Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0733

 

 

 

 

 

     2024         09           24                                   128/ШШ2024/0733    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “И*******” ХХК    

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г*******, Ш.Р*******, Ц.Ц*******, Э.Х    

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: З.Б        

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц     

Гуравдагч этгээд: "М"

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.А 

Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, Э.Х, хариуцагч Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Гомдол гаргагчаас “Оюуны өмчийн газрын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.   

2.Маргааны үйл баримтыг дурдвал      

2.1.Гуравдагч этгээд “М” сан нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар албан бичгээр маргаан бүхий асуудлаар хариуцагч Оюуны өмчийн газарт гомдлыг гаргажээ 

2.2.Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 23 дүгээр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэрэг нээсэн байна.

2.3.Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00 дугаартай шийтгэлийн хуудсыг бичжээ.  

2.4.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хариуцагч нь гомдол гаргагч “И*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгж буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.       

2.5.Тус шүүх “И*******” ХХК-ийн гаргасан “Оюуны өмчийн газрын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий гомдлоор Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цд холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Манай "И*******" ХХК нь 2021 оноос дотоодод хуш модны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдвэрлэн, нэрийн хувьд судалгаа хийх явцдаа хуш модны самар болон аливаа ямар нэг хүнсний бүтээгдэхүүн "Цөмөөхэй” гэж нэрлэгдээгүй байгаа дээр үндэслэж өөрсдийн бүтээгдэхүүнээ “Цөмөөхэй" гэж нэрлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай компани нь холбогдох хууль тогтоомжийн дагуу 2022 оны 08 сарын 19-ны өдрийн анхдагч огноотой улсын бүртгэлийн 40- дугаартай "Цөмөөхэй" барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэж бүртгүүлэн, бүртгүүлсэн бараа үйлчилгээнийхээ ангилалд хууль тогтоомжид нийцүүлэн өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Гэтэл Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц 2024 оны 01-р сарын 25-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж байна. Үүнд: 1. "И*******" ХХК нь Мгийн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй тухайд Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ. Гэтэл 00 дугаартай шийтгэлийн хуудаст Монголын балетын хөгжлийн сангийн барааны тэмдэг эзэмшигчийн ямар эрхийг хэрхэн яаж зөрчсөн талаар тодорхойлоогүй, энэ талаар холбогдох баримтаар нотлоогүй байна. Мөн Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ" гэж заасан байна. Монголын балетын Хөгжлийн сан болон "И*******" ХХК-ийн барааны тэмдгүүд нь өөр өөр бараа үйлчилгээний ангилалд бүртгэгдсэн болох нь Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн шинж Д.Х дүгнэлтээр дараах байдлаар нотлогддог. Тодруулбал, Дээрх мэдээллээс харахад "М” ТББ-ын барааны тэмдгийн ангилал "И" ХХК-ын барааны тэмдгийн ангилалтай давхацсан зүйлгүй байх тул Мгийн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т заасан "бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй" гэх заалт нь тухайн бараа үйлчилгээний гарал үүсэл болон чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж бол болзошгүй тохиолдолд хэрэглэгдэнэ.

Тухайн зүйлд заасан "хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй" гэдэг нь маргаан бүхий барааны тэмдгийг төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэж буйгаас хэрэглэгчид "И" ХХК-ын бараа болон "М" ТББ-ын бараа, үйлчилгээг андуурах, хооронд нь ялгах боломжгүй байх тохиолдлыг ойлгоно. Дээрх тохиолдолд гомдол гаргасан "М" ТББ болон манай "И" ХХК нар нь ижил төрлийн бараа үйлчилгээ зах зээлд нийлүүлдэггүй мөн бараа үйлчилгээний чанар болон гарал үүсэл бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зүйлгүй болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар 7.2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана." гэжээ. Гэтэл 00 дугаартай шийтгэлийн хуудаст зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай шийдвэртээ тусгаагүй мөн зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулахдаа нөхцөл байдлыг тал бүрээс үнэлээгүй холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй байна.

Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц 2024 оны 01-р сарын 25-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9-р зүйлийн 1.1-т зааснаар зөрчлийн шинжгүй тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдлоор тооцохоор хуульчилжээ. "И*******" ХХК нь Монголын балетын хөгжлийн сангийн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй, улсын бүртгэлийн 40- дугаартай "Цөмөөхэй" барааны тэмдгийн өөрсдийн бараа үйлчилгээ болон бүртгэгдсэн ангилалд ашиглаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 8.5-д заасан зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд зөрчлийн шинжгүй, шийтгэл оногдуулах үндэслэлгүй байх бөгөөд шийтгэлийн хуудас оногдуулсан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц гаргасан 2024 оны 01-р сарын 25-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “И******* ХХК нь 2021 оноос дотооддоо хуш модны самар болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдвэрлээд нэрийн судалгаа хийгээд энэ явцдаа Цөмөөхэй гэдэг нэр өгсөн. Хуш модны самрыг ингэж нэрлэсэн брэнд гаргаагүй байсан учир үүнийг үндэслээд Оюуны өмчийн газарт 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч оноотой улсын бүртгэлийн 40 дугаартай барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэж бүртгүүлсэн. Бүртгүүлсэн бараа үйлчилгээнийхээ ангилалд тохируулан хууль тогтоомжид нийцүүлж ашигласаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл Оюуны өмчийн газрын байцаагчаас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 3 сая төгрөгийн шийтгэлийг оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулаад байгаа. Шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хүчингүй гэж үзэж байна. И******* ХХК Монголын балетын хөгжлийн сангийн барааны тэмдгийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байдаг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх, бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа үйлчилгээ нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ гэж заасан байдаг. Монголын балетын хөгжлийн сан болон И******* ХХК-ийн барааны тэмдгүүд нь өөр бараа, үйлчилгээний ангилалд хэрэглэхээр бүртгэгдчихсэн байдаг. Бид нар ямар үйлчилгээнд хэрэглэгдэх вэ гэдгийг харьцуулсан байдлаар гаргасан байгаа. Монголын балетын хөгжлийн сан 2 удаа Цөмөөхэй гэдэг нэр дээр дараах барааны тэмдгийг авсан байдаг. Эхнийх нь гарын бугуйвч, хүүхдийн бугуйн цаг, дэвтэр, ном, хавчуур, жигнэмэг, чипс, зайрмаг гэх мэт. Дараагийнх нь үзэг харандааны сав, зурагт хуудасны модон хэвлэл, хуванцар самбар, ширээний тоглоом гэх мэт байдлаар барааны тэмдгийн ангилалд үйлчилнэ гэж байгаа. И******* ХХК-ийн хувьд үр тарианы боловсруулалтаас гарсан үйлдвэрийн зориулалттай бүтээгдэхүүн, шаазан эсгүүр, шилэн аяга, боловсруулсан самар, хүнсний зориулалттай хүнсний чөмөг гэх мэт зөвхөн Цөмөөхэй буюу самрын чиглэлээр хэрэглэхээр бүртгүүлсэн байдаг. Дээрх бараа үйлчилгээний ангиллаас үзвэл М барааны тэмдгийн ангилал И******* ХХК-ийн барааны тэмдгийн ангилалтай давхацсан зүйл байдаггүй буюу ямар нэгэн байдлаар эрхийг нь зөрчсөн зүйл байдаггүй. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг Монголын балетын хөгжлийн сангаас төөрөгдүүлсэн гэж гомдол гаргадаг.

Хувийн хэргүүдэд төөрөгдүүлсэн, төөрөгдүүлсэн эсэхтэй холбоотой үзлэг хийсэн зүйлүүд байдаг. Хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэдэг заалт нь тухайн бараа үйлчилгээний гарал үүсэл болон чанарын хувьд хэрэглэгчийг төөрөлд оруулж болзошгүй тохиолдолд хэрэглээд байгаа юм. Жишээлбэл ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг буюу хуш модны самар зардаг, хоёулаа бараагаа Цөмөөхэй гээд нэрлэчихсэн бол энд хэрэглэгч төөрөлдөх боломжтой гэж үзнэ. Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдолд хамаарч болох байсан. И ХХК М барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, өөрсдийнхөө бараа үйлчилгээ болон бусад бүртгэгдсэн буюу зөвшөөрөгдсөн ангилалдаа ашиглаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Зөрчлийн шинжгүй үйлдэлд нэг талдаа зөрчил оногдуулсан гэж гомдол гаргагчийн зүгээс үзэж гомдол гаргасан.” гэв.       

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.Ц би, "И*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “М" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Э 2023 оны 11 сарын 20-ны өдөр 1 гаргасан "И*******" ХХК-ийн худалдаанд гаргаж буй "Цөмөөхэй" барааны тэмдэгтэй бүтээгдэхүүнүүд нь манай эзэмшиж буй барааны тэмдгийг зөрчиж буй тул зохих арга хэмжээг авч өгнө үү гэх гомдолд 23 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч "И*******" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

Гомдол гаргагч "М" ТББ нь Цөмөөхэй барааны тэмдгийг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 14, 16, 25, 28, 30, 32, 41, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотойгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 6, 16, 20, 25, 26, 28, 35, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн анхдагч огноотойгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 45 ангилалд эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.

Дээрх барааны тэмдгийг "И*******"ХХК нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй *******i? In UC цахим хуудсанд байршуулсан нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдсон, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр зөвшөөрөлгүй ашигласан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.   

6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Мгийн захирал н.Эрдэнэсувдаас манай Цөмөөхэй барааны тэмдгийг И******* ХХК ашиглаж байна гэдэг гомдлын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Энэ хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацааны дагуу 58 хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Хэрвээ хэрэг нээсэн улсын байцаагчтай санал нийлэхгүй байгаа бол албан бичгийг уншаад хяналтын прокурорт гомдол гаргах эрхтэй байдаг. Тухайн үед зөрчлийн хэрэг нээхээс өмнө Монголын балетын хөгжлийн сангаас гомдол ирэхэд И******* ХХК-д мэдэгдсэн. Тэгэхэд ямар нэгэн гомдол гараагүй, зөрчлийн хэрэг нээгдээд, зөрчлийн хэргийг танилцуулахад мөн гомдол гараагүй. Цөмөөхэй барааны тэмдгийг зөрчөөгүй гэж нэхэмжлэгчээс ярьж байна. Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар барааны тэмдэгтийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр, иргэнийг 300 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа. Үүний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилтэй гэдэг нь хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлүүд, оюуны өмчийн газрын шинжээч н.Х шинжээчийн дүгнэлт дээр тогтоосон байх тул Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан үндэслэлээр торгож шийдвэрлэсэн.” гэв.  

8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс өмнө М******* Цөмөөхэй балет төслийг хэрхэн яаж оруулж ирсэн, Цөмөөхэй гэдэг нэр, нэршлийг яагаад М******* оюуны өмчөөр баталгаажуулж авсан, яагаад Цөмөөхэй гэдэг нэрийг буюу Цөмөөхэй гэдэг барааны тэмдгийг М******* эзэмшил байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийх хэрэгтэй байх. Монгол Улсын гавьяат жүжигчин Д А нь  Цөмөөхэй балет буюу олон улсад нэршсэнээрээ Клара ба Хулганы хаан гэдэг зохиолоос үндэслэж Монгол Улсад анх 2014 онд Дуурийн театр тоглуулсан байдаг. Үүнээс хойш жил бүр 12 дугаар сард Цөмөөхэй балетын тоглолтыг хийсээр ирсэн. Цөмөөхэй балет төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 12 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Оюуны өмчийн газарт барааны тэмдгээ 2014 он, 2021 он, 2022 онуудад бүртгүүлэн, баталгаажуулж авсан байдаг. Барааны тэмдэг гэж ярихаасаа илүү Оюуны өмчийн тухай хуулиар энэ нь оюуны бүтээл юм. Цөмөөхэй балет гэх балетын бүрэн уран сайхны тоглолтыг Д.А өөрөө бүтээж 2014 онд Дуурь бүжгийн театрт тоглосноороо оюуны бүтээл болж бүртгэгдсэн. Оюуны өмчийг зарим тохиолдолд тухайн бүтээлийг эзэмшигч этгээд бүтээлээ бүртгүүлэхгүй байх боломжтой. Энэ эрх нь нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн зүгээс гомдлын шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа бид нар 2022 онд Цөмөөхэй барааны тэмдгийг бүртгүүлээд авчихсан буюу самрын хуш модны нэрээр авчихсан, ангилал нь өөр учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үндэслэлгүй явагдсан гэдэг тайлбар хэлээд байдаг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн тодорхой зүйл заалтуудаар Монголын балетын хөгжлийн сан оюуны өмчөөр баталгаажуулаад авчихсан. Тухайлбал 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4000 улсын бүртгэлийн дугаартай анхдагч огноотой бараа үйлчилгээний олон улсын ангиллын 14, 16, 25, 28, 30, 32, 41 дүгээр ангилал, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч оноотой 40002 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 13 өдрийн анхдагч огноотой 40 улсын бүртгэлийн дугаартай 1-45 төрлийн барааны ангилалд Цөмөөхэй барааны тэмдгийн хамгаалалтыг хийж ирсэн. 2022 онд яагаад энэ хамгаалалтыг өргөн утгаар нь буюу 45 хүртэлх авах болсон бэ гэвэл Цөмөөхэй гэдэг оноосон нэршил олон нийтэд танигдаад, олон нийтийн хүртээл болж хэн бүхний мэддэг, ялангуяа Цөмөөхэй балет гэдэг энэ зүйл Монгол Улсын нутаг дэвсгэрийн хүрээнд нээлттэй танигдаад эхлэхэд тодорхой байгууллагууд энэ нэрийг авч ашиглах нь олширсон. И******* ХХК анхдагч нь биш. Шинэ жилийн үеэр зохион байгуулагддаг бусад төрлийн модон чихэр хийж зарах асуудал Сүү хувьцаат компани дээр гарч байсан. Шинэ жилээр гэр бүлээрээ цамц, юүдэн өмсдөг. Энэ цамц, юүдэнг Цөмөөхэй нэршлээр гаргах тохиолдлууд олон байсан. Энэ үед нь та нар оюуны өмчийг зөрчөөд байна гэдэг асуудлыг хөндөж тухайн этгээдүүд манайхаас зөвшөөрөл авч гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдлууд байгаа. Олшроод эхлэхийн зэрэгцээ бид нар тодорхой ангиллуудыг зайлшгүй авах шаардлагатай болсон. Хэдийгээр Оюуны өмчийн тухай хуулиар баталгаажчихсан буюу Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдчихсан эрх шүү гэдгийг мянга тайлбарлаад ойлгохгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид нар гомдлоо гаргасан. Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны дагуу буюу зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргахгүйгээр шийтгэх тогтоол гаргасан. Тийм учраас гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

2.Гомдол гаргагчаас “... “И*******” ХХК нь “М” сангийн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчсөн зүйл байхгүй. Учир нь “И*******” ХХК нь “М” сангийн барааны тэмдгүүд нь өөр өөр бараа, үйлчилгээний ангилалд хэрэглэхээр бүртгэгдсэн байгаа.” гэж, хариуцагчаас “... гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан зөрчлийг гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шийтгэлийн хуудас үндэслэлтэй.” гэж, гуравдагч этгээдээс “... хариуцагч оюуны өмчийн газрын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Гомдол гаргагч “И*******” ХХК-аас Оюуны өмчийн газрын хяналтын газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Оюуны өмчийн газрын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Гуравдагч этгээд “М” сан нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар албан бичгээр маргаан бүхий асуудлаар хариуцагч Оюуны өмчийн газарт гомдлыг гаргажээ. 

5.Уг албан бичиг “... “М”  ТББ нь “Цөмөөхэй” барааны тэмдгийг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотой Улсын бүртгэлийн дугаартайгаар эрхийн хамгаалалт хийлгэж бүртгүүлж авсан. Уг барааны тэмдэгтээ лого буюу дүрсэн илэрхийлэлтэй барааны тэмдгийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн анхдагч огноотой Улсын бүртгэлийн 2 дугаартайгаар, мөн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 27804 дугаартайгаар эрхийн хамгаалалт хийлгэж Монголын улсын Оюуны өмчийн газраас гэрчилгээг авсан байгаа болно.

“И*******” ХХК-ийн худалдаанд гаргаж буй “Цөмөөхэй” барааны тэмдэгтэй бүтээгдэхүүнүүд нь манай эзэмшиж буй барааны тэмдгийг зөрчиж буй тул зохих арга хэмжээг авч өгөх хүсэлтийг хүлээн авна уу.” гэжээ. 

6.Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 23 дүгээр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэрэг нээсэн байна. 

7.2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны үзлэгийн тэмдэглэлд “... 3.Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал:Оюуны өмчийн газрын  I үзлэг хийхэд:Гомдол гаргагч “М” ТББ нь “Цөмөөхэй” барааны тэмдгийг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 14, 16, 25, 28, 30, 32, 41, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотойгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 6, 16, 20, 25, 26, 28, 35 ангиллаар эрхийн хамгаалалт хийлгэсэн байна. ...” гэжээ.

8.Мөн 2023 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны үзлэгийн тэмдэглэлд “... 4.Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: “И*******” ХХК-ийн https://www.facebook.com/Tsumuuke фейсбүүк хуудсанд үзлэг хийхэд: Эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдэгтэй ижил “Цөмөөхэй” гэсэн нэртэй, бичлэг дуудлага ижил байна. ...” гэжээ.

9.Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн шинжээчийн гаргасан дүгнэлтэд “... 3.Дээрх мэдээллээс харахад 2 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдэг нь олон улсын Ниццийн 35 дугаар ангилалд “Хэвлэмэл мэдээллийн харилцааны үйлчилгээ, зардал, зурагт хуудас наах, бизнесийн мэдээллийг цахим хуудсаар хангах, цахим хуудсаар үнийн зохицуулалт хийх, сурталчилгаа ба худалдааны зорилгоор цахим лавлагааг бүрдүүлэх” гэсэн ангилалд эрхийн хамгаалалт хийгдэж байх бөгөөд “зөрчил үүсгэж буй” гэгдэх барааны тэмдэг нь 35 дугаар ангилалд хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна.” гэжээ.

10.Хэрэгт авагдсан баримтууд үзвэл, гуравдагч этгээд “М” сан нь “Цөмөөхэй” барааны тэмдгийг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор бүртгүүлж Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 14, 16, 25, 28, 30, 32, 41, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотойгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 6, 16, 20, 25, 26, 28, 35, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн анхдагч огноотойгоор Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 45 ангилалд эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.

11.Гомдол гаргагч “И*******” ХХК нь “Цөмөөхэй” гэх дээрх барааны тэмдгийг эрх эзэмшигч болох гуравдагч этгээд “М” сангийн зөвшөөрөлгүйгээр ашигласан болох нь зөрчлийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзэхээр байна.

12.Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх”, 12.1.“Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.”, 12.3.“Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:”, 12.3.1.“бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх;”, 12.3.2.“бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах;”, 12.3.3.“бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх;”, 12.3.4.“бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;”, 12.3.5.“бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;”, 12.3.6.“энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах.” гэж тус тус заажээ.  

13.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, барааны тэмдэг эзэмшигч нь онцгой эрх эдлэхээр байх бөгөөд бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байна.

14.Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих”, 1.“Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

15.Хуулийн дээрх заалтаас үзвэл, Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдвол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гурван мянган нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгохоор байна.

16.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагч “И*******” ХХК нь гуравдагч этгээд “М” сангийн эзэмшдэг “Цөмөөхэй” гэх барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул  маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

17.Дээрх үндэслэлээр гомдол гаргагч “И*******” ХХК-аас Оюуны өмчийн газрын хяналтын газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.2, 12.3.3, 12.3.4, 12.3.5, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан “И*******” ХХК-аас Оюуны өмчийн газрын хяналтын газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ