Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 16

 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хороонд холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн П.Уянгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар, хариуцагч Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж, дарга Б.Амарзаяа, гуравдагч этгээд П.Уянга, Баруун-Урт сумын Монгол ардын намыг төлөөлж, дарга Т.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 83-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Пүрэв овогтой Уянга нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гурван сарын өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байх ёстой. 

Гэтэл П.Уянга нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 08 дугаар сарын 15-нд гаргаж өгсөн байхад Сонгуулийн хороо нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №1 дүгээр тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэж авсан нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасны дагуу Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлтэй тул Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн П.Уянгад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж, дарга Б.Амарзаяа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баруун-Урт сумын Сонгуулийн хороо нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2016 оны Баруун-Урт сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан Монгол ардын намын 31, Ардчилсан намын 31, нийт 62 хүний материалыг хүлээн авсан. 

Тус Сонгуулийн хороо нь анхдугаар хуралдаанаа 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийж нэр дэвшигчдийн материалтай танилцаж хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хэлэлцсэн.

Нэр дэвшигчдийн материалтай танилцаж бүрдэл шалгах явцад Баруун-Урт сумын 2 дугаар багт Монгол ардын намаас нэр дэвшигч П.Уянга нь Сонгуулийн тухай хуулийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23.2-т заасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлээгүй, материалын бүрдэл дутуу зөрчилтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан эсэх талаар лавлагаа гаргуулахаар тус тус Сонгуулийн хорооны албан тоотыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн. 

Сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157.6-д заасны дагуу холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулан 2 дахь удаагийн хуралдаанаа 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийж, ирсэн албан тоотын хариу болон нэр дэвшигчийн Сонгуулийн хороонд гаргасан өргөдөл, нэмэлт материалыг танилцуулан Сонгуулийн хорооны гишүүдийн санал бодлыг сонсож, нэр дэвшигчээр бүртгэх эсэх талаар санал  хураалт явуулсан. 

Сонгуулийн хорооны гишүүд 59 нэр дэвшигчийг 100 хувийн саналаар, нэр дэвшигч Э.Сансартайван, П.Уянга, Б.Урансайхан нарыг 57.1 хувийн буюу олонхийн саналаар дэмжиж нийт 62 нэр дэвшигчийг бүртгэж Сонгуулийн тухай хуулийн 157.9-д заасны дагуу тогтоол гаргасан. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.   

 

Гуравдагч этгээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Монгол ардын намыг төлөөлж, дарга Т.Мөнхболд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ-д Монгол ардын намаас 2016 оны орон нутгийн сонгуульд 31 нэр дэвшигчийг дэвшүүлж Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан. 

Нэр дэвшигч П.Уянга, Э.Сансартайван, Б.Урансайхан нар нь өөрийн биеэр сумын Сонгуулийн хороонд өөрт холбогдох тайлбар материалыг хүргүүлснээр сумын Сонгуулийн хороо бүртгэн авч, сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан шийдвэр гарсан. 

Шүүх хуралдаанд Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаатай санал нийлэхгүй байна. Манай намын болон намаас нэр дэвшүүлсэн П.Уянгын эрх зөрчигдөж байна. Сонгуулийн хорооны дарга төрийн албан хаагчийн хувьд хариуцлага алдаж байгаа нь харагдаж байна. Хоёр намын төлөөлөл сууж байгаад 25 нас хүрсэн, өр төлбөргүй, ял шийтгэлгүй нэр дэвшигчийг бүртгэж сонгогдох эрхийг эдлүүлье гэсэн нэгдсэн нэг ойлголтод хүрсэн. 

Дээрхи гурван нэр дэвшигчийн асуудлыг хуулийн хүрээнд авч хэлэлцээд сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж өгнө үү гэв. 

 

Гуравдагч этгээд П.Уянга шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Пүрэвээ овогтой Уянга би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч 2016 оны 08 дугаар сарын 25-нд ажлаас чөлөөлөгдөх тушаал гарч ажлаа хүлээлгэн өгсөн. 

Тухайн үед сонгуульд оролцох бодол байгаагүй. Ажлаас чөлөөлөгдөх үндсэн шалтгаан минь ажлын байрны дарамт, үл ойлголцох асуудал байсан. Энэ нь 1-рт 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэл, 2-рт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны Сүхбаатар аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 320 тоот захирамжаар нотлогдож байна. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс П.Уянга би төрийн албан хаагч бус иргэн хүн болсон. Энэ нь ШШГЕГ-ын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б/994 тоот тушаалаар тус тус нотлогдож байна. 

Ингээд би 2016 оны 08 дугаар сарын 26-наас Улаанбаатар хотруу хувийн ажлаар яваад 28-нд ирсэн. 

Тухайн үед Баруун-Урт сумын Монгол ардын намын дарга Т.Мөнхболд миний утас руу залгаж ИТХ-д 2-р багт нэр дэвших боломж байна уу гэж асуусан. Тэр үед би гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад маргааш хариу хэлнэ гээд 2016 оны 08 дугаар сарын 29-нд 10.00 цагт өөрийн биеэр нэр дэвшихээ хэлсэн. Би ажлаа өгсөн, төрийн албан хаагч байхаа больсон учир ИТХ-д нэр дэвших бүрэн боломжтой болсон учир нэр дэвшсэн.

Сонгуулийн хороо өмнөх шийдвэрээ үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталвал миний эрх ашгийг зөрчих учир хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд сонгуульд оролцох эрхийг минь баталгаажуулж өгнө үү гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаатар нь тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн П.Уянгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Баруун-Урт сумын Сонгуулийн хороог төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Сонгуулийн хорооны дарга Б.Амарзаяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байсан тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хавсралтаар бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч талаас П.Уянгыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гурван сарын өмнө гаргах ёстой байтал 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасныг Сонгуулийн хороо хүлээн авч тогтоолын хавсралтаар нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус гэж маргаж байна. 

 

П.Уянга нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “... шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” нь төрийн тусгай албан хаагч байна, 11 дүгээр зүйлийн 11.2-т “... төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.” гэж заасны дагуу “төрийн жинхэнэ албан хаагч” байжээ. 

 

Тэрээр 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ албаны дарга, хурандаа С.Соёлбаатарт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/994 дүгээр тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан П.Уянгын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт /хх-ийн 30-рт/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/994 дүгээр тушаалуудаар /хх-ийн 31-рт/ тус тус тогтоогдож байна.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа П.Уянгын “ ... тухайн үед надад сонгуульд оролцох бодол байгаагүй, миний ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргах болсон үндэслэл, шалтгаан нь ажлын байрны дарамт, даргатайгаа үл ойлголцлоос болсон. Би 2016 оны 08 дугаар сарын 26-нд Улаанбаатар хот руу хувийн ажлаар яваад 28-нд ирсэн. Тухайн үед Баруун-Урт сумын Монгол Ардын намын дарга Т.Мөнхболд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2 дугаар багт нэр дэвших боломж байна уу гэж утсаар ярихад нь гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад маргааш нь сонгуульд оролцохоо илэрхийлсэн ...” гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан П.Уянгын Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 33-34-рт/ болон тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 320 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-ийн 35-36-рт/ давхар нотлогдож байна гэж үзлээ.  

 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч ... орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч ... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана.” гэж заажээ. 

 

Хуулийн дээрх зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихэд хамаарах заалт бөгөөд тухайн нөхцөлд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/994 дүгээр тушаалаар Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 83 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн П.Уянгад хамаарах заалт биш юм.  

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын Б/994 дүгээр тушаал гарснаар П.Уянга болон ажил олгогчийн хоорондын хөдөлмөрийн харилцаа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна. 

 

Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа “ ... П.Уянга нь сонгуульд өрсөлдөх зорилгоор ажлаас чөлөөлөгдсөн. Ингэхдээ Сонгуулийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Даргатайгаа ямар нэгэн таарамжгүй харьцаа, ажлын байрны дарамт шахалт байгаагүй гэж үзэж байна... ” гэсэн тайлбар нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байх ба шүүхээс гуравдагч этгээд  П.Уянгыг сонгуульд өрсөлдөхөөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж шууд дүгнэн үзэж хүсэлтээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө гаргасан байх ёстой гэж буруутгах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хороо 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж 2016 оны Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулж иргэн П.Уянгыг 2 дугаар багт нэр дэвшүүлснийг Баруун-Урт сумын Сонгуулийн хороо хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “ ... нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй.”, 157 дугаар зүйлийн 157.6-д “Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна.”, 157 дугаар зүйлийн 157.9-д “ Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна. 

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралтаар П.Уянгыг 2 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн нь үндэслэлтэй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын хуулиар олгогдсон ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.9, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ардчилсан намын гаргасан  “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралт дахь иргэн П.Уянгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД