| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2024/0021/з |
| Дугаар | 124/ШШ2024/0030 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 124/ШШ2024/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И Б О” ХХК, /РД: ......./
Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нарын хооронд үүссэн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эс үйлдэхүй болон хохирол гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А /цахим/, хариуцагч Өмнөговь сумын Засаг дарга Б.К, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “И Б О” ХХК нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар өөрчилж тодорхойлсон.
1.1. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хандаж гаргасан тус сумын Орлого багийн нутаг дэвсгэрт байрлах MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан санал авах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн бичиг гаргаж өгөхийг Засаг даргад даалгах;
1.2. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанид учирсан хохирол 950,000,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Анх Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1104 дүгээр шийдвэрээр “Ю-А” ХХК-д Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрлах “Орлогын гол” нэртэй газарт 89,73 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-016965 дугаартай тусгай зөвшөөрлийг, мөн Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар шийдвэрээр “Ю-А” ХХК-д Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байрлах “Орлогын гол” нэртэй газарт 71.04 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-016998 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилээр тус тус эзэмшүүлжээ.
2.2. Улмаар дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлүүд эзэмшигчийн нэрийг 9019078048 тоот улсын бүртгэлийн дугаартай “И Б О” ХХК болгон эзэмшигч компанийн нэрийг өөрчилсөн байна. (Хавтаст хэргийн 34-55 дугаар хуудас)
2.3. “И Б О” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр албан бичгээр “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах санал авах талаар”, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай “...MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай тодорхойлолт гаргаж өгөх талаар”, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах санал авах болон 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай тодорхойлолт гаргаж өгөх талаар” 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр “...2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай тодорхойлолт гаргаж өгөх талаар” гэсэн хүсэлтийг Өмнөговь сумын Засаг даргад гаргаж байжээ. (Хавтаст хэргийн 14, 25, 109-110 дугаар хуудас)
2.4. Хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр “...Өмнөговь сумын Орлого багийн нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад үйл ажиллагаа явуулахгүй саналтай байна...”, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар албан бичгээр “...MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай” гэх албан бичгийг тус тус нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. (Хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас)
2.5. Нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Засаг даргад “...Өмнөговь сумын Засаг даргаас Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах санал авах болон 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа талаар” гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “И Б О” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн нутаг дэвсгэрт байрлах МV-016965, МV-016998 тоот бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудад алтны шороон ордны үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад “...Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй” гэх санал өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээ албан бичгээр “...тус компани хүн гэх хүмүүс орлого багийн айл өрх, Засаг дарга, ИНХ-ын дарга нартай хээр хөдөөгүүр харилцсан тухай мэдээлэл ирсэн нь танай компани хууль ёсны үйл ажиллагаа явуулах ямар нэгэн арга зам хайж байгааг илэрхийлж байна гэж ойлгож байна”... гэх агуулга бүхий “И Б О” ХХК-ийг хэт харлуулсан, авлига хээл хахууль өгсөн, хууль бусаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг агуулга бүхий саналыг ирүүлснээс өөрөөр ямар нэгэн байдлаар бидэнд хариу өгөөгүй. Манай компани Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн нутагт байрлах MV-016965, MV-016998 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газруудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний тайлан гаргахад Өмнөговь сумын Засаг даргын үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй гэх тодорхойлолт хийлгэхээр 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт хүргүүлсэн боловч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга уг саналын шинжтэй хүсэлтийг шийдэж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан саналын шинжтэй хүсэлтийн хариуг хуулийн дагуу сумын Засаг дарга өгөөгүй. Иймд Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 04-ний гаргасан хүсэлтийг шийдвэрлэх өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн нутагт байрлах MV-016965, MV-016998 тоот зөвшөөрөлтэй талбайнуудад байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй талаарх саналын шинжтэй тодорхойлолт гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан ба шүүхэд 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдэд гомдол гаргасны дагуу хэрэгжсэн учраас манайх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх тухай саналын шинжтэй тодорхойлолт гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөх үүргээ хэрэгжүүлэхгүй хуулийг ноцтой зөрчиж, төрийн эрх бүхий албан тушаалтан, албан хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс манай компанид 950,000,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Манай компани нь дээрх тусгай зөвшөөрлүүдтэй газарт алтны шороон ордны үйл ажиллагаа явуулахаар техник хэрэгслүүдийг худалдан авсан, түрээсэлсэн байх боловч сумын Засаг даргын ажил мэргэжилдээ хариуцлагагүй хандсанаас шалтгаалан манай компанид өнөөдрийн байдлаар 950,000,000 төгрөгийн хохирол учраад байна” гэж тайлбарлав.
3.2. Хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“И Б О” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн бичиг гаргаж өгөх”-ийг хүссэн албан бичиг манайд ирээгүй, ...ямар утгатай, ямар дүгнэлт гаргуулахаар хандсаныг мэдэх боломжгүй тул хариу өгөх боломжгүй. Тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь шороон ордны газар 2011 оноос хойш олон түмний анхаарал татсан, нутгийн ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан талбай юм. “Намир”-ын гол Өмнөговь сумын нутаг дэвсгэр дээгүүр урсдаг, олон түмнийг ундаалдаг голын эх газар байдаг. “Ю А” ХХК 2011, 2012 оны үед том хэмжээний маргаан үүсгэж, лиценз нь цуцлагдаж, ард түмний эсэргүүцэлтэй тулгарч байсан. Сүүлд “И Б О” ХХК-д лиценз нь шилжсэн байна. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газарт тухайн компанийн тайлан, мэдээлэл 2020 оноос хойш байдаггүй. Би ажлаас аваад 1 жил гаруй болж байна. 2023 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхад хуралд энэ талаар мэдээлэл хийгдсэн. Тэгэхэд “И Б О” ХХК-ийн төлөөлөгч Х.Гансүх гэх нэр бүхий хүмүүс хөдөөгүүр багийн дарга, багийн Нийтийн Хурлын даргатай уулзаж явсан. Сумын Засаг даргын ажлаа авсны дараа Орлого багийн Засаг дарга Л.Болдхүү, байгаль орчны байцаагч Ц.Лхамжав нартай би уулзаж нөхцөл байдалтай танилцсан. Орлого багийн Засаг даргаар ажиллаж байгаа Л.Болдхүү “...надтай хүмүүс ирж уулзсан, бичиг баримтаа гаргаад ир гэхээр гаргаж өгөөгүй бөгөөд сумын ард иргэдтэй уулзсан...” талаар надад хэлсэн. Шүүх түүнээс мэдүүлэг авах боломжтой. Би албан бичгийн хариугаа өгсөн. Компанийн нэр төрд халдсан гэдэгт би эргэлзэж байна. Би албан бичгийг тухайн байгууллагад өгсөн болохоос олон нийтийн сүлжээнд тавиагүй. Би Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаас тодруулсан бөгөөд 2020 оноос хойш тухайн компани үйл ажиллагааны тайлангаа жил бүр Засаг даргын Тамгын газарт өгч байх ёстой боловч бичиг баримт огт байхгүй. Мөн ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн амьдарч байгаа багийн иргэдэд танилцуулж, тэдний саналыг авч байх үүргийг “И Б О” ХХК-д хүлээсэн байдаг ба эдгээр үйл ажиллагааг огт хийгээгүй. Гэнэт манай компанийг дэмжсэн бичиг өгнө үү гэх албан тушаалтныг дарамтлах байдлаар хандлагуудыг гаргасанд харамсаж байгаа” гэж маргаж байна.
3.3. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байсан. Хавтаст хэргийн 23 дугаар талд нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн бөгөөд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тайлан гаргахад санал өгөхгүй, хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй” гэсэн утга бүхий санал гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан хохирол 950,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Хамгийн анхны нэхэмжлэлийн шаардлагад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн бичгийн хариуг өгөхгүй байна гэж бичсэн байгаа. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бичгийг Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газрын албан ёсны мэйл хаяг руу нь явуулсныг тогтоосон зүйл байхгүй. Тухайн 2 бичиг нь 2 өөр агуулгатай буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бичиг нь “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тайланд санал өгөх” гэсэн утгатай. Харин 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн бичиг “...2023 онд тус компани үйл ажиллагаа явуулаагүй гэх бичиг хийж өгнө үү” гэсэн агуулгатай. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бичгийн хариуг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот албан бичгээр өгсөн болох нь хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан байгаа. Тус албан бичгийн хамгийн эхний өгүүлбэр нь “...ашигт малтмалын үйл ажиллагааг явуулахгүй байх саналтай буюу дэмжихгүй” гэсэн утгатай бичиг өгсөн. 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн бичгийг хариуг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 62 тоот албан бичгээр “2023 онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй” гэж бичиж өгсөн болох нь хавтаст хэргийн 59 дүгээр талд авагдсан байгаа. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан саналын шинжтэй хүсэлтийн хариуг хариуг 90 хоногийн дотор өгнө гэсэн заалтын дагуу 90 хоногтоо хариу өгсөн. Хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй байхгүй ба өгчихсөн байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу дэмжих эсэх шийдвэрийг гаргах эрх нь Засаг даргад байгаа. Гэтэл дэмжихгүй гэсэн хариу өгсөн байхад Засаг даргын эрхэд халдаад заавал дэмжсэн бичиг гаргуулахыг шүүхээр даалгуулж болох уу, мөн тухайн компанийн ямар эрх ашиг нь хөндөгдсөн, даалгах шийдвэр гарснаар хөндөгдсөн эрх ашиг нь яаж сэргэх вэ гэдэг асуудлууд байгаа. Хохирол 950,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд тоног төхөөрөмж худалдаж авсан, түрээсэлсэн гэж бичсэн боловч нотлох баримтууд байхгүй. Тоног төхөөрөмж худалдаж авсан мөнгө нь буцаад биет байдлаар буюу компанидаа тоног төхөөрөмж хэлбэрээр үлдэж байгаа учраас үүнийг хохирол гэж үзэхгүй. Түрээсэлсэн бол түрээсийн гэрээ, түрээс төлсөн мөнгөнийх нь баримтууд байхгүй. 950,000,000 төгрөгийг яаж тооцсон талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтуудыг гаргаж өгөөгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу санал авахын тулд зөвхөн тоот явуулах ёсгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхийн тулд ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх талаар заасан. Харин ерөнхий үнэлгээ холбогдуулан бусад бичиг баримтуудаа багцаар нь Засаг дарга руу явуулж, Засаг дарга танилцаад саналаа боловсруулж хариу өгнө. Ядаж танай ийм хэмжээний гектар, ийм хэмжээний координаттай газар дээр үйл ажиллагаа явуулна гэдэг кадастрынхаа зураглалыг явуулах ёстой. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу хариугаа өг гэхээр Засаг даргаа Өмнөговь сумын хаана нь юу байгааг нь мэдэж саналаа өгнө. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 62 тоот албан бичгээр хариу өгсөн байхад тухайн компани хариунуудыг авчхаад яагаад аваагүй юм шиг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь ойлгомжгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй” гэж тайлбарласан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хандаж гаргасан тус сумын Орлого багийн нутаг дэвсгэрт байрлах MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан санал авах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн бичиг гаргаж өгөхийг Засаг даргад даалгах болон Өмнөговь сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанид учирсан хохирол 950,000,000 төгрөг гаргуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж эцэслэн тодорхойлж байна.
3. Нэхэмжлэгч талаас “...Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй гэх саналын шинжтэй тодорхойлолт гарган өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай албан бичгээр “...тус компани хүн гэх хүмүүс орлого багийн айл өрх, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нартай хээр хөдөөгүүр харилцсан тухай мэдээлэл ирсэн нь танай компани хууль ёсны үйл ажиллагаа явуулах ямар нэгэн арга зам хайж байгааг илэрхийлж байна гэж ойлгож байна...” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийг хэт харлуулсан, авлига, хээл хахууль өгсөн, хууль бусаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг агуулга бүхий саналыг ирүүлснээс өөр ямар нэгэн байдлаар бидэнд хариу өгөөгүй. ...Манай компани нь дээрх тусгай зөвшөөрлүүдтэй газруудад алтны шороон ордны үйл ажиллагаа явуулахаар техник хэрэгслүүдийг худалдан авсан, түрээсэлсэн боловч сумын Засаг даргын ажил мэргэжилдээ хариуцлагагүй хандсанаас шалтгаалан манай компанид өнөөдрийн байдлаар 950,000,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэж тайлбарласан.
4. Хариуцагч Өмнөговь сумын Засаг дарга “...“И Б О” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн бичиг гаргаж өгөх”-ийг хүссэн албан бичиг манайд ирээгүй... ...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр “...үйл явуулахыг дэмжихгүй” саналыг, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар албан бичгээр “...тус компани 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй. гэх тодорхойлолтыг тус тус хүргүүлсэн. ...2013 онд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компани хууль бус үйл ажиллагаа явуулсан ул мөр одоог хүртэл арилаагүй, ард иргэдийнхээ эрх ашиг, саналыг нэн тэргүүнд тавина..., хохирол 950,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ тоног төхөөрөмж худалдаж авсан, түрээсэлсэн гэж тайлбарлаж байх боловч холбогдох нотлох баримт байхгүй. Тоног төхөөрөмж түрээсэлсэн бол түрээсийн гэрээ, түрээс төлсөн мөнгөнийх нь баримтууд байхгүй бөгөөд 950,000,000 төгрөгийг яаж тооцсон талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтуудыг гаргаж өгөөгүй” гэж маргаж байна.
6. Нэхэмжлэгч “И Б О” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай” тодорхойлолт гаргаж өгөх 01 дугаартай хүсэлтийг хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээж авсан, мөн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах санал авах болон 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай тодорхойлолт гаргаж өгөх тухай”, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “...2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай тодорхойлолт гаргаж өгөх тухай” хүсэлтүүдийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус хүлээн авсан болох нь шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь сумын Засаг даргын тамгын газрын 2023 он, 2024 онуудын “ирсэн бичгийн бүртгэл”-д хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 57-110 дугаар хуудас)
7. Харин хариуцагч талаас “И Б О” ХХК-ийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах санал авах тухай” 09 дүгээр албан бичгийг хүлээн аваагүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч талаас “...тус хүсэлтийг 2023 оны 12 сарын 27-ны өдөр “Монгол шуудан” ХК-аар хүргүүлсэн” гэж гаргасан тайлбар “Монгол шуудан” ХК-ийн Увс аймгийн шуудан үйлчилгээний газрын “...RA000939535MN гэх албан бичгийг 2024 оны 01 сарын 02-ны өдөр шуудангийн ажилтан хүлээн авч, 2024 оны 01 сарын 04-ний өдөр Өмнөговь сум руу хүргүүлж, 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 09:30 минутад сумын ЗДТГ-ын бичиг хэргийн эрхлэгч А.Буян-Эрдэнэд хүлээлгэн өгсөн” гэх 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн баримтууд болон гэрч Н.Буян-Эрдэнийн “...2024 оны 01 сарын 05-ны өдөр “Монгол шуудан” ХК-аар дамжуулж ирсэн бичгийг хүлээж авсан дэвтэр дээр байгаа гарын үсэг, утасны дугаар минийх мөн байна. Яагаад ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт бүргэгдээгүй байгаа талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ”, 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”, 7.1.2-д “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” гэж, 7.2 дахь хэсэгт “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж, 7.3-д “...тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ”, 7.4 “Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана” гэж тус тус заажээ.
8.1. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”-г ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахаас өмнө хийлгэхээр байх ба ингэхдээ тухайн сумын Засаг даргын “...байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд хүргүүлсэн үнэлгээ хийлгэх тухай санал”-д үндэслэн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжээс гаргасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авах, үнэлгээ хийх эсэхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, эсхүл харьяалах байгаль орчны алба шийдвэрлэхээр хуульчилсан байна.
9. Хэдийгээр, Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийхээр заасан байх боловч нэхэмжлэгчийн тухайд Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн нутаг дэвсгэрт байрлах MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа буюу байгалийн нөөцийг ашиглах төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсны дараагаар дахин Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэхээр Өмнөговь сумын Засаг даргад санал авахаар хандаж байгааг буруутгахгүй юм.
9.1. Тухайлбал, Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, хайгуулын талбайн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хуульчлан тогтоож, энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ” хэмээн тусгайлан зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүлээх үүргийг нь тодорхойлсон, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах”, 39.1.2-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох” үүрэгтэй гэж тус тус заасан.
10. Гэтэл хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга “...Өмнөговь сумын Орлого багийн нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад үйл ажиллагаа явуулахгүй саналтай...” гэх агуулга бүхий 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр албан бичиг нэхэмжлэгчид хүргүүлснээр нэхэмжлэгчээс гаргасан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...санал авах тухай” албан бичгийн хариуг өгсөн, мөн ...хуульд зааснаар заавал дэмжиж санал өгөхийг хуульчлаагүй” гэж маргаж байна.
11. Дээрх албан бичгийн үзвэл, хариуцагч Өмнөговь сумын Засаг даргаас нэхэмжлэгч “И Б О” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах санал авах тухай” эсхүл 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай “...MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай тодорхойлолт гаргаж өгөх тухай” аль албан бичгийн хариу эсэх нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч Өмнөговь сумын Засаг даргад 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дахин “...Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах санал авах тухай” албан бичгийг хүргүүлж, улмаар энэ талаар дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэх талаар санал авахаар удаа дараа хандсаар байхад хүсэлтийн хариуг хуульд зааснаар зохих ёсоор өгсөн гэж үзэхгүй ба дээрх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан тайлбар үндэслэлгүй.
12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр албан бичгийг хүлээж авсан боловч Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргуулах талаар хандаж хүсэлтүүд гаргасаар байхад хариуцагчаас нэхэмжлэгчид хариу өгөөгүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн талаар албан бичиг гаргаж өгөөгүй хариуцагчийн энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргаж өгөөгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
13. Хариуцагчийн дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагаар хийлгэх боломжгүй болсноор Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох үүргээ биелүүлэх, улмаар нэхэмжлэгчээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
14. Нөгөөтэйгүүр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх нь байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах үндсэн зорилготой бөгөөд ерөнхий үнэлгээний дүгнэлт хэрхэн гаргахаас хамаарч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ба энэ нь хариуцагчийн байгаль орчны үнэлгээ хийлгэх санал өгөхөөс татгалзах нэг үндэслэл болсон байгаль орчноо хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.
15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж зааснаар нэхэмжлэгч “И Б О” ХХК-д Ашигт малтмалын газраас олгосон Өмнөговь сумын Орлого багийн нутаг дэвсгэрт байрлах MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргаж өгөхгүй байгаа Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, MV-016965, MV-016998 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн бичиг гаргаж өгөхийг Засаг даргад даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
16. “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанид учирсан хохирол 950,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
17. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга тус сумын Орлого багийн нутаг дэвсгэрт байрлах MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас тус зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор машин техник хэрэгсэл худалдаж авсан, түрээсэлсний хохирол 950,000,000 төгрөг учирсан” гэж тайлбарлаж байна.
18. Хариуцагч “...хохирол 950,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ тоног төхөөрөмж худалдаж авсан, түрээсэлсэн гэж тайлбарлаж байх боловч холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй ба 950,000,000 төгрөгийг яаж тооцсон талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтуудыг гаргаж өгөөгүй” гэж маргасан.
19. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан.
20. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “…захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар…”, 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан...”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гээд 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах...” гэж тус тус зааснаас үзэхэд шүүхээс захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан эсэхийг хянаж, хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй.
21. Энэ тохиолдолд Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нэхэмжлэгч “И Б О” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэх талаар санал авах хүсэлтийн хариуг хуульд заасан зохих ёсоор өгөөгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч талд бодитоор 950,000,000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтын эх сурвалжийг заах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид 950,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
22. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанид учирсан хохирол 950,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
23. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас, 70,200 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газраас тус тус гаргуулж нэхэмжлэгч “И Б О” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2 дахь заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И Б О” ХХК-ийн Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “И Б О” ХХК-ийн MV-016965, MV-016998 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргаж өгөхгүй байгаа Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн бичиг гаргаж өгөхийг Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанид учирсан хохирол 950,000,000 /есөн зуун тавин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн 100150000941 дугаартай данснаас, 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газраас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “И Б О” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ