| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2024/0019/з |
| Дугаар | 124/ШШ2024/0028 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 124/ШШ2024/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н” ХХК, У аймгийн У сум ...-р багт хаягтай,
Хариуцагч: Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Увс аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан,
“Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоол батлагдсантай холбоотой халаалтын зардлын үнийн зөрүү болох 119.892,450 төгрөгийг төсөвт суулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 119.892,450 төгрөгийг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Н” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн эрчим хүчний зохциуулах зөвлөлд холбогдуулан “ Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Увс аймгийн Засаг дарыг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоол батлагдсантай холбоотой халаалтын зардлын үнийн зөрүү болох 119.892,450 төгрөгийг төсөвт суулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 119.892,450 төгрөгийг нөхөн олгохыг даалгах” гэж тодорхойлжээ.
2.Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолоор “Н” ХХК-ийн Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталж, сумын төсөвт байгууллагын халаалтыг 1м3 нь 1935 төгрөг /нөат-гүй/ байхаар тогтоосон байна.
3.Дулааны эрчим хүчээр хангагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас халаалтын зардалтай холбогдох гомдол гаргасан, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 01/266 дугаартай албан бичгээр “Н” ХХК-д өгсөн хариунд “...2024 оны төсөв батлах үед хэмжилт хийгдсэн байсан байгууллагуудын халаалтын зардлыг тус хэмжилт болон шинэ тарифаар тооцон тусгаж, бусад байгууллагуудын хувьд суурт төсөвт төсөвлөгдсөн дүнгээр тооцон тусгасан болно...” гэсэн хариуг өгч байсан байх ба нэхэмжлэгчээс анх шүүхэд Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан халаалтын зардлын үнийн зөрүү 116.892.450 төгрөгийг төсөвт суулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 116.892.450 төгрөгийг нөхөн олгохыг даалгах , төсвийн байгууллагуудын халаалт тооцох эзэлхүүнийг багасгасан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан ба хэмжилттэй холбогдох маргаан нь хэргээс тусгаарлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Увс аймгийн Засаг даргыг татан оролцуулсан,нэхэмжлэгчээс анх шүүхэд 2024 оны 3 сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.
4.Нэхэмжлэгч “Н” ХХК-ийг төлөөлөн захирал Э.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...”Н” ХХК нь 2017 оноос эхлэн Ө сумын төвлөрсөн халаалтын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж, одоог хүртэл ажиллаж байна.Халаалтын тарифыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл баталдаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот тариф батлах тухай тогтоолыг мөрдөн ажиллаж байсан.Энэ тогтоол өөрчлөгдөхгүй олон жил болсон, энэ хугацаанд цалин хөлс, тээврийн зардал болон бусад зардал өссөнөөс компанийн үйл ажиллагаа доголдож ирсэн.Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 22-н ыөдрийн 01 тоот “Тариф батлах тухай” тогтоол гаргаж халаалтын зардлыг нэмэгдүүлсэн.Гэсэн хэдий ч энэ тогтоолын хэрэгжилтийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага зохион байгуулах ёстой.энэ талаар ямар нэг ажил хийгээгүйн улмаас энэ тогтоол хугацаандаа хэрэгжээгүйн улмаас 2023 оны 9 сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуучин тарифаар зардлыг төлсөн ба зөрүүг олгоогүй.
Үнэ тариф нэмэхтэй холбогдуулаад 2023 оны 6 дугаар Эрчим хүчний зохицуулах хорооноос бидэнд албан бичиг өгсөн. Тухайн үед бичгийг өгч байхад Төрийн сангийн дарга Эрдэнэсүрэн биднийг цуглачихсан байхад яриа хийхдээ “та бүхэн Эрчим хүчний зохицуулах хорооноос гарсан үнэ тарифыг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс нэмэхгүйгээр хүлээж байгаач. Учир нь төсөвт өр үүсэх гээд байгаа учраас бид үүнийг шат дараатайгаар шийдэж өгнө гэх байдлаар бид ярилцсан. Бид нэхэмжлэхээ үүсгэх гэхээр өр үүсгэж болохгүй гэж аман байдлаар тохиролцсон тул бид өр үүсгэхгүй явж байсан. Гэтэл он дуусахад мөнгө нь шийдэгдээгүй тул асууж тодруулахад “нэгэнт боломжгүй болсон” гэдэг байдлаар биднийг хуурсан. Үүний дараа Эрчим хүчний яамны сайдад албан албан тоот хүргүүлсэн. Эрчим хүчний сайд Эрчим хүчний зохицуулах хороонд ханд гэсэн тул Эрчим хүчний зохицуулах хороонд хандахад бидэнд албан бичиг өгсөн бөгөөд албан шаардлагыг Засаг даргад явуулна гэсэн юм. Бидний хувьд 2018 онд батлагдсан үнэ тарифаар явж байсан бөгөөд цалингийн доод түвшин нь 240,000 төгрөг, бензин шатахууны үнэ 1800-2100 төгрөг байх үеийн тариф юм. Одоогийн байдлаар бид 2023 оны татвар, нийгмийн даатгалын өр төлбөр, шимтгэлийг төлж чадахгүй, өрөнд орсон, ажилчид цалингаа нэмэхгүй бол ажиллахгүй гэсэн. Төрийн сангаас дулааны тариф оны дундуур нэмэгдсэн учраас төсөвт нэмэх боломжгүй гэдэг хариулт өгч байгаа. Гэтэл бензин тосны үнэ оны дундуур нэмэгдэхээр тухайн асуудлаа шийдээд явдаг, түүнтэй адилхан бид нарын асуудлыг шийдвэрлээд явах ёстой гэж би ойлгож байгаа. Бид уурын зуухны шинэчлэл хийх гэхэд төсвийн мөнгө хүрэлцэхгүй, ажилчдын цалинг олгож чадахгүй, хувийн байгууллага учраас хөлдөөхгүйн тулд ийм арга хэмжээ авч байна. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, шийдэж өгөх байх гэж найдаж байна...” гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...Тухайн нэхэмжлэлд 2 захиргааны байгууллагыг хамтран хариуцагчаар татсан. Эрчим хүчний зохицуулах хороог хариуцагчаар татсан учир нь Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу “Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д захиргааны акт гаргасан байгууллага захиргааны актынхаа биелэлтийг хариуцна гэж заасан бөгөөд биелэлтийг хариуцаж, энэ үнэ тариф нэмэгдүүлсэнтэй холбогдох зардлыг төсөвт суулгах асуудлыг хөөцөлдөж яваагүй учраас хариуцагчаар татсан юм. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Засаг даргын үүргийг хуульчилсан бөгөөд аймаг нийслэл дүүргийн Засаг дарга нь Эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Иймд Увс аймгийн Засаг дарга Эрчим хүчний хуульд нийцүүлэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ, тарифыг төсөвт суулгаж олгох асуудлаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй учраас хамтран хариуцах ёстой гэж үзэж байгаа. Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс гаргасан үнэ тариф нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64, 67 дугаар зүйлд заасан зохицуулалтууд хэрэгжээд Хууль зүйн яаманд хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Ө сумын үнэ тарифыг нэмэгдүүлсэн тухай 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот “Тариф батлах тухай” тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 6276 дугаарт бүртгэгдсэн. Тийм учраас үүнийг бүх нийтээр, заавал дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэй. 2024 оны 5 дугаар сард батлагдаад 7 дугаар сард хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байхад үүнээс хойш тухайн жилийн төсвийн тодотгол болон жилийн эцсийн давсан орлогоо хуваахад хүртэл зөрүү мөнгийг нь өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа учраас тухайн эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, учирсан хохирлоо гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал Төсвийн тухай хуулийг л мөрдөнө, бусад нь бид нарт бараг хамаагүй гэх агуулгатай зүйлийг ярьсан.Үүнийг буруу гэж үзэж байна.Төсвийн тодотголыг буруу тайлбарлаж байна. Тодотгол гэдэг нь төсөвт их хэмжээний зардал үүсэх эсвэл зардлаа хангаж чадахгүй бол зардлыг бууруулах болон төсвийн төсөөллөөс орлого давсан тохиолдолд бусад зүйлүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэдэг. Төсвийн жилийн дундуур нэг хууль батлагдаад, нэг албан тушаал нэмэгдвэл түүний цалин хөлсний асуудлыг тодотголоор шийдвэрлээд төсөвт суулгаад явдаг. Гэтэл тарифын үнийг төсөвт суулгах бүрэн боломж байсан боловч хийгээгүй.Өр авлага үүсгээгүй шалтгаан нь Төрийн сан болон Аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу байгууллагын нягтлан бодогч, дарга нарт тухайн төсвийн жилийн санхүүгийн тайланд өртэй гарвал шууд ажилгүй болно шүү, тийм учраас өртэй гаргаж болохгүй гэж хэлдэг учраас байгууллагууд тайлангаа өртэй гаргаагүй байдаг юм. Нэгэнт эрх бүхий байгууллага шийдвэрээ гаргаад Монголын төр бүртгэж авсан байна. Хариуцагч хоёр байгууллагын хоорондын харилцан хамаарал, уялдаа холбоогүйгээс болж үйлдвэрлэгч байгууллага хохирч байгаа учраас хохирлоо нэхэмжилж байгаа нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
6. Хариуцагч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Ж.А нь Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны бус гишүүнээр 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрөөс томилогдон ажиллаж байна.
Н ХХК-ийн Захирал Э.Б нь Увс аймгийн Зохицуулах зөвлөлийн 2023 оны 05-р сарын 22-ны өдрийн 01 дугаартай "Тариф батлах тухай " тогтоолыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлаар 2023 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 23 компанийн дулааны шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах тарифыг шинэчлэн тогтоох талаар хэлэлцэж, "Тариф батлах тухай" тогтоолыг батлан, Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу "Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн сан"-д бүртгүүлэхээр хүргүүлсэн.
Үүнтэй зэрэгцүүлэн батлагдсан үнэ тарифын дагуу төсөвт зардлыг тусгуулахаар Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар шинэчлэн баталсан үнэ тарифыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэн, улс, орон нутгийн төсөвт тодотгол оруулах, төсөв нэмэгдүүлэх талаар тус хэлтсийн дарга мэргэжилтэнтэй 2-3 удаа уулзаж, ярилцсан./Хурлын тэмдэглэлийг хавсаргав/.
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023.07.05-ны өдрийн 1/3793 дугаартай албан бичгээр Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан үзээд, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн талаар албан бичиг ирүүлсэн.
Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний актын бүртгэлийн нэгдсэн санд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/3793 дугаарт бүртгэгдсэний дагуу "Тариф
батлах тухай" тогтоолуудыг 2023.07.19-нд тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хүлээлгэн өгсөн.
Увс аймгийн Ө сумын "Н" ХХК-ийн 2023 оны 01 дугаартай тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 6276 дугаарт бүртгэгдсэн. /Баримтыг хавсаргав/.
Уг тогтоолын хэрэгжих хугацаа 2023.09.15-ны өдрөөс хэрэгжихээр батлагдсан боловч төсвийн хуулиа баримталж, 2024.01.01-нээс хэрэгжүүлээд явж байгаа гэж Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга хариулт өгч байгаа.
Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлагдсан энэхүү тогтоол нь Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилийн эхнээс буюу 2024.01.01-нээс хэрэгжиж байна. Тус компани нь дулаанаар хангах концессын гэрээгээр ажилладаг бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлж ажиллах субьект нь өөрөө юм” гэжээ.
7. Хариуцагч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Увс аймгийн хэмжээнд үнэ тариф баталдаг, тусгай зөвшөөрөл олгодог. “Н” ХХК нь 2018 оноос үнэ, тариф нэмээгүй 3-4 жил болсон байсан. Тийм учраас хавар Эрчим хүчний зохицуулах зөвлөлд үнэ тарифаа нэмэх тухай хүсэлт өгсний үндсэн дээр манай байгууллагаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай тогтоол боловсруулаад ард иргэдэд танилцуулсан.Аймгийн Төрийн сангийн хэлтэст 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тогтоолоо албан тоотын хамт хүргүүлсэн. Мөн Хууль зүйн яам руу бичиг баримтаа явуулахад 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус тогтоолыг Хууль зүйн яам улсын нэгдсэн санд бүртгэж авсан. 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дулаанаар ханган нийлүүлэгч компаниудыг цуглуулж тогтоолыг бүгдэд нь гардуулж өгч, гарын үсэг зуруулсан. Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь үнэ тариф баталж Хууль зүйн яаманд бүртгүүлдэг бөгөөд Төрийн санд тогтоолыг хүргүүлнэ. Түүний дараа халаалтын компаниуд өөрсдөө хөөцөлдөж улсын төсөвт суулгуулж авах ёстой. Харин Эрчим хүчний зохицуулах зөвлөл тогтоолын араас хөөцөлдөх хуулийн зохицуулалт байхгүй.2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тарифыг мөрдөхөөр тогтоол гаргасан шалтгаан нь тухайн байгууллагууд яалт ч үгүй алдагдалтай ажиллаж байсан тул нэг өдрийн өмнө зарлагыг нь нөхөхийн тулд байсан.Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй, цалин мөнгөө олгох боломжгүй, бараг 4 жил тарифаа нэмүүлээгүй байж байгаад нэмсэн учраас тарифыг мөрдөх хугацааг заасан...” гэв.
8. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ””Н” ХХК компани нь нэхэмжлэлээ Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргах байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...2023 оны 6 дугаар сард үнэ тариф нэмэгдсэн тогтоолыг Увс аймгийн Төрийн сан хүлээж авсан. Гэхдээ 2023 оны төсвийг хуулийн дагуу өмнөх оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал баталдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд нь өмнөх оныхоо 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор баталдаг. Увс аймгийн Төрийн сангийн зүгээс Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан байдаг. Үүнийг бүх төсөв захирагч нар биелүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно” гэж заасан. Үүний дагуу төсвийн жилийн дундуур гарсан орлого бууруулах болон зарлага нэмэгдүүлэх шийдвэрийг дараа оны төсвийн жилээс буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр байгаа. 2024 оны төсөв 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан бөгөөд нэмэгдсэн тарифыг тусгаж батлуулаад 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлээд явж байгаа. Төсвийн байгууллагууд болон “Н” ХХК хоорондоо тооцоо нийлсэн акт байхгүй учраас өр авлага үүссэн гэж үзэх боломжгүй. Амаар өр авлага битгий үүсгэ гэсэн гээд өр үүсгэхгүй байж болохгүй шүү дээ. Албан бичгээр хандаад хариугаа авах боломж нь байсан гэж бодож байна...” гэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нэмэлт тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд “Н” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын биелэлтийг хангуулаагүй Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, холбогдох хууль, журмын хүрээнд тогтоолын хэрэгжилтийг хангуулах төсвийг төсөвт төсөвлөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгаж, үлдэх нэхэмжлэл болох “халаалтын зардлын зөрүү 119.892.450 төгрөгийг нөхөн олгохыг аймгийн Засаг даргад даалгуулах”, Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоол батлагдсантай холбоотой халаалтын зардлын үнийн зөрүү болох 119.892,450 төгрөгийг төсөвт суулгахгүй байгаа эрчим хүчний зохицуулах зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 119.892,450 төгрөгийг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч талаас “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл халаалтын тарифыг шинэчлэн баталсан боловч Захиргааны ерөнхий хууль, Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар батлан гаргасан байгууллага шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулаагүй, аймгийн Засаг дарга төсвийн байгууллагуудын халаалтын зардлын зөрүүг төсөвт суулгах арга хэмжээг аваагүйн улмаас 2023 оны 9 сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл халаалтын зөрүү зардлаас олох бодит орлого буурч эрх зөрчигдсөн” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “Тариф тогтоох тухай тогтоолыг батлагдан гарсны дараа захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн, шинэчлэн баталсан тарифыг аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хүлээн авахаас татгалзах тухай тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор гаргасан талаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэсэн болохыг тэмдэглэв.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ Төсвийн тухай хуулийн хүрээнд төсвийн жилд зарлага нэмэгдүүлэхгүй ажиллах ёстой тул нэмэгдсэн тарифын дагуу төсвийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгосон” гэсэн тайлбар шүүх хуралдаанд гарган, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Нэхэмжлэгчийн Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоол батлагдсантай холбоотой халаалтын зардлын үнийн зөрүү болох 119.892,450 төгрөгийг төсөвт суулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 119.892,450 төгрөгийг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн талаар:
5.Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолоор “Н” ХХК-ийн Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталж, сумын төсөвт байгууллагын халаалтыг 1м3 нь 1935 төгрөг /нөат-гүй/ байхаар тогтоосон байх бөгөөд Монгол Улсын Хууль зүй,дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1/3793 дугаартай албан бичгээр уг 01 дугаартай тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 6276 дугаарт бүртгэгдсэн талаар Эрчим хүчний зохицуулах зөвлөлд мэдэгдсэн байна.
6.Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны эрчим хүчний тарифыг шинэчлэн баталсан тул төсвийн нэмэлт тодотголд оруулж өгөх тухай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай албан бичгийг санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад хүргүүлжээ.
7.Нэхэмжлэгч “Н” компанийн хувьд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрлийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай сунгасан, Ө сумын төсөвт байгууллагууд болох тус сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Ахлах сургууль, Хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагыг дулаанаар хангадаг байна.
8.Дулааны шинэчилсэн тарифыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон боловч 2023 оныг дуустал хугацаанд хуучин тарифаар дулааны үнийг тооцсон, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс уг тарифын дагуу үнийг төлж байгаа байх ба энэ талаар талууд маргаангүй болно.
9.Нэхэмжлэгч тал “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан үүргийн хүрээнд тогтоолын биелэлтийг хангуулж халаалтын зардлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй” гэж маргасан.
10.Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага захиргааны шийдвэрийг гүйцэтгэнэ гэж заасан ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:
11.1.1.захиргааны акт;
11.1.2.захиргааны гэрээ;
11.1.3.захиргааны хэм хэмжээний акт гэжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зохицуулалт нь захиргааны актын гүйцэтгэлийг хангахтай холбоотой байна.Энэхүү үндэслэлээр Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд тарифыг нэмэгдүүлэн баталсан шийдвэрийн дагуу зардлыг шийдвэрлүүлэх үүргийг хүлээхгүй.
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн эрх, үүргийг тусгасан ба 11.3.3-д “Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх үүргийг хүлээхээр заасан.
11.Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлж, уг тогтоол нэгдсэн санд бүртгэгдсэн, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст тогтоолоор баталсан тарифын талаарх мэдээллийг хүргүүлэн төсвийн тодотголд оруулахаар албан бичгийг хүргүүлж ажилласан байна.
Иймд Эрчим хүчний зохицуулах зөвлөл хуульд заасан эрх, үүргийн хүрээнд ажилласан,халаалтын зардлыг шийдвэрлүүлэх талаарх үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоол батлагдсантай холбоотой халаалтын зардлын үнийн зөрүү болох 119.892,450 төгрөгийг төсөвт суулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 119.892,450 төгрөгийг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоол батлагдсантай холбоотой халаалтын зардлын үнийн зөрүү болох 119.892,450 төгрөгийг төсөвт суулгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 119.892,450 төгрөгийг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн талаар:
12.Нэхэмжлэгч “Н” ХХК нь Увс аймгийн Ө сумын төсөвт байгууллагуудыг халаалтаар ханган ажилладаг байх ба Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгохоор тодорхойлсон, өөрөөр хэлбэл төсвийн байгууллага нь халаалтын зардлын хувьд батлагдсан төсвийн хүрээнд төлбөрийн гүйлгээг хийдэг, нэмэгдүүлсэн халаалтын төлбөрийг төлөх тохиолдолд төсвийн байгууллагын төсөв нэмэгдсэн байх шаардлага үүснэ.
13.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д "төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:
14.1.20.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн гэж, 67 дугаар зүйлийн 67.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ гэж тус тус зохицуулсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлд аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон ба 60 дугаар зүйлийн 60.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах”, 60.1.4-д “аймгийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах”, 60.1.5-д “аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах бүрэн эрхийг хэрэгжүүүлэхээр заасан байна.
Мөн Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ” гэж заасан, өөрөөр хэлбэл Увс аймгийн Засаг дарга Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг Төсвийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй байна.
14.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан тул нэгэнт батлагдан мөрдөгдөхөөр шийдвэрлэгдсэн тарифын өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шаардлагатай арга хэмжээг буюу аймгийн төсвийн төсөлд болон түүний тодотголын төслийг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх ажлыг аймгийн Засаг даргаас зохион байгуулах ёстой боловч энэ талаарх үүргээ биелүүлээгүй байна.
15.“Н” ХХК-иас Ө сумын төсвийн байгууллагуудад нийлүүлсэн дулааны төлбөрийн зөрүү нь төсөвт суугдаж олгогддог, эрчим хүчний зохицуулалттай хангалтаар буюу эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон тарифаар дулаанаар хангах үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийн хувьд хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэмэгдсэн тарифаар дулааны эрчим хүчийг нийлүүлэх хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн байна.
Иймд хариуцагч Увс аймгийн Засаг даргаас эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоолын биелэлтийг хангахад чиглэсэн төсөв төсөвлөхтэй холбогдох арга хэмжээг аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж,холбогдох хууль журмын дагуу халаалтын тарифын зөрүүг тооцоолон төсөвт төсөвлөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
16.Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
6.2.5.төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх,
6.2.6.Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахаар бол доор дурдсан зохицуулалт хийнэ:
6.2.6.а.тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэхээр бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх гэж заасан.
Бодлогын аливаа шийдвэр гэдэгт үзэл баримтлалд тулгуурласан, асуудал шийдвэрлэхэд чиглэсэн төрийн бодлогын шинжтэй шийдвэрүүд хамаарагдахаар байх ба дулааны тарифын өөрчлөлтийн асуудлыг аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд төсвийг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх хэмжээнийхээ хүрээнд төсвийг батлах, төсвийн төсөлд өөрчлөлт оруулах эрхтэй байна.
17.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “төсвийн жилийн дундуур зарлага нэмэгдүүлсэн шийдвэр гарсан тул хэрэгжүүлэх боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
18.Ө сумын төсвийн байгууллагын дарга, эрхлэгч болох Ш.Д, Д.Д, Б.Э, Б.Ш нараас “халаалтын тариф шинэчлэн батлагдсантай холбоотой зөрүү мөнгийг 2023 оны халаалтын зардалд тавьж өгөөгүй.2023 оны гэрээг дүгнэхэд өр авлага үүсээгүй” гэх мэдүүлсэн, нэхэмжлэгч талаас “төсвийн байгууллагуудаас 2023 оны санхүүгийн тайланд өр үүсгэж болохгүй байгаа, дараа онд төлбөрийг нөхөн төлнө” гэж гуйсан тул өр авлага үүсгээгүй” гэж тайлбарласан байна.Энэ нь хариуцагчаас төсвийг боловсруулан хэлэлцүүлэх үүргийг хэрэгжүүлэхэд хамааралгүй болно.
19.Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас төсвийн холбогдох тооцооллыг боловсруулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсвийн хэлэлцэн батлах эрх хэмжээтэй тул нэхэмжлэгчийн “ халаалтын зардлын зөрүү 119.892.450 төгрөгийг нөхөн олгохыг аймгийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
20.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, 60.1.5, Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын биелэлтийг хангуулаагүй Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, холбогдох хууль, журмын хүрээнд тогтоолын хэрэгжилтийг хангуулах төсвийг төсөвт төсөвлөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгаж, үлдэх нэхэмжлэл болох “халаалтын зардлын зөрүү 119.892.450 төгрөгийг нөхөн олгохыг аймгийн Засаг даргад даалгуулах”, Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Тариф батлах тухай” тогтоол батлагдсантай холбоотой халаалтын зардлын үнийн зөрүү болох 119.892,450 төгрөгийг төсөвт суулгахгүй байгаа эрчим хүчний зохицуулах зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 119.892,450 төгрөгийг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ