Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00177

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Ш овогт Ш-гийн Д,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 155/2025/00016/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ш-гийн Д нь ***анд 1969 онд Ш-гийн 5 дахь буюу бага хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг 1986 оны 6 дугаар сард төгсөөд эвлэлийн илгээлтээр ***ын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад туслах малчнаар 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс анх элсэн орсон билээ. Тэгээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд тэнцэж 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ардын армийн 256 дугаар ангид 2 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Би цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн ***ын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тус нэгдлийн 1993 онд хувьчлагдан тартал малчнаар тасралтгүй ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, мөн ажилд томилж, чөлөөлсөн тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж 11 жил авсан учраас 1990-1992 онуудад ажилласан хугацаагаа давхардуулан шүүхээр тогтоолгохгүй болно.

Иймд Ш.Д миний ***ын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Ш овогт Ш-гийн Дийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1988, 1991, 1992 оны 1 дүгээр хэсгийн 70 дансны нэрсийн товьёог гэх баримтад ***ын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч Г.Н-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Тус аймгийн ***ын 1990-1992 оны төсвийн байгууллагын даргын тушаал, Түнэл сумын 1993-1994 төсвийн байгууллагуудын даргын тушаалыг тус тус шүүж үзэхэд Д.Дийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал болон бусад холбоотой баримт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй Нийгмийн даатгалын газарт гэх 11/1023 тоот албан бичиг, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн Ш-гийн Дийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Батлан хамгаалахын төв архивын Ш-гийн Д БХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 670072 дугаарын цэргийн батлахтай халагдсан. (сх-1, хн-1535, ху-51) хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-12 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Ц, С.Т нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 46, 67-71 дүгээр хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ш.Дийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, ***ын Засаг даргын Тамгын газрын архиваас түүний ажиллаж байсан хугацааны буюу 1986-1988 онуудын цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Ш.Дийн нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 47-65 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д нь ***ын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр ***ын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлагыг тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ш.Д нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ш.Д нь ***ын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Ш овогт Ш-гийн Дийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

***ын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 3/12 тоот албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Соёл нэгдлийн Эмт 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан Ш-гийн Дийн 1987 оны 5, 7-12, 1988 оны 1-9 саруудад бичилттэй цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбар (хавтаст хэргийн 57-61 дүгээр хуудас),

 

2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5.Овог: Ш-, 6.Нэр: Д... 14.Ажилладаг байгууллага: Баянзүрх Соёл нэгдэл, ажилд орсон он 1988, эрхэлдэг ажил малчин, ...оршдог сум, район Баянзүрх...бүртгэгчийн нэр Ч, 1988 оны 9 сарын 27 гэх бичилт бүхий архивын хуулбар (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/47 тоот албан бичгээр ирүүлсэн ***ын Соёл нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай хурлын тогтоол Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хайсын 2 дугаар бригадын нэгдлийн гишүүдийн нэрсийн жагсаалт 241.Ш- Д 1970 20 эр хоньчин гэх бичилт бүхий хавсралтын хамт (хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас),

Гэрч Ч.Цын ...Ш.Д нь 1986 онд 8 жилийн сургуулиа төгсөөд, хөдөө мал дээр гарч мал маллаж эхэлсэн. Тэгээд 1988 онд цэрэгт татагдаж, 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Үүний дараа ***ын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Нэгдэл хувьчлагдахад малаа хувьчилж авч, тасралтгүй малаа маллаж байгаа хүн ... гэх мэдүүлэг,

Гэрч С.Тийн ...Ш.Д нь 1986 онд 8 жилийн сургуулиа төгсөөд, хөдөө мал дээр гарч мал маллаж эхэлсэн. Тэгээд 1988 онд цэрэгт татагдаж, 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Үүний дараа нэгдэл хувьчлагдахад, хувьчлалаа аваад Түнэл суманд шилжин амьдарч эхэлсэн... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 67-71 дүгээр хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Д нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний ***ын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Ш-гийн Дийн ***ын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН