Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч Г.М нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.М-т холбогдох эрүүгийн ......дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч  Г. М нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Д.Д-н баруун шилбэнд төмрөөр цохин зөрүүгүй хугалж, цээж, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр Хатанбулаг орсон байсан...Д-тэй маргалдаад, ална гээд байсан ба халаасаа ухаад байхаар нь хутга гаргаж ирэх нь гэж бодоод цохисон...архи уусан байсан болохоор энэ хэргийг хийсэн...баруун хөл, мөн нуруунд нь төмрөөр цохисон...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин хэрэг хийхгүй. Хохирогчид нийт 2 500 000 төгрөг өгсөн...” гэв.

 

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Тэгтэл М миний нуруун тус газар юмаар цохих шиг болсон ба тухайн үедээ балмагдаад байж байтал нуруу руу дахиад хоёр удаа юмаар цохисон. Тэгтэл гартаа төмөр барьчихсан, миний баруун хөл рүү цохисон ба тэр үедээ хөл эвгүй болоод өвдөөд явчихсан. Тэгээд би босч чадахгүй байхад М босооч чи, битгий маяглаад бай гээд татаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөвсгөл сумын харъяат Б гэж дууддаг хүн байсан. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй, нөгөө хүн нь манай сумын 4 дүгээр багийн малчин Шар Г гэх хүн байсан. Тэгээд бууж ирээд Б нь манай нөхрийг татаад босгох гэж оролдоод эхэлсэн тэр үед би нөхрөө гадаа байсныг мэдсэн. Манай нөхөр машинаас баруун хойд зүгт 1, 2 метрийн зайд хэвтэж байсан юм байна лээ. Тэгээд очоод Б манай нөхрийг битгий баашлаад бай гэж хэлээд гадуур хувцаснаас нь зуураад дээш нь чангаагаад байсан, тэгээд бас чи авгайгаа дуудаад юундаа шовроод байгаа юм гэж байсан. Тэгээд би шууд очоод Б-г цээж рүү нь түлхэж холдуулаад чи зайл би нөхрөө өөрөө аваад явчихна гэж хэлтэл тэр хоёр машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

         Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд намайг ална гээд дайраад байсан ба гутлынхаа түрүүг ухаад байхаар нь би хутга гаргаж ирэх нь гэж байна гэж бодсон. Тэгээд би машиныхаа урд суудлын голд байсан бордок төмрийг гаргаж ирээд нуруу руу нь нэг удаа цохисон ба тэр үед Д газар уначихсан тэгэхээр нь би баруун хөл рүү нь бордок төмрөөр 2 удаа цохисон.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар  хуудас/,

 

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай өвчний түүхээс үзэхэд Д.Д-н биед баруун шилбэний дээд 1-3 хэсгийн зөрүүгүй хугарал, толгойн шарх, цээж баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 02-008 дугаартай дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г. М нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтуугаар хохирогч Д.Д-н баруун шилбэнд төмрөөр цохин зөрүүгүй хугалж, цээж, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г. М-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           

             Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  өөрийн гэм буруугаа сайн дураа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаангүй болон түүний сарын орлого зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 42 см урт автомашины дугуй задалдаг гэх төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г. М-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгуулийн ялыг 3  / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 42 см урт автомашины дугуй задалдаг төмрийг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА