| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2023/00587/и |
| Дугаар | 152/ШШ2024/00124 |
| Огноо | 2024-03-19 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2024/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт У-ийн Б-ийн,
Хариуцагч: аймгийн сумын дугаар багт оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт Ц-ий Н-ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх, 8 м3 шургааг мод гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.
Хариуцагч Н-ад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд Цас зуд ихтэй байгаа, мөн мал төллөж байгаа, надаас өөр мал маллах хүнгүй учраас намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хариу өгсөн, нэхэмжлэгчээс ирцийн асуудлаар саналыг асуухад Ц.Нын нөхцөл байдлыг ойлгож байгаа учраас түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой талаар санал гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Ц.Н-ад холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх, 8 м3 шургааг мод гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ч гэдэг газарт анх шинэ газар байхад нь өргөмөл аав Д.Б-тай хамтарч шинээр өвөлжөө гаргаж хонины данхар тугалын амбаар, хоолны амбаар барьж 1997 оноос 2002 он хүртэл өвөлжиж байгаад эрүүл мэндийн шаардлагаар сум руу ирэхдээ хүргэн С.Г-т захиж буулгаад эзэмшиж байсан ба манай өвөлжөөнд айлууд гуйж буудаг байсан. Сүүлийн жилүүдэд Ц.Н нь манай өвөлжөөнд буудаг байсан боловч нэг нутаг усных гээд хориглодоггүй байсан юм. 2021 онд хүргэн С.Г нь өвөлжөөний хашааг буулгаж авахдаа 8х10 харьцаатай шургааг модон хоолны амбаар, тугалын амбаарын хагас мод өвөлжөөн дээр бариатай үлдээсэн байсныг Ц.Н дур мэдэн буулгаж хонины хашаа барьсан байсан ба би 2022 оны 8 дугаар сард мэдээд газрын албанд өргөдөл гаргах болсон. Дээрх хугацаанд миний биеийн байдал муу, байнга эмнэлгээр эргэж байсан тул надад Ц.Нтай зарга хийх хугацаа болоогүй юм. Одоогоор Ц.Н нь миний өвөлжөөний зориулалттай 0 гэрчилгээний дугаартай, 8 нэгж талбарын дугаар бүхий 800 м2 газар дээр отрын гэрээ буулгачихсан газар чөлөөлөхгүй байна. Иймд Ц.Ныг миний өвөлжөөний газраас албадан чөлөөлж, 8 м3 шургааг модыг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа миний газрын гэрчилгээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэж үзээд хүчингүй болгосон байна. Анх гэрчилгээ олгохдоо газрын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгаж байж гэрчилгээгээ өгөх ёстой. Би энэ асуудлыг мэдээгүй байж байгаад Ц.Нын шүүхэд авчирсан баримтаас мэдсэн. Иймд Аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө гэжээ.
2. Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2003 оноос одоог хүртэл Ч гэдэг газар өвөлждөг. Би уг газарт 20 жил өвөлжиж байгаа, намайг өвөлжөө барихад уг газар ямар нэгэн хашаа саравч байгаагүй. Гэтэл У.Б 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Газрын албанд хандаж миний өвөлжөөн дээр гэрчилгээ гаргуулж авсан байна. Уг гэрчилгээг гаргах өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 7 хоногийн дараа шуурхай гаргаж өгсөн. Иймд ямар ч эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан албан тушаалтныг шалгуулах хүсэлтэй байна. Иймд надад гаргасан иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг энэ өвөлжөө барьсан, өвөлжиж байгааг хөршүүд болон дугаар багийн Засаг дарга, хурлын дарга нар бүрэн гэрчилнэ. У.Б нь манай багийн нутагт байрлах Х гэх нэртэй өтөгт хашаа барьж иргэн Б.Т-д зарсан юм. У.Б хөдөө амьдардаггүй мөртлөө энд тэнд байх өвөлжөөнд гэрчилгээ гаргуулж бусдад зарж борлуулж ашиг олж байгаа хүн юм. Иймд миний өвөлжиж байгаа газарт гэрчилгээ гаргуулсан асуудлыг шалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчилгээний 0 дугаартай, нэгж талбарын 8 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж гаргасан өргөдөл, аймгийн даргын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/432 дугаар албан бичиг, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.А, Д.Б, Т.Г, С.Г нарыг, хариуцагчийн хүсэлтээр Б.Б, Т.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.Б-ийн хариуцагч Ц.Н-ад холбогдох газар албадан чөлөөлүүлэх, 8 м3 шургааг мод гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ч гэдэг газарт анх шинэ газар байхад нь өргөмөл аав Д.Б-тай хамтарч шинээр өвөлжөө гаргаж хонины данхар тугалын амбаар, хоолны амбаар барьж 1997 оноос 2002 он хүртэл өвөлжиж байгаад эрүүл мэндийн шаардлагаар сум руу ирэхдээ хүргэн С.Г-т захиж буулгаад эзэмшиж байсан ба манай өвөлжөөнд айлууд гуйж буудаг байсан.
2.2. Сүүлийн жилүүдэд Ц.Н нь манай өвөлжөөнд буудаг байсан боловч нэг нутаг усных гээд хориглодоггүй байсан юм. 2021 онд хүргэн С.Г нь өвөлжөөний хашааг буулгаж авахдаа 8х10 харьцаатай шургааг модон хоолны амбаар, тугалын амбаарын хагас мод өвөлжөөн дээр бариатай үлдээсэн байсныг Ц.Н дур мэдэн буулгаж хонины хашаа барьсан байсан ба би 2022 оны 8 дугаар сард мэдээд газрын албанд өргөдөл гаргах болсон.
2.3. Иймд Ц.Ныг миний өвөлжөөний газраас албадан чөлөөлж, 8 м3 шургааг модыг гаргуулж өгнө үү.
2.4. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа миний газрын гэрчилгээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэж үзээд хүчингүй болгосон байна. Анх гэрчилгээ олгохдоо газрын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгаж байж гэрчилгээгээ өгөх ёстой. Би энэ асуудлыг мэдээгүй байж байгаад Ц.Нын шүүхэд авчирсан баримтаас мэдсэн. Иймд Аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Миний бие 2003 оноос одоог хүртэл Ч гэдэг газар өвөлждөг. Би уг газарт 20 жил өвөлжиж байгаа, намайг өвөлжөө барихад уг газар ямар нэгэн хашаа саравч байгаагүй.
3.2. Гэтэл У.Б 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Газрын албанд хандаж миний өвөлжөөн дээр гэрчилгээ гаргуулж авсан байна. Уг гэрчилгээг гаргах өргөдлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 7 хоногийн дараа шуурхай гаргаж өгсөн. Иймд ямар ч эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан албан тушаалтныг шалгуулах хүсэлтэй байна. Иймд надад гаргасан иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно гэж тус тус заасан.
аймгийн сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар захирамжаар У.Бөд аймгийн сумын дугаар багт байрлах, 800 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн болох нь гэрчилгээний 0 дугаартай, нэгж талбарын 85168 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Н.А, Д.Б, Т.Г, С.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба гэрч Н.А аймгийн сумын дугаар баг, Ч гэх газарт байрлах өвөлжөөг 1997-1998 онд байхаа оныг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2000 оноос өмнө Д.Б, У.Б нар барьсан. Улмаар уг өвөлжөөнд У.Б 1-2 жилийн хугацаанд өвөлжиж байгаад хүүхдүүд нь сургуульд орсон, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас аймгийн төв рүү шилжин явсан. У.Б аймгийн төв рүү шилжин явснаас хойш дахин уг өвөлжөөнд өвөлжөөгүй. Тухайн өвөлжөөнд 2014 он хүртэл айл өвөлжөөгүй ба 2015 оноос Ц.Нынх өвлийн улиралд ирж буугаад 1-2 сар болоод буцаад нүүгээд явчихдаг байсан гэж, гэрч Д.Б Миний бие аймгийн сумын дугаар багт мал маллан амьдардаг байсан. Ч гэх газарт байрлах өвөлжөө болон хоолны амбаар, тугалын хашаа /пүнз/-г 1997 онд миний хүү У.Б, хүргэн С.Г болон миний бие барьсан. Уг өвөлжөөнд 5-6 жил орчим өвөлжиж байгаад сумын төв рүү орж ирсэн. Намайг нүүснээс хойш уг өвөлжөөнд хүү У.Б өвөлждөг болсон. У.Б 3-4 жил өвөлжиж байгаад У хот руу нүүж яваад 2-3 жил болоод буцаад аймагт ирсэн юм. Хүү У.Бийг хотод байх хугацаанд уг өвөлжөөнд хүргэн С.Г өвөлжиж байсан. У.Б, С.Г нар тухайн өвөлжөөнд ээлжлэн өвөлжиж байгаад аймгийн төв рүү нүүж орж ирсэн ба тухайн өвөлжөөг эзэнгүй 2-3 жил орхисон. Яг оныг нь сайн санахгүй байна. У.Б, С.Г нарыг байхгүй байх хугацаанд хавар, намарт тухайн өвөлжөөнд Ц.Н түр буудлаад явдаг байсан гэж манай нутгийн тэр хавийн хүмүүс надад ярьцгаасан. Тухайн өвөлжөөнд амбаар байсан. Хэн авсныг сайн мэдэхгүй байна. Бороо хур орсон үед төр хавийн айлын хүмүүс авч түлсэн гэж бодож байна, 10-аад мод үлдсэн байсныг нь би авсан гэж, гэрч Т.Г аймгийн сумын дугаар баг, Ч гэх газарт байрлах өвөлжөө У.Б, Ц.Н нарын өвөлжөө биш. Дээр үед буюу нэгдэл байх үед аймгийн сумын дугаар багийн нутагт Ч гэх газарт Ч, Ө, У гэх нэртэй 3-н өвөлжөө л байсан. Гэтэл 1997 онд У.Б-ийн аав Д.Б аймгийн сумын 2 дугаар багийн нутагт хүн бууж байгаагүй эр газар дээр буюу өтөг бууц байхгүй газарт данхар буюу малын сараалжин хашаа, пүнз /тугал, бяруу оруулдаг жижиг амбаар/ барьсан боловч өвөлжөөгүй. Тухайн газар нь А гэх айлын өвөлжөөний ойролцоо бэлчээр газар байсан юм. Улмаар 1998 оноос хойш 2 жил орчим У.Б нь уг газарт хэдхэн тооны малтай өвөлжиж байгаад сумын төв рүү нүүсэн. Тухайн газар нь өвөлжөө гэхэд хэцүү, айлын бэлчээр газар байсан юм. Үүнээс хойш У.Б нь суманд 23 жил орчим амьдарч байна. У.Бийг нүүснээс хойш тухайн газарт тэр хавийн айлууд өвөлжөөнд буухаас өмнө 15 хоногоос 1 сар орчим хугацаанд түр буугаад өвөлжөө рүүгээ нүүдэг байсан. Ц.Н 2019 оноос хойш Ч гэх газарт 1 сар орчим буугаад айлын бэлчээр идчихээд буцаад өөрийнхөө өвөлжөө рүү нүүгээд явчихдаг. Ч гэх газар нь өвөлжөөний газар биш, айлын өвөлжөөний бэлчээрийн газар юм. Ц.Н нь аймгийн сумын дугаар багт Л гэх өвөлжөөний газар хашаа, байшинтай хэрнээ ЧЭ гэх газар дахин өвөлжөө бариад авчихсан байгаа. У.Б нь Ч гэх газар гэж дурдсан байна. Тухайн газрыг Ч гэж нэрлэдэг. Ч гэх өвөлжөөнд малын сараалжин хашаа болон пүнз /тугал, бяруу оруулдаг жижиг амбаар/ байсан. Өөрсдөө дунд өтөг гэж нэмж нэр өгсөн байна. Манай аав Х.Ч, миний бие болон миний хүү Г.А нь аймгийн сумын дугаар багийн нутаг, Ө гэх газар өвөлждөг байсан тул энэ талаар сайн мэдэж байна. Ч гэх газар нь манай өвөлжөөнөөс 2 км орчим зайтай. Ч гэх газрыг У.Б, Ц.Н нарын өвөлжөө биш, Өийн өвөлжөөний газрын бэлчээр газар юм. Иймд У.Б, Ц.Н нар Ч гэх газар аль аль нь газар эзэмших эрх байхгүй гэж, гэрч С.Г Миний бие 1998 онд эхнэр Б.Э-тэй гэр бүл болсон ба 1997 онд хадаг сүйгээ тавьсан байсан. аймгийн сумын дугаар баг, Ч гэх газарт байрлах өвөлжөөг 1997 онд хадам аав Д.Б, хадам ах У.Б болон миний бие барьсан ба тус өвөлжөөг хадам аав Д.Б эзэмшиж байсан. 1998-2000 онд тус өвөлжөөнд манай гэр өвөлжиж байсан. 2000 оны хавар байхаа манайхыг тус өвөлжөөнөөс нүүхэд Ц.Н надаас Би танай өвөлжөөнд түр өвөлжиж байя гэхээр нь би зөвшөөрч Чи түр өвөлжиж байгаарай, би өвөлжөөндөө дахин гарч ирээд өвөлжинө шүү гэж хэлсэн. Үүнээс хойш Ц.Н тухайн өвөлжөөнд түр оторлож бууж байсан. Миний бие Ц.Н-ад өвөлжөө зарсан зүйл байхгүй. Дээрх хугацаанаас хойш тус өвөлжөөнд би очоогүй, манай гэр сумын төвд суурьшсан гэж тус тус мэдүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлохоор Б.Б, Т.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба гэрч Б.Б Би 2021 оноос сумын дугаар баг буюу Х багийн иргэдийн нийтийн Хурлын даргаар ажиллаж байгаа бөгөед тус багт төрж өссөн. Намайг бага байхад Ц.Нын гэр тус өвөлжөөнд өвөлждөг байсан тул уг өвөлжөөг Нын өвөлжөө гэж ооддог. Миний санаж байгаагаар 2010 оноос хойш уг өвөлжөөнд Ц.Нын гэр тасралтгүй өвөлжиж байгаа гэж, гэрч Т.Э Би 2016 оноос хойш сумын дугаар багийн Засаг даргаар ажиллаж байна. Миний мэдэж байгаагаар 2016 оноос хойш Ц.Нын гэр тасралтгүй уг өвөлжөөнд өвөлжиж байгаа. Намайг багийн
Засаг дарга болсноос хойш У.Б уг өвөлжөөнд огт өвөлжиж байгаагүй,
суманд малаа маллан амьдардаг гэж тус тус мэдүүлсэн байна.
Тус иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 66 дугаар зүйлийн 66.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 15 дугаар зүйлийн 15.3, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтаар баталсан У Б гэсэн хэсэг болон түүнийг үндэслэн олгосон 8 нэгж талбарын дугаартай, 800 м2 газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч У.Б-ийн нэгж талбарын 85168 дугаартай, 800 м2 газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Наас газар албадан чөлөөлөхийг шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У.Б-ийн хариуцагч Ц.Н-ад холбогдох аймгийн сумын дугаар багт байрлах, нэгж талбарын 8, гэрчилгээний 0 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 800 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх, 8 м3 шургааг мод гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч У.Б-ийн нэгж талбарын 85168 дугаартай, 800 м2 газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх гэрч Н.А, Д.Б, Т.Г, С.Г, Б.Б, Т.Э нарын мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
10. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У.Б-ийн хариуцагч Ц.Н-ад холбогдох аймгийн сумын 2 дугаар багт байрлах, нэгж талбарын 8, гэрчилгээний 0 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 800 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх, 8 м3 шургааг мод гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ