Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/590

 

 

 

 

 

 

 

 

Г.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч Г.А, 

хохирогч Д.А,  

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.А давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч Г.Ат холбогдох 2209027690363 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.А тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “000” нэртэй караокегоор үйлчлүүлж байхдаа мөн тус караокегоор үйлчлүүлж байсан хохирогч Д.А-ийг тус караокены ариун цэврийн өрөөнд ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун шуу, уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан ер хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.А гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 9 сарын 28-ны шөнө шүүгдэгч Г.Ат зодуулж хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун шуу, уруул, нүдэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийг авсан. Хамар хэлбэрээ алдаж мурийсан, амьсгалж чадахгүй хэцүү байдалтай байгаа. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмтлийн улмаас эрүүл мэнддээ зарцуулсан хохирлын баримтыг гаргаж өгсөн. Дахин эмчилгээ, хагалгаа хийлгэх, мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх тухайгаа мэдүүлж байхад хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан мэтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд ...хэргийг хянан шийдвэрлэв гэсэн байна. Гэтэл хяналтын прокурор хэргийн материалтай танилцах гэхэд “Танилцаад байх зүйл байхгүй” гээд 2 баримт дээр гарын үсэг зуруулсан. Би хэргийн материалтай танилцаагүй. Тухайн үед шүүгдэгчийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал ирүүлсэн талаар огт мэдэгдээгүй. Миний ойлгож байгаагаар шүүгдэгч хохирол төлбөрөө бүрэн төлж хохирогчийг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх журамтай байх гэж ойлгож байна. Би энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ маш их хохироод байхад хохирол төлбөр барагдсан нэхэмжлэх зүйлгүй мэтээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Хэргийг мөрдөж байсан мөрдөгч болон прокурорт хохирлын баримт болох ажилгүй байсан тухай баримтаа нотлох баримтаар өгөх гэхэд шүүх дээр гаргаж өгөөрэй гээд аваагүй атлаа шүүх хуралдаанд намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдсэн байна. Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт болон хохирогч Д.Аэс нэхэмжилсэн зардлыг үндэслэн 2.200.000 төгрөг гаргуулахаар дүгнэсэн болов уу гэж үзэж байна. Хохирогч Д.А-ийн хувьд ямар ч баримтгүй байдаг. Миний хувьд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, заргалдахаар байсан. Гэхдээ тухайн үед хийсэн үйлдэл нь миний буруу гэж ойлгосон учраас хохирогч Д.А-ийг хохиролгүй болгъё гэх үүднээс 2.200.000 төгрөгийг шилжлүүлсэн. Гэтэл хохирогч Д.А анхан шатны шүүхээс тогтоож өгсөн зардлаас давуулж нэхэмжилж байна. Хохирогч Д.А өөрөө өмнө нь гэмтэлтэй байсан ч юм билүү, эсхүл тухайн гэмтлийн дараа дахин гэмтэл шинээр үүссэн үү гэдгийг бид мэдэхгүй...” гэв.   

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагдагчийн хувьд шүүгдэгч Г.Ат холбогдох хэрэгт хяналт тавин ажилласан. Яллагдагчаас хуульд заасан журмын дагуу “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээ гаргасан. Хүсэлтийн дагуу нөхцөл байдлын талаар хянаж үзсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрдсэн учраас ял тохиролцож, анхан шатны шүүхээс 600.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн . Хохирогч Д.Аэс нэг ч төгрөгийн баримт гаргаж өгөөгүй. Харин хохирогч Д.А-ийн ажилладаг байгууллагын албан бичигт хохирогч Д.А-ийг хэдэн төгрөгийн цалинтай болох, ажилгүй байсан өдрүүдийг нь тодорхойлсон байсан. Шүүгдэгч Г.Аын хувьд ямар ч баримтгүйгээр 2.200.000 төгрөгийг хохирогч Д.А-ийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэх өдөр хохирогч Д.А ирж, байгууллагын албан бичиг гаргаж, өмнө нь хавтаст хэрэгт авагдсан байгууллагын албан бичгийг хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Улсын яллагчийн зүгээс “...яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байна. Таны гаргасан албан бичгийг одоо хүлээж авах боломжгүй, шүүх хуралдаанаар гаргаж өгөөрэй...” гэж хэлсэн боловч хохирогч Д.А өөрөө шүүх хуралдаанд биечлэн ирж оролцоогүй. Хохирогч Д.А-ийн тухайд хэдий баримтгүй мөнгө нэхэмжилдэг ч хохирол төлбөр болох 2.200.000 төгрөг авсан. Цаашид хагалгаатай холбоотой зардлыг нэхэмжлэх санаатай байгаа юм байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Ат холбогдох 2209027690363 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна.

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “000” нэртэй караокегоор үйлчлүүлж байхдаа хохирогч Д.А-ийг тус караокены ариун цэврийн өрөөнд ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь “...хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун шуу, уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

хохирогч Д.А-ийн: “... “40” гэх нэртэй караокед ажлын газрын хүмүүс болон үл таних нэг залуугийн хамт үйлчлүүлсэн. ...нойлын өрөө орж бие засчихаад гарах гэж байхад надтай хамт цагдаагийн байгууллагад ирсэн залуу миний биед гэмтэл учруулсан. Тэр залуу эхлээд миний баруун нүд рүү 1 удаа, хамарт 1 удаа цохисон. Дахиад 2 удаа толгой руу цохисон. ... Намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Ямар нэгэн маргаан болоогүй. ... Би эрүүл мэнд, санхүүгээр хохирсон, баруун шуундаа оёдол тавиулснаас болж ажилдаа явж чадахгүй байгаа. 12 хоногийн цалин, эмнэлгээр үзүүлэхдээ хэрэглэсэн шатахууны 239,000 төгрөг, эмнэлгийн төлбөр 140,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн хамрын ясны хугарлын хагалгааны төлбөрийг нэхэмжилнэ...” /хх-ийн 23-24/,

гэрч Г.Мөнх-Эрдэнийн: “...дуудлага мэдээлэл хүлээн аваад Сүхбаатар дүүргийн 6 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “40" гэх караокед очиход Д.А гэх залуугийн баруун хөмсөгнөөс цус гарч, нүд нь хавдаж улайсан, нүүр хацар болон гар хэсэг нь цус болчихсон байдалтай, Г.А гэх залуу нь “Бид 2 муудалцаж зодолдсон” гэж хэлээд зогсож байсан. Г.А нь ил харагдаж шарх гэмтэлгүй байсан. ...” /хх-ийн 33-34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13434 дугаартай “...Д.А-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун шуу, уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/,

Г.Ааас мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөөч. Би тухайн өдөр хохирогчтой нойлд маргалдаад гараараа цохиж зодсон. Нойлын өрөөнд хоорондоо маргалдаж зодолдсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. ...Би хохирлыг төлж барагдуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Г.Аын хохирогч Д.А-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд нь “...хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун шуу, уруулд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.  

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх Г.Ат торгох ялыг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, 2,250,000 төгрөгийн хохирлыг сайн дураараа хохиролд төлсөн хувийн байдал зэрэгт нь тохирчээ.

Хохирогч Д.А нь “...Би энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ маш их хохироод байхад хохирол төлбөр барагдсан, нэхэмжлэх зүйлгүй мэтээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий  гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх Г.Ат холбогдох хэргийг шүүгдэгч Г.Аын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заалтад зааснаар хохирогч нь “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” эрхтэй тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах санал оролцогчдоос гаргаагүй байсан ч шүүх уг эрхийг хангаж шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэх ёстой атал хохирогч Д.Ад анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь үндэслэлгүй байна.

Гэхдээ хохирогчийн хохирлын талаарх асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн дүгнэж, зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх, хохирогч шаардах эрхтэй бөгөөд уг эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилж өгсөн байна.

Гэхдээ хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар нэхэмжлэснийг шүүх үндэслэн хохирлыг гаргуулдаг.

Хохирогч Д.А: “...Би эрүүл мэнд, санхүүгээр хохирсон, баруун шуундаа оёдол тавиулснаас болж ажилдаа явж чадахгүй байгаа. 12 хоногийн цалин, эмнэлгээр үзүүлэхдээ хэрэглэсэн шатахууны 239,000 төгрөг, эмнэлгийн төлбөр 140,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн хамрын ясны хугарлын хагалгааны төлбөрийг нэхэмжилнэ...” /хх-ийн 23-24/ гэж мэдүүлсэн, “...компьютерийн зураг 120,000, шүүх эмнэлэг 8000, эм 12000, чих хамар хоолойн эмнэлэг үзлэг 40,000, бензин 279061, 09*29-10*10 хүртэл цалин 12 хоног 1,800,000, нийт 2,259,000...” /хх 54/ гэсэн жагсаалтыг бичээд хэрэгт ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй,

Г.А нь яллагдагчаар: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирлыг төлж барагдуулсан....” /хх-ийн 44-45/ гэж мэдүүлж, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2,250,000 төгрөгийг хохирогчид шилжүүлжээ /хх 61/.

Хохирлыг бүрэн төлсөн эсэх дээр хохирогч маргаантай, шүүгдэгч 2,250,000 төгрөгийг төлснөөр хохирлыг бүрэн төлсөн гэж байх тул шүүгдэгч Г.Аын 2,250,000 төгрөгийг хохирогч Д.Ад хохиролд төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.А-ийн энэ гэмт хэргийн улмаас учир хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа гарган жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Г.Ааас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шаны шүүх үзлээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохиролтой холбоотой хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлын “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А нь хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Г.А нь хохирогч Д.Ад 2,250,000 төгрөг төлсөн, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлын “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                               ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                   ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ