| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2018/0005/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 18
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч: Б.Энхтулга
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Боржигон овгийн Оюунчимэгийн Батнайрамдалд холбогдох 1731000380092 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны 2 дугаар байрны 29 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2006 онд Дархан уул аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Оюунчимэгийн Батнайрамдал /РД:ТА-86083175/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Батнайрамдал нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг Саудын гарам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч О.Батнайрамдлын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Хохирогч Т.Гансүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Саудын гарам буюу Ерөө голд ямар нэгэн иргэдаж ахуйн нэгж байгууллага ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй. Зөвхөн ашиглалтын лиценз зөвшөөрлийн бичиг баримттай ААН, байгууллага хууль дүрэмд заасны дагуу холбогдох бичиг баримт бүрдүүлж үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
3.Иргэний нэхэмжлэгч Х.Болормаагийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эко орчинг ХХК-ийн зүгээс О.Батнайрамдалд экскаватор гэх төхөөрөмж түрээслэн ажиллуулсан юм. Түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл 12.000.000 төгрөгийг О.Батнайрамдалаас нэхэмжилж байна. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
4.Гэрч О.Хатанбаатарын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 сарын 24-ний орой 20 цагийн үед Ерөө сумын Бугантад найзуудтайгаа уулзчихаад гудамжаар явж байтал хуучны танил Батнайрамдал таарсан. Батнайрамдал нэг орой намайг “экскаваторын операторчноор ажиллаад өгөөч” гэхээр нь за гэсэн. Батнайрамдал машиндаа суулгаад хаашаа ч юм явсан. Би Бугантыг сайн мэдэхгүй болохоор нэг уурхайн гаднаас шар өнгөтэй Хюндай 2800 маркийн экскаваторыг асаагаад Ерөө голыг гатлаад зүүн эрэг дээр нь гарсан. Ингээд экскаватороор гитаран бууг нь байрлуулах гэж байгаад усанд унагаачихсан. Түүнийгээ авах гэж ноцолдож байгаад гаргаад иртэл буу нь гажсан байсан. Тэгээд Найрамдал өөрийнхөө хэдэн найзуудтай нийлж байгаад гитаран буугаа тал тал тийш нь нүдэж цохиж байгаад засварлаад дөнгөж угаалга хийж байтал Ерөө голын баруун эрэг дээрээс хэдэн залуус бичлэг хийгээд байна, Экскаватороо холдуулчих гэж Найрамдал хэлэхээр нь экскаватороо хөдөлгөөд голоос гарах гэж байтал портер маркийн машинтай 3-н залуу ирээд Найрамдалын машины түлхүүрийг сугалж аваад Батнайрамдал, Азбаяр нарыг суулгаад аваад явсан......” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
5.Гэрч Ц.Амарбатын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 сарын 23-ны өдөр 15 цагийн орчим би төвийн 5 давхарын гадаа /Батнайрамдал/ Баагий ахтай таарсан ба “Ахаа дүүд нь хийх ажил байна уу” гэж асуусан чинь “одоо шууд ажилд ор хамт явъя “ гэсэн. Тэгээд Баагий ахын прадо маркийн машинд суухад Мийгаа ах машинд нь сууж байсан. Мийгаа ахын гэрт очиж Хатнаа гэдэг ахыг аваад 16 цагийн орчим тосгоны төвөөс гарч Их алтны саудын гол гэх газар руу явсан. Замдаа машины ус халж зогсож ус нэмж явсаар 21 цаг орчим саудын голын гармаар гарч экскаваторын хажууд зогсож Хатнаа гэдэг ах экскаваторыг асааж гол руу орж голын дунд ухсан нүхэнд хийсэн байсан гитаран нэртэй алт угаадаг бууг шанагаараа өргөж голын эрэгт авчирч бууныхаа резин, тарпит төмрийг янзалж буугаа суурилуулж тавиад байж байхад экскаваторын түлш дууссан. Баагий ах ганцаараа машинтайгаа явж 50 литр түлш авчирахад нь Мийгаа ах бид хоёр эксваторын банкинд хийсэн. Тэгээд Хатнаа ах хөрс хуулна гээд гол руу экскаватороо жолоодон орж голын хайргыг хуулж эхэлсэн. Бараг цаг гаруй болсон байх, тэгээд дуусаад гитаран нэртэй алт угаадаг буугаа суурилуулаад алтаа угаагаад 30 минут болж байхад гитаран нэртэй буу нь ухсан нүх рүү унасан. Тэгээд трос олж ирээд татаж гаргаад дахин суурилуулж алтаа угааж байхад 4 цагийн орчим голын цаад эрэг дээр саарал өнгийн жип машин ирсэн машинаас 1 хүн бууж ирээд камериар бичлэг хийсэн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас
6.Гэрч И.Анхбаярын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 7 сарын 24-ний өдөр 05 цагийн үед Ерөө голын эрэг дээр гар аргаар алт угааж байтал Ерөө гол дээр 3 экскаватор зогсож байгаа харагдсан. Тухайн үед Отвалын ард гар аргаар ашигт малтмал олборлож байсан болохоор шалгалт ирсэн үгүйг би мэдэхгүй байна. Ерөө голын баруун эрэгт манай тосгоны Ганзаяагийн саарал өнгийн пробоск, цэнхэр өнгийн мотоцикль байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
7.Гэрч Ш.Азбаярын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2017 оны 07 сарын 23-24-нд шилжих шөнө Бугант тосгоны нутаг дэвсгэр Саудын гарам буюу Ерөө голд ашигт малтмал олборлох гэж очиход надаас өөр манай тосгоны иргэн О.Батнайрамдал болон Ганзаяа гэх залуугийн экскаваторыг түрээслэн ажиллуулж байсан үл таних 3 залуу Ганзаяагийн эзэмшлийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн 2200 мракийн экскаватортой Ерөө голд орчихсон зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
8.Гэрч Д.Ганзаяагийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....2017 оны 07 сарын 24-ний өдөр миний эзэмшлийн Солонгос улсад үйлдвэрлэсэн улаан хүрэн өнгийн Доосан фермийн 2200 маркийн экскаватороор миний таньдаг хүмүүс Ерөө гол ашигт малтмал олборлохоор голд ороод баригдсан юм байна лээ ...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/
9.Гэрч О.Анхболдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Миний хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын бугант тосгоны хүнээс авлагтаа алт угаах зориулалт бүхий гитаран буу гэх нэртэй төхөөрөмжийг авсан. 2017 оны 06 сард надаас тухайн гитаран бууг Батнайрамдал 2 сая төгрөгөөр тохиролцож зээлж авсан юм. Одоогийн байдлаар мөнгө төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа ...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/
10.Гэрч Д.Мягмардаваагийн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би Батнайрамдал гэх залуугийн бригадад 2017 оны 07 сарын 24-нд шилжих шөнө хоногийн 50.000 төгрөгөөр тохиролцож туслах ажилтнаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрийн 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Тагнуулын газраас хүмүүс ирээд бид нарын үйл ажиллагааг зогсоож гэрэл зураг болон видео бичлэг хийж баталгаажуулсан. Бид нар тухайн үед Сэлэнгэ аймгийн Ерөө голд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Манай бригад нэг 2900 маркийн экскаватор алт угаах зориулалт бүхий гитаран буу гэх нэртэй төхөөрөмж, хоёр ширхэг соруулдаг помп, Тоёота Прадо 95 маркийн 01-68 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр Батнайрамдал, туслах ажилтан Амарбат, экскаваторын операторчноор Хатнаа гэх залуу гээд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/
11.Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №18-05-038/47 дугаартай дүгнэлтэнд:
1.Эрүүгийн 1731000380092 дугаартай хэргийн газрын үзлэгээр Цагдаагийн ахмад К.Эрдэнэбилэг байршил тогтоох төхөрөмжөөр баталгаажуулсан N 49 15 51.7 E 107 14 12.5 цэг нь 2016 онд Д.Ганболд гэх хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан 201618000316 дугаартай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байршил тогтоох төхөөрөмжөөр авсан цэгүүд буюу ашигт малтмал олборлож байсан талбайн хэмжээнд хамаарагдаж байгааг ARCGIS программ дээр талбайн хэмжээнд тусгагдсан кординатуудыг байрлуулж үзэхэд хуучин олборлосон талбай дотор багтаж байна.
2. Нэмэлт дурьдах мэдээлэлгүй...гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/
12.Шүүгдэгч О.Батнайрамдалын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр өгсөн....гэх мэдүүлэг/хавтатс хэргийн 122-123 дугаар хуудас/
13.Шүүгдэгч О.Батнайрамдалын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн....Би 2017 оны 06 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг Шар эрэг гэх газарт ашигт малтмал олборлох санаатай очсон юм. Тухайн үед Хюндай 2900 маркийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн нэг тооны экскаватор болон алт угаах зориулалт бүхий Гитаран буу, ачигч автомашин түрээслэн тухайн газарт ирсэн. Экскаваторыг Улаанбаатар хотын иргэн Эрдэнэжаргал гэх хүнээс нэг сарын 12.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод урьдчилгаа 6.000.000 төгрөгийг өгсөн байсан. Харин алт угаах гитаран буу миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Шар эрэг гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллага явуулаагүй байж байгаад 2017 оны 7 сарын 22-ны өдөр би өөрөө экскаватороо жолоодоод Саудын гарам гэх газар руу явж очиж экскаватороо үлдээгээд эргээд Бугант тосгонд очсон. Тэндээ хамт ажиллах хэдэн хүн хайж олохоор болж хайж байгаад экскаваторын оператор Хатанбаатар, туслах ажилтан Амарбат, Мягмардорж гэсэн 3 залууг хүн тус бүрийг 50.000 төгрөгөөр цалинжуулахаар болж амаар тохиролцоод 2017 оны 07 сарын 23-ны өдөр 16 цагийн үед Саудын гарам гэх газарт 01-68 ДАР улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслээр очсон юм. 2017 оны 07 сарын 24-ний үүрийн 04 цагийн үед экскаватор болон алт угаах гитаран бууг голын зүүн эрэгт байрлуулаад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Экскаватороор шанагадсан шороогоо алт угаах зориулалт бүхий төхөөрөмж рүү хийж эхэлж байтал саарал өнгийн Ниссан патрол маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 танихгүй залуу ирээд бид нарын үйл ажиллагааг баримтжуулан видео бичлэг хийж тээврийн хэрэгслийн түлхүүрийг экскаваторын түлхүүрийг мөн хурааж авсан ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/
14.Шүүгдэгч О.Батнайрамдалын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн.....мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/
15.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11 дүгээр хуудас/
16.Эд мөрийн баримтаар тооцох тухай /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
17.2016 оны эрүүгийн хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хавтатс хэргийн 59-121 дүгээр хуудас/
18.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 136, 138-141 дүгээр хуудас/
19.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/
20.“Эко орчин” ХХК-ийн техник түрээслэх гэрээ /хавтатс хэргийн 152- 161 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Батнайрамдалын холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овгийн Оюунчимэгийн Батнайрамдалыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн үүрийн 4 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Саудын гарам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
Шүүгдэгч О.Батнайрамдал нь ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго агуулсан байдал нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Шүүх гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, шинжээчийн дүгнэлтээр “Эрүүгийн 1731000380092 дугаартай хэргийн газрын үзлэгээр Цагдаагийн ахмад К.Эрдэнэбилэг байршил тогтоох төхөөрөмжөөр баталгаажуулсан N 49 15 51.7 E 107 14 12.5 цэг нь 2016 онд Д.Ганболд гэх хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан 201618000316 дугаартай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байршил тогтоох төхөөрөмжөөр авсан цэгүүд буюу ашигт малтмал олборлож байсан талбайн хэмжээнд хамаарагдаж байгааг ARCGIS программ дээр талбайн хэмжээнд тусгагдсан координатуудыг байрлуулж үзэхэд хуучин олборлосон талбай дотор багтаж байна” гэсэн дүгнэлтийг зөв гэж шүүх үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болгов.
Гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэрэгт дээрхи нөхцөл байдлыг үндэслэн Оюунчимэгийн Батнайрамдалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч Х.Болормаа нь шүүгдэгч О.Батнайрамдалаас Хюндай 2900 маркийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн нэг тооны экскаваторыг түрээслүүлсний төлбөрт 12.000.000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлага шүүхийн шатанд хангагдсан байна. Батнайрамдалын олборлолт явуулсан газарт урьд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан Д.Ганболд гэгчийн олборлолт хийсэн талбай байсан ба тэр хэрэгт экологи эдийн засгийн хохиролын үнэлгээг гаргаж холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дууссан учраас Батнайрамдалд холбогдох эрүүгийн хэрэгт экологи эдийн засгийн хохиролын хэмжээг тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр шинжээч дүгнэлт хийжээ. Иймээс Батнайрамдлыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Батнайрамдалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Ингээд шүүхээс О.Батнайрамдалд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялаас Прокурорын оногдуулахаар санал болгосон 5400 нэгжээр торгох ял шийтгэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD гэсэн бичигтэй саарал өнгийн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлгүүд, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Оюунчимэгийн Батнайрамдалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх, 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Оюунчимэгийн Батнайрамдалыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Батнайрамдалын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсан байхаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан DVD-R гэсэн бичиглэлтэй саарал өнгийн нэг ширхэг дискийг Эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал 1731000380092 дугаартай Эрүүгийн хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Ялтан О.Батнайрамдал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Ялтан О.Батнайрамдалд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ