| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2020/03363/И |
| Дугаар | 210/МА2021/00013 |
| Огноо | 2020-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2021/00013
М- ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03426 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХК-ийн хариуцагч Ш- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 158 557 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ш- ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б17/27 дугаартай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 292 295 000 төгрөгийн үнэ бүхий М100, М250 маркийн нийт 2065 м.куб бетон зуурмагийг Ш- ХХК-д нийлүүлсэн. Ш- ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2.1.4, 4.1-т заасны дагуу төлбөрийн 20 хувийг бэлнээр, үлдсэн 80 хувьд нь орон сууц, авто машин тус тус тооцож авахаар харилцан тохиролцсон. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч Ш- ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 105 705 000 төгрөг гэж баталгаажуулсан. Уг үлдэгдэл төлбөрийг гэрээний тусгай нөхцөлийн 4 дэх хэсгийн бартерийн зүйлийн 2 дах хэсэгт заасан дараах 2 орон сууцны үнэлгээг үндэслэн тогтоосон. Үүнд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Шинэ гүрэн цогцолбор хороолол, А байр, 8 давхар, 36.5 м.кв талбай бүхий орон сууцыг 49 275 000 төгрөгийн төлбөрт, мөн А байр, 8 давхар, 41.8 м.кв талбай бүхий орон сууцыг 56 430 000 төгрөгийн төлбөрт тус тус тооцон шилжүүлж авахаар тохирсон. Худалдах, худалдан авах гэрээний хавсралт тусгай нөхцөлийн 4 дэх хэсгийн төлбөрийн нөхцөл гэсэн хэсгийн бартерийн зүйлийн 2-т заасан Шинэ гүрэн цогцолбор хорооллын 2 ширхэг орон сууцыг хариуцагч Ш- ХХК нь 2017 оны 11 сард ашиглалтанд оруулж нэхэмжлэгч М- ХК-д шилжүүлж өгөх үүргийг худалдах, худалдан авах гэрээний 4.4-т зааснаар хүлээж байгаа боловч энэхүү үүргээ одоог хүртэл биелүүлээгүй манай компанийг хохироож байна. Хариуцагч Ш- ХХК-тай харилцан баталгаажуулсан тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралтын 1, 3-т заасан бартерийн зүйлийг манай компани өөрийн нэр дээр шилжүүлсэн боловч хариуцагч Ш- ХХК үлдсэн 2 орон сууцыг шилжүүлж өгөөгүй тул гэрээний тусгай нөхцөл дэх дээрх 2 орон сууцыг үнэлж байсан үнээр нэхэмжлэлийн шаардлагаа тооцсон. Иймд хариуцагч Ш- ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний 1.1, 4.4, гэрээний тусгай нөхцөлийн 4 дэх хэсэгт заасан 2 ширхэг орон сууцны үнэ 105 705 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бетон зуурмагийн төлбөрт төлөх ёстой, нэхэмжилсэн 105 705 000 төгрөгөөс алданги тооцон шаардлагаа нэмэгдүүлсэн. Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний тусгай нөхцөлийн бартерийн зүйл гэсэн хэсгийн 2 дахь хэсгийн дагуу хариуцагч тал 105 705 000 төгрөгийн төлбөрт тооцсон 2 ширхэг орон сууцыг 2017 оны 11 сард ашиглалтад оруулж манай талд хүлээлгэн өгөх ёстой байсан гэж үзэн энэ үеэс алдангийг тооцсон. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс алдангийг хоног тутамд тооцож үүрэг гүйцэтгээгүй өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл тооцоход нийт нэхэмжилсэн төлбөрийн 50 хувь 52 852 500 төгрөг болсон тул шаардлагаа 52 852 500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч Ш- ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105 705 000 төгрөг, алданги 52 852 500 төгрөг, нийт 158 557 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш- ХХК-иас 158 557 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689 000 төгрөгөөс илүү төлсөн 2 525 төгрөгийг, 425 000 төгрөгөөс илүү төлсөн 2 788 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М- ХК-д олгож үлдэх хэсэг болох 686 475 төгрөг болон 422 212 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш- ХХК-иас 950 737 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: М- ХК-ийн нэхэмжлэлтэй 158 557 500 төгрөг гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14216 дугаар захирамжаар хариуцагч Ш- ХХК-ийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Шинэ гүрэн хорооллын баригдаж дуусаагүй байгаа А блок, 8 давхар, 36.5 м.кв захиалгын орон сууц , 41.8 м.кв талбайтай орон сууцнуудыг болон мөнгийг битүүмжилсэн захирамжийг хүчинтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М- ХК нь хариуцагч Ш- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 158 557 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М- ХК нь 2065 м.куб, М100, М250 маркын бетон зуурмагийг нийт 292 295 000 төгрөгөөр худалдах, хариуцагч Ш- ХХК нь төлбөр тооцооны 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувийг бартераар төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч М- ХК нь дээрх бетон зуурмагийг хариуцагч Ш- ХХК-д нийлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-7-р тал/
Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч Ш- ХХК нь үнийг төлөх үүрэгтэй юм.
Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 4.2-т хариуцагч Ш- ХХК нь нэхэмжлэгч М- ХК-иас худалдан авсан бетон зуурмагийн төлбөртөө Шинэ гүрэн цогцолбор хороолол, А байр, 8 давхарт байршилтай 36.5 м.кв орон сууцыг 49 275 000 төгрөгөөр, 41.8 м.кв орон сууцыг 56 430 000 төгрөгөөр тус тус тооцож, 2017 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж, 105 705 000 төгрөгийн өрийг баталгаажуулсан байна. /хх- ийн 8, 10-р тал/
Гэвч хариуцагч Ш- ХХК нь дээрх 2 орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч М- ХХК-д хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь хууль буюу гэрээнд зааснаар талуудын тооцоо нийлсэн төлбөр 105 705 000 төгрөгийг, алдангийн хамт шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч М- ХК нь бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 7.4-т зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 105 705 000 төгрөгийн 50 хувиар алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Ш- ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 105 705 000 төгрөг, алдангид 52 852 500 төгрөг, нийт 158 557 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М- ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж болон хариуцагч Ш- ХХК-иас 158 557 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргасныг шүүх хянан үзэж, 101/ШТ202/00392 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон байх бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх тул давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй. /хх-ийн 36-37-р тал/. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцох талаар дүгнэсэн нь зөв байх тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950 737.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Г.ДАВААДОРЖ