Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00184

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** гэх газар оршин суух, Х овогт Б-ын Л,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 155/2025/00010/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Л миний бие ***анд 1970 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжинд өсөж бойжин бага боловсрол эзэмшин, 1988-1990 онд Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан. 1986-1988, 1990-1992 онд Жаргалант сумын Улаан туг нэгдэлд туслах малчнаар ажиллаж ирсэн.

Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал гарч ирж бусад зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.

Иймд Б.Л миний 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ***ын Улаан нэгдлийн 1 дүгээр бригадад туслах малчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Х овогт Б-ын Лийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б- овогтой Лийн ***ын Улаан туг нэгдэлд ажиллаж байсан хугацааны буюу 1986 оны 4-10, 1988 оны 1-5, 8, 10, 1991 оны 1-4, 6-10, 1992 оны 1-4 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт ***ын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн дарга Г.Н-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ***ын Улаан туг нэгдлийн даргын 1986-1988, 1990-1992 оны тушаал шүүж үзэхэд Б.Лийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/1068 дугаартай албан бичиг, ***ын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай 63 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, ***ын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай 44 дүгээр тушаал, хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-12 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.С, Н.А нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 34-40 дүгээр хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Лийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, ***ын Засаг даргын Тамгын газрын архиваас түүний ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 41-49, 65-67 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь ***ын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус туслах малчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Л нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.Л нь ***ын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус туслах малчин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Х овогт Б-ын Лийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Б- овогтой Лийн ***ын Улаан туг нэгдэлд ажиллаж байсан хугацааны буюу 1986 оны 4-10, 1988 оны 1-5, 8, 10, 1991 оны 1-4, 6-10, 1992 оны 1-4 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны архивын хуулбарт ***ын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 3-7, 65-67 дугаар хуудас),

***ын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нэг. Мал аж ахуйн хөнжил хэсгийн 181 саальчид, малчид, Цэцүүх хэсгийн 146, Харгана хэсгийн 62, Жаргалант хэсгийн 142, Агьт хэсгийн 95 малчин бүгд 626 нэгдлийн малчин гишүүдийн 1988 оны ээлжийн амралтыг хавсралтаар 1988 оны 11 дүгээр сарын 01-ээс тус бүрийн амралтыг ажлын 15 хоногоор олгосугай. ... гэх бичилт бүхий Нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай 63 дугаар тушаал 71.Б.Л амрах сар 1 гэх бичилттэй хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

***ын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Нэг.Мал аж ахуйн 1 дүгээр хэсгийн 162 саальчид, малчид, 2 хэсгийн 90, 3 хэсгийн 91, 4 хэсгийн 70, 5 хэсгийн 156, 6 хэсгийн 75 малчин бүгд 644 нэгдлийн малчин гишүүдийн 1987 оны ээлжийн амралтыг хавсралтаар 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус бүрийн амралтыг ажлын 15 хоногоор олгосугай. гэх бичилт бүхий Нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай 44 дүгээр тушаал, 17.Хоньчин Б.Л амралт олгосон 1987 07 05, дууссан сар, өдөр 07 23, амарсан өдөр 15 гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 30/1559 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5.Овог: Б-, 6.Нэр: Л... 14.Ажилладаг байгууллага: Жаргалант Улаан туг, ажилд орсон он 1986, цех, тасаг, бригад Хөнжил, эрхэлдэг ажил үхэрчин, ...оршдог сум, район Жаргалант...бүртгэгчийн нэр Гэлгээ, 1988 оны 9 сарын 20 гэх бичилт бүхий архивын хуулбар (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

Гэрч Н.Аийн ...Б.Л нь ***ын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 онд фермийн үхэрчнээр ажиллаж эхэлсэн. Ингээд цэрэгт 1988 онд татагдаж, тухайн үед 2 жилээр цэргийн алба хаадаг эхний цэргүүд болсон. Тэгээд 1990 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл сувай үхэр хардаг байсан ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Сгийн ...***ын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 онд үхэрчнээр ажиллаж эхэлсэн. Ингээд 1988 онд цэргийн албанд татагдаж, 1990 онд цэргээс халагдаж, ***анд амьдарсан. Үүнээс хойш буюу 1990 оноос нэгдэл тарах хүртэл мөн тухайн нэгдэлдээ үхэрчнээр ажилалж эхэлсэн... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 34-40 дүгээр хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Л нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний ***ын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус туслах малчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Б-ын Лийн ***ын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус туслах малчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН