуулах үйлчилгээтэй. Манай улсын 1999 онд элсэн орсон Олон улсын Сэтгэц нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд байхгүй.
Хариулт 6: Уг “Анданте” бэлдмэлийг их хэмжээгэр ядарч сульдах болон ажлын чадвар алдагдахад хүргэдэг хүнд явцтай нойрны эмгэг эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд бэлдмэлийг хэрэглэх явцад толгой эргэх, зан төрхийн өөрчлөлт, ойгүйдэл, сэтгэл уналт тайван бус цочромтгой болох, хий юм харах, солиорох, оюуны ажиллагаа муудах, салганах, хүнд тохиолдолд сонсгол муудах, гэрэл болон дуу чимээнд мэдрэгших, уналт таталт өгөх зэрэг гаж нөлөө илэрдэг....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
11.Шинжээч Г.Чинчулууны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Эд мөрийн баримтаар хураагдсан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж ирүүлсэн “Анданте” нэртэй эмийг үндэслэн Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дугаартай тушаалыг /МУ-ын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт батлах/ Монгол улсын эмийн бүртгэлийн жагсаалтыг баримтлан шинжээчийн дүгнэлтийг гаргасан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/
12.Шүүгдэгч С.Чинзоригийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн.... Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны оройн 20 цаг 3 минутын үед Улаанбаатар Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд галт тэргээр найз Есүхэйн хамт ирсэн. Тэгээд Алтанбулаг боомт орж приус 20 маркийн тээврийн хээргслээр өглөө 07 цагийн үед Оросын хилээр гарсан. Бид хоёр 10 цагийн үед Улан-Үдэ хотод очсон бөгөөд тухайн өдрөө хоттой танилцаж орой нь унтаж амарсан. Энэ мэтээр амарч байгаад 2017 оны 11 сарын 11-ний өдөр 14 цагийн үед Улан-Үдэ хотын эмийн сангаас “Анданте” гэх нэртэй эмийг 17 хавтгайг худалдаж авсан. Нэг хавтгай дотороо 7 ширхэгтэй байсан. Тэгээд байрлаж байсан буудалдаа 4 ширхэгийг нь ууж хэрэглээд унтаж амарсан. Тэгсэн тухайн эм ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Үлдсэн 3 ширхэгийг нь маргааш нь мөнгөн дэвсгэрт хуйлж хамраараа сорж хэрэглсэн. Тэгсэн ч ямар нэг нөлөө үзүүлээгүй. 2017 оны 11 сарын 13-ны өдөр 19 цагийн үед Есүхэй бид хоёр буцахаар болж Монгол улс руу явах машинтай хүний дугаар авч тухайн хүн рүү утасдаж Улан-Үдэ хотын “Галакси” худалдааны төвийн гадаа уулзаад Монгол улс руу явсан. Бид хоёр Монгол улс руу явах машинтай хүнтэй ярихаас өмнө би Анданте гэх нэртэй нэг хавтгай эмний 3 ширхэгийг хамраараа сорж хэрэглсэн. Тэгээд 15 ширхэг бүтэн хавтгай болон 3 ширхэгийг хэрэглэсэн нэг ширхэг эмээ би өөрийн өвлийн куртикнийхээ дотор талын халаасанд хийгээд явсан...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/
13.Шүүгдэгч С.Чинзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,
14.Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/
15.Зөрчлийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 66-80 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Сартуул овогт Сүрэнхордоржийн Чинзоригийг 2017 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор “Анданте-10мг” 7 ширхэгээр савласан 17 хавтгай хориглосон эмийг оруулж ирсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн гэж шүүх дүгнэв.
Учир нь:Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн Р.Батзаяагийн мэдүүлэг, хэргийн 12 дугаар хуудсанд байгаа, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 13 дугаар хуудас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 14 дүгээр хуудас, гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг, 16-25 дугаар хуудас, гэрч Д.Эрдэнэтуяа, Л.Батсайхан, С.Түвшинжаргал, Н.Есүхэй, Б.Бямбанаран нарын мэдүүлгүүд, 26-47 дугаар хуудас, шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийсэн дүгнэлт, сэтгэцэд нөлөөт бодисын эм, бэлдмэлийн бүтэц хамаарлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Шүүхийн хэлэлцүүлэгээр нэг бүрчлэн шинжлэн судалж үзэхэд хэрэгт хамааралтай нөхцөл байдлуудыг тодорхойлсон, нэг нь нөгөөхөө орлож, бодит байдлыг давхар тодруулсан шинжтэй, хоорондоо нийцсэн ач холбогдол бүхий баримтууд байна.
Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №18-03-014/46 дугаартай дүгнэлтэнд: “Анданте-10мг” эм урьд нь Бүгд Найрамдах Унгар улсын Гедеон Рихтер гэсэн бүртгэлтэй Монгол улсын эмийн бүртгэлд байсан боловч 2017 онд “Анданте-10мг” эм нь Монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан болно. “Анданте-10мг” эм нь Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 5 сарын 18-ны өдрийн А/184 тоот тушаалын хавсралтаар “сэтгэцэд нөлөөт бодис”-ын жагсаалтад багтсан байна. Уг бэлдмэлийг /эмийг/ тайвшруулах зорилгоор хэрэглэдэг хэдий ч хэрэглэх явцад түрэмгий болох, хий юм харах, солиорох, оюуны үйл ажиллагаа муудах зэрэг гаж нөлөө илэрдэг гэжээ. Эндээс харахад шүүгдэгч Чинзоригийн хилээр оруулж ирсэн “Анданте-10мг” эм нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон /бүртгэгдсэн/ эм, бэлдмэл болох нь тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Чинзоригийн -10мг 7 ширхэгээр савласан 17 хавтгай, нэг хавтгайгаас 3 ширхэг дутуу нийт 112 ширхэг эмийг /бэлдмэл/-ийг оруулж ирсэн үйлдэл нь хориглосон эм бэлдмэлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас С.Чинзоригт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснааргэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна. Нөгөө талаар шинжээч нь мөрдөгчийн тогтоолоор томилогдсон, тогтоолд заасан асуултанд зохих журмын дагуу хариулт өгсөн, шинжээчид хууль сануулж, гарын үсэг зуруулж авсан, хуулийн шаардлага хангасан тусгай мэргэжлийн шинжээчийн гаргасан дүгнэлт байгаа тул шүүх үнэн зөв гэж дүгнэн нотолгооны эх сурвалжаа болгов.
Мөн шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй байна. Дээрхи нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч С.Чинзоригийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно гэж үзлээ. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын болон Прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3-т заасан шаардлагуудыг хангасан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон тул шүүхээс, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Зүйлчилсэн, хуулийн зүйлчлэл тохирсон байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Чинзоригийг бусдад учруулсан хохирол, төлөх төлбөргүй талаар Прокурорын гэм буруугийн талаар өгсөн дүгнэлтэд дурьдсаныг үндэслэн бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар өгсөн дүгнэлт:
Шүүхээс Сүрэнхордоржийн Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэв. Шүүгдэгч С.Чинзориг нь дээрхи бэлдмэл- /эм/-ийг өөртөө хэрэглэх зорилгоор ОХУ-ын Улаан-Үүд хотоос зорьж очиж авсан, өөрөө хэрэглэсэн нөөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгааг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарт хамааруулан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөлд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээс учрах нийгмийн хор уршгийг ухамсарлах ухамсар бүрэн гүйцэд төлөвшөөгүй, гэнэн томоогүй хувийн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зааснаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан хэм хэмжээнд тохируулан хамгийн бага ял оногдуулах заалтыг баримтлан хэрэглэж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч С.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан, 16 хавтгайд нэг хавтгайд 7 ширхэгээр савласан ний 112 ширхэг /Анданте залеплен 10мг/ нэртэй эм-/бэлдмэл/-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болмогц устуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, нүдний шилний хар өнгийн хайрцаг, цэнхэр өнгийн жижиг алчуур, хуйлсан 500 төгрөг 2 ширхэг, 50 төгрөг 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Чинзоригт эргүүлэн олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овгийн Сүрэнхордоржийн Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар С.Чинзоригт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Чинзоригт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4.С.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан, 16 хавтгайтай, нэг хавтгайд 7 ширхэгээр савласан 112 ширхэг /Анданте залеплен 10мг/ нэртэй эм-/бэлдмэл/-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болмогц устуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, нүдний шилний хар өнгийн хайрцаг, цэнхэр өнгийн жижиг алчуур, хуйлсан 500 төгрөг 2 ширхэг, 50 төгрөг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ялтан С.Чинзоригт эргүүлэн олгохоор тогтоосугай.
6.Сүрэнхордоржийн Чинзоригт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ