| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2024/0045/з |
| Дугаар | 124/ШШ2024/0032 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 124/ШШ2024/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц овгийн Б-ийн А, Увс аймгийн Улаангом суманд оршин суух,
Хариуцагч: Увс аймгийн сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан,
“Увс аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай “Нэр дэвшигчийг хасах тухай” тогтоолын 1, 2 дахь заалт, хавсралтын Б.Ад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А нь тус шүүхэд Увс аймгийн сонгуулийн хороонд холбогдуулан “Увс аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай “Нэр дэвшигчийг хасах тухай” тогтоолын 1, 2 дахь заалт болон хавсралтын Б.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
2.Увс аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Б.А-ийг нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж, мөн аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 21 дэх хэсэг буюу Б.А-д холбогдох, 10 дугаар сарын 15-ны дөрийн 11 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн барих тухай” тогтоолын хавралтын 23 дахь хэсэг буюу Б.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.
3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан ба нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасаныг хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.
4.Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Увс аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 тоот тогтоолоор Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Улаангом сумын 4 дүгээр багт нэр дэвшин тус багийн иргэдийн олонхийн санал авч, ялалт байгуулсан Б.А намайг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчээс хассан шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.
Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.4 "Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн" гэж заасан. Өөрөөр хэлбэл төсөл хөтөлбөрийн орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажлаа өгсөн байхаар хуульчилсан.Миний хувьд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар хоорондын Зээлийн гэрээний дагуу хэрэгжиж буй "Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн орон тооны болон орон тооны бус гишүүн биш юмаа. Тус төслийн хүрээнд Увс аймагт хэрэгжиж байгаа ажлын гэрээт буюу хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр түр хугацаар ажил хийж гүйцэтгэж байсан ажилтан болно.Уг төслийн орон тооны олон орон тооны бус гишүүд нь Улаанбаатар хотод өөр хүмүүс байдаг. Увс аймгийн Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хууль бусаар зөрчиж иргэн миний сонгогдох эрх зөрчигдөөд байна.
Миний бие орон нутгийн сонгуулийн 19 дүгээр тойрогт буюу 4 дүгээр багаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын сонгуульд нэр дэвшихдээ бүх материалуудаа бүрдүүлж сонгуулийн хороонд өгсөн. Азийн хөгжлийн банкны аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл Увс, Ховд, Баян-Өлгий гэсэн 3 аймагт хэрэгжиж байгаа. Аймаг бүрт 3 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байгуулагдаад тухайн нэгжийн ажилтнаар буюу инженерээр 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш миний бие ажиллаж байгаа. Би ажиллах явцдаа орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлж амжилттай оролцож тойргоосоо ялалт байгуулсан боловч намайг эрхэлдэг ажлаа хүлээлгэж өгөх ёстой гэх үндэслэлээр сонгуулийн хорооноос хассан.Сонгуулийн хороонд иргэнийхэээ хувьд бүх бичиг баримтуудаа гаргаж өгсөн. Мөн цахим бүртгэлийн системд төслийн ажилтан гэдгээ илэрхийлээд, ямар нэгэн мэдээллийг нууж хаагаагүй.Сонгуулийн хороо нэр дэвшигчийг хасахаар байсан бол тухайн үед нь хасаж, асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, зардал сонгуульд зарцуулж, шударгаар өрсөлдөж ялалт байгуулсан байтал сонгуулийн хороо аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хурал болохын урьд өдөр хуралдаад хасах шийдвэр гаргасан зохисгүй санагдаж байна. Иймд аймгийн сонгуулийн хорооны нэр дэвшигчийг хасах тухай 2024 оны 10 дугаар сарын 27-н ыөдрийн 13 тоот тогтоолын 1, 2 дахь заалт болон хавсралтын Б.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож өгнө үү...” гэв.
5.Хариуцагч Увс аймгийн сонгуулийн хорооноос ирүүлсэн тайлбарт:”...Аймгийн сонгуулийн хороонд Ардчилсан намын хорооноос 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр МАН-аас аймгийн ИТХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.А-д холбогдох гомдлыг ирүүлсэн. Тухайн гомдлыг авч хэлэлцэх хурлыг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийж хорооны 5 гишүүн оролцож нэр дэвшигч Б.А нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.4 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлыг хянан үзэж, хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар буюу 80 хувийн саналаар Б.А-ийг хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж, тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтад үндэслэн нэр дэвшигчийг хасах шийдвэрийг гаргажээ.Ингэхдээ Ардчилсан намаас ирүүлсэн гомдолд хавсаргасан нотлох баримт бичгийг хянан үзэхэд Б.А нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ажилтнаар буюу төслийн инженерээр 2024 оны 5 сарын 17-ны өдрийн А/123 дугаартай тушаалаар томилогдон гэрээ байгуулан ажилласан байна. Энэхүү гэрээ байгуулан ажиллаж байгааг гэрээт ажилтан хэмээн буруу ойлгох нь зохисгүй гэж хорооны гишүүд үзжээ.
Б.А нь тус төслийн инженерээр томилогдон ажиллахдаа сарын тогтмол цалин авч, төсөл хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагааг зохион байгуулж холбогдох хурал, сургалтуудад тогтмол оролцон ажиллаж байгаа нь "орон тооны гишүүн" гэж үзэх дээрх шийдвэрийн үндэслэл болжээ...” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Сонгуулийн үйл ажиллагаа явагдсаны дараа буюу сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигчийг өргөн барьсаны дараа Увс аймгийн Ардчилсан намаас Б.А-д холбогдох гомдол ирсэн. Өөрөөр хэлбэл төслийн ажилтан нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажлаа хүлээлгэн өгөх ёстой боловч ажлаа өгөөгүй тул Б.А-ийн нэрийг татгалзаж өгнө үү гэх гомдол ирсэн. Увс аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримталж төсөл хөтөллбөрийн нэгжийн гишүүн гэж үзэх тодорхой үндэслэл байна гэж үзээд шийдвэр гаргасан. Эдийн засаг, хөгжлийн яамны ирүүлсэн лавлагаа буруу байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй…” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч талаас “Миний бие нь Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар хоорондын зээлийн гэрээний дагуу хэрэгжиж байгаа” Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Увс аймагт хэрэгжиж байгаа ажлын гэрээт буюу хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэж байгаа ажилтан тул төслийн орон тооны гишүүн биш” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч Увс аймгийн сонгуулийн хороо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ”Ардчилсан намаас ирүүлсэн гомдлыг хянан үзээд Сонгуулийн хорооны хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар Б.А-ийг Аймаг,нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчийг хасах шийдвэрийг гаргасан, Б.А нь сонгуулийн жилийн 8 сарын 1-ний өдрөөс өмнө тухайн төслийн ажилтны ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой байсан” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4. Увс аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон гэж үзэн Б.А-ийг нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж, уг тогтоол гарсантай холбогдуулан аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны дөрийн 04 дугаартай “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 21 дэх хэсэг буюу Б.А-д холбогдох, 10 дугаар сарын 15-ны дөрийн 11 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн барих тухай” тогтоолын хавсралтын 23 дахь хэсэг буюу Б.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.
5. Увс аймгийн сонгуулийн хороонд Ардчилсан намын Увс аймгийн хороо 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай албан бичгээр “нэр дэвшигч Б.А нь Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх Увс аймгийн нэгжийн зохицуулагчаар томилогдон ажиллаж байна. Б.А хуулийн шаардлагыг зөрчиж тухайн албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр нэр дэвшсэнийг сонгуулийн хороо бүртгэсэн нь хуульд нийцээгүй тул нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгөх тухай” гомдлыг гаргасан байна.
6.Увс аймгийн сонгуулийн хороо гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээд 4 гишүүний буюу олонхын саналаар Б.А-ийг нэр дэвшигчийн бүртгэлээс хасах шийдвэрийг гаргажээ.
7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;
28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;
28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;
28.4.4.Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн гэж зохицуулсан.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан.
8.Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын хоорондын зээлийн гэрээний дагуу хэрэгжиж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.4-д заасан “Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж”-д хамаарагдаж байх бөгөөд гагцхүү Увс аймгийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер гэх албан тушаал нь хуульд заасан “орон тооны болон орон тооны бус гишүүн”-д хамаарагдах эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.
9.Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 4.1 дэх заалтад “Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, төсөвлөх, ашиглах, удирдах, хэрэгжүүлэх, санхүүжилт хийх, хяналт тавих, тайлагнахад дараах зарчмыг баримтална “ гээд 4.1.1-д удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмыг заагаад журмын Долоо дахь хэсэгт “Төсөл, арга хэмжээний удирдлага, зохицуулалт”-ын талаар зохицуулж, 7.10.1-д Төсөл, арга хэмжээний зорилгыг тогтоосон хугацаанд, бүрэн хэрэгжүүлэх зорилгоор хэрэгжилтийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж, салбарын бодлоготой уялдуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус нэгж болох Төслийн удирдах хороог төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр байгуулна.
7.10.5-д Төслийн удирдах хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг албан тушаалаар нь батлах ба гишүүдэд төслийн захирал, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад зээл, тусламжийн асуудал хариуцсан нэгж болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн төлөөлөл зайлшгүй байна.
7.10.8-д Төслийн удирдах хороо хагас жил тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүр хуралдаж доор дурдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
7.10.8.4.төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх;
8.1-д Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан болон бие даасан зөвлөхтэй Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулна.
8.15-д Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн тухайн ажилтны гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, эсхүл хариуцлага тооцох санал боловсруулж Төслийн удирдах хороонд танилцуулан шийдвэрлүүлнэ гэж тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, уг журамд Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийг хэрхэн удирдан зохион байгуулах талаарх зохицуулалтыг багтаасан бөгөөд төсөл, хөтөлбөрийг удирдах байгууллага нь уг төслийн удирдах хороо байна.
10.Монгол Улсын шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар төслийн удирдах хороо байгуулсан, хороон бүрэлдэхүүнд даргаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, гишүүдэд холбогдох яамны газрын дарга нар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/зөвшилцсөнөөр/, хорооны нарийн бичгийн даргаар “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн зохицуулагч ажиллахаар шийдвэрлэсэн.
11.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгээр зохицуулсан зохицуулалтын агуулгыг хоорондын харилцан холбоогоор тайлбарлаж дүгнэвэл, нэр дэвшигч эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх албан тушаалыг жагсаасан байх бөгөөд нэгдүгээрт төрийн жинхэнэ албан хаагч, хоёрдугаарт төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, гуравдугаарт төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн байхаар зохицуулсан агуулга нь удирдах чиг үүрэг бүхий албан тушаалтан байх шаардлага тавигдсан гэж үзэхээр байна.
“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн удирдлагыг Төслийн удирдах хороо хэрэгжүүлдэг, харин Увс аймгийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер нь төслийн гүйцэтгэх ажилтны чиг үүргийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр эрхэлдэг ажилтан байна.
12.Иймд хариуцагч байгууллагаас нэр дэвшигч Б.А-ийг Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн орон тооны гишүүн гэж үзэж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн бүртгэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтаас Б.А-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй.
Маргаан бүхий захиргааны акт хууль бус, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай тогтоолын Б.Ад холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэв.
13.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай “Нэр дэвшигчийг хасах тухай” тогтоолын 1 дэх заалтын Б.А-д холбогдох хэсэг, хавсралтын жагсаалтын 1 дэх хэсэг, мөн тогтоолын 2 дахь заалтаас аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 21 дэх хэсэг, 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай тогтоолын хавсралтын 23 дахь хэсгийг хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн сонгуулийн хорооноос 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ