Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0651

 

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0651

Улаанбаатар хот

 

 

М.О-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ч.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0497 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0497 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5 болон 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалтыг явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 484 634 төгрөгийг М.О-д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийслэлийн Газрын албанд даалгажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626 дугаар захирамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын Б/340, Б/354 дүгээр тушаалуудаар “газрын харилцааны чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо цалингийн сан, баримт, эд хөрөнгийн хамт нийслэлийн Газрын албанд шилжүүлэх”-ээр заасан байхад нэхэмжлэгчид тэтгэлэг олгон, төрийн албанаас чөлөөлсөн нь дээрх тушаал, шийдвэрүүд болон Төрийн албаны хуулийг зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж,

Нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсантай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах” гэж тодорхойлсон. Ингэхдээ нэг үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг хариуцагч зөрчсөн тул Б/340 дүгээр тушаал хууль бус болсон гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхээс “захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж буруу дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоосон тохиолдолд энэ хугацааны цалин олговрыг энэхүү зохицуулалтын дагуу ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохоор шийдвэрлэснээс үзэхэд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дугаар тушаалаар тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар тусгайлан олгосон нэмэлт баталгааг зөрчиж, бүтэц өөрчлөгдсөн нэрээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг нэгэнт шүүхээс тогтоосон байгаа боловч төрийн албанд эгүүлэн тогтоогүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргаан байгууллагын хууль бус актын улмаас зөрчигдсөнийг тогтоосон атлаа, түүнийг сэргээн тогтоогоогүй орхисон байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны олговроос ажлаас чөлөөлөхөд олгосон тэтгэмж 1.620.099 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа харилцаа, хариуцагчийн шаардлага гаргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан сонгон шалгаруулалтыг явуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хууль заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг даалгасан нь М.О-д хамааралгүй заалт гэж үзэж байна.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/01 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болгон өргөтгөн зохион байгуулсан. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн даргыг томилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасан. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Үйл ажиллагааны түр журам”-ын 1.3.6-д “мэргэжилтэн” гэж нэгдсэн төвд үзүүлж байгаа үйлчилгээнд хугацааны хяналт тавих үүрэг бүхий нэгдсэн төвийн албан хаагчийг хэлнэ” гэж заасан.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Драгон” салбарын газрын төлбөрийн мэргэжилтэн М.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын албатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн бөгөөд газрын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байсан мэдээ баримт бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт манай албанд шилжүүлэх шийдвэр гарсан боловч, уг орон тоо цалингийн фондод Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнүүдийн асуудал хамааралгүй юм.

Иймд М.О-ыг манай албаны үндсэн ажилтан мэт үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан сонгон шалгаруулалт зохион байгуулахыг манай Газрын албанд даалгасныг хууль бус гэж үзэхийн зэрэгцээ 2 дахь заалтаараа нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.484.634 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч М.О “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсантай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасан захиргааны акт гаргахыг хариуцагч Нийслэлийн газрын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулж, уг шаардлагаа дэмжсэн тул уг шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...анхан шатны шүүх “захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж буруу дүгнэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны байгууллагын хууль бус актын улмаас зөрчигдсөнийг шүүх тогтоосон атлаа, түүнийг сэргээн тогтоогоогүй орхисон, ажилгүй байсан цалин олговроос ажлаас чөлөөлөхөд олгосон тэтгэмжийг хасч нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа харилцаа, хариуцагчийн шаардлага гаргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэж,

хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нийслэлийн Газрын албанд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнүүдийн асуудал хамаарахгүй, нэхэмжлэгчийн манай албаны үндсэн ажилтан мэт үзэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгасан нь хууль бус, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд М.О нь Нийслэлийн Газрын албаны даргын 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаар тушаалаар анхнаасаа Багануур дүүргийн Газрын албанд томилогдож, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр жирэмсний амралтаа авах үедээ ч Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд төлбөрийн байцаагчаар ажиллаж байжээ. Үүний дараа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллуулах тухай” Б/108 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар М.О-ыг “Драгон” Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд мэргэжилтнээр томилжээ. Тус мэргэжилтний албан тушаал нь ТЗ-5-2 ангилалд хамаарч байх бөгөөд М.О нь “Төрийн жинхэнэ албан хаагч” байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар “Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан, техник тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албаны мэдэлд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл М.О нь Нийслэлийн Газрын албаны мэдэлд шилжжээ. Дээрх захирамж, тушаал гарсантай холбоотой М.О-ыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

Тус тушаалыг эс зөвшөөрч М.О шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж “маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй байхад хариуцагч энэхүү үүргээ биелүүлэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Газрын харилцаатай холбоотой чиг үүрэг хэрэгжүүлэн ажиллаж байгаад шилжиж ирсэн бүх ажилтныг ажлын байраар хангах боломж Нийслэлийн газрын албанд байхгүй байна. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан “мэргэжилтний” ажлын байрны орон тоо цөөрсөн, нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан нөхцөл байдал бий болсон байхад хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан сонгон шалгаруулалтыг зохион байгуулалгүй эс үйлдэхүй гаргажээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар М.О нь 1 удаагийн тэтгэлэг 1.620.099 төгрөг авсан байна. Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөхдөө авсан 1 удаагийн тэтгэлгийг нэхэмжлэгч буцаан төлөх ёстой. Учир нь нэхэмжлэгч ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд түүний цалинг тухайн үеэс нь /ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн тооцож/ бодож олгохоор шүүх шийдвэрлэсэн байна. Иймд цалин болон тэтгэлгийг давхардуулан авах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сонгон шалгаруулалт явуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн тул эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР