| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01891/И |
| Дугаар | 307/ШШ2025/00053 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2025/00053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01891/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,
“Үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие нь ******* овогтой ******* би ******* тоотод 2018 оноос өдийг хүртэл эхнэр 5 хүүхдийн хамт амьдарч байна. Одоо амьдарч буй байраа өөрийн нэр дээр хувьчилж авахыг хүсэж байгаа учир Дархан-Уул аймаг, ******* тоотын шударга өмчлөгч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/16 дугаартай тодорхойлолт, үйлчилгээний лавлагаа, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Шарын гол хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын хуулбар, Шарын гол хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 55 дугаартай “Эзэнгүй байрны талаар зарим арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-12 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/1086 дугаартай тодорхойлолт, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04/1612 дугаартай албан бичиг, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хангах гэрээний хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаартай албан бичиг, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/27 дугаартай тодорхойлолт, үйлчилгээний лавлагаа, Шарын гол хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын хуулбар, Шарын гол хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 55 дугаартай “Эзэнгүй байрны талаар зарим арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар, 16 айлын орон сууцны хоёр давхар байруудыг хувьчлах журмын хуулбар, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/371 дугаартай албан бичиг, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/27 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (хх 21-34, 42-60 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...Би эхнэр 5 хүүхэдтэйгээ Дархан-Уул аймгийн Шарын гол суманд шилжиж ирсэн. 2018 онд 1 өрөө байр авсан. Тухайн үед зарсан хүн маань миний нэр дээр шилжүүлнэ гэж байгаад яваад өгсөн. Одоо тэр хүн хаана байгааг нь мэдэхгүй. Нэрийг нь бас сайн санахгүй байна. Би одоог хүртэл эхнэр, хүүхэдтэйгээ Дархан-Уул аймаг, ******* тоотод амьдарч байгаа учир өөрийн нэр дээр шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна...” гэж тайлбарласан.
Хүсэлт гаргагч Н.******* нь тус шүүхэд хандаж үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах зорилготой байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135.3-д “… үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Хүсэлт гаргагч нь дээрх орон сууцыг 2018 онд худалдан авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байсан болохыг батлах баримт бичиггүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэд хамаарч байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж хүсэлтээ гаргасан байх тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэж тус тус заасан.
6.Хүсэлт гаргагч Н.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцыг 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/1086 дугаартай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцанд өнөөдрийн байдлаар өмчлөгч бүртгүүлж гэрчилгээ олгоогүй байна” гэх тодорхойлолт,
-“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04/1612 дугаартай албан бичиг, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хангах гэрээний хуулбар,
-“Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/27 дугаартай тодорхойлолт,
-Шарын гол хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын хуулбар, Шарын гол хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 55 дугаартай “Эзэнгүй байрны талаар зарим арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар, 16 айлын орон сууцны хоёр давхар байруудыг хувьчлах журмын хуулбар зэрэг баримтууд болно.
7.Иймд Н.******* нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Н.*******г Дархан-Уул аймаг, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
8.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-г Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН