Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/624

 

     

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч А.Очбадрал,  

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/485 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох 2234006200485 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

.....тоотод оршин суух, урьд:

2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/39 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/2005 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, өмнөх 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 64 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар шийдвэрлэсэн.

Б.Д нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт багт үйл ажиллагаа явуулдаг “Амар” хүнсний дэлгүүрт хохирогч М.Уийн “Хiаоmi 11 рго 50” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,156,250 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Миний сүлжээ” дэлгүүрийн хаалгаар зөрөхдөө насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн “Айфоне-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил найман сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон наян найм хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж хэрэгт хавсаргагдсан  2 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 1,656,250 төгрөг гаргуулан хохирогч Б.Ут 1,156,250 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Мд 500,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...манай гэрт надаас өөр хөдөлмөр эрхлэх боломжтой хүн байхгүй. Хохирол бүрэн төлж барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.  

Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргадаггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирол төлөх 5 хоногийн завсарлага авсан боловч ар гэрийн гачигдлын улмаас хохирлоо төлж чадаагүй. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.  

Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдал зэргийг харгалзах ял оногдуулсан. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлоо төлөөгүй...” гэв.  

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Дд холбогдох эрүүгийн 2234006200485 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Д-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Б.Д нь:

1. 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт багт үйл ажиллагаа явуулдаг “Амар” хүнсний дэлгүүрт хохирогч М.Уийн худалдаа явуулдаг лангуун дотроос  нь “Хiаоmi 11 рго 50” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,156,250 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

хохирогч Б.Уийн: “...Би хүнд юм үзүүлж байхад нэг залуу лангууны урдуур холхиод утсаар яриад байсан. Лангуунаас гараад урагшаа эргээд 5-6 метр газарт хураалттай байсан хайрцагтай хувцаснаас том размерийн юбка гаргаад аваад ирэхэд тэр залуу гараад явчихсан байсан. Тэр охин юбка аваад карт уншуулаад гарсны дараа утсаа авах гэтэл утас байхгүй болсон байсан. Камер шүүтэл тухайн залуу утас авч байгаа нь гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 07/245 дугаар “Redmi 11 рго гар утас 1 ширхэг 1,156,250 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 24-32/,

хяналтын камерын бичлэг: “...хар өнгийн “Adidas” гэсэн бичиглэл бүхий саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн куртикэн хантаазтай, хар өнгийн хоёр мөртэй үүргэвчтэй, цэнхэр өнгийн гар утастай, бор бөөрөнхий царайтай эрэгтэй хүн харагдана. ...16:50:54 тухайн этгээд лангууны доод талын тасалгаанд байсан утсыг хүн анхаарахгүй байдлыг далимдуулан гараа сунган авч байгаа байдал харагдаж байна...”, камерийн бичлэгийг буулгасан гэрэл зургууд /хх-ийн 7-8/ зэргээр,

2. 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байх “Миний сүлжээ” дэлгүүрийн хаалгаар зөрөхдөө насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн “Айфоне-8” загварын гар утсыг гадуур хувцасных нь халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

Насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн: “...дэлгүүрээс гарч явахдаа халааснаасаа “IPhone-8” загварын гар утсаа алдсан, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Ц-1470 дугаар: “iPhone-8 маркын гар утас 1 ширхэг 500,000 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 77-78/,

камерын бичлэг: “...М хаалга хэсэг рүү алхаж, хаалгаар гарахад хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн эрэгтэй буцаж хаалгаар шахаж оров...”, камерийн бичлэгийг буулгасан гэрэл зураг /хх-ийн 61-63/,

Б.Д-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг: “...хүнсний дэлгүүрийн дотор талд байрлах бэлэн хувцасны лангууны худалдагч эмэгтэйн “Хiаоmi 11 рго 50” нэртэй гар утсыг хулгайлж аван Улаанбаатар хотод аваачиж үл таних хүнд 200,000 төгрөгөөр худалдан борлуулсан. ...дэлгүүр дотор иргэн Б.Мтай хаалгаар зөрөхдөө халааснаас нь ‘iPhone 8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, зарж борлуулан бусдад хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх-ийн 95/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Д-ийн “...хохирогч М.Уийн “Хiаоmi 11 рго 50” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,156,250 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн “Айфоне-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Б.Д-ийн үйлдлийг зөв зүйлчлэн хэрэглэж, хохирогч нарт учирсан хохирлыг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан” ... хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас шүүх Б.Дд хорих ялыг сонгож 01 жил 8 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний “Хулгайлах” гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт болон түүний урд “Хулгайлах” гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлсэн атлаа засарч хүмүүжээгүй дахин “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохирсон байх тул Б.Д-ийн гаргасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Д-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/485 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ