| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01400/И |
| Дугаар | 320/ШШ2025/00183 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00183
| 2025 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00183 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, С овогт Б-ын А,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 155/2024/01400/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б- овогтой А нь ***анд 1970 онд Б-ын том охин болон мэндэлсэн бөгөөд тус суманд найман жилийн сургууль, улмаар Рэнчинлхүмбэ сумын арван жилийн сургууль төгсөж, 1993 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль төгссөн. 1993 оны 8 дугаар сарын 28-нд тус суманд бага ангийн багшаар томилогдож, одоог хүртэл Цагааннуур суманд 31 дэх жилдээ Бага ангийн багш-аар ажиллаж байна. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол анх ажилд орсон тушаал эх хувиар байхгүй. Зөвхөн хөдөлмөрийн дэвтрийн ард бичигдсэн байгаа. Тушаал маань 1998 оны 12 дугаар сарын 31-нд сургууль шатахад үрэгдсэн болно.
...Хэрэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1993 онд сургууль төгсөгчдийг ажилд томилсон тушаал авагдсан ба уг тушаалд намайг 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд томилсон байгаа тул ажиллаж байсан хугацааг энэ хугацаанаас эхлэн тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд Б.А миний биеийг ***ын 8-н жилийн дунд сургуульд 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: С овогт Б-ын Агийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч Г.Н-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагааннуур сумын АДХГЗ-ны 1989-1990 оны захирамж шүүж үзэхэд Б.Аг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, тус сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 42 дугаартай тушаал манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/455 тоот албан бичиг, Гал түймрийн улсын байцаагч, ахмад П.Э-ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ***ын 8 жилийн дунд сургуулийн 2 давхар хичээлийн байр нь 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шатаж 3059699 төгрөгийн хохирол учирч Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн нь үнэн болохыг тодорхойлов. гэх бичилттэй тодорхойлолт, Б-ын Ад Багшийн коллежоос 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон №1359577 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.О, Б.М нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 36, 154-159 дүгээр хуудас)
Шүүх ***ын ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас Б.Агийн ажиллаж байсантай холбогдох тушаал шийдвэр болон цалин хөлсний баримт, бусад холбогдох баримт бий эсэх лавлагааг, ***ын Засаг даргын Тамгын газраас түүний ажиллаж байсантай холбогдох тушаал шийдвэр бий эсэх лавлагаа болон цалин хөлсний баримтыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 1993 онд шинээр сургууль төгссөн багш нарыг ажилд томилсон Хөвсгөл аймгийн Ардын боловсролын хэвтсийн даргын тушаал, Б.Ад холбогдох түүний ажилд томилсон тушаалын хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 37-45 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь ***ын 8-н жилийн сургуульд 1993 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд ***ын 8-н жилийн дунд сургуульд 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.А нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.А нь ***ын 8-н жилийн дунд сургуульд 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
С овогт Б-ын Агийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Б-ын Ад Багшийн коллежоос 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон №1359577 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11/25 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4 дугаартай 1993 онд сургууль төгсөгчдийг хуваарилах, ажилд томилох тухай тушаалын 11.Б-ын А-Цагааннуурын сургуульд бага ангийн багш гэх бичилт бүхий тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас),
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/31 тоот албан бичгээр ***ын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 1993 оны 9-10, 12 сард, 1994 оны 9-12 сард бичилт бүхий цалин хөлсний түүвэр, 1993 оны 9-10, 12 саруудын ... 70 дугаар дансны хуулбар (хавтаст хэргийн 57-145 дугаар хуудас),
Гэрч Т.Оийн ...Би 1987 онд Орос хэлний багшийн дээд сургууль төгсөөд, Цагааннуур сумын 8 жилийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллаж эхэлсэн. Намайг 6 жил ажиллаж байхад А багш Багшийн техникумаа төгсөөд 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж эхэлж байсан. Үүнээс хойш тасралтгүй 32 жил хамт ажиллаж байгаад миний бие тэтгэвэртээ гарсан. ...1980-1990 оны хооронд төгссөн мэргэжилтнүүдийг аймгийн Боловсролын хэлтсээс томилдог байсан. Тухайн үед ажиллах газраа өөрөө сонгох боломжгүй, хэлтсээс тушаал гаргадаг байсан. Томилолтоор очиход нь тушаалыг нь хөдөлмөрийн дэвтрийн хойно хавсаргаж өгдөг байсан хэдий ч манай сургууль 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шатаад тушаал, шийдвэр, архивын баримт, номын сантайгаа шатсан байдаг аа... гэх мэдүүлэг,
Гэрч Х.Мын ...1993 онд Цагааннуур сумын дунд сургуульд бага ангийн багшаар томилогдон ирээд, түүнээс хойш тасралтгүй уг сургуульдаа одоог хүртэл ажиллаж байна... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 154-159 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.А нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний ***ын 8-н жилийн дунд сургуульд 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Б-ын Агийн ***ын 8-н жилийн дунд сургуульд 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН