Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00014

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02176 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн хариуцагч С.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 163 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав С.М- нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэн С.Н-тэй зээлийн гэрээ байгуулан, 1 жилийн хугацаатай, барьцаагүй, нэг сарын 2,2 хувийн хүүтэй, cap бүрийн 09-ний өдрийн дотор зээлийн хүүг, үндсэн төлбөрийг зээлийн хугацаанд төлж барагдуулах ерөнхий нөхцөлтэйгөөр 100 000 000 төгрөгийг С.Н-д зээлдүүлж, түүнд дээрх мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Иргэн С.Н- нь дээрх зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төлж барагдуулалгүй, одоогоор ямар ч төлбөр хийгээгүй байгаа юм. Миний аав С.М- нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан учир 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр миний нэр дээр №16 тоот өвлөх эрхийн гэрчилгээ гарч, иргэн С.Н-тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх, нэхэмжлэл хангуулах, шаардах эрх нь надад шилжсэн болно. Иймд С.Н-ээс 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу миний ааваас зээлсэн 100 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13 200 000 төгрөг, алдангийн төлбөрт 50 000 000 төгрөг, 163 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь хариуцагч С.Н- С.М- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг зээлийн гэрээ Иргэний хуулийн агуулгад нийцсэн зээлийн гэрээ бус, хариуцагч тухайн үед С.М-ийн байгуулсан хуулийн этгээд зээл авахад зуучлалын үйлчилгээ үзүүлсний хөлс болгон авсан мөнгө байсан, уг мөнгөний зарим хэсгийг тухайн хуулийн этгээдийн өр төлбөрийг төлж барагдуулахад зарцуулсан бөгөөд тухайн үед хийгдсэн төлбөрийн баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т заасны дагуу хариуцагч С.Н-ээс 100 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-эд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 131 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ээс 657 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-эд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02176 тоот шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэх заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас 63 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өвлөх эрхийн гэрчилгээнд зээлийн гэрээний дүнг бичсэн, зээлийн гэрээний хүүг бичээгүй, тийм учраас энэ нь зээлийн гэрээний хүүг шаардах эрхгүй байна гэж дүгнэх нь хэтэрхий явцуу, тойм байдлаар шүүхийн шийдвэрт тайлбарлаж, хуулийг илт буруу хэрэглэж хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсгүүдийг үндэслэсэнд оршино. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 528 дугаар зүйл бол өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах журам юм. Гэтэл шүүгч өөрөө сайн дураар зээлийн шаардах эрх өвлөж авсан этгээдийг зээлийн хүү шаардах эрхээсээ татгалзсан мэтээр тайлбарласан нь шүүх өвлөгчийн эрхэд халдаж буй үйлдэл юм. Энэ нь уг хэргийг шийдвэрлэхдээ илэрхий хууль хэрэглээний алдаа гаргасан гэж бидний зүгээс үзэх удаах үндэслэл болж байгаа бөгөөд хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүйд бид маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авсан мөнгөнөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ш.Батжаргалд нэхэмжлэгчийн төлөх ёстой төлбөр болох 20 000 000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02176 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс 20 000 000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Б-э нь хариуцагч С.Н-д холбогдуулан өвийн журмаар шилжиж ирсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 163 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний аав С.М- нь хариуцагч С.Н-тэй зээлийн гэрээ байгуулан, 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн, аав маань 2018 оны 2 сарын 24-ний өдөр нас барсан учир өвлөх эрхийн гэрчилгээгээр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх надад шилжсэн тул хариуцагч С.Н-ээс үндсэн зээл, хүү, алдангид нийт 163 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн бол хариуцагч татгалзалдаа С.М-оос авсан мөнгө нь зээл биш, түүний байгуулсан хуулийн этгээд зээл авахад зуучлалын үйлчилгээ үзүүлсний хөлс, мөн тус мөнгөний зарим хэсгийг тухайн хуулийн этгээдийн өр төлбөрийг төлж барагдуулахад зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Н- нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр С.М-той зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр зээлдүүлэгч С.М- нь 100 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, нэг сарын 2.2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, зээлдэгч С.Н- нь зээлийн хүүг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлж, үндсэн зээлийг гэрээний хугацаанд төлөхөөр тохиролцож, 100 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-р тал/

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлдүүлэгч С.М- нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвчний учир нас барсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд түүний хүү М.Б-эд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 5-р тал/

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээнд иргэн С.Н-тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх, нэхэмжлэл гаргах, шаардах эрх-ийг нэхэмжлэгч М.Б-эд олгосон талаар тэмдэглэжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч С.Н-, С.М- нарын байгуулсан зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь буюу үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхийн хэмжээг 100 000 000 төгрөгөөр хязгаарласан нь үндэслэл муутай болсон байна.

Өөрөөр хэлбэл, 15 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх бүхэлдээ нэхэмжлэгч М.Б-эд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл болон зээлийг буцаан төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч С.Н-ээс үндсэн зээлд 100 000 000 төгрөг, гэрээний хугацаа буюу 6 сарын хүүд 13 200 000 төгрөг, алдангид 50 000 000 төгрөг, нийт 163 200 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Б-эд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо иргэн Ш.Батжаргалд нэхэмжлэгчийн төлөх ёстой төлбөр болох 20 000 000 төгрөгийг төлсөн тул нийт төлбөрөөс хасаж өгнө үү гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н-ээс 163 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-эд олгосугай гэж,

2 дах заалтын ... 1,131,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ээс 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-эд олгосугай. гэснийг 1 131 900 төгрөгөөс илүү төлсөн 157 950 төгрөгийг Чингэлтэй дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн /100200700941/ тоот данснаас, хариуцагч С.Н-ээс 973 950 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч М.Б-эд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 473 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ