Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар  2023/ДШМ/610

 

 

 

 

          

Д.О, Т.У, Х.Ж, Ж.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.О, Т.У, Х.Ж, Ж.Б нарт холбогдох 2002005370003 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

2. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

3. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

4. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

 Шүүгдэгч Д.О нь албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр тус сургуульд химийн багшаар ажилд орсон М.Съездийг шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг гэж хуурч 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн танил Д.Эгийн арилжааны Хаан банкны 5031976831 тоот дансаар дамжуулан 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан, мөн нийтийн албан тушаалтан буюу ерөнхий боловсролын .сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сард Т.Уыг тус сургуулийн сургалтын менежерээр ажилд авсны хариуд 800.000 төгрөг, Ж.Б-ыг сэтгэл зүйчээр ажилд ажилд авсны хариуд 2020 оны 10 дугаар сард “Пандора” гэх брэндийн гарын бугуйвч, Х.Жыг бага ангийн багшаар ажилд авсны хариуд 2020 оны 12 дугаар сард бэлнээр 400.000 төгрөгийн хахууль тус тус авсан,

шүүгдэгч Т.У нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын .сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний албан өрөөнд бэлнээр 500.000 төгрөг, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг буюу нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Х.Ж нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын .сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түүний албан өрөөнд бэлнээр 400.000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Ж.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын .сургуулийн захирал Д.Оад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сард түүний албан өрөөнд 295,200 төгрөгийн үнэ бүхий “Пандора” брэндийн гарын бугуйвч буюу эд зүйлийг хахуульд өгсөн гэмт хэрэг тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.У, Х.Ж, Ж.Б нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Д.Оыг албан тушаалын байдлаа ашиглаж залилах, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4  жилийн хугацаагаар хасаж найман сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй хорих ялаар солих болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг Д.Оын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.200.000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Pandorа” брэндийн 1 ширхэг бугуйвчийг улсын орлого болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, М.Сьездээс гаргаж өгсөн 1 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг устгаж,

 шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нарыг тус тус өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан тус тус оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаас чөлөөлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ш.Базаррагчаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж эс зөвшөөрч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Учир нь, хахууль өгөгчид буюу Нийслэлийн ерөнхий боловсролын .сургуулийн багш, менежерээр ажиллаж байсан Т.У, Х.Ж, Ж.Б нар нь өөр өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор захирал Д.Оад хахууль өгснөө тухайгаа хүлээн зөвшөөрч Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж эхэлсний дараа ирж мэдүүлцгээсэн бөгөөд энэ байдал нь тэдний хувьд тухайн холбогдсон гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, харин ял шийтгэлийн бодлогын хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл болно. Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “шүүгдэгч Т.У, Ж.Б, Х.Ж нарын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар илчлэн ирсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Т.У, Ж.Б, Х.Ж нарыг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүхээс ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь буруу болжээ. Хахууль авагчийн хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхүй бөгөөд хавтас хэрэгт хясан боогдуулсан талаар баримт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, мөн гэмт хэргээ илчсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, мөрдөгчийн дуудсанаар ирж мэдүүлэг өгсөн байхад гэмт хэрэг илчилсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний бие 1995 оноос хойш .сургуульд сонсогч багшаар ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийг хясан боогдуулсан зүйл байхгүй, намайг эвлэлдэн нэгдэж гүтгэсэн гэж үзэж байна...” гэв. 

Шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцсон, өнөөдрийн шүүх хуралдаанд байр суурь хэвээр байна. Анхан шатны шүүхээс хясан боогдуулсан гэх нөхцөл байдлыг тогтоосон. Тухайн үйлдэл тус бүр нь өөр цаг хугацаанд, өөр хүмүүсээс авч байгаа асуудлууд юм. Т.Уын гэрчээр өгсөн мэдүүлэгт ...танай байгууллагад би энэ хүний хууль бус үйлдлийг илчлэх гэж ирсэн... гэсэн байдаг. Хясан боогдуулах асуудлын хувьд цагаатгах байр суурийг илэрхийлж байгаа. Хэрэв хясан боогдуулах гэсэн асуудал яригдаж байгаа бол төрийн үйлчилгээ буюу Т.Уын төрийн албанд ажиллах эрхийг хэвээр үлдээж, эрүүгйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй...” гэв.  

Шүүгдэгч Ж.Батлхагвын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. Миний үйлчлүүлэгч холбогдсон хэргийнээ гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхийн Ж.Бд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв. 

Шүүгдэгч Х.Жы өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Хясан боогдуулсан гэх асуудлын хувьд ковидын нөхцөл байдал байсан. Тухайн үед зээл болон хүүхдийн эрүүл мэндийн асуудлаас болж хясан боогдуулж байсан хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог...” гэв.   

Шүүгдэгч Т.У шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.  

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.    

Шүүгдэгч Х.Ж шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.    

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалт нь зөвхөн хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан заалт байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж:

шүүгдэгч Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус торгох ялыг доод хэмжээнээс нь хөнгөрүүлэн оногдуулж,

шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүх Д.О, Т.У, Х.Ж, Ж.Б нарт холбогдуулсан хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан шийдвэрлэхдээ тухайн цаг хугацаанд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх зохицуулалтыг торгох ялд хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж...” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх хэмжээг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгосон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байна.  

 Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Оад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Т.У, Х.Ж, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                     ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ