Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,

Шүүгдэгч Б.А нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. А-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой Дорноговь аймгийн .... тоотод хохирогч Б.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гараараа 2 удаа цохисон, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй... Хохирол төлбөр дээр 30 000 төгрөгт нь гурил өгөөд 70 000 төгрөг бэлэн өгсөн. Би гурилыг нь дэлгүүрээс зээлж өгсөн...” гэв.

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:                                  “...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр...А, Э бид нар архи, пиво хувааж уусан... би бие засаад зогсож байхад А араас гараад ирсэн ба намайг бие засаад зогсож байхад миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр үед миний нэг шүд унаад мөн би газар унасан. Намайг унасны дараа А миний дээр гараад нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Миний доод үүдэн шүд унасан өөр ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр ажлаасаа 14 цагийн үед бууж ирсэн...манай нөхөр Б гараад явтал араас нь А гараад явсан...тэгтэл чанга чанга дуугараад байсан ба намайг гэрээс гартал 2-уулаа зууралдаад манай нөхөр доод талд нь гарчихсан А заамдаад дээд талд нь хэвтэж байсан...манай нөхрийн шүд нь уначихсан гээд амнаас нь цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 2 маргалдсан ба би Б нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа цохисон ...Би хохирогч Б-д 30.000 төгрөгийн гурил авч өгөөд бэлэн 70.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/028 дугаартай: “...Б.Б доод үүдэн 1 шүдний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 11.15.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой Дорноговь аймгийн .... тоотод хохирогч Б.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Б. А-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст шүүгдэгч Б.А  “... Би хохирогч Б.Б-д 30 000 төгрөгний гурил авч өгөөд бэлэн 70 000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 7 дугаар хуудаст хохирогч Б.Б “... Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.А-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.А-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгуулийн ялыг 6 / зургаан / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б. А нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА