Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 63

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:              Л.Атарцэцэг

Шүүгчид:                             Г.Банзрагч,

                                            П.Соёл-Эрдэнэ,

                                            Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Э.Номин-Эрдэнэ.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0592 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0631 дүгээр магадлал,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0592 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 407 дугаар шийдвэрийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0631 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ЗХШХШтХ/-ийн 20.1.6, 28.2.6, 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0631 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч мөн хуулийн 123.2.1 дэх заалтад заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. 0631 дугаартай магадлалын “хянавал” хэсэгт өгсөн, доорх эрх зүйн үнэлэлтүүдийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Тодруулбал: Хянавал хэсгийн 2-р догол мөрөнд, “...407 дугаар шийдвэрээр “Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах гол үндэслэл болсон Дархан-Уул аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон ч, нэгдүгээрт цаг хугацааны хувьд, хоёрдугаарт одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль зүйн зохицуулалтын хувьд, гуравдугаарт нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх боломжтой эсэхийн хувьд дээрх шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ” гэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна.

4. Шүүхээс хэргийн үйл баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөхдөө гагцхүү хуульд захирагдаж, хуулийн утга агуулгад нийцүүлэх шаардлагатай бөгөөд дээр дурьдсанаар “цаг хугацааны хувьд” тооцсон хүчин зүйлийн улмаас нэхэмжлэлийг хангах боломжгүй гэсэн үнэлэлт нь хуульд нийцэхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед мөрдөгдөж байсан 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсгүүд нь хүчингүй болсон нь түүний дараа батлагдсан хуулийн холбогдох зүйл, хэсгийг уг маргааныг шийдвэрлэхдээ “буцаан хэрэглэх” үндэслэл болохгүй гэж үзэж байна.

5. Хянавал хэсгийн 3-р догол мөрөнд, “...Засаг даргын гаргасан дэмжсэн эсэх санал нь эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт бөгөөд харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс уг саналын эрх зүйн үндэслэлийг хянах эрхгүй, иймд давж заалдах гомдлын нэг үндэслэл болсон “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “Засаг даргын дэмжихгүй гэсэн санал нь үндэслэлгүй бол Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” зохицуулалтыг шүүх маргааныг шийдвэрлэхдээ харгалзахгүй” хэмээн үнэлэлт өгсөн нь захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

6. Шүүхээс хариуцагч захиргааны байгууллага нь тухайн үед ямар хууль тогтоомж, хэм хэмжээнд нийцүүлэн захиргааны үйл ажиллагаа явуулах, акт гаргах эрхтэй эсхүл эрхгүй байсан болохыг үнэлэлт хийлгүй орхиж, улмаар шүүх тэдгээр үндэслэлийг “маргаан шийдвэрлэхдээ харгалзахгүй” гэсэн нь хуульд нийцэхгүй байна.

7. Түүнчлэн уг захиргааны хэрэгт Дархан-Уул аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг илт хууль бус болохыг шүүхийн журмаар тогтоосон, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нотлох баримтаар авагдсан бөгөөд шүүх тухайн баримтад үндэслэн үнэлэлт хийх бүрэн боломжтой байтал уг асуудалд өөр үндэслэлийг холбон тайлбарлаж “энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд үл хамаарна” гэсэн нь магадлал үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй.

8. Нэхэмжлэгч талаас “даалгах” нэхэмжлэлийн шаардлага өмнө гаргаж байсан, хожим түүнийгээ өөрчилсөн байтал шүүх “даалгах шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлээгүй ч одоогийн нэхэмжлэлийн үндэслэл нь үүнтэй салшгүй холбоотой байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй” гэсэн дүгнэлт өгсөн нь магадлалын хууль ёсны шинжийг бүхэлд нь үгүйсгэж байна.

9. Давж заалдах шатны шүүх үнэлэлт өгөхдөө, “захиргааны байгууллагаас хуульд нийцсэн үйлчилгээ авах эрх ашиг нь зөрчигдсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор хуульд нийцсэн үйлчилгээ авах нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй” гэсэн үнэлэлт нь хуулийг маш ерөнхийлөн хэрэглэсэн, захиргааны байгууллагаас үйлчилгээ авч буй иргэн, хуулийн этгээд, хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхол хэмээх ойлголтыг ихэд явцууруулан тайлбарласан, хортой үнэлэлт болсон.

ХЯНАВАЛ:

10. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, ...-д заасныг үндэслэн, “Н” ХХК-иас Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цайдам нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлд “Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.   

11. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгч “Н” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэн, анхан шатны болон зураг зүйн шүүлт хийж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9530 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг даргад санал авахаар хандахад мөн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн хариу /2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1-2236 тоот албан бичгээр/ ирүүлсэнийг үндэслэн тус компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.    

12. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5 дахь хэсгүүдэд захиргааны байгууллага нь өргөдөлд дурдсан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэж, саналыг авч өргөдлийг шийдвэрлэхээр хуульчилсан, иймд 2 шатны шүүхийн “аймгийн Засаг даргын дэмжсэн эсэх тухай санал нь эрх зүйн үр дагавар үүсгэх захиргааны акт бөгөөд хариуцагчаас уг саналыг хянах, үнэлж дүгнэх эрхгүй, Дархан-Уул аймгийн Засаг даргын ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн” гэсэн дүгнэлт зөв байна.

13. Мөн нэхэмжлэгч “Н” ХХК-иас хожим шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр дээрх, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “дэмжихгүй” гэсэн саналыг илт хууль бус болохыг тогтоосон, гэвч энэ нь “дэмжсэн” гэсэн саналтай адил нөхцөл байдлыг бий болгохгүй ба нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх тухайн үед уг “дэмжихгүй” санал нь хуулийн хүчин төгөлдөр, уг саналд үндэслэн шийдвэр гаргасан. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нотлох баримтаар авагдсан байхад үнэлээгүй, ...хариуцагч нь хууль тогтоомжид өөрчлөлт ороогүй байх цаг хугацаанд нэхэмжлэгч талаас гаргасан өргөдлийг “үндэслэлгүйгээр” татгалзсан” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.   

14. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед мөрдөгдөж байсан 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсгүүд хүчингүй болсон нь түүний дараа батлагдсан хуулийн холбогдох зүйл, хэсгийг уг маргааныг шийдвэрлэхдээ “буцаан хэрэглэх” үндэслэл болохгүй” гэсэн гомдлыг мөн үндэслэлгүй гэж үзнэ.

15. Учир нь хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл /өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан/-ийг бүхэлд нь хүчингүй болгон, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан, иймээс хуулийн энэ зохицуулалтын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн шаардсанаар, өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь хүчин төгөлдөр хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох эрх, үүрэгтэй бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх хууль зүйн үндэслэлгүй байна.

16. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0592 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0631 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА