Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00345

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00345

 

 

 

ЮБКК ББСБ ХХКХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2020/03008 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЮБКК ББСБ ХХКХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Р-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 195 778 984 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Талуудын хооронд 2016.7.1-ний өдөр 245 778 984 төгрөгийг хүүгүйгээр, 9 сарын хугацаатай зээлэх гэрээ байгуулагдсан. Мөн зээлийн гэрээтэй хамт №БГ/2016/01 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан. Д.Рнь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тул барьцаалсан хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр тооцож, хариуцагчийн эцэг Ч.Д-тай харилцан тохиролцоод  бэлэглэлийн журмаар шилжүүлж авсан.

Хариуцагч нь үлдэгдэл 195 778 984 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй. Энэ хугацаанд зээлээ төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, утсаар холбогдож байсан болно. Нэхэмжлэгч ЮБКК ББСБ ХХКХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Л.Д, түүний дүү Л.Д нар бөгөөд одоо Америкийн нэгдсэн улсад байгаа. Барьцааны зүйл болох орон сууцыг шилжүүлж аваад баталгаа хийгээгүй гэж хэлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан үлдэгдэл төлбөр 195 778 984 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.7.1-ний өдрийн барьцааны гэрээ нь гарын үсэггүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч хариуцагчийн эцэг Ч.Д орон сууцыг хууран мэхэлж авсан. Орон сууцыг шилжүүлж авахдаа хэдэн төгрөгөөр тооцож авсан нь тодорхойгүй байна. Цааш хэдэн төгрөгөөр худалдсан нь хамаагүй. Д.Рнь нэхэмжлэгч ЮБКК ББСБ ХХКХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д, түүний ах Л.Д нартай төрөл садны холбоотой хүмүүс юм. Тэгээд хариуцагч Д.Р-д компанийн хувьцааны 10 хувийг тооцож өгөхөөр тохиролцож, ЮБКК ББСБ ХХКХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулсан боловч уг үүргээ биелүүлээгүй тул Д.Рнь зээлийн гэрээнд заасан төлбөрийг дээрх компанийн 10 хувийн хувьцаанд харилцан тооцож, төлбөрөө төлсөн гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэгч ЮБКК ББСБ ХХКХХК-аас гарын үсэг зураагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй барьцааны гэрээг үндэслэн эцэг Ч.Д орон сууцыг 50 000 000 төгрөгт тооцон авсан нь хүчин төгөлдөр бус.

ЮБКК ББСБ ХХКХХК болон Д.Рнарын хооронд хийгдсэн хэлцэлд түүний эцэг Ч.Д байрыг тооцон авч өрийг хаасан. Энэ тухай баталгаа үйлдэж, түүн дээр ЮБКК ББСБ ХХКХХК-ийн захирал Л.Доржмэнчим гарын үсэг зурж баталгаажуулсан тул талууд шүүхийн бус журмаар хөрөнгийг шилжүүлэн авч үүргийг дуусгавар болсон гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Р-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 195 778 984 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ЮБКК ББСБ ХХКХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 136 844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ЮБКК ББСБ ХХКХХК болон Д.Рнар өрийг хүчингүй болгох талаар харилцан тохиролцоогүй бөгөөд тохиролцсон гэх нотлох баримт байхгүй болно. Шүүх хуралдааны үеэр гэрчээр асуугдсан Ч.Д мэдүүлэг болон түүний гаргаж өгсөн гараар бичсэн Баталгаа гэх баримтыг шүүгч ямар үндэслэлээр нотлох баримтад тооцон үнэлсэн нь тодорхойгүй. ЮБКК ББСБ ХХКХХК-ийн тамга тэмдэггүй, Л.Д гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй баримтыг нотлох баримтаар үнэлж шийдвэрээ гаргасан байдаг.

Шүүгч гэрчийн өгсөн мэдүүлэгт үндэслэж, баталгаа гэх гар бичмэл баримтын хуурамч эсэхийг шалган тогтоохгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. ЮБКК ББСБ ХХКХХК болон Д.Рнарын хооронд 2016.7.1-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 195 778 984 төгрөг төлөх үүргийг Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж үзэх тохиолдолд энэ талаар харилцан баримт үйлдэж, зээлдүүлэгч нь хуулийн этгээд болохын хувьд компанийн тамга тэмдгийг дарсан байх, нөгөөтэйгүүр зээлдэгч Д.Ргарын үсгээ зурсан байх шаардлагатай.

Илт худал баримт байхад шүүгч нягталж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаан 2020.11.5-ны өдрийн 14:30 минутад зарлагдсан бөгөөд тухайн өдрийн 11:00 цагт тус хэргийн гомдлын шүүх хуралдаан болсон юм. Шүүхийн 2020.10.16-ны өдрийн 183/Ш32020/14602 дугаар шүүх хуралдааныг хойшлуулж нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл хэргийн оролдогчоос хэргийг хянан шийдвэрлүүлэхдээ өөрт ашигтай, нөхдөл байдлыг мэдэх өөрийн талын гэрчийг шүүх хуралдаанд оролдуулахаар хүсэлт гаргадаг байтал шүүх өөрийн санаачилгаар гэрч оролцуулах нь талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг хөндсөн, цаашлаад хэргийн нэг талд илтэд давуу нөхцөл байдал үүсгэсэн гэж үзсэн тул гомдол гаргасан болно. Гомдлын хурлыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалан явуулж гомдлыг хангалгүй орхисон бөгөөд тухайн өдрийн 14:30 минутад анхан шатны шүүх хурал үргэлжлээд хуралдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-д гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхийг зохигч талууд эдэлдэг энэ эрхэз талууд эдэлж хариуцагчийн өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа тухай болон өмгөөлөгчөөр гаргаж байсан хүсэлтээ дахин гаргаж байгаа тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй бөгөөд шүүх хурал цааш үргэлжилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дах хэсэгт заасан Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж заасны дагуу бичгэн нотлох баримт байгаа эсэхийг асуухад .хариуцагч ямар нэгэн бичгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Энэ тухай хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Ингээд шүүх хурал цааш үргэлжилж гэрч асуух болоход гэрч хурлын өрөөнд орж ирээд Баталгаа гэх бичгийн нотлох баримтыг шүүгчид өгсөн. Энэ гэрчийн гаргаж өгсөн нотлох баримттай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө танилцаж байгаагүй, харж байгаагүй нотлох баримт гарч ирсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримттай танилцаж тайлбар өгөх. гарын үсэг нь мөн эсэх талаарх хүсэлт гаргах боломжийг олгож, хурлыг хойшлуулахыг хүссэн ооловч шүүх гэрчийн өгсөн бичгэн нотлох баримтыг үндэслэж хурлыг үргэлжлүүлж шийдвэр гаргасан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Юу ХХК нь хариуцагч Д.Р-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 195 778 984 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт талууд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр №ЗГ/1 тоот гэрээгээр 245 778 984 төгрөгийг 9 сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд хариуцагч Банк бус санхүүгийн байгууллагын хувьцааны 10 хувийг тооцож өгнө гэсэн аман тохиролцоо байсан гэж маргажээ.

Дээрх зээлийн гэрээтэй хамт №БГ/2016/01 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нэртэй гэрээг байгуулсан. Уг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн №БГ/2016/01 тоот барьцааны гэрээ гарын үсэггүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар талууд тайлбарлажээ.

Зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлээ төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, утсаар холбогдож байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Хариуцагчийн эцэг Ч.Д-н сууцыг бэлэглэлийн гэрээгээр 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсанд нэхэмжлэгч маргахгүй байна. Мөн уг орон сууцыг нэхэмжлэгч цааш нь бусдад худалдсан үйл баримт тогтоогджээ. 

 

Нэхэмжлэгчийн хариуцагч эцгийнхээ сууцаар зээлийн төлбөрөөс 50 000 000 төгрөгийг хаалгасан. Одоо 195 778 984 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг төлөх үүрэгтэй гэсэн байр суурийг хариуцагч эс зөвшөөрч 50 000 000 төгрөгөөр байрыг хууран мэхэлж авсан. Хэлцэл хүчин төгөлдөр бус. Сууцыг шилжүүлж авахдаа хэдэн төгрөгөөр тооцож авсан нь тодорхойгүй гэжээ. Мөн зээлийн өрөнд шилжсэн сууцны үнийг нэхэмжлэгч 50 000 000 төгрөг гэж, хариуцагч 2016 оны байдлаар 96 000 000 төгрөг гэж өөр өөрөөр тодорхойлон маргасан.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нь Д.Р-д компанийн хувьцааны 10 хувийг тооцож өгөхөөр тохиролцож, ЮБКК ББСБ ХХКХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулсан боловч уг үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөрийг дээрх компанийн 10 хувийн хувьцаанд харилцан тооцож, төлбөрөө төлсөн гэх байр суурийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх юм.

 

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогч биш гэрчийн этгээдээс гаргасан бичмэл баримтыг хүлээн авч нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчжээ. /хх 129,136-138/

 

Мөн хэргийн оролцогчдын тухайлвал хариуцагчийн Тухайн байрыг яаж шилжүүлж авсан, хэдэн төгрөгөөр өгсөн нь тодорхойгүй, 50 000 000 төгрөгтэй холбоотой нотлох баримтуудыг гаргах шаардлагатай гэх. Л.Доржмэнчимийг шүүх хуралдаанд гэрчээр асуулгах, баталгаа өгсөн баримт дээр Л.Доржмэнчимийн гарын үсэг мөн эсэхийг тогтоох, байрны үнэлгээг хийх шаардлагатай зэрэг хүсэлтүүдийг анхаарч хуулийн дагуу шийдвэрлээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Хэргийн оролцогч биш этгээдийн гаргасан баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй зөрчилд хамаарч байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2020/03008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 1 136 844 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД