Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/591

 

 

 

 

Ё.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Ё.Э, түүний өмгөөлөгч Э.Түвдэн, 

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ё.Э давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох 2206000003826 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ё.Э ....тоотод оршин суух бүртгэлтэй, урд 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.Иийн эзэмшлийн 0000 УНД улсын дугаартай “Тоёота Приус 10” загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, автомашиндаа унтаж байсан хохирогч Г.Иийн халааснаас “Рейлми 9 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 894.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ё.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Ё.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохиролд 894.640 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Иөд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ё.Э гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Г.Иөд 894,640 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болно. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 14 хоногийн дараа хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг буюу 894,640 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч Ё.Эын хохирол, төлбөр төлж барагдуулсан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болж байна. Мөн миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэх үйлдэл нь тохиолдлын шинж чанартай үйлдэл юм. Тийм учраас эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хоёр тохиолдол байгаа. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ё.Эын хохирол, төлбөр төлсөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлийн талаар маргаж оролцсон. Учир нь, тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож, утас хулгайлж байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Гэхдээ хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд орон байр, агуулах, сав, эсхүл тусгайлан хамгаалсан байр гэх объектив шинжийг хангахгүй байна гэж үзсэн. Хэрэв зүйлчлэл хөнгөрвөл миний үйлчлүүлэгчийн хувьд хорихоос өөр төрлийн ял эдлэх, магадгүй тэнсэн харгалзах боломжтой. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэж улсын яллагчийн зүйлчлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл тусгайлан хамгаалсан агуулах гэдгийг юу гэж үзэж байгаа талаараа шийтгэх тогтоолд тодорхой зааж өгөөгүй...” гэв.   

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс илтгэгч шүүгчийн хэлсэн зүйлтэй давхцаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан. Зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй байдалд зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх заавал хэрэглэх заалт биш. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ё.Эод холбогдох 2206000003826 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан 0000 УНД улсын дугаартай “Тоёота Приус 10” загварын тээврийн хэрэгслийн хаалгыг нь онгойлгон хууль бусаар нэвтэрч, автомашиндаа унтаж байсан хохирогч Г.Иийн халааснаас “Рейлми 9 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 894,640 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Иийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн үед ...Сансар худалдааны төвийн баруун талд 0000 УНД Приус 10 маркийн машиндаа унтаад өгсөн. Би утсаа өмднийхөө зүүн талын цахилгаантай халаасанд хийсэн байснаа алдсан..” гэх мэдүүлэг /хх 8-9/,

хохирогчийн мэдүүлгийг нотолж буй “...хүрэн өнгийн кэмпкэн малгайтай, бараан хар өнгийн гадуур хувцастай, цэнхэр өнгийн ажлын гэрэл ойдог өмдтэй, хар өнгийн гуталтай, 45 орчим насны, 180 см орчим өндөртэй эрэгтэй хүн цагаан өнгийн Приус 10 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын урд хаалгыг онгойлгож гар утсыг хулгайлж буй...” камерийн бичлэг /хх 13-14, СД/,

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл: “...0000 УНД улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл дотроос гар утсаа хулгайд алдсан гэх гомдол мэдээлэлд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансар супермаркетын хяналтын камерын бичлэгт бичигдсэн сэжигтэй этгээдийг Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, Б гудамжнаас олж илрүүлсэн бөгөөд тухайн сэжигтэй этгээд нь Ё.Э гэгч болохыг олж тогтоолоо...” /хх 15/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн БЗД2-22-2224 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 894,640 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх үнэлгээ /хх 23-24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Ё.Эын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бусдын тээврийн хэрэгсэлд зөвшөөрөлгүйгээр хаалгыг нь онгойлгон нэвтэрч, автомашиндаа унтаж байсан хохирогч Г.Иийн халааснаас 894,640 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.   

Анхан шатны шүүхийн Ё.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Ё.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангажээ.    

Шүүгдэгч Ё.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч Г.Иөд 894.640 төгрөгийг төлсөн болох нь хохирол хүлээн авсан баримт /хх 122/-аар нотлогдож байна.

Ё.Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг давж заалдах шатны шүүх харгалзан шүүгдэгч Ё.Эын ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Ё.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоос 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч Ё.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй....” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...2 жилийн хорих ялыг...” гэснийг “...1 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Ё.Э нь хохирогч Г.Иөд 894,640 төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                               ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                   ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ