Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 09

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                          Д.Нямдэлэг  

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

 

       Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Боржигон овгийн Болдын Эрдэнэбаатарт холбогдох 1731001550100 дугаартай эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р баг, 1-р хэсэг 38-18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,   хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Болдын Эрдэнэбаатар /РД:МЮ81041312/.

 

  Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь 2017 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сарын 19-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Мэдүүлэг өгөхгүй гэв.

2.Хохирогч Х.Алтынтасын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би Ерөө сумын Засаг даргын Тамгын газар байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2 жил ажиллаж байна. Ерөө сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт 140 гаруй километр зайд нутгийн иргэд “Ялбаг” гэж нэрлэсэн газар байдаг. Энэ нь ойн сан голын урсацтай газар бий. Б.Эрдэнэбаатарын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчин экологид учруулсан хохиролыг арилгуулах, тухайн эвдсэн газрыг нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

3.Иргэний нэхэмжлэгч П.Үнэнбадрахын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Тухайн трактор нь миний эзэмшлийн трактор байгаа юм. Би худалдаж аваад 20 орчим жил болж байна. Албан ёсны бичиг гэрчилгээ бичиг баримт нь хаягдаж үрэгдээд алга болсон....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

4.Гэрч С.Батсайханы 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 09 сарын дундуур миний таньдаг Билэгт гэх залуу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Одгэрэл гэдэг залуу уурхай ажиллуулж байгаа тэнд ажилд орох талаар санал болгоод тэгээд 2017 оны 10 сарын 11-ний өдөр эхнэр Сувд-Эрдэнэ уурхайн тогоочоор би өөрөө манаачаар үүрэг гүйцэтгэх гэж ирсэн. Сарын хэдэн төгрөгийн цалинтай ажиллах талаар тухайн үед тохирсон зүйл байхгүй.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

5.Гэрч Ц.Доржготовын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 8 сараас одоог хүртэл Улаанбаатар хотын харьяат бүтэн нэрийг нь мэдэхгүй Баяраа гэдэг залуутай хувь хүний экскаваторын жолоочоор ажил гарсан үед нь ажиллаж байгаа. Хамгийн сүүлд 2017 оны 10 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг “Ялбаг” гэх нэртэй газар алт олборлох зорилгоор Баяраагийн экскаваторыг 1 сарын 1.500.000 төгрөгийн цалинтай орж ажилласан юм....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

6.Гэрч Ц.Сувд-Эрдэнийн 017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 10 сарын 11-ний өдөр нөхөр Батсайхан, нөхрийн найз Бямбасүрэн, Батхуяг, Ууганбаяр нарын хамт Билэгт, Одгэрэл нартай нэрийг нь мэдэхгүй байгаа нөхөрлөлөөр уурхайн үйл ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх нэртэй газар тогоочоор ажилахаар манай нөхөр болон бусад ирсэн хүмүүс нь ойр зуурын ажил хийхээр ирсэн юм.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

7.Гэрч Н.Чинбаатарын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 09 сарын 28-ны өдөр зарын дагуу холбогдож байгаад Сэлэнгэ аймгийн ерөө сумын нутагт ирсэн. Анх ирэхдээ Одгэрэл гэх хүнтэй холбогдож байгаад ирсэн. Би энд туслах ажилтнаар ажиллах, эд материал болон түлхүүр багаж гэрт гал түлэх зэрэг ажил хариуцсан. ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

8.Гэрч ЦэнЖангуо-гийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Манай танил Цэн-хөпин над руу яриад 1 хүн Хятадаас ирж техник тоног төхөөрөмж угсрах юмаа тэр хүнд чи 7 хоног орчуулга хийгээд өгчих гэхээр нь би эхнэртэйгээ цуг орчуулга хийж өгөхөөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар очсон....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

9.Гэрч Ван Сүлан-гийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Манай нөхрийн танил Цэн-хөпин манай нөхөр Цэн-Жангуо руу яриад 1 хүн Хятадаас ирж техник тоног төхөөрөмж угсарах юм аа  тэр хүнд чи 7 хоног орчуулга хийгээд өгчих гээд манай нөхөр орчуулга хийж өгөхөөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар очоод монгол хүмүүсийн хоол нь надад тохирохгүй байна гэхээр нь би хоолыг нь хийж өгөх санаатай очоод цуг байж байсан юм....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр  хуудас/

10.Гэрч Ду Еэдин-гийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....БНХАУ-аас авсан алт угаах төхөөрөмжийг угсарч өгөх зорилготой Сэлэнгэ аймгийн Ерөө сум Ялбаг гэх газар очсон.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

11.Гэрч Г.Хонгорын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилчидтай хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт шалгалтаар очиж ажилласан. Тэнд 5 монгол гэр, нэг экскаватор, алт угаах төхөөрөмж байсан. Газрын хэвлийг хуулж ашиглалт явуулсан байдалтай байсан. Уг газар нь урд нь ухаш үүсгэсэн талбай бус нэг дор ухсан байхаар ухсан нүхний хана чийглэг чулуу шороо бүхий газар байсан. Тухайн экскаваторын жолоочоос хэзээ ямар зорилгоор ухсан юм гэхэд “Билэгт гэх хүн уг газрыг ух гээд нэг блок газар надаар ухуулсан. Урд нь ухсан нүх байгаагүй гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

12.Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №18-05-038/40 тоот:

Хариулт 1: Ерөө сумын “Ялбаг” гэх газар нь хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.

2. “Ялба”г гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгодоггүй бөгөөд уг газарт ямар ч аж ахуйн нэгжид нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй.

3. Энэхүү агуулга нь 2 дахь асуултанд хамаарагдаж байна.

4. Ашигт малтмал хайх ашиглах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ зэрэг 30 гаруй баримт бичгийн бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна.

5. Иргэн Б.Эрдэнэбаатарын хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа буюу хөрс хуулалт явуулсан ч голын гольдрол өөрчлөөгүй.

6. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх газарт хөрс хуулалтаас үүдэн байгалийн тэнцэл алдагдсан эсэх нь дараагийн асуултын тооцоогоор гарна.

7. Хууль бус ашиглалтаар эвдэрсэн талбайн тооцоолол:

S=1266м2 буюу 0.12 га

Нийт эзэлхүүн: 5064м3

8. Үнэлгээ:

А. Хөрсний ялзмагийн бодисын үнэлгээ: Янз бүрийн шинж чанартай хөрсийг хөрсний органик буюу ялзмагийн нөөцөөр үнэлэх нь харьцангуй бодит үнэлгээ болно. Хөрсний ялзмагийн нөөцийн үнэлгээнд хөрсний шинж чанар газарзүйн байдал, хөрсний хэв шинжийг харгалзан үзсэн юм. 2010 оны байдлаар 1.0 м3 дунд зэргийн үржил шимтэй буюу 5 хувийн ялзмагийн агууламжтай хөрсний үнэлгээ 16500 төгрөг, хөрсөнд 0.06 тн буюу 60 кг ялзмагийн бодисын суурь үнийг 276 төгрөгөөр тооцов.

Б.Хөрсний экологийн үнэлгээ: Хөрсний экологийн үнэлгээг тооцох хамгийн хялбар арга бол тухайн хөрсний ялзмагийн нөөцөөр үнэлэх зарчим юм. Хөрсний ялзмагийн нөөц нь үржил шимийн интеграл үзүүлэлт болдог онцлогтой. Хөрс нь олон зуун жилийн турш байгалийн жамаар бүрэлдэн тогтдог учраас эвдрэлд орсон тохиолдолд нөхөн сэргээхэд ихээхэн хөрөнгө зардал цаг хугацаа шаардана.

Еs=113964x069x069x067x0612x276=21396 төгрөг

Байгал орчныг хамгаалах хуулийн 49-р зүйлийн 49.5-2-д хөрсөнд учирсан хохиролыг хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол 21396x3= 64188 төгрөг болно.

9. Хууль бус ашиглалтаас газрын хэвлийд учирсан хохирол, эвдрэлд орсон газар нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.

X=5064м3x450=2.368.800 төгрөг болж байна.

Байгал орчныг хамгаалах хуулийн 49-р зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан хохиролыг хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол 2.368.800x2=4.737.600 төгрөг болж байна.

Урагамлын сан хөмрөгт учирсан хохиролын экологи эдийн засгийн үнэлгээ:

312x300=93600 төгрөг

Байгал орчныг хамгаалах хуулийн 49-р зүйлийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохиролыг хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол 93600x5=468.000 төгрөг болно.

Ус ашигласан хэмжээ тодорхой бус учир усанд учирсан экологийн хохиролыг тооцох боломжгүй.....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас/

13.Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2017 оны 10 сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор очоод тенхик тоног төхөөрөмжөө засварлаад урт нь 20 метр, өргөн 10 метр өндөр 4-5 метртэй газар хөрс хуулалт хийж контрол тавьж үзсэн. Тэгээд 2017 оны 10 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн цагдаа нар ирж хууль бус ажиллагаагаа зогсоо гэж манай ажилчдад хэлсэн байсан....гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

14.Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2017 оны 09 сарын эхээр Улаанбаатар хот руу явж байхдаа машинд сууж явсан Сэлэнгэ амйгийн Ерөө сумын нэг залуу хэлэхдээ “манай Ерөө суманд урд нь Оросууд алт олборлож байгаад техникийнхээ чадвартай хэсгээр алт олборлоод зарим алттай газраа үлдээсэн байдаг” гэж ярьж байсан. Би энэ талаар сонсоод алт ухвал мөнгөтэй болох юм байна гэж бодоод 2017 оны 10 сарын эхээр зарын дагуу экскаватор түрээсэлж аваад сэлэнгэ амйгийн Ерөө сумын “Ялбаг” гэх газарт очиж гэр бариад алт угаах тоног төхөөрөмж угсардаг гэх 3 Хятад улсын иргэдийг зарын дагуу олж авчираад тоног төхөөрөмжөө угсарсан. Тэгээд алт байгаа эсэхийг мэдэхээр хэсэг газар контрол тавьж үзсэн. Контрол тавихдаа 20 метр урт 10 метр өргөн, 4-5 метртэй газрын хөрс хуулалт хийж алт байгаа эсэхийг үзэхэд ямар нэгэн байгалийн баялаг гарч ирээгүй. Одоо хаана яаж ухах вэ хаана ухвал байгалийн баялаг гарах бол гээд учраа олохгүй байсан. Тэгээд шалгалт ирээд манай үйл ажиллагааг зогсоосон....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

15.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-09 дүгээр хуудас/

16.Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 64, 79-83 дугаар хуудас/,

17.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

18.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 77 дугаар  хуудас/

19.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хавтаст хэргийн 88 дугаар  хуудас/ 

20.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/ зэрэг болно.

 

        Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Болдын Эрдэнэбаатарыг 2017 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сарын 19-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт явуулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн хамт шүүхэд шилжүүлсэн байна.

           Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа нь тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл   “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай шүүгдэгч болон хохирогчийн тавьсан хүсэлт, мөрдөн байцаагчийн прокурорт өгсөн санал, Прокуророос шүүхэд шилжүүлэхдээ гаргасан хүсэлт, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үр дагаварууд бүрдсэн байна гэж дүгнэв.

 Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №18-05-038/40 тоот дүгнэлтээр эвдэрсэн талбайн тооцоолол 0.12 га, эзэлхүүн 5064м3, энэ талбайн хөрсний ялзмагийн бодисын үнэлгээ болон хөрсний экологийн, газрын хэвлийд учирсан хохирол, эвдрэлд орсон газар нөхөн сэргээх ажлын зардал, ургамлын сан хөмрөгт учирсан хохиролын зардал зэрэг нийт экологи, эдийн засгийн хохиролын хэмжээ 5.269.788 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгч төлж барагдуулсан байна.

             Гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж  үзэхэд, шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байна. Дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Болдын Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр тогтов.    

            Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 7, 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Болдын Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Болдын Эрдэнэбаатарыг 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Эрдэнэбаатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Б.Эрдэнэбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтанд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар   хэргийн оролцогчид буюу эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                Б.НАЦАГДОРЖ