Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00181

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Ц овогт Ц-ын Б-гийн

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2024/00964/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Э.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Соёл нэгдэлд малчнаар нэгдэл тартал ажиллаж байгаад аавын хамт хувийн малаа маллаж амьдарсан.

Миний мал маллаж байсан малын А данс дээрх миний нэрийг тухайн үед бүртгэл хийж байсан хүн нь Л гэж бичсэнээс миний мал маллаж байсан байдал тогтоогдохгүй, малчнаар тэтгэвэрт орж чадахгүйд хүрээд байна.

Манай суманд энэ хугацаанд надаас өөр Б- нэртэй хүн байгаагүй, мөн Л гэсэн нэртэй хүн амьдарч байгаагүйг манай сумын төрийн байгууллага баталдаг.

Иймд Ц.Б- намайг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б- нь 1993 онд Дархан хотын Хөдөө аж ахуйн коллеж төгсөөд түүнээс хойш өөрийн төрж өссөн сумандаа мал маллаж ирсэн болох нь түүний аав Ц.Ц-, Ц.Б-, Ц.Л нэрээр тухайн онуудад тоологдож байсан малын А дансны баримтаар нотлогдож байгаа. 1995 онд жилийн эцэст тоологдсон малын тоо 1996 оны малын А дансны баримт дээр зөрүүгүй, хэдийгээр нэр Ч.Л гэж бичигдсэн байгаа малын тоо болох нийт мал 119, үүнээс 12, үхэр 14, хонь 54, ямаа 56 гэж бүртгэсэн байгаатай зөрүүгүй. Цэр Л нэрээр хөтөлсөн малын А дансны ам бүлийн тоо 2 болсон байгаа нь 1996 оны үетэй тохирч байна гэж үзэж байна. Ц.Л гэж бичсэн 2000 оны малын А дансны ам бүлийн данс дээр ам бүл 3, малчны тоо 16-36 насны 2 гэж бичсэн байгаа нь 2000 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн төрөлтийн түүхтэй тохирч байгаа. 2000 онд 137 малаас адуу 8, үхэр 9, хонь 60, ямаа 60 гэж бичсэн байгаа нь малын А дансны эцсийн тооллого байсантай мөн тохирч байна. Ц.Л гэсэн ам бүлийн тоо хэсэгт 3 гэж бичсэн байгаа нь Ц.Б-гийн ам бүл нэмэгдсэн байдалтай тохирч байгаа ба 2001 оны малын А дансны адуу 5, үхэр 2, хонь 15, ямаа 8 гэж бичсэн байгаа нь 2002 оны малын тоотой таарч байгаа. Ийм учир дээрх онууд нь Ц.Б-гийн малын А данс мөн гэж үзэх үндэслэлтэй байна. 1996 он болон 2002 оны малын А дансанд хөтлөгдсөн иргэдийг нэрсийн жагсаалт байгаа нэрс мөн хоорондоо тохирч байгаа зэрэг баримтуудыг үнэлж нэхэмжлэгч Ц.Б-гийн 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Б- нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа гэж тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн Иргэдийн нийтийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... хэлэлцэх асуудал 4. Иргэний хүсэлт өргөдлийн тухай. Хуралдаан даргалагч Г.Б: Манай багт 1993 оноос 2001 он хүртэл мал маллаж байсан Ц- овогтой Б- нь тэтгэвэр тогтоолгох гэтэл Улсын бүртгэл дээр бол нэрний зөрөөгүй бөгөөд тухайн үеийн мал маллаж байсан малын А дансанд Б.Л гэж бичигдэж нэрний зөрүү гарсан тул тухайн үед хамтран мал маллаж байсан болдпон Ц-ын Б- нэртэй байснаа баталгаажуулах гэж багийн иргэдийн нийтийн хуралд хүсэлт ирүүлсэн юм. Энэ талаар саналтай иргэн байна уу. 4 дүгээр багийн иргэн Б: 1993 оноос 2001 он хүртэл хамтран мал маллаж байсан үнэн. Б- гэдэг байсан. Манай багийн иргэд ч мэдэж байгаа. 4 дүгээр багийн иргэн Л.Б: Б- гэдэг байсан. Нэрийн зөрүүг гаргаж өгөхөд бид бол бүгд л дэмжиж байна. Хуралдаан даргалагч Г.Б: Өөр саналтай хүн байна уу. Байхгүй бол саналаа таслах уу. Ер нь бол би ч мэднэ л дээ. 2000 он гартал мал маллаж байсан. Манай багт өөр Ц.Б- нэртэй хүн ч байхгүй. Ц.Б- л гэдэг байсан. Шийдвэрлэсэн нь: Ц.Б- нь тус сумын 4 дүгээр багт 1993 оноос 2001 он хүртэл аавтайгаа мал малалж байсан нь үнэн бөгөөд Ц.Б- биш Ц.Б- гэдэг нэртэй болохыг багийн нийтийн хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар баталлаа. гэх бичилт бүхий 2 дугаартай хуралдааны тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

Ц овогт Ц-ын Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын архиваас Малчин-даатгуулагчид олгосон 115 дугаартай архивын лавлагаа ***ын Харгана багийн малчин Ц- овогтой Б- (ЛЛ11111111) мал маллаж байсан хугацаа (1999-2001 он хүртэлх) гэх бичилттэй архивын баримт ***ын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),

2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын архиваас Малчин-даатгуулагчид олгосон 112 дугаартай архивын лавлагаа Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн малчин Ц- овогтой Б- (ЛЛ11111111) мал маллаж байсан хугацаа (1996, 2001-2002 он хүртэлх) гэх бичилттэй архивын баримт ***ын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),

2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын архиваас Малчин-даатгуулагчид олгосон 114 дугаартай архивын лавлагаа ***ын Харгана багийн малчин Ц- овогтой Б- (ЛЛ11111111) мал маллаж байсан хугацаа (1997-1999 он хүртэлх) гэх бичилттэй архивын баримт ***ын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас),

2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ... иргэн Ц.Б- /ЛЛ11111111/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийгдээгүй ба төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. Ц.Л /ЛЛ11111111/ гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. гэх бичилттэй 30/1133 тоот албан бичиг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр олгосон CVL2467010001006897 дугаартай эцэг /эх/-ийн нэр: Ц-, өөрийн нэр: Б-, хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1968-02-04 ... гэх бичилт бүхий төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ... иргэн Ц.Б- /ЛЛ11111111/ нь шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдээгүй бөгөөд оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. гэх бичилттэй 30/1181 тоот албан бичиг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

Үндэсний архивын сан хөмрөгөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгосон он 2000, аймаг/хот: Хөвсгөл, сум/дүүрэг Жаргалант, баг/хороо: 3-р баг, байршил: хөдөө гэх бичилт бүхий Ц-ын Б-, Ц-гийн Х нарын 2000 оны хүн амын тооллогын 03-04/5503 дугаартай архивын лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

***ын Засаг дарга Ц.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Манай сумын харьяат Ц овгийн Ц-ын Б- 1975-1985 онд тус сумын дунд сургууль, 1986-1988 онуудад цэргийн алба, 1989-1993 онуудад Дарханы Хөдөө аж ахуйн техникум, 1993-2003 он хүртэл Харган (4-р баг) багт мал маллаж байсан. Энэ үеийн насны хүмүүсээс Харгана багт Б-, Л нэртэй хүн байгаагүй болохыг тодорхойлов. гэх бичилттэй 1/386 тоот албан бичиг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон Ц овогт Ц-ын Б-, Орос овогт Ц-гийн Х нарын 22671901000320 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар хуудас),

Гэрч Т.Г-гийн: ... Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт Ц.Б-тэй адил нэртэй хүн байгаагүй. гэх мэдүүлэг,

Гэрч Д.Т-ийн: ... Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт нутагладаг Ц- гэх 9 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд нь болж 1968 онд төрсөн. Жаргалант сумын 8 жилийн дунд сургуулийг 1985 онд 8 дугаар ангийг төгсөж 1986-1988 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Дархан хотын техникумд 1989-1993 онд суралцаж төгсөөд сум орон нутагтаа ирж Жаргалант сумын 4 дүгээр багт мал маллаж байсан. 1999 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багаас н.Х гэдэг хүнтэй гэр бүл болж тэд дундаасаа 4 хүүхдийг төрүүлж өсгөсөн. ... Ц.Б- нь эцэг эхээс 9-үүлээ. Хамгийн том эгчийг нь Ц.Б, дараах нь Ц.М, Ц.П, Ц.Д, Ц.А, Ц.Б-, Ц.Ц, мөн Ц.Д, хамгийн бага хүүхдийг нь Ц.Д гэдэг. ... Ц.Б-г хүмүүс Бадийл гэж авгайлж дууддаг. Овог нэр өөрчилж сольж байгаагүй. Ц- гуайн хүүхдүүдийн нэр бүгдээр сүрэнгээр төгссөн нэртэй хүмүүс байдаг. Жаргалант суманд төрсөн, Б-тэй нас ойролцоо Г-гийн Л гэдэг хүн байсан. Г.Л нь Жаргалант сумын 3 дугаар багт Б- нь 4 дүгээр багт байсан. Өөр нэр нэр андуурагдах хүн байхгүй. гэх мэдүүлэг,

Гэрч Л.Нгийн: Ц.Б- нь 1986 онд цэрэгт татагдаад, халагдаж ирсэн оныг сайн мэдэхгүй байна. Цэргээс ирээд, 1993 оноос мал маллаж эхэлсэн. Одоог хүртэл малаа маллаж байгаа. ... Ц-ын Б-гээр нь л мэднэ. Овог, нэрээ өөрчилж байгаагүй.

Гэрч Л.М-ын: Ц.Б- нь төрсөн он, хэзээ сургууль төгссөн зэргийг нь мэдэхгүй байна. Цэрэгт мөн татагдсан оныг мэдэхгүй байна. Цэргээс халагдаж ирээд сум орон нутагтаа ирж Жаргалант сумын 4 дүгээр багт мал маллаж эхэлсэн. Эхнэрийнх нь нэрийг сайн санахгүй байна. Хөвсгөл аймгийн Галт сумын хүнтэй гэрлэж байсан. ... Ц-ын Б-гээр нь л мэднэ. Овог, нэрээ өөрчилж байгаагүй. Авгайлж дууддаг нэр байхгүй байх аа. гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 194-203 дугаар хуудас),

Шүүх 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын архивын 1995-2001 оны малын А дансны баримтад үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн холбогдох баримтуудыг тус газрын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан авсан (хавтаст хэргийн 162-192 дугаар хуудас) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч Ц.Б- нь шаардах эрхтэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв байх, дээрх үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохирч байгаа зэргийг нь үндэслэн үнэлж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай шаардлага гаргаж энэхүү шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц овогт Ц-ын Б-гийн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН