Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00688

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00688

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ********* тоотод оршин суух, Г.Б****** /РД: *******/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ тоотод оршин суух, Б.Г******* /РД:******/ т холбогдох

Эмчилгээнд зарцуулсан зардал 1,864,180 төгрөг, цаашид гарах зардал 1,000,000 төгрөг, нийт 2,864,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б******, хариуцагч Б.Г*******, нарийн бичгийн дарга М. Гантуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,500,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,364,180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...явган хүний гарцаар гарах үед хариуцагч Б.Г******* нь тээврийн хэрэгслээр мөргөж гэмтээсэн, миний биед гэмтэл учирсныг шинжээч эмч тогтоосон...авто ослын улмаас учирсан гэмтэл нь хожим илэрдэг гэсэн тул төрөл бүрийн эмчилгээ хийлгэсний зардал болон цаашид гарах зардалд нийт 2,864,180 төгрөгийг бүхэлд нь гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлийг...гэм буруугийн талаар маргах зүйлгүй...нэхэмжлэгчид учирсан хохирлыг нотлох баримтаар тогтоогдсон хэсгийг төлнө гэсэн боловч 1,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж маргажээ.

3. Хариуцагч Б.Г******* нь 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнөөр нэхэмжлэгч Г.Б******гийн биед тархи доргилт, зулайн ар хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь 2024 оны 10 сарын 28-ны өдрийн****** тоот Шинжээчийн дүгнэлт, 2024 оны 11 сарын 06-ны өдрийн *****7 тоот мөрдөгчийн магадалгаа, 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 1577 тоот прокурорын тогтоол, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх баримтаар зохигч талууд гэм буруугийн талаар маргаагүй харин нэхэмжлэгчийн зарцуулсан зардал болон цаашид гарах зардал нь баримтаар тогтоогдсон эсэх талаар маргасан.

4.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д .Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 12 сарын 10-наас хойших хугацааны нийт 611,850 төгрөгийн баримт гаргасныг эрүүл мэндэд учирсан хохиролд зарцуулсан баримт гэж үзэхээр байна. Харин цаашид зарцуулах зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг гаргаагүй байгаа нь шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахаар байна. /хх 33-46/

Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагыг хангах нотлох баримт нь 611,850 төгрөгийн баримт байгаа хэдий ч хариуцагч нь гэм хорын хохиролд 1,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Б.Г*******өөс гэм хорын хохиролд 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,364,180 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 60,777 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******өөс тэмдэгтийн хураамж 38,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б******д олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН