Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/623                  

 

 

Р.Төд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Р.Тийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,  

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/504 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Т давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох 2208017541948 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

......тоотод оршин суух бүртгэлтэй), урьд:

- 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

  • 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял,

- 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 330 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 330.000 төгрөгийн торгох ялыг хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт 02 жил 22 хоногийн хорих ялаар тогтоосон, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 164 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 29 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн;

Р.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Огийн өмчлөлийн Редми 9А маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 200,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Р.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Р.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогч нь гомдол саналгүй болсон тул ял хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.  

Шүүгдэгч Р.Тийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжин оролцож байна. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм буруугаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгээс эхлэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирлоо төлж барагдуулсан. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэв.   

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд тохирох ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурор, шүүхийн шатанд байнга саад учруулж, оргон зайлж алга болдог байсныг дурдах нь зүйтэй...” гэв.  

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Р.Төд холбогдох эрүүгийн 2208017541948 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Р.Тийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Р.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Огийн өмчлөлийн Редми 9А маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу булаан авч, 200,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн болох нь:

хохирогч Д.Огийн: “...такситайгаа хөдлөөд явж байгаад автобусны буудал ирээд зогсоход Түвшинтөгс миний гар утсыг такси дотор булааж аваад буугаад зугтаагаад явчихаар нь араас хөөгөөд гүйцээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 984 дугаар хөрөнгийн үнэлгээ: “Редми-9А маркийн хуучин, хэрэглэж байсан гар утас нэг ширхэг 200.000 төгрөг...” /хх-ийн 31-32/,

хохирогч Д.Огээр хэн утсыг нь булаасан болохыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад Р.Тийг таньсан болохыг нотолж буй таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 25-29/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Р.Тийн Д.Огийн өмчлөлийн гар утсыг булаан авч зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжтэй байна.   

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хохирогчид учирсан хохирлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”-ээс шүүх Р.Төд 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт болон түүний урьд өмчлөх эрхийн болон эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн атлаа дахин “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохирсон байх тул Р.Тийн гаргасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Р.Тийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/504 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Тийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ