| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0033/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зөөд овогт Б.М-т холбогдох 1835000370042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 23-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн . ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймаг Өмнөговь сумын Улиас багт оршин суух З овогт Б.М. РД:.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Улиас багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Улиас багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.С-ыг зодсон болох нь хохирогч Г.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь сумын 2 дугаар багийн төв Мунжуу гэх газарт болсон “Тэмээний баяр”-т очоод 1 тэмээ уралдаанд оруулаад 1 тэмээг тоноглож ширмэл тохош шалгаруулах уралдаанд оролцоод байж байтал манай багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Б гэдэг хүн ирээд “Чиний тэмээний тохош 3 дугаар байранд шалгарсан байна” гэхээр нь би баярлаад архи уугаад нэлээн согтчихсон байтал миний тохош байр эзлээгүй байхаар нь би багийн дарга дээр очоод “Та яаж шүүгээд байгаа юм бэ? Миний тэмээний тохош 3 дугаар байранд шалгарсан байна гэж иргэдийн нийтийн хурлын дарга хэлсэн” гэж хэлээд ширээг нь өшиглөхөд манай багийн дарга Б.М намайг чирч гаргаад миний нүүр үрүү нэг удаа цохиж унагасан ба миний хамарнаас цус гараад хэвтээд үлдсэн юм. Тухайн үед хамар гэмтэж, толгой өвдөж байсан боловч эмчилгээ хийлгээд зүйгээр болсон. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р талд/, гэрч Ц.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн:“2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улиаст багийн “Тэмээний баяр” тараад орой Соёлын төвд бүжгэн дээр байтал С гаднаас согтуу орж ирээд хүндэтгэлийн ширээнд суусан багийн дарга М-ыг заамдаж аваад дээлнийхэн товч, шилбийг тасалсан ба М дарга С хоёр чирэлдээд хаалгаар гарч яваад М, С-ын нүүр үрүү нэг удаа гараараа цохьсон юм. Тэгээд С-ыг хүмүүс цааш нь соёлын төвийн үүднээс авч гараад бүжиглэж байсан хүмүүс тараад би гараад ирэхэд багийн соёлын төвийн гадна С-ын нүүр хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/, гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн:“...Г.С гэдэг залуу гаднаас согтуу орж ирээд Б-ыг заамдаж аваад дээлнийх нь товчийг тасалчихсан ба Б.М С хоёр барьцалдаж соёлын төвийн төвийн үүдэнд гараад М С-ын нүүр үрүү гараараа нэг удаа цохьсон юм. Тэгээд хүмүүс С-ыг цааш нь авч яваад би М-ыг дотогшоо аваад орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/, гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн:“…гаднаас Г.С согтуу орилж орж ирээд багийн дарга Б.М уруу дайрч сууж байсан ширээг нь өшиглөөд заамдаж аваад дээлнийх нь товчыг тасдахад Б.М Г.С-ыг чирч гараад соёлын төвийн үүдний довжоон дээр нүүр үрүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд тэр хоёрыг хүмүүс салгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/, гэрч А.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:“2018 оны 1 дүгээр сар 14-ний өдөр Улиас багийн “Тэмээний баяр” өрдөрлөөд орой соёлын төвд шагнал гардуулах ажиллагаа болон бүжиг болж байтал манай багийн С гэдэг залуу согтуу орж ирээд манай багийн дарга М-ыг “Чи тэмцээнд намайг байр эзлүүлсэнгүй” гэж орилоод агсам тавьж байгаад дээлнийхэн энгэрээс заамдаж аваад товч шилбийг нь тасалчихаар нь М С-ыг соёлын төвийн үүдэнд гаргаад нүүр үрүү нь нэг удаа гараараа цохиход Г.С-ын хамарнаас цус гараад эхлэхээр нь би Б.М-ыг салгаж дотогш аваад орсон. Харин Г.С-ыг тэнд байсан хүн салгаад аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь сумын Улиаст багийн нутаг Мунжуу гэх газарт тэмээний баяр зохион байгуулж дуусаад орой нь шагнал гардуулж, үдэшлэг зохион байгуулсан. Үдэшлэг болж байхад гадна Г.С согтуу зогсож байхаар нь харьж амар гэж хэлээд соёлын төв үрүү орж ирээд ширээн дээр сууж байтал гаднаас Г.С орж ирээд миний сууж байсан ширээний хөлийг хальт өшиглөөд дээлний энгэрээс татаж дээлний товчийг таслачихаар нь би түүнийг соёлын төвөөс чирч гаргаад соёлын төвийн үү нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Г.С-ын хамарнаас нь цус гараад үлдсэн ба хүмүүс аваад явсан. Тэгээд би буцаж ороод соёлын төвд болж байсан үйл ажиллагааг хааж тараагаад явсан. Би Г.С-д учирсан хохирлыг төлж барагдуулсан бид хоёрын дунд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Уг нь согтуу хүнийг би зодож цохихгүйгээр эвтэйхэн явуулчих байтал өөрийн уураа барьж чадахгүй ийм асуудал гаргасан нь миний буруу байсан. Би гаргасандаа үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Г.С-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархины доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний эвэрлэгт цус харвалт, нүдний зовхинд хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Г.С “Шүүгдэгч Б.М-аас хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хохирол гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ““гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Б-гийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ