| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0008/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 10
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор Д.Нямдэлэг
Хохирогч Б.Сарантуяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Харбүргэд овгийн Хашхүүгийн Баттулгад холбогдох 1731000000119 дугаартай Эрүүгийн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 23-нд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5-р баг, 4-р хэсэг 111 оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Харбүргэд овогт Хашхүүгийн Баттулга /РД:МЭ77032311/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Баттулга нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг 4-р хэсэг, 111 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Сарантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Х.Баттулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Хохирогч Б.Сарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн...2017 оны 12 сарын 08-нд ажлынхантайгаа караокед суусан. Тэндээс гарахад орой болсон байсан учир Ганзориг гээд таньдаг таксины жолоочийг дуудсан. Гэрийн гадаа буугаад орохдоо нөхөртэйгээ хашаан дотор тааралдаад намайг юм хэлэхийн завдалгүй цохисон. Би урд айл руу ороход араас дагаж орж ирээд хайч барьчихаад “ална” гээд л дайраад байсан. Айлын хүмүүс нөхрийн маань салгаж болиулсан. Ийм зүйл болсон гэв.
3. Хохирогч Б.Сарантуяагийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 08-ны өглөө 08 цагт ажилдаа яваад өдөржингөө өжил дээрээ өнжсөн. Баттулга утасгүй учраас ерөөсөө холбогдоогүй. Энэ өдрийн орой 21 цагийн орчим туслах багш Оюун-Эрдэнэ, Энхтуяа, Батцэцэг, Хонгорзул бид нар “Дельфин” караокед орж дуулаад пиво уусан. Би уугаагүй ингээд орой 00 цагийн үед караоке хаагаад бид нар харихаар гарч би таньдаг Ганзориг гэж залуу руу утасдаад найзыгаа хүргээд өгөөч гэж дуудаад хүрээд ирэхээр нь машинд нь суугаад замдаа нэг танихгүй хүн аваад танихгүй хүнийг хороололын газан колонк дээр буулгаад манай гэрийн гадаа намайг буулгаад явсан. Намайг хашаа руу ороход /цаг хэд болж байсныг мэдэхгүй 02 цаг болж байсан болов уу/ манай нөхөр хашаан дотор байсан бололтой гарч ирээд намайг “хаанаас ирж байгаа юм, хэнтэй хаагуур машинтай яваад байгаа юм” гэж уурлаад миний толгой, нүүр рүү цохиход нь би толгойгоо бариад хойшоо газар суухад миний зүүн гарын бугалга руу өшиглөсөн. Намайг зодоод байхаар нь хашаанаасаа гараад урд хөрш Баянбаатарын гэрт ороход унтаж байсан. Баянбаатарын эхнэр охин хоёр нь босч ирээд “юу болсон бэ” гэж асуухад нь “манай нөхөр зодоод байна” гэж хэлэхэд ардаас орж ирээд айлын шүүгээ уудалж хар иштэй хайч аваад “чамайг ална” гэхэд Эрдэнэцэцэг болиулж салгасан......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
4.Гэрч Ч.Оюун-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 12 сарын 08-ны өдөр ажил тараад 20-21 цагийн үед манай ажлын Сарантуяа, Энхтуяа, Батцэцэг бид нар ажлын ойролцоо Дельфин караоке орж дуулсан. Бид нар дуулж байхдаа 1 шил пиво ууцгаасан. Харин Сарантуяа “уудаггүй” гэж хэлээд уугаагүй. Бид нар дуулж суугаад 00 цагийн үед Дельфинээс гараад салцгаасан. Маргааш нь нүүр нь хөхөрсөн байдалтай ирэхээр нь юу болсон талаар асуухад “нөхөртөө цохиулсан” гэж байсан......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/
5.Гэрч Б.Хонгорзулын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 12 сарын 08-ны өдөр ажил оройн 21 цагт тараад манай ажлын Сарантуяа, Оюун-Эрдэнэ, Энхтуяа, Батцэцэг бид нар ажлын ойролцоо “Дельфин” караоке орж дуулсан. Бид нар дуулж байхдаа 1 шил пиво ууцгаасан. Харин Сарантуяа уугаагүй. Бид нар дуулж суугаад 00 цагийн үед Дельфинээс гараад салцгаасан......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/
6.Гэрч Б.Батцэцэгийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 12 сарын 08-ны өдөр ажил оройн 21 цагт тараад манай ажлын Сарантуяа, Оюун-Эрдэнэ, Энхтуяа, Хонгорзул бид нар ажлын ойролцоо Дельфин караоке орж дуулсан. Бид нар дуулж байхдаа 1 шил пиво ууцгаасан. Харин Сарантуяа уугаагүй. Бид нар дуулж суугаад 00 цагийн үед Дельфинээс гараад салцгаасан. Бид нар өөр өөрсдөө харьцгаасан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/
7.Гэрч Б.Ганзоригийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 12 сарын 08-09-нд шилжих шөнө шиг санагдаж байна. Намайг гэртээ амарч байхад шөнийн 00 цаг өнгөрч байхад Сарантуяа над руу утасдаад “хороолол явах таксигүй болчихлоо, Би Дельфинд байна, намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд өөрийнхөө цагаан өнгөтэй 77-58 СЭА улсын дугаартай машинаа асааж халаасаар байгаад 01 цаг орчим дөхөөд очиход Дельфины урд ганцаараа зогсож байсан. Надад хэлэхдээ “ажлынхантайгаа караокед сууж байгаад гарч ирлээ” гэж хэлсэн. Би буцахдаа газан колонкд буух хүн замаасаа суулгаж, буулгаад дараа нь Сарантуяаг гэрийнх нь гадаа буулгаад харьж амарсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
8.Гэрч Б.Энхтуяагийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 12 сарын 08-ны өдөр орой 21 цагт ажил тараад манай ажлын Сарантуяа, Оюун-Эрдэнэ, Батцэцэг, Хонгорзул бид нар ажлын ойролцоо Дельфин караоке орж дуулсан. Бид нар дуулж суугаад 00 цагийн үед Дельфинээс гараад салцгаасан. Бид нар өөр өөрсдөө харьцгаасан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
9.Гэрч У.Эрдэнэцэцэгийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 12 сарын 08-наас 09-нд шилжи шөнө 03 цагийн орчим манай гэрийн гадаа хүн орилж дуугарах шиг болохоор нь босоод хаалгаа онгойлгоход хөрш Сраантуяа нилээн тэвдсэн байдалтай хамраас нь цус гарсан байдалтай орж ирэхэд нөхөр нь ардаас нь орж ирээд уурлаад шүүгээнээс хар иштэй хайч гаргаж ирээд айлгах гэхэд нь би хайчийг нь аваад цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрт орж ирээд зодолдоогүй....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/
10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №09 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. Б.Сарантуяагийн биед хуйханд хавантай, зовхи, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/
11.Шүүгдэгч Х.Баттулгын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би эхнэр Сарантуяатай 2001 онд гэр бүл болсон. Манай эхнэр 2017 оны 05 сараас “Долоон одой” цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орсон. 2017 оны 12 сарын 8-ннаас 09-нд шилжих шөнө 03 цаг орчим намайг эхнэрээ хүлээнгээ нохойндоо хоолоо өгч байхад хашааны гадаа цагаан өнгийн пробос маркийн Ганзоригийн машинаас эхнэр буугаад машин нь яваад өгсөн. Манай эхнэр хашаанд ороод ирэхээр нь би “хэнтэй хаагуур яваад ирж байгаа юм” гээд уурласандаа түүний толгой руу цохиж, газар унахад нь зүүн бугалга руу нь өшиглөсөн. Эхнэр газраас босоод хөрш айл Баянбаатарын гэр рүү орохоор нь би араас нь ороход Баянбаатарын эхнэр Эрдэнцэцэг, охин Хонгорзул нар нь байсан. Би уурандаа айлын шүүгээнээс хар хайч гаргаж ирээд айлгасан. Түүнээс хатгаж гэмтээх гэж бодоогүй. Удаагүй цагдаагийн ажилтан нар ирсэн ..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
12.Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/
13.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
14.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 35, 38-39 дүгээр хуудас/,
15.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах ялын тухай прокурорын санал танилцуулсан тухай /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Харбүргэд овгийн Хашхүүгийн Баттулгыг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг 4-р хэсэг, 111 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Сарантуяаг зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Баттулга нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Сарантуяаг зодож Б.Сарантуяагийн биед хуйх, 2 нүдний зовхи хавантай, зүүн доод зовхинд 3х1 см, баруун доод зовхинд 3х2 см хөхрөлт, цус хуралт, баруун зовхины доод ирмэгээр 3х0.3 см улаан хүрэн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 10х8 см улаан хүрэн цус хуралттай гэмтлүүд тус тус учирсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Гэмт хэрэг гарахад хохирогч Б.Сарантуяагийн гадуур гэр бүлийн харьцаа тогтоосон байж болзошгүй байдал нөлөөлсөнөөс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Х.Баттулгад Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Харбүргэд овгийн Хашхүүгийн Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хашхүүгийн Баттулгыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор төлж барагдуулсан байхаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан Х.Баттулга нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ