| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 136/2025/00009/И |
| Дугаар | 137/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 137/ШШ2025/00076
2025 02 20 137/ШШ2025/00076
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Н-ийн Б дүүргийн ....-р хороо, Э тоотод байрлах, “М” барьцаалан зээлдүүлэх газар ХХК /УБД:, РД:, утас:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын .... дугаар баг, М-ын гудамжны ..... тоотод оршин суух, А овогт Д-ын Б /РД:, утас:/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,638,812.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М ХХК нь Д.Б-ын хүсэлтээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр №22/21 тоот зээлийн гэрээгээр 19,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 2,9 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч нь өнөөгийн байдлаар үндсэн зээлээс 7,850,321.34 төгрөг, хүүнээс 4,544,678.66 төгрөг төлсөн ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Д.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй ба удаа дараа элдэв шалтаг тоочиж худал хэлж зээлээ төлөлгүй өдий хүрч хохироож байна. Үндсэн зээл 11,149,678.66 төгрөг, хүү 6,841,489.78 төгрөг, алданги 3,647,643.83 төгрөг, нийт 21,638,812.27 төгрөг байна гэжээ.
Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Д.Б миний бие нэхэмжлэгч М ХХК-тай харилцаж тохиролцоод дараах тайлбарыг гаргаж байна. Үндсэн зээл 11,149,678.66 төгрөг, хүүнээс 5,895,386.78 төгрөг нийт 17,045,065.44 төгрөгийг 2025 оны 03 сараас эхлэн 06 сарын дотор буюу 2025 оны 08 сарын 30-ны дотор төлж барагдуулна. Харин хүүгийн төлбөрөөс 946,103 төгрөг, алданги 3,645,643.86 төгрөг нийт 4,593,746.83 төгрөгнөөс нэхэмжлэгч М ХХК нь татгалзахаар тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөн үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “...М” барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж овогтой Г миний бие хариуцагч Д.Б-ын нэр дээрх зээлийн гэрээний үүрэгт 21,638,812.27 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 3,647,643.83 төгрөг, хүүнээс 946,103 төгрөг тус тус татгалзаж үлдэгдэл төлбөр болох 17,045,065.44 төгрөг дээр эвлэрч байна. Хариуцагч Д.Б нь уг төлбөрийг 2025 оны 03 сараас эхлэн 06 сарын дотор буюу 2025 оны 08 сарын 30-ны дотор төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,638,812.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч Д.Б нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 21,638,812.27 төгрөгнөөс 4,593,746.83 төгрөгийг татгалзаж, үлдэх 17,045,065.44 төгрөгийг нэхэмжлэхээр, хариуцагч тал нэхэмжлэлийн 17,045,065.44 төгрөгийг 2025 оны 03 сараас эхлэн 06 сарын дотор буюу 2025 оны 08 сарын 30-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М” барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,638,812.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 21,638,812.27 төгрөгнөөс 4,593,746.83 төгрөгийг татгалзаж, үлдэх 17,045,065.44 төгрөгийг нэхэмжлэхээр, хариуцагч тал нэхэмжлэлийн 17,045,065.44 төгрөгийг 2025 оны 03 сараас эхлэн 06 сарын дотор буюу 2025 оны 08 сарын 30-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,144.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,045,065.44 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 243,175 төгрөгийн 50 хувь болох 121,587.5 төгрөгийг хариуцагч Д.Б-аас, мөн хураамжийн 50 хувь буюу 133,072.03 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ