| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/09092/И |
| Дугаар | 197/ШШ2025/00685 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00685
2025 02 04 197/ШШ2025/00685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************* тоотод оршин суух, Б.Б***** /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С********** тоотод оршин суух, М.Ц****** /РД:********/ -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*****, хариуцагч М.Ц******, нарийн бичгийн дарга М. Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3,750,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...хариуцагчтай 2022.02.09-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн.. гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй тул үндсэн зээл 5,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж,
Хариуцагч хариу тайлбартаа... гэрээ байгуулж 5,000,000 төгрөг хүлээн авсан, энэ хугацаанд төлбөрийг төлж чадаагүй тул 6 сарын хүү 1,500,000 төгрөг төлж байсан...нэхэмжилсэн 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна...харин 2 ширхэг хөөргөө буцаан авах хүсэлтэй гэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг зөвшөөрч байгаа хэдий ч шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
3.1. Зохигч талуудын хооронд 2022.02.09-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги 0,5 хувиар тооцохоор талууд тохиролцож бичгээр байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлтэй нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлийн гэрээний хугацаа 2022.03.09-ний өдөр дууссан, талууд гэрээний хугацаа сунгаагүй боловч зээлдэгч хүүгийн төлбөрт 1,500,000 төгрөг төлснийг зээлдүүлэгч хүлээн авсан, энэ талаар маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар хариуцагчийн төлсөн төлбөрөөс 250,000 төгрөгийг хүүгийн төлбөрт, үлдэх 1,250,000 төгрөгийг үндсэн үүргээс хасаж тооцох нь зүйтэй байна.
Хариуцагч хөөргөө нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Ц******оос зээлийн гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц******оос тэмдэгтийн хураамж 74,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*****т олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН