| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0007/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 11
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нанжидийн Амартөрд холбогдох 1731001940006 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, 1 дүгээр 5 давхар 28 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлогдож байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Нанжидийн Амартөр, /РД: МТ94102219/,
Шүүгдэгч Н.Амартөр нь 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг, 1 дүгээр байрны 07 тоотод оршин суух иргэн Х.Шүрэнцэцэгийн гэрт өөрийн найз бүсгүй Д.Одонтунгалагийг Ч.Болдбаатартай хардаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Н.Амартөрийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 04-нд яллагдагчаар өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 23 цаг 30 минутын үед өөрийн суух гэж буй бүсгүй Одноо, түүний найз Шүрээ нарыг хайгаад тосгонд шинээр байгуулагдсан “Хайгуулчин” нэртэй бааранд орсон. Баарны барменээс “Одноо, Шүрээ 2 танайд орж ирсэн үү” гэхэд “Одноо, Шүрээ 2 манай баарны вип өрөөнд орж сууж байгаад саяхан гараад явсан” гэхээр нь баарнаас гараад Одноогийн утас руу залгатал Одноо утсаа авахаар нь “чи хаана байна, би чамайг сургуулийн гадаа хүлээгээд байна” гэхэд Одноо “одоохон очлоо, хүлээж байгаарай” гээд утсаа тасалсан. Удалгүй Одноо сургуулийн гадаа ганцаараа ирсэн. Одноог хүлээж байх зуураа би дэлгүүрээс 2,5 литрийн “Сэнгүр” пиво авсан байсан юм. Тэгээд Одноотой уулзахад Одноо халамцуу байсан юм. Тэгээд худалдаж авсан пивоо Шүрээгийнд уухаар явсан. Шүрээгийнд ортол Шүрээгийнд байсан үл таних залуу “ахын 2 дүү гутлаа тайлаад ороод ир” гэхээр нь гутлаа тайлаад орон дээр нь суутал тэр залуу “чи Хувьзаяагийн хүүхэд мөн үү” гэхээр нь “мөн байна” гэтэл “чи бид 2 хамаатан юм байна лээ” гэхээр нь “яагаад та бид 2 хамаатан садан болдог билээ” гэхэд “чи Даваасүх гэж хүн таних уу” гэхээр нь би “танина” гэсэн, “Даваасүх гэдэг хүн чинь миний хамаатны хүн байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “Даваасүх гэдэг хүн чинь миний хойд эцэг байсан юм” гэж хэлсэн. Ингээд байж байтал Шүрээ, Одноо 2 юунаас ч юм хэрэлдээд эхэлсэн. Тэгээд Шүрээ Одноог “янхан, банзал, гичий” гэхээр нь би Шүрээг “чи зүгээр байгаарай, гичий минь манай авгай яахаараа янхан, банзал, гичий болчихдог юм” гэж хэлээд Шүрээг түлхээд унагачихсан юм. Гэтэл Шүрээгийнд байсан үл таних залуу “чи яагаад эмэгтэй хүнийг гичий, нохой гэж доромжлоод түлхэж унагаад байгаа юм бэ” гэхээр нь би “чи харж байгаа биз дээ, Шүрээ эхлээд Одноог гичий, янхан гээд доромжлоод байна ш дээ” гэсэн. Тэр үед үл таних залуу сандлаас босоод ирэхээр нь нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохитол газар уначихсан. Босож ирээд намайг тэврээд авахаар нь би түүний нүүр лүү дахиж гараараа 2 цохитол нүүрээрээ буйдан мөргөөд уначихсан. Тэгтэл Одноо, Улаака 2 намайг тэр залуугаас салгаад “энэ пивийг энд уух албатай биш 3-лаа гаръя” гээд Шүрээгийн гэрээс гараад 1 дүгээр 5 давхрын 2 дугаар орцонд орж нөгөө пивийг Улаака бид 3 уусан. Тэр үед Одноо согтчихсон байсан болоод тэр пивоноос уугаагүй. Ингээд би Одноогийн гэрт Одноотой очиж амарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,
2.Шүүгдэгч Н.Амартөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сарын 04-нд Одонтунгалагтай хамт найзынх нь гэр рүү нь орсон юм. Одонтунгалын гар утсанд дугаараа нууцалсан дуудлага ирэхээр нь “хэн юм бэ” гэж Одноогоос асуусан чинь “таньдаг хүн” гэж хэлсэн. Тэгээд маргалдаад би цохисон юм. Одноо манай найз бид 3 найзынхаас нь гараад явсан. Замдаа 2.5 литрийн савалгаатай пиво аваад орцонд найзтайгаа хувааж уугаад харьсан гэв. гэх мэдүүлэг,
3.Хохирогч Ч.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-ныг шилжих шөнө өөрийн танил Шүрэнцэцэг гэх бүсгүйн гэрт амрахаар сууж байтал гаднаас Амартөр гэх залуу, найз хүүхэн болох Одонтунгалаг, Баярсайхан нарын хамт орж ирсэн. Тухайн үед би архи уучихсан нилээн муудчихсан байсан юм. Тэр 3 Шүрээгийн гэрт орж ирэхдээ 2.5 литрийн “Сэнгүр” пиво барьчихсан орж ирсэн. Тэр пивийг Шүрээгийнд тэд нартай хамт ууж сууж байснаа санаж байна. Миний санаж байгаагаар Амартөр залуу намайг цохиж унагаагаад миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Амартөр өөрийн найз бүсгүй Одонтунгалагтай хардаад зодсоныг санаж байна. Би нэг ухаан ороход би газар хэвтчихсэн нүүр амнаас цус гарчихсан зүүн нүдний дээд зовхи хавдчихсан, энэ тэндгүй халцарсан бие хөндүүр байсан. Амартөр гэх залуу найз бүсгүй Одонтунгалагтайгаа хардаад зодсон. Яагаад гэвэл Амартөр гэх залуу гаднаас орж ирэхдээ Одонтунгалагтайгаа маргасан бололтой орж ирээд миний гар утсыг булааж аваад Одонтунгалагийг утас руу залгаад “энэ залуу чинь биш байна” гээд орилоод байсан. Амартөр тухайн үед Шүрээг хана руу түлхээд унагачихаар нь би Амартөрд “чи яагаад эмэгтэй хүнийг гичий, банзал, янхан гэж дууддаг юм, наадах чинь эмэгтэй хүн ш дээ, чи битгий түлхэж унагаад бай” гэж хэлээд сууж байсан сандлаасаа бостол үгийн зөрүүгүй намайг цохиод унагаасан. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл буйланд суулгадаг эмпилант шүд хийлгэмээр байна. Зардал мөнгийг Амартөр гэх залуугаас гаргуулж өгнө үү гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 6-р ху/,
4. Хохирогч Ч.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр өгсөн хүсэлтэнд: Чулуунбаатар овогтой Болдбаатар миний бие Н.Амартөрд зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан бөгөөд одоогоор биеийн байдал сайн. Ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлоо барагдуулж авсан тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. гэжээ.
5.Гэрч Х.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай найз Одонтунгалаг 21 цагийн үед манай гэрт ирсэн. Одонтунгалаг надад “Залуус” бааранд орж жаахан сууя” гэхээр нь “за тэгье” гээд Одонтунгалагийн хамт гэрээс гарсан. “Залуус” орох замдаа өөрийн танил Болдбаатар гэх залууг “Залуус бааранд хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Ингээд Болбаатартай “Залуус” баарны өмнө таараад бид гурав 22 цаг хүртэл пиво ууцгаасан. Ингээд “Залуус” баарнаас гараад “Хайгуулчин” нэртэй шинээр баригдсан кароаке бааранд суухаар явцгааж байгаад Баатараа гэх залуутай таараад 4-лээ болоод “Хайгуулчин” кароакений нийтийн зааланд сууж 1 шил 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи ууцгаасан. Ингээд 00 цагийн үед уг баарнаас гарсан. Би Болдбаатарын хамт гэртээ ирсэн. Одонтунгалаг гэр лүүгээ харихаар явсан. Болдбаатар бид 2 гэрт байж байтал хаалга нүдэх шиг болохоор нь “Болдбаатарыг хаалгаа онгойлго” гэж хэлсэн. Гаднаас Одонтунгалаг, Амартөр, Баярсайхан нар 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво барьсан орж ирсэн. Тэгээд бид нар ширээнд суугаад Амартөр авчирсан пивоо задалсан. Тухайн үед Одонтунгалагтай маргасан юм шиг байгаа юм. Яг юунаас болоод маргасан талаар санахгүй байна. Миний санаж байгаагаар Амартөр Болдбаатартай хэрэлдээд маргаад байгааг Амартөр “Одноогийн гар утсанд нэгж явуулсан хүний дугаар хэд юм бэ, хэн гэдэг юм бэ” гэх мэтчилэн асуулт тавиад чанга дуугаар орилж хашгираад байсныг мөн намайг “гичий, янхан, банзал” гэх мэтчилэн муу муухай үгээр доромжилж байгаад түлхэж унагасныг Амартөр Болдбаатарыг зодож байсныг санаж байна. Би Одонтунгалагтай нэг байгууллагад 7 жил гаран хамт ажиллаж байна. Амартөрийн талаар сайн мэдэхгүй. Одонтунгалагтай явалддаг залуу байгаа юм. Одонтунгалагаар дамжуулж танилцсан. Амартөр архи уухаар их агсам, Одонтунгалагийг янз бүрийн хүнтэй хардаж, хэл ам хэрүүл маргаан хийдэг. Намайг бол их доромжилж гутаадаг. Надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р ху/,
6.Гэрч Д.Шинэзоригийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Н.Амартөр нь 1994 онд Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн цагаасаа эцэг, эхийн гар дээр өсөж, хүмүүжиж Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны ЕБС-ыг төгсөөд одоогоор эрхэлсэн ажилгүй, эмээ, эх, дүү нарын хамт амьдардаг. Даруу төлөв зантай, үнэнч шударга, хэний ч шаардлагагүйгээр өөрийнхөө оногдсон ажлыг хийдэг, хүнтэй их нийтэч, ийм хэрэгт холбогдсоноос хойш аймхай, амархан хямардаг ,сэтгэл санаагаар унадаг болсон байна лээ. Н.Амартөр нь эцэг, эхээс илүү надтай ойрхон байдаг. Одоо Бугант тосгонд үерхдэг Одонтунгалаг нь өөрөөс нь 10 эгч бөгөөд Амартөр түүндээ маш сайн юм шиг байна лээ. Н.Амартөр нь нутаг орондоо тэр тусмаа үеийнхэндээ нэр хүндтэй, би багийн найз нь байгаа юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 11-р ху/,
7. Гэрч Д.Одонтунгалагийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад 21 цагийн үед манай компанид ойжуулагч ажилтай Шүрэнцэцэгийн хамт Бугант тосгод үйл ажиллагаа явуулдаг “Залуус” нэртэй бааранд суусан. Тэр баарнаас гараад манай тосгонд шинээр нээгдсэн “Хайгуулчин” нэртэй кароаке бааранд сууж байгаад 23 цаг 40 минутын үед тэндээс гараад орой болсон учир өөрийн хамтран амьдрагч Н.Амартөрийг “гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн. Ингээд Амартөртэй ЕБС-ын дэргэд таарсан. Ингээд гэр лүүгээ явах замд миний гар утас дуугарсан. Гэтэл Амартөр миний гар утсыг шүүрч аваад утсаар ярьсан. Н.Амартөр надаас “энэ хэн юм бэ” гэхээр нь “манай найзууд болох Болдбаатар, Шүрээ 2 байх аа, тэр 2-с өөр над руу залгах хэн байхав дээ” гэж хэлсэн. Тэгтэл Амартөр уурлаад тэгвэл “Шүрээ, Болдбаатар дээр очъё” гээд намайг дагуулаад Шүрээгийн гэрт очсон. Шүрээгийн гэрт очоод би гэрийнх нь үүдэнд зогсож байхад Н.Амартөр, Болдбаатар 2 ширээний 2 талд суучихсан хамаатан садангийн яриа дэлгээд сууж байсан. Энэ үед Шүрээ гал тогооны өрөөнөөс гарч ирээд намайг ямар ч шалтгаангүйгээр “янхан, банзал, гичий” гэх мэтээр доромжилсон. Тэгтэл Амартөр намайг өмөөрөөд “манай эхнэр чам шиг янхан биш шүү” гээд нэг удаа алгадсан. Тэгтэл Шүрээ миний үснээс зулгаахад Амартөр Шүрээг салгасан. Энэ үед Болдбаатар том өрөөнөөс гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд Амартөр Болдбаатарыг цохиод газар унагасан. Тэгэхээр нь би Амартөрийг дагуулж гараад гэртээ харьсан. Н.Амартөр Болдбаатарыг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохихыг харсан. Тухайн үед Болдбаатарын зүүн хөмсөгний дээд талд хавдсан харагдсан. Маргааш нь Шүрэнцэцэгийн утас руу залгаад Болдбаатарын биеийн байдлын талаар асуухад үүдэн шүд нь хөдөлсөн талаар ярьж байсан. ...гэх мэдүүлэг, /хх 12-р ху/,
8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 12 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ч.Болдбаатарын биед 1 шүдний цууралт, 1 шүдний хүзүүвч хугарсан зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 16-р ху/,
Шүүгдэгч Н.Амартөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 32-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 31-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 22,23-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 24,25-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 19,20-р ху/, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт , /хх-ийн 17,18-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Амартөр нь 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг, 1 дүгээр байрны 07 тоотод оршин суух иргэн Х.Шүрэнцэцэгийн гэрт өөрийн найз бүсгүй Д.Одонтунгалагийг Ч.Болдбаатартай хардаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 850 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 850 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.