| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2023/00274/и |
| Дугаар | 152/ШШ2024/00012 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, ургийн овогт Б-ын Б-ын,
Хариуцагч: аймгийн сумын дугаар баг, дугаар байранд байрлах Л эмнэлгийн байр, регистрийн 4 дугаартай, М ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдааны товыг мэдсэн ба шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн туслахын утсанд холбогдож сумаас очиж явна, шүүх хуралд 20-иод минут хоцорч очих юм байна гэж, хариуцагч Д.О өмгөөлөгчтэйгөө хамт очно гэсэн хариу ирүүлсэн байх ба тухайн нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь 2013 онд Г аймгийн ЭМШУИС-ийг эх баригч, бага эмчээр суралцаж төгссөн. Улмаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторийн тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байсан. 2022 оны 6 дугаар сард манай хадам эгч болох Б.О аймагт хүрэлцэн ирж хамтарч эмнэлэг байгуулан ажиллах санал тавьсан юм. Б.О-тэй хамтарч ажиллах талаараа маш сайн ярилцаж тохиролцсон. Бид хөрөнгөө оруулахдаа 50, 50 хувь байхаар тохиролцсон бөгөөд миний мэргэжил, туршлагыг түшиглэн хувийн эмнэлэг байгуулж надаар удирдуулах, ашгаа тэнцүү хувиар хуваахаар тохиролцон. 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн М ХХК-ийн захирал Б.О-ийн тушаалаар намайг Л эмнэлгийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Үүний дагуу миний бие холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж, эмнэлэг явуулах бүх орчин нөхцөлийг бие даан бүрдүүлэн холбогдох газраас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л эмнэлгийн тусгай зөвшөөрлийг гаргуулан авч ажлаа эхэлсэн. 2023 оны 5 дугаар сарын сүүлээр компанийн захирал Б.О ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцад үл ойлголцол гарсан. Тодруулбал Л эмнэлэгт эмчээр ажиллуулахаар болж Ус явуулсан эмч нь мэргэжлийн бус хун байсныг миний бие ажиллуулахаас татгалзаж, аймгаас мэргэжлийн хүмүүс авч ажиллуулж байсан юм. Б.О өөрийнх нь явуулсан хүнийг ажиллуулахгүйгээр өөр хүнийг авч ажиллуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй хэмээн намайг буруутгасан. Би эмнэлгийн захирлын хувьд мэргэжлийн хүнийг авч ажиллуулж цалинжуулах эрхтэй гэдгээ хэлсэн боловч миний тайлбарыг ойлгохыг хүсээгүй. Улмаар 6 дугаар сарын 04-ний өдөр Б.О нь эмнэлгийн цоожийг сольж, гадна талд нь төмөр хамгаалалт хийлгэж намайг эмнэлгээс хөөж явуулсан. Нэгэнт намайг эмнэлгийн захирал хийлгэхгүй хөөж явуулсан учраас түүнээс тушаал гаргаж өгөхийг шаардсан боловч тушаал шийдвэр гаргаж өгөөгүй. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар: Энэхүү гомдлыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар аймгийн хөдөлмөрийн эрхийн гурван талт маргаан таслах комисст 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бичгээр гомдол гаргасан ба аймгийн хөдөлмөрийн эрхийн гурван талт маргаан таслах комисс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд хариуцагч Б.О хуралд оролцоогүй тул тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлэх тухай заасан юм. Иймд намайг Лэмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие М ХХК-д холбогдуулан тус компанийн эзэмшил Л эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг тус шүүхэд гаргасан юм. Миний бие шүүхэд гаргасан гомдлын шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. М ХХК-ийн эзэмшил Л эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг М ХХК-ийн захирал Б.О-д даалгаж өгнө үү. Ихэсгэсэн гомдлын шаардлагын үндэслэл нь: 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн М ХХК-ийн захирал Б.О-ийн тушаалаар намайг Л эмнэлгийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байхад 2023 оны 6 дугаар сарын эхээр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн юм. Ингэхдээ ямар нэгэн хууль журмыг үндэслээгүй, бичгээр шийдвэр гаргаагүй юм. Хөдөлмөрлөх эрх маань зөрчигдсөнтэй холбоотой зохих журмын дагуу гомдол гаргаад явж байгаа юм. Иймд М ХХК-ийн эзэмшил Лэмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2023 оны 5 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацааны хугацааны цалинг 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг М ХХК-ийн захирал Б.О-д даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2022 онд анх эмнэлэг нээхээр шийдэж уг эмнэлэгтээ сувилагчаар хамаатны дүү Б.Быг авч ажиллуулж эхэлсэн. Тухайн үед ажил жигдэртэл би өөрөө хамт ажиллаж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын дундуур би У хот болон гадаад явах шаардлагатай болсон тул Б.Бд эмнэлгийн үйл ажиллагааг хариуцуулан үлдээгээд явсан. Улмаар би эргээд Б.Бтай холбогдох гэсэн боловч намайг хариу дарамталж бид хоёрын дунд маргаан үүсэж эхэлсэн. Тухайн үед би Б.Бд "одоо энэ маргаанаа больё, хэрвээ чи цаашид ажиллахыг хүсэж байвал үргэлжлүүлээд ажиллая, үгүй гэвэл чи эмнэлгийг хаагаад явж болно" гэж хэлсэн. Энэ үеэс хойш над руу байнга дарамттай мессеж бичдэг байсан би хариу өгдөггүй байсан. Ингээд би 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол ирээд У хотод хувийн ажлаа дуусгаад 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр аймагт ирээд Л эмнэлэг дээрээ ирж Б.Бтай уулзаж ярилцахын хүссэн боловч тэр нь үргэлж хэрүүл болчихдог байсан. Тэр үеэс би санхүүгийн баримт болон эмнэлгийн үйл ажиллагаа хэр байгаатай танилцаж эхэлсэн ба санхүүгийн ихээхэн зөрчил байгааг илрүүлсэн. Гэтэл Б.Б нь тухайн зөрчлийг зөвшөөрөхгүй нөхөртэйгөө хамт над руу дайрч өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан ба энэ маргаан 2-3 хоног үргэлжилсэн. Үүний дараа би Б.Бтай утсаар ярьж дуудаж байж тооцоо нийлсэн. Улмаар Б.Б нь эмнэлгийг цоожлоод үйл ажиллагааг нь зогсоогоод өөрөө ажлаа хаяад явсан ба би 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нөхрийнх нь хамтаар дуудаж уулзаад нөхөрт нь Б.Б-ын гаргасан санхүүгийн зөрчлийн талаар хэлсэн ба "Б.Быг захирлын албан тушаалаас нь чөлөөллөө. Харин сувилагчаар ажиллаж болно" гэсэн. Гэтэл Б.Б "үгүй би чамтай хамтарч ажиллахгүй гээд явсан. Ингээд би аргаггүйн эрхэнд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Харин Б.Б нь миний нийгмийн даатгалыг урт хугацаанд тасалдуулж ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрхэд ноцтой хохирол учруулсанд би гомдолтой байна. Миний бие нь Б.Бд хууль ёсны шаардлага тавьсан мөн гаргасан зөрчилд нь холбогдуулж ажлаас чөлөөлсөн тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, М ХХК-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Б-ын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны Л эмнэлгийн орлого, зарлагын баримтууд, заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, нэхэмжлэх, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Цын тодорхойлолт, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээ, 13 дугаар нэхэмжлэх, Б.О-ийн Хаан банкин дахь дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. 2022 оны 6 дугаар сард манай хадам эгч болох Б.О аймагт хүрэлцэн ирж хамтарч эмнэлэг байгуулан ажиллах санал тавьсан юм. Б.О-тэй хамтарч ажиллах талаараа маш сайн ярилцаж тохиролцсон.
2.2. 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн М ХХК-ийн захирал Б.О-ийн тушаалаар намайг Лэмнэлгийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм.
2.3. 2023 оны 5 дугаар сарын сүүлээр компанийн захирал Б.О ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцад үл ойлголцол гарсан. Тодруулбал Лэмнэлэгт эмчээр ажиллуулахаар болж Улаанбаатараас явуулсан эмч нь мэргэжлийн бус хун байсныг миний бие ажиллуулахаас татгалзаж, Увс аймгаас мэргэжлийн хүмүүс авч ажиллуулж байсан юм. Б.О өөрийнх нь явуулсан хүнийг ажиллуулахгүйгээр өөр хүнийг авч ажиллуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй хэмээн намайг буруутгасан. Би эмнэлгийн захирлын хувьд мэргэжлийн хүнийг авч ажиллуулж цалинжуулах эрхтэй гэдгээ хэлсэн боловч миний тайлбарыг ойлгохыг хүсээгүй.
2.4. Улмаар 6 дугаар сарын 04-ний өдөр Б.О нь эмнэлгийн цоожийг сольж, гадна талд нь төмөр хамгаалалт хийлгэж намайг эмнэлгээс хөөж явуулсан. Тухайн үед тушаал гаргаж өгөхийг шаардсан боловч өгөөгүй.
2.5. Иймд намайг М ХХК-ийн эзэмшил Л эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 5 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацааны хугацааны цалинг 1,500,000 төгрөгөөр тооцон гаргуулж, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг МХХК-ийн захирал Б.О-д даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Би 2022 онд анх эмнэлэг нээхээр шийдэж уг эмнэлэгтээ сувилагчаар хамаатны дүү Б.Быг авч ажиллуулж эхэлсэн.
3.2. Тухайн үед ажил жигдэртэл би өөрөө хамт ажиллаж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын дундуур би У хот болон гадаад явах шаардлагатай болсон тул Б.Бд эмнэлгийн үйл ажиллагааг хариуцуулан үлдээгээд явсан.
3.3. ...Улмаар би эргээд Б.Бтай холбогдох гэсэн боловч намайг хариу дарамталж бид хоёрын дунд маргаан үүсэж эхэлсэн. Ингээд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр аймагт ирээд Л эмнэлэг дээрээ ирж Б.Бтай уулзаж ярилцахын хүссэн боловч тэр нь үргэлж хэрүүл болчихдог байсан. Тэр үеэс би санхүүгийн баримт болон эмнэлгийн үйл ажиллагаа хэр байгаатай танилцаж эхэлсэн ба санхүүгийн ихээхэн зөрчил байгааг илрүүлсэн. Гэтэл Б.Б нь тухайн зөрчлийг зөвшөөрөөгүй, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нөхрийнх нь хамтаар дуудаж уулзаад нөхөрт нь Б.Б-ын гаргасан санхүүгийн зөрчлийн талаар хэлсэн ба "Б.Быг захирлын албан тушаалаас нь чөлөөллөө. Харин сувилагчаар ажиллаж болно" гэсэн. Гэтэл Б.Б "үгүй би чамтай хамтарч ажиллахгүй гээд явсан. Ингээд би аргаггүйн эрхэнд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.
3.4. Харин Б.Б нь миний нийгмийн даатгалыг урт хугацаанд тасалдуулж ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрхэд ноцтой хохирол учруулсанд би гомдолтой байна.
3.5. Иймд Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Од нэхэмжлэлийн хувийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу хариу тайлбараа шүүгчээс тогтоосон хугацаанд ирүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба тухайн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан, хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч Б.Б нь У сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хариуцагч Б.О хуралд оролцоогүй тул талууд тохиролцоонд хүрч чадаагүй гэж үзэн, ажиллагааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгч нь шүүхэд хандсаныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн болно.
М ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 62 дугаар зүйлийн 62.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Л эмнэлгийн захирал Б.Быг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн болон холбогдох баримтаар тогтоогдсон гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөр цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж, 62 дугаар зүйлийн 62.2.3-т Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгоно, мөн ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг.
Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан эрх бүхий ажилтан мөн байх боловч түүний гаргасан зөрчлийг ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогоогүй байна. Учир нь хариуцагч Б.Б хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн болон холбогдох баримтаар тогтоогдсон гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлохоор орлого, зарлагын баримтууд болон тооцоо нийлсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Тухайн баримтуудад 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны Л эмнэлгийн орлого, зарлагын нэгтгэлийг түүвэрлэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг баримтаар нэхэмжлэгч Б.Б нь ажил олгогчийн итгэлийг алдсан ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагч Б.Б ... ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн ... баримтаар тогтоогдсон гэж тушаалдаа дурдсан байх боловч сахилгын зөрчилтэй холбоотой санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т "санхүүгийн баримт" гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 3.1.4-т "журнал" гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг, 3.1.5-т "ерөнхий дэвтэр" гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг ойлгоно гэж заасан. Хариуцагч нь дээрх хуульд тодорхойлсноор ойлгох санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Мөн хариуцагч нь тушаалдаа нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасан. Талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан А/01 дүгээр хөдөлмөрийн гэрээний 7.2.1-7.2.20 дахь заалтад ажилтны хүлээх үүргийг дэлгэрэнгүй тусгасан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад заасан ямар үүргийг хангалтгүй биелүүлсэн талаар тушаалдаа тодорхой дурдаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй гэж, 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч ажил олгогч тул ажилтан Б.Бд хариуцагчийн гадаад байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэггүй болно. Иймд хариуцагчийн Б.Б нь миний нийгмийн даатгалыг урт хугацаанд тасалдуулж ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрхэд ноцтой хохирол учруулсанд би гомдолтой байна гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан. Гэтэл хариуцагч энэ талаар тушаалдаа тодорхой заагаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ... гэж зохицуулснаар хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах болсон тухайгаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, сахилгын зөрчлийн талаарх тайлбарыг аваагүй байна. Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулах болсон тухайгаа 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Быг нөхрийнх нь хамтаар дуудаж уулзаад нөхөрт нь Б.Б-ын гаргасан санхүүгийн зөрчлийн талаар хэлсэн ба "Б.Быг захирлын албан тушаалаас нь чөлөөллөө. Харин сувилагчаар ажиллаж болно" гэсэн. Гэтэл Б.Б "үгүй би чамтай хамтарч ажиллахгүй гээд явсан гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоодохгүй байх тул сахилгын шийтгэл ногдуулах болсон тухай нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдсэн гэж үзээгүй болно.
6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Б хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг М ХХК-ийн эзэмшлийн Л эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. Нэхэмжлэгч Б.Быг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэн ажлын байранд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 2, 3, 4 дүгээр саруудын цалингаас дундаж цалин хөлсийг 1 сарын 1,000,000 төгрөг гэж тодорхойлон 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,340,00 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч 2024 оны 1 дүгээр сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардсан, цаг хугацааны хувьд 2024 оны 1 дүгээр сар дуусаагүй байх тул тухайн хугацааны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан А/01 дүгээр хөдөлмөрийн гэрээнд цалинг 1,500,000 төгрөг гэж тохиролцсон байх боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-т ... дундаж цалин хөлсийг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан тул нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 1 сарын дундаж цалин хөлсийг 1,000,000 төгрөг гэж тооцсон болно.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч М ХХК-д даалгах нь зүйтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 202,590 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Быг М ХХК-ийн эзэмшлийн Л эмнэлгийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч М ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 7,340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, 2024 оны 1 дүгээр сарын цалин, нийгмийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 202,590 төгрөг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Даргалагч, шүүгч Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ