| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2024/0014/з |
| Дугаар | 124/ШШ2024/0027 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 124/ШШ2024/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т овогт Б-ын Л, У аймгийн У суманд оршин суух,
Хариуцагч: Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан,
“Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Л нь тус шүүхэд Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчээс шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан ба хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.
3.Нэхэмжлэгч Б.Л шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Би анх 2016 онд дуудлага худалдаагаар газар авч тухайн газар дээр 9 айлын үйлчилгээтэй орон сууц өөрийн биеэр барьсан боловч барилгын зураг төсөв батлагдаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй. Учир нь газрын албаныхан газраа надаас хариу буцааж авна гэх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Газраа авснаас хойш 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглах ёстой бөгөөд 2 жилийн дотор зөвшөөрөл авах гээд холбогдох төрийн захиргааны байгууллагад хандсан боловч чадаагүй. Би барилга барихаар бүх ажлаа төлөвлөөд, материал, ажиллах хүч, хашаа хайс татаад ажил эхлэхэд бэлэн болсон боловч зургийг баталж өгөөгүй, сүүлдээ чиний газраа ашиглах 2 жилийн хугацаа болж байна, газраа буцааж өг гэх шаардлага надад тавьсан. Би “барилга барихад бэлэн болчихсон, та нар зургаа баталж өгөөч” гэхээр “үгүй, тийм юм байхгүй, чи мянган төгрөг хийсэн ч чамд баталж өгөхгүй, чи явдаг газар байвал яв” гэсэн.Тухайн үед Увс аймгийн Засаг даргатэй уулзахад хэлэхэд “Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг өглөө, чи очоод уулзаарай” гэсэн. Гэтэл газрын албаны албан хаагчид намайг “чи яасан их дээш, доошоо гүйдэг юм, чи чаддаг юм бол ерөнхийлөгчийг аваад ир” гэж намайг басамжилсан маягаар удаа дараа доромжилж байсан. Мөн барилгын үйл ажиллагаа явагдаж байхад барилгын байцаагч 2, 3 удаа ирж зогсоож, барилгын зураг батлуулахгүйгээр барилга барьж болохгүй гээд торгуулийн арга хэмжээ хүртэл авч байсан. Би надаас шалтгаалахгүй байна. Зураг төсөв байгаа боловч баталж өгөхгүй байна гээд үнэнээ хэлсэн. Барилга босоод битүүлээд дуусах шатанд орж байна гэхэд ямар нэгэн аргаар батлуулахгүй бол асуудал үүснэ шүү гэсэн. Би 2 жил хөөцөлдөж яваад дунд нь барилгаа зогсоогоод ард нь гарч чадаагүй. Би одоо үйлчилгээтэй 9 айлын орон сууц 1.5 тэрбум төгрөгөөр бариад ашиглаж байна.Тэгээд барилгаа барьж дуусаад дахин бичиг баримтаа бүрдүүлээд Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиход “бид хөндлөнгийн дүгнэлт хийгээгүй учраас танай барилгыг хүлээж авахгүй” гэсэн. “Тэгвэл би одоо яах юм бэ” гэхэд Улаанбаатар хотоос Шинжлэх ухаан техникийн их сургуулийн багш н.Д гэх Монгол Улсын зөвлөх инженер хүн багаж, тоног төхөөрөмжтэйгөө ирээд хэмжилт хийгээд танай барилга норм стандартыг хангаж багаа эсэх дүгнэлтийг гаргаж өгнө, хэрэв тухайн хүн болно гэвэл бид барилгыг чинь хүлээгээд авч болно” гэсэн. Улмаар тухайн хүний дүгнэлт гаргуулаад очиход журамд өөрчлөлт орсон. Заавал шүүхээс нөхөн бүрдүүл гэх шийдвэр гарсны дараа бид хүлээж авдаг болсон гэсэн тул холбогдох бичиг баримтдуудыг нөхөн бүрдүүлэхээр шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахадаа “Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах” тухай гэж тодруулсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
4.Хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг төлөөлөн тус газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” Аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар А/670 тоот комисс байгуулах тухай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж бичиг баримтууд дутуу тул хүлээн авахаас татгалзсан.
1. Анх газрыг дуудпага худалдаагаар авахдаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаартай захирамжаар Б.Лд Улаангом сумын 9-р цэцэрлэгийн зүүн талд 400м2 газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтаар олгосон байна.
2. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/719 тоот захирамжаар Тус газрын зориулалтыг Үйлчилгээтэй орон сууц болгож өөрчилсөн.
3. Тус орон сууцны барилгын ажлыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн байдаг ба зураг төсвийг хянуулж баталгаажуулаагүй нь тус барилгыг захиалагчийн үүрэгт ажил
4. Барилгын ажлын зөвшөөрөл авах нь захиалагчийн үүрэг ба тус захиалагч нь аймгийн Засаг даргад хандаж авдаг.
5. Барилгын үе шатны ил далд ажлын актууд нь гарын үсгийн иж бүрдэл дутуу, зураг зохиогч, захиалагч, угсралт гүйцэтгэсэн компани инженер нар
6. Үйлчилгээтэй орон сууцны барилгад гадна холбооны шугам хийгдээгүй дутуу орхигдсон.
7. Үйлчилгээтэй орон сууцны барилгын цахилгааны техникийн нөхцөл зөрчилтэй
8. Үйлчилгээтэй орон сууцны барилгын ОМ-ын хэмжилт хийгдээгүй
9. Галын аюулгүй байдлын 6-р зүйлийн 6.1.2 дахь заалт хэрэгжүүлээгүй
10. Гадна инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг эрх бүхий байгууллагаар хийлгэж мэдээллийн санд өгөөгүй
11. Зохиогч, захиалагчийн нэгдсэн дүгнэлт гараагүй зэрэг шалтгаанаар комиссын гишүүд барилга байгууламж ашиглалтад оруулахаас татгалзсан.
Тайлбар: Барилгын ажлын зургийг 2018 онд газрын зөрчилтэй байсан тул батлагдаагүй , эхлэх зөвшөөрөл нь зураг төсөвгүй учир олгоогүй байдаг. Засгийн газрын 2021 оны 212, 213 дугаар тогтоолд зааснаар дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй тохиолдолд нөхөж олгох боломжгүй гэж заасан байдаг.
Иймд шүүхээс барилгын тухай хуульд заасан хэм хэмжээний хүрээнд нөхөж бүрдүүлэх шийдвэр гарсан нөхцөлд иргэн Б.Лд үйлчилгээ үзүүлэхэд татгалзах зүйлгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд “барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийг хангаж, үлдэх “барилгын иж бүрэн зургийг нөхөн баталгаажуулахыг даалгах” болон “барилга ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Шүүх хуралдаанд хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр явуулах хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
3. Нэхэмжлэгч талаас “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт удаа дараа очиж уулзаж байсан боловч одоог хүртэл миний захиалж бариулсан 9 айлын орон сууцыг ашиглалтад оруулахгүй байгаа, барилгын ажлын холбогдох бичиг баримтуудыг баталгаажуулах, барилгын ажлыг эхлэх зөвшөөрлийг зөвхөн шүүх нөхөн олгохоор шийдвэр гаргах боломжтой тул шүүхэд хандсан” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
4. Хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ Барилгын ажлын зургийг 2018 онд газрын зөрчилтэй байсан тул батлаагүй, эхлэх зөвшөөрөл нь зураг төсөвгүй учир олгоогүй байдаг. Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолд зааснаар дээрх асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй тохиолдолд нөхөж олгох боломжгүй гэж заасан байдаг. Иймд шүүхээс барилгын тухай хуульд заасан хэм хэмжээний хүрээнд нөхөж бүрдүүлэх шийдвэр гарсан нөхцөлд иргэн Б.Л-д үйлчилгээ үзүүлэхэд татгалзах зүйлгүй байна” гэсэн тайлбар гаргажээ.
5. Иргэн Б.Л нь 9 айлын орон сууцыг захиалан бариулж 2021 онд ашиглалтад оруулсан тухай тайлбар гаргасан ба талууд энэ талаар маргаангүй болно.
6. Нэхэмжлэгч Б.Л нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаартай захирамжаар Улаангом сумын 9-р цэцэрлэгийн зүүн талд 400м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байна.
Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/719 дугаартай захирамжаар Б.Л-ын худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 400м2 газрын зориулалт өөрчлөн худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 10 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.
7. Тухайн иргэн Б.Лд эзэмшүүлсэн газарт 4 давхар, үүний 1 дүгээр давхарт хүнсний дэлгүүр ажиллаж байгаа, 2 давхарт 3 айлын, 3 давхарт 2 айлын, 4 дүгээр давхарт 4 айл, нийт 9 айлын орон сууцтай, барилгын доор машины зогсоол бүхий барилга ашиглагдаж байгааг зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан.
8. Тус барилгыг иргэн Б.Л захиалгаар хувийн хөрөнгө оруулалтаар “Г Т” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд барилга угсралтын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссыг Увс аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/670 дугаар захирамжаар байгуулж ажилласан боловч Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 146 дугаартай албан бичигт дурдсанаар барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, барилгын ажлын үе шатны ил далд ажлын акт дутуу, зохиогч гарын үсэг зурж баталгаажуулаагүй,барилгын ажлын зураг хянуулж батлагдаагүй, гадна холбооны ажил хийгдээгүй, барилгын гадна инженерийн шугам сүлжээ татахад авто зам сэтэлж хийсэн боловч нөхөн сэргээлт хийгээгүй,цахилгааны техникийн нөхцөл зөрчилтэй зориулалт бусаар авсан, барилгын газардуулгын хэмжилт хийгдээгүй, галын аюулгүй байдлын 6-р зүйлийн 6.1.2 дахь заалт хэрэгжүүлээгүй, гадна инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг эрх бүхий байгууллагаар хийлгэж мэдээллийн санд хүлээлгэн өгөөгүй, зохиог, захиалагчийн нэгдсэн дүгнэлт гараагүй, барилгын тухай хуулийн 48.7.1, 48.7.2, 48.7.3 дахь заалтуудыг хангаагүй, бохир усны худаг таг өндөрлөж авто замын түвшинтэй уялдуулах зэрэг дутуу ажлыг гүйцээх, холбогдох бичиг баримтуудыг хуулийн хүрээнд нөхөж бүрдүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.
Нэхэмжлэгч Б.Л нь барилга барих эрх бүхий зөвшөөрөлтэй компани болох “Г Т” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгыг барьсан байх бөгөөд барилгын зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ болон барилга угсралтад зохиогчийн хяналт хийх гэрээг “Б Ш” ХХК-тай байгуулан ажилласан байна.
9. Мөн барилгын ажилд мэдээлэл холбооны сүлжээ ХХК, “Чандмань-Увс” ХХК, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,”Улаангомын дулааны 2-р станц” ТӨХК зэрэг төрийн болон хуулийн этгээдээс холбогдох техникийн нөхцөлүүдийг олгожээ.
10. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Р” төвөөс Б.Лын бариулсан үйлчилгээтэй 9 айлын орон сууцны барилгын төмөрбетон каркасын угтарлтын чанар байдлын судалгаа, оношлогоо хийж барилгыг холбогдох зургийн дагуу хийгдсэн, барилгын хучилтын хавтан, дамнуурын хотойлтын хэмжээ нормд заасан хэмжээнээс бага, хэвийн, төмөрбетон каркасын бүтээцүүдийн бетоны бат бэх 25-30 мПа хангасан талаар дүгнэлт гарган Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газарт барилгыг ашиглалтад авах улсын комисс ажиллуулах саналыг хүргүүлсэн байна.
11. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгуулах талаар нэхэмжлэгч нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт удаа дараа биеэр очиж уулзаж байсан, бичгээр 2020 онд өргөдөл гаргасан боловч бүртгэж аваагүй байсан талаар тайлбарласан ба Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас уг зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу нөхөн бүрдүүлэх шийдвэрийг гаргуулах шаардлагатай гэх хариуг өгчээ.
12. Иргэн Б.Лын захиалан бариулсан үйлчилгээтэй 9 айлын орон сууц бүхий барилгад барилгын ажлын зөвшөөрлийг олгох асуудлыг Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар аймгийн Засаг дарга олгохоор заасан ба нэхэмжлэгч нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ” гэж заасан ба барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг аймгийн Засаг дарга харьяа агентлаг болох хариуцагчаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой.
13. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:
14.1.1.зураг төслийн дагуу баригдсан байх;
14.1.2.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх;
14.1.3.байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;
14.1.4.зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж заасан.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:
26.1.1.барилга байгууламжийг шинээр барих;
26.1.2.барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих;
26.1.3.барилга байгууламжийг буулгах гэж,
27 дугаар зүйлийн 27.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно:
27.1.3.энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга.
27.3.Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана:
27.3.1.хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй;
27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй;
27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэж,
28 дугаар зүйлийн 28.1-д .Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна гэж
37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
37.1.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх;
37.1.3.барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх гэж тус тус зохицуулсан.
14. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийг баталсан ба уг дүрмийн 7 дахь хэсгийн 7.1-д “Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно”, 7.2-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж заажээ.
15. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн Б.Лд “холбогдох журмын дагуу барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай талаар” хариу өгсөн нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дахь хэсгийн 7.1, 7.2-д заасантай нийцсэн, өөрөөр хэлбэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгох эрхийг хууль, журмаар олгоогүй байна.
16. Нэхэмжлэгчийн хувьд барилгыг зохих барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр бариулсан буруутай байх ба, нөгөө талаас барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө холбогдох төрийн захиргааны байгууллага, бусад байгууллагаас техникийн нөхцлүүдийг авсан, барилгын ажлын зургийг боловсруулсан, мөн барилга баригдаж байх үед буюу 2019, 2021 онуудад Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчаас барилгын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөлгүй барилга барьсан гэх зөрчилд торгох шийтгэл ногдуулж байсан, нэхэмжлэгчээс зөрчлөө арилгах талаар хариу тайлбар өгч байсан, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас тухайн барилга угсралтын ажлыг зогсоох, буулгах арга хэмжээг аваагүй зэрэг нөхцөл байдлууд байна.
Барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзах үндэслэлийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан ба 27.3.1-д хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй; 27.3.2-д зураг төсөлд магадлал хийгдээгүй; 27.3.3-д энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон хэмээн заасан.
17. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохоос татгалзах дээрх үндэслэлүүд энэ барилгын хувьд үүсээгүй, хариуцагчаас бичиг баримтаа нөхөн бүрүүлэх шаардлагатай гэж хариу өгнөөс өөрөөр хуульд заасан татгалзах тодорхой үндэслэл үүссэн эсэх талаар мэдэгдээгүй ба шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд Б.Лд үйлчилгээ үзүүлэхэд татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан.
Мөн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дахь хэсгийн 7.2-д зааснаар барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгох асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэхээр байна.
18. Шүүхийн үзлэгээр тухайн үйлчилгээтэй 9 айлын орон сууцны зориулалттай барилгын барилга угсралтын ажил хийгдэж дууссан, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдож ашиглалтад орсон, зураг төсөлд Оношлогоо, зураг төсөл судалгааны “Реконстракш” төвөөс стандарт шаардлагыг хангаж байгаа талаар дүгнэлт гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хувьд эдийн засгийн сөрөг үр дагавар үүсгэхгүй байх нөхцлийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг барилгыг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн үндэслэлээр буулгах үр дагавар үүсгэхээс илүүтэй нэгэнт баригдсан төвөгшил багатай ангиллын барилгын чанарын талаар маргаангүй энэ нөхцөлд зөвшөөрлийг хуульд нийцүүлэн нөхөн олгох асуудлыг шийдвэрлэх нь нэхэмжлэгч болон тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэдэд сөрөг нөлөөлөлгүй байх үр дагаврыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас “Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгуулахыг даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
19.“Барилгын иж бүрэн зургийг нөхөн баталгаажуулахыг даалгах” нэхэмжлэлийн талаар:
19.1 Нэхэмжлэгчээс шүүхэд үйлчилгээтэй, 9 айлын орон сууцны барилга гэх барилгын ажлын зургуудад /Эскиз зураг, ажлын зураг, гадна ариутгах татуургын ажлын зураг, гадна цахилгааны ажлын зураг, гадна холбооны ажлын зураг, гадна дулааны ажлын зураг/ холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаагүй тул баримт бичгийг нөхөн баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
19.2 Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх үүргийг захиалагч хэрэгжүүлэхээр заасан.
19.3 Нэхэмжлэгчээс шүүхэд “Барилгын иж бүрэн зургийг нөхөн баталгаажуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар тайлбарлаагүй, тухайн нэхэмжлэлд хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ямар нэгэн хууль бус эс үйлдэхүй,тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
20.“Барилга ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн талаар
20.1 Увс аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/670 дугаартай захирамжаар иргэн Б.Л-ын захиалгаар “Г Т” ХХК гүйцэтгэсэн 9 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссыг байгуулсан байх ба уг захирамжийн 2 дахь хэсэгт барилга угсралтын ажлыг зохих журам, дүрмийн дагуу хүлээн авч ажиллахыг комисст даалгажээ.
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 146 дугаартай албан бичгээр 12 заалт бүхий ажлыг гүйцээх, бичиг баримтуудыг хуулийн хүрээнд нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаагаас комисс барилгыг ашиглалтад хүлээн авахаас татгалзсан талаар хариуг өгсөн.
20.2 Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” батлагдсан байх ба дүрмийн 7.2-д Комисс дүгнэлт гаргахын өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө., 8.2-д Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн 8.1-д заасан хугацаанд багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
8.2.1. барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж комиссын бүх гишүүд үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт;
8.2.2. энэ дүрмийн 5.1, 6.1-д заасан шаардлага хангаагүй, 8.1-д заасан хугацаанд үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй тохиолдолд татгалзсан дүгнэлт гэж заасан.
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах” үүргийг захиалагч хүлээдгийн хувьд барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.
20.3 Нэхэмжлэгчээс шүүхэд “Барилга ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар тайлбарлаагүй, тухайн нэхэмжлэлд хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ямар нэгэн хууль бус эс үйлдэхүй,тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
21. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, 32 дугаар зүйлийн 32.1.10, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-ын “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгохыг даалгуулах нэхэмжлэлийг ханган, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөл шаардлагыг хангуулан барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгаж, нэхэмжлэгч Б.Л-ын “Барилгын иж бүрэн зургийг нөхөн баталгаажуулахыг даалгах, Барилга ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ